| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/00929/И |
| Дугаар | 130/ШШ2024/00784 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2024/00784
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын * дугаар багт оршин суудаг, утас *******, Ш овогт А.А,
Хариуцагч: Б аймгийн Б сумын * дугаар багт оршин суудаг, утас *******, Ш овогт А.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын * дугаар багийн Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Хариуцагч А.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.А
Орчуулагч М.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Д-д холбогдуулан Б аймгийн Б сумын * дугаар багийн Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан юм. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-аас Б сумын * дугаар багийн Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш би тухайн Б сумын *-р баг буюу Х гэх газарт 44 дэх удаагаа өвөлжсөн байдаг. Зөвхөн өнгөрсөн жил л өвөлжиж чадаагүй. Хариуцагч бид хоёр төрсөн ах дүүгийн холбоотой. А.Д 1988 онд 10-р ангиа төгсөж, надад туслах малчин болж, бид хамт мал малласан. Өнгөрсөн жилийн өмнөх жил манай мал задгай хашаанд өвөлжсөн. Харин өнгөрсөн жил тухайн задгай хашааны бууц өтгийг хариуцагч бүхэлдээ авчихсан. Миний хүүхдүүд өвөлдөө түлэх ямар ч түлээгүй болсон. Түүнээс болж би тухайн хороонд байгаа өөрийн эзэмшил эд хөрөнгүүдээ хувааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.2.Тухайн үед би А.Д-ийн хүүхдүүдээс ямар учраас бууц өтгийг гаргаж авсан талаар асуухад, энэхүү хашаа хороог би А.Б-ийн хамт барьсан, миний эзэмшлийн эд хөрөнгүүд байгаа гэж хариулсан байна. Мөн тухайн үед би болсон асуудлын талаар А.Д-д хэлэхэд, тэр бас адилхан тухайн хороог би хувьчлалд авсан хороо байгаа, танд ямар ч хамааралгүй гэдэг хариулт өгсөн. Гэхдээ тухайн хашааг би 1983 онд барьсан байсан.
Хариуцагчид Б-ийн Х саравчтай хашааг хувьчилсан нь үнэн. Харин задгай хашаа бол хэний ч хувьчлалд ороогүй байсан. Мөн нэгдлийн ямар ч дансанд ороогүй хашаа байгаа. Хэрвээ нэгдэл өөрсдийн хөрөнгөөр барьсан бол дансандаа бүртгэж авах ёстой байсан. Гэхдээ тухайн хашааг би өөрийн хүчээр барьсан хашаа байгаа. Энэхүү хашаанаас болж хамаатан садан хүмүүсийн дундаа хэрүүл маргаан гарах болсон. Анх саравч хашаа зөвхөн А.Д-ийн хувьчлалд гараагүй. Зөвхөн саравч хашаа 12 хүний хувьчлалд гарсан. А.Д саравчтай хашаанд 5 хүний хувьцаагаар орсон. Харин үлдсэн хүмүүсийг дурдаад хэлэх бол Х, М эхнэрийн хамт, О хүүхдүүдийн хамт хувьцааг авсан. Нэг ёсондоо Х-д байгаа хашаа хороог 12 хүний хувьчлалаар авч байгаа.
Миний хувьчлан авсан Б-ийн Б гэх хаваржаа анх 18 хүний хувьчлалаар гарсан. Анх надад чамд зөвхөн Х-д байгаа хашаа хороог өгөх болно, Б гэх хаваржааг өөр хүнд өгөх болно гэж хэлж байсан. Тэгэхээр би маш олон жил улсад мал маллаж, хоёр хашаа хорооны хоёуланг ашиглаж байсан хүний хувьд мөн улсад асар их хөдөлмөрөө шингээж, хамгийн сүүлдээ хошой аварга гэх цолонд хүрсэн хуний хувьд хувьчлал тараасан компанид хүсэлт бичсэн. Би маш олон удаа малчин хүний авах ёстой дээд шагналуудыг энэхүү хоёр хашааг ашиглаж авсан.
