Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2024/00730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овгийн *******ийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагаас эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1991 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Ц.******* миний бие нь 1974 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Богд суманд төрсөн. Тэрээр 1990 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сумынхаа Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хийгдсэн тул ажиллаж байсан болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Сүхбаатарын зам нэгдэл нь 1992 оны хувьчлалаар Сүхбаатарын зам компани болж өөрчлөгдсөн бөгөөд 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад хувьд гарч мал маллах болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/Ц.*******/, нийгмийн даатгалын дэвтэр/Ц.*******/, гэрлэсний гэрчилгээ/*******, Ц.*******/

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 659 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал

- Үндэсний төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03-06/359 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 81 дүгээр албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******ийн *******д олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар томилсон, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн малчны ажлаас чөлөөлсөн, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар томилсон, 1991 оны 0-12, 1992 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс олгосон бичилт тусгагджээ.

2.2. Цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 659 дүгээр лавлагаанд Цэрэндоржийн ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр бригадад малчнаар 1991-1992 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1991-1992 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1991-1992 онуудад цалингийн баримтаас энэ хүнтэй холбоотой баримт олдоогүй болно гэжээ.

Энэхүү архивын лавлагааны хавсралт Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалд Сүхбаатарын зам нэгдэл үйл ажиллагаагаа өөрчилж, Сүхбаатарын зам компани болж байгаа учир 1 дүгээр хавсралт байгаа нэр бүхий хүмүүсийг тус тус ажлаас 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлж, 2 дугаар хавсралтад байгаа нэр бүхий хүмүүсийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын зам компанийн ажилтнаар томилсугай,

Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 265 дугаар заалтад Ц.*******, 2 дугаар хавсралтын 48 дахь заалтад Ц.******* гэжээ.

2.3. Боловсролын лавлагаа:

Баянхонгор аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 81 дүгээр албан бичигт Цэрэндоржийн ******* нь 1991 онд тус сургуулийн 8А ангийн төгссөн нь үнэн гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, боловсролын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.******* нь 1991 оны 07-12 дугаар саруудад Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1992 онд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ц.*******ын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Хүсэлт гаргагч Ц.******* нь 1991 оны 01-06 дугаар саруудад Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1993 онд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь Ц.******* нь 1991 оны 01-06 дугаар саруудад ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан нь Баянхонгор аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 81 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын систем нь улирлын шинжтэй буюу хичээлийн жил оны 09 дүгээр сард эхэлж, дараа оны 06 дугаар сард дуусдаг онцлогтой.

Иймд хүсэлт гаргагч Ц.*******ыг 1991 оны 01-06 дугаар саруудад Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй.

Хөдөлмөрийн дэвтэр-т Ц.*******ыг Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчны ажлаас чөлөөлсөн, 1993 онд цалин хөлс олгосон бичилт тусгагдаагүй байна.

Иймд хүсэлт гаргагчийг 1993 онд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар ажилласан гэж дүгнэх боломжгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Ц.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанийн малчны ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ц.*******д үүссэн нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 659 дүгээр архивын лавлагаагаар нотлогдож байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Ц.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн *******ыг 1991 оны 07-12 дугаар саруудад Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1992 онд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1991 оны 01-06 дугаар саруудад Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1993 онд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