1.3.Хариуцагч А.Д бид хоёрт 1996 онд аав маань малыг хувааж өгсөн. Түүнээс өмнө бид нарын мал хамт байсан. Харин 1996 онд Б гэх хүн хорвоогийн мөн бусыг үзүүлсэн байсан. О гэх хүнд хувьцааны мөнгө өгсөн нь илт худлаа. Тэр хүнийг миний дүү А.Д таних байтугай хараагүй хүн юм. А.Д өмч, хувьчлалын комисс хэн байсан гэдгийг ч мэдэхгүй. Учир нь уг бүх бичиг баримтыг би 1993 онд бүрдүүлж өгч байсан.
Иймээс надад хоёр хороог хувьчлалаар өгөх талаар хүсэлт гаргалаа. Тухайн үед миний хүсэлтийг хүлээн авч надад, хоёр хашаа хороог өгнө, гэхдээ надад ямар нэгэн байдлаар цаашид хоорондоо маргахгүй гэдэг хүмүүсийг олж ирээрэй гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тийм учраас М, Х, О, З, Х, Ж гэдэг хүмүүсийг оруулсан. Миний хувьд зөвхөн Ж гэх хүнийг хараагүй, түүнд хувьцааны мөнгийг өгөөгүй. Харин бусад бүх хүмүүст хувьцааны мөнгийг өгч хувьцаагаа худалдаж авсан. Зөвхөн Ж гэх хүнтэй л уулзаагүй, дахин тааралдаагүй, хувьцааг нь худалдаж аваагүй. Х болон М нар 1993 онд Казахстан улс руу нүүгээд явсан байсан. Гэхдээ би тэд нар нүүх үед надад та нарт мөнгө өгөх боломж байхгүй, харин та нарт мал өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Тэгэхэд тэд нар бид нарт өгөх ёстой малаа Б.М гэх хүнд өгөөрэй гэсэн. Б.М нь миний баз юм. Харин Б.М бол Х, М нарын нэгний ах нь нөгөө нэгний дүү нь байдаг. Тэд нар өөрсдөө хувьцаандаа авах ёстой малыг Б.М-д өгөхийг хүссэн тул би Б.М-д малуудыг өгсөн. Яг хэдэн тооны мал өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Тухайн үед О гэх хүн зөвхөн мөнгө л авна гэхээр нь би мөнгөө өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд А.Д нь Х, М гэх хүмүүсийн нэрийг миний гарт байгаа нотлох баримтаас хараад хэлж байна гэдэг байдлаар тайлбар хэлсэн. Нэгдэл таарах үед бид хувьчлалд зөвхөн өөрсдийн хамаатан садан хүмүүс буюу ойрын хүмүүсийг оролцуулдаг байгаа. Х, М нар туслах бригадад ажилладаг байсан. Тэд нарын аав нь Б гэдэг багш хүн байлаа. Харин М бол хичээлээ төгсөж ирсэн боловч нэгдэлд ажиллаж байгаагүй хүн юм. Тэд нар худын холбоотой тул хувьцаанд оруулсан байгаа. Тухайн задгай хашааг 1983 онд миний туслах малчнаар ажиллаж байсан С бид хоёр барьсан. Тэр бол надаас 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуваагдсан. Уг хашаа хэзээ баригдсан, чулуунуудын хэлбэр ямар байдалтай байгаа талаар шүүхийн зүгээс газрын үзлэг хийхэд дэлгэрэнгүй хэлсэн.
1.4.Миний бие 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын Их Хурлын орлогч дарга М.А гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан юм. 1993 оны их хувьчлалын үед Б-ийн Б дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Б-ийн Х гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Өнөөдрийг хүртэл Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн.
2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-н хүү Д.Е, Д.Е нар нь Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан юм. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв бууж байгаа бөгөөд үүнээс болж А.Д-н хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
2.1.Миний бие сургуульд сурч байх үеэс мал хариулж байгаад 1986 оны 09 дүгээр сард 18 нас хүрсэн тул Б сумын Ж-ын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед эцэг, эхийнхээ хамт амьдарч байсан хашаа хороондоо одоо хүртэл насаараа амьдарч байна. Миний бие Б аймгийн Б сумын * дугаар багийн нутаг Б-ийн Х гэх газарт байгаа өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. 1993 онд өмч хувьчлалаар уг Б аймгийн Б сумын * дугаар багийн нутаг Б-ийн Х гэх газраас саравчтай хашаа 1, малын модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзний эзэмшигчээр А.Д миний биеийг дурдаж гэрээнд тусгасан ба уг гэрээнд миний ах А.А хашаа, саравч тусдаа авсан, миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Харин би өөрийнхөө өвөлжөө болон саравчныхаа доод талд ах болох А.А-д байшин бариулж цуг амьдарч байсан нь үнэн юм. Тухайн үед өмч хувьчлалаар миний ах А.А нь манай өвөлжөөний байшингаас цааш 1,5-2,0 км газар Б сумын * дугаар багийн нутаг Б-ийн Б дахь газраас саравчтай хашаа, хороо хувьчлалд авч байсан ба одоо тэнд А.А-н хүүхдүүд амьдардаг. Хашаа хороог хувьчилж авч байх үед Х, М нар бол бага насны хүүхдүүд байсан юм. Би Б гэх Х, М нарын эцэгт хувьцааны мөнгө хэмээн мал өгсөн. Яг хэдэн тооны мал өгсөн эсэхийг мэдэхгүй. О-н хувьцаанд бас миний бие мал өгсөн байсан.
2.2.Ийнхүү миний хувьчилж авсан Б-ийн Х-д байгаа саравчтай хашаанд залгаж барьсан малын задгай хашааг А.А өөрөө туслахын хамт 1983 онд барьсан гэж байгаа боловч тухайн хашааг нэгдлийн үед сумын болон багийн ажилчид барьсан. Зөвхөн Х гэх газарт тийм задгай хашааг бариагүй. Б гэх газар бас яаг адилхан задгай хашааг нэгдлийн үед ажилчид барьж өгсөн. Харин нэгдлийн хөрөнгөд задгай хашааг бүртгэгдээгүй байсан. Миний бие өөрийн саравчтай хашаа, хороо, байшинг тухайн үед засаж барих үед өөрийн ах болох А.Б, З.К нарын тээврийн хэрэгслээр чулуу зөөж барьж засварласан юм. Сүүлд бид хоньдоо ямаа нэмж малласан тул намхан задгай хашаанаас ямаа даваад байхаар нь би хашааны ойр хавьцаанаас хөлсийг нь өгч чулуу авч ирээд, өргөтгөж, өндөрлүүлсэн. Миний бие 2005 онд аваарт орсон тул 7 дугаар ангид байгаа хүүхдээ хичээлээс нь гаргаж аваад малаа маллуулсан. Дараа нь өндөрлүүлсэн чулуун хашааны чулуу унаад байхаар нь шавардсан байгаа.
2.3.Ах А.А миний өвөлжөөний хажууд 1999 он хүртэл амьдарч байгаад аймгийн төв рүү нүүсэн ба одоо уг байшинд хүүхдүүд нь үлдээд малаа маллаж байгаа нь үнэн. Түүнээс хойш олон жил өнгөрсөн байх тул бид нарын мал хангалттай өссөн. Одоо бид нар хоёр айл болох хэмжээнд хүрсэн. Бид нарын мал нэг хашаа хороонд өвөлжихөд хүндрэлтэй байна. Би өөрөө машины осолд орсон тул хоёр хүүхэд маань хоёулаа малд гарсан. Би нэгэнт малын тоо ихсэж, хашаа хороонд багтахгүй байхаар нь тэд нарыг цайнд дуудаа учир байдлыг ойлгуулаад хэлсэн. Маш олон тооны малыг нэг өвөлжөөнд байлгаад, хахир хүйтэн өвлөөс эсэн мэнд авч гарах нь маш хэцүү. Тийм учраас тус тустай өвөлжих бол арай хүндрэл багатай гэдгийг хэлж сануулсан. Бид нарын хувьд асар их хугацаа хамт нэг хашаа хороонд мал маллаж ирсэн. Сүүлд ерөөсөө мал багтахгүй байхаар нь ямар ч аргагүй болсон. Түүнээс биш бид нар ахын хүүхдүүдэд заналхийлсэн зүйл байхгүй. Гэхдээ ахын хүүхдүүд маань өөрсдөө сайн дураар бусад газарт өвөлжихөөр болж хүлээн зөвшөөрсөн. Ахын хүүхдүүд нь 1-р сард нүүж ирээд, 3-р сард нүүгээд явчихдаг. Тэгэхээр ямар ч өвсгүй газарт миний мал үлдсэн тул мал зудаас гарч чаддаггүй. Эцсийн эцэст зөвхөн би л хохирч үлдэж байгаа. Учир нь өвөл маш олон тооны мал байгаа өвсийг идчихдэг тул хавар идэх өвсгүй, бэлчээргүй болдог. Харин ахын хүүхдүүд тустай хаваржаанд явчихдаг. Тийм учраас би ах нарын хүүхдүүдэд учир байдлыг зөвөөр ойлгуулж хэлсэн. Тэд нар ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрсөн байсан. Гэхдээ ах маань түүнийг сонсчхоод, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн хашаа хороо бол миний хашаа хороо байх ёстой. Гэхдээ ах маань би түүний хамтран эзэмшигч нь болох ёстой хэмээн шүүхэд хандсандаа гомдолтой байна. Ах маань өөрөө тустай хашаа хороотой хүн юм. Ямар учраас миний хашаа хороонд булаалцаж байгааг би ойлгохгүй байна.
2.4.Мөн ах маань хашаа хорооны бууц өтгийг өгөөгүйгээс маргаан гарсан гэж мэдүүлж байна. Тухайн жил А.А-н хүүхдүүд бууц өтгийг гаргаагүй тул бид гаргасан. Учир нь бид өвөлдөө тухайн хашаанд өвөлждөг тул өвлийн бэлтгэл ажлыг хугацаандаа хангахгүй бол болохгүй. Тухайн үед хүүхдүүдийн маань хүч хүрэхгүй тул хэд хэдэн хүмүүст мөнгийг нь өгч бууц өтгийг гаргасан маань үнэн. Гэхдээ бид нарын зүгээс уг бууц өтгийг А.А-н хүүхдүүдэд өгөхгүй гэж хэлээгүй. Надад А.А уг бууц өтгийг хоёр хувааж буулгаарай гэхэд би нэг газарт буулгах болно харин хүүхдүүд чинь авах бол бид нарын зүгээс татгалзахгүй гэсэн. Гэтэл ах маань шүүхэд хандан миний өвөлжөөний саравчтай булаалцалдаж байгаад гомдолтой байна. Тус хороо миний хашаа хороо болох нь нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч А.А-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Х.Б, Х.М, Б.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Б сумын * дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай тодорхойлолт, маргаан бүхий газрын гэрэл зураг 4 ширхэг, Б аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон №******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаас 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдөр олгосон Б сумын Ж-ын зам нэгдлийн малчин А.А-д аймгийн Энх сүрэгтэн аварга малчин цол олгосон Диплом, Б сумын Намын үүр, АДХ-ын Гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөлөөс 1981 онд олгосон Аваргын үнэмлэх, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яам, БНМАУ-ын Нэгдлийн Холбооны Дээд зөвлөлөөс олгосон 158 дугаартай Аварга малчин цол олгосон Диплом, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайдаас 1984 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгосон Диплом БНМАУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны сайдаас 1988 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон БНМАУ-ын Аварга малчин Диплом, Б аймгийн ХЗЭ-ээс 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1281 дугаартай Өргөмжлөл, Б сумын Ж-ын зам нэгдэл хувьчлагдах үед бичигдсэн гэх баримт, Б.М, Х.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,, Б.М , Б.К нар утсаар цахимаар Казахстан улсаас явуулсан тодорхойлолт, Б аймгийн Б сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт, М.Г-ий нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон №******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Б сумын У толгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээ, 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 247 улсын дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ, 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн **** улсын дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ, Б аймгийн Б сумын Засаг даргаас 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон №******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б.Д-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, А.Д-н оршин сууж буй газрын гэрэл зураг 2 ширхэг, А.Б, З.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай Тодорхойлолт, Б аймгийн Б сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын Ж-ын зам нэгдлийн ХСЭБ-ийн цэнхэр тасалбарыг бүрэн баталгаажуулсан хөрөнгийн жагсаалт зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Х.М-ийг асуусан тэмдэглэл,
Зохигчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тус шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл, Б-ийн Х гэх газарт хийсэн үзлэгийн үейин схем зураг, Б-ийн Б гэх газарт хийсэн үзлэгийн үеийн схем зураг, Үзлэгийн үеийн гэрэл зураг 10 шихрэг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн 110/ШШ2024/0025 дугаартай хэргээс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б сумын Ж-ын зам нэгдэлд У толгой бригадын Их хувьцаа өгсөн үндэсний хөрөнгийн хуваарь
Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12/1009 дугаартай албан бичгээр хүргүүлсэн нэхэмжлэгч А.А, А.Е нарын улсын бүртгэлийн Ү-******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан юм. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-аас Б сумын * дугаар багийн Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. Б-ийн Х гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Иймд Б аймгийн Б сумын * дугаар багийн Б-ийн Х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн байна.
8.Хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын * дугаар багийн нутаг Б Х гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Б аймгийн Б сумын * дугаар багийн нутаг Б-ийн х гэх газраас саравчтай хашаа 1, малын модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзний эзэмшигчээр А.Д миний биеийг дурдаж гэрээнд тусгасан ба уг гэрээнд миний ах А.А нь хашаа, саравч тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.Нэхэмжлэгч А.А-д Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт 700 ам дөрвөлжин метр гарыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Б аймгийн Б сумын Засаг даргаас 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон №******** дугаартай Газар эзэмших гэрчилгээ-ээр,
Улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн ******* дугаартай Иргэний газар ашиглах гэрээ-нд У толгой Б Б-нд байршилтай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2042 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусах хугацаатай ашиглахаар Б сумын газрын даамалтай гэрээ байгуулсан байна.
Мөн Б аймгийн Б сумын Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тодорхойлолт-д: Б сумын У толгой багийн иргэн А овогтой А нь тус багийн Б гэдэг газар саравчтай хашаа, пүнз 2, хоёр тасалгаатай 2 орон сууц зэрэг хөрөнгийг багтаасан өвөлжөөний 030500119 тоот гэрчилгээтэй нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч А.А-д Б аймгийн Б сумын Улаантолгой багийн Б Б-нд байршилтай өвөлжөөний зориулалттай 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна.
9.2.Мөн нэхэмжлэгч А.А нь 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн ҮХЭХөрөнгийг бүртгэх газарт гаргасан өргөдөлд: Миний бие А овогтой А нь 1959 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Би Б сумын У толгой багт малчнаар ажиллаж байгаад зах зээлийн жамаар нэгдэл тарахдаа өөрийн эзэмшиж байсан хашаа хороо г.м эд хөрөнгүүдийг хувьдаа авч үлдсэн юм. Үүнд: 15х15м-ийн саравчтай хашаа-хороо, 3ш модон пүнзний хамтаар, 10х5-ын 2 өрөө бүхий шалтай дээвэртэй 5ш хар модон сууц. Уг эд хөрөнгүүдийг 4,500,000 төгрөгөөр үнэлж авч өмчлөлийн гэрчилгээ олгож өгч тусална уу гэсэн байна.
Б аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон №***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ-нд: Монгол Улсын иргэн А-ийн А, Ш.Б нарын долоон хүний хамтын өмч Б аймгийн Б сумын У толгой багт орших 50 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий 4 ширхэг хувийн хашаа байшин, үнэ нь 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө хууль ёсны өмчлөгч гэсэн байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч А.А-н 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд дурдагдсан миний 4 ширхэг хашаа хороо гэдгийн 2 нь Б-ийн б дахь 2 хашаа хороо, 2 нь энэ Б-ийн х дахь саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай хашаа байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Улмаар А.А нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0052 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ-ээр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөнөөс 50 м.кв талбайтай хувийн сууцыг хүү А.Е-д бэлгийн журмаар өмчлүүлсэн нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
9.3.Б сумын У толгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгө-ийн жагсаалтаар:...Газрын нэр: Б; Хүний нэр: А-1, Х-1, Ж-1, З-2 бүгд 5 өрх, 18 хүн, саравчтай хашаа-1 гэж, мөн доод талд нь:...Газрын нэр: Х; Хүний нэр: Д-2, Х М-2, О-1 бүгд 5 өрх, 13 хүн, саравчтай хашаа-1 гэж бичигдсэн байна.
Үүгээр нэхэмжлэгч А.А-н Б сумын У толгой багийн Б-ийн Б гэх газраас саравчтай хашаа хороог 5 өрх хувьчилж авч байсан гэх тайлбар нь хариуцагч А.Д-н Б сумын У толгой багийн Б-ийн Х гэдэг газраас саравчтай хашаа хороог Х, М нартай хамт 5 өрх хувьчилж авч байсан гэсэн тайлбартай тус тус тохирч байна.
9.4.Нэхэмжлэгч А.А Б сумын У толгой багийн Б-ийн Б гэх газраас саравчтай хашаа хороог хувьчилж авсан ба тухайн саравчтай хашаанд залгаа барьсан задгай чулуун хашааг нэгдлийн үед баригдсан гэдэг нь, мөн хариуцагч А.Д Б сумын У толгой багийн Б-ийн Х гэдэг газраас саравчтай хашаа хороог хувьчилж авч байсан ба тухайн саравчтай хашаанд залгаа барьсан задгай чулуун хашааг нэгдлийн үед баригдсан гэдэг нь, мөн тухайн задгай хашаа хороо нэгдлийн хөрөнгийн бүртгэлд ороогүй тул хувьчлалд ороогүй гэдэг нь доорх гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Үүнд:
Гэрч М.М-ийн мэдүүлэгт: ...Миний бие 1993 онд Б сумын Ж-ын зам нэгдлийн У толгой багт тоо бүртгэгчээс эхлээд багийн Засаг дарга хүртэлх ажлуудыг хийж байсан. Социализмын үед А.А мал дээр гарсан. Тухайн үед А.А Б-ийн Х гэх газарт байдаг өвөлжөөнд байшин бариад сууж байсан. Дараа нэгдэл татан буугдах үед бүх юм хувьчлагдахад тал тал тийшээ явсан. Үүнээс хойш А.А, А.Д нар хаана өвөлжиж, хаваржиж, намаржиж байгааг харж байгаагүй, А.А нь Б-ийн Б гэх газарт байдаг саравчтай хашаа бүхий өвөлжөөг хувьчилж авсан. Харин Б-ийн Х гэх газарт байдаг хашаа хороог хэн хувьчилж авсныг санахгүй байна. Тухайн хашаа хороог ямар ч байсан А.А, А.Д нарын аль нэгэн нь хувьчилж авсан. Өөр хүн хувьчилж аваагүй. Би тухайн үед өмч хувьчлалын гишүүнээр ажиллаж байсан. Нэг хүнд хоёр хашаа хороо өгөхгүй, нэг хүнд нэг газарт байдаг хашаа хороог өмчлүүлдэг байсан. А.А-д Б-ийн Б гэх газарт байдаг хашаа хороог өмчлүүлсэн гэж ойлговол А.Д-д Б-ийн Х гэх газарт байдаг хашаа хороог өмчлүүлсэн гэж ойлгож болох байх. Б-ийн Х гэх газарт байдаг саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай чулуун хашааг хувьчлаагүй. Саравчтай хашааг нэгдлийн өмчөөр бүртгэдэг байсан. Харин саравчтай хашаанд залгуулаад задгай хашааг төллөсөн болон төллөөгүй малыг тус тусдаа байлгаж ажлаа хөнгөвчлөхийн тулд малчид өөрсдөө барьж авдаг байсан. Задгай хашааг ч гэсэн нэгдлийн үед барьсан. Нэгдлийн үед бүх өвөлжөөнд задгай хашааг голцуу байдаг байсан. Дээр хэлсэнчлэн задгай хашаа хороог малчид малаа төрлөөр нь төллөсөн байдлаар нь ангилахын тулд ажлаа хөнгөвчлөхийн тулд өөрснөө барьж авдаг байсан гэсэн байна.
Гэрч Х.Б-ий мэдүүлэгт: Миний бие нэгдэлд 1979 оноос эхлэн ерөнхий ня-бо, эдийн засагч, нэгдлийн дарга зэрэг албан тушаал хаашиж байсан. 1991 онд бага хувьчлал, 1993 онд их хувьчлал явагдсан. 1993 онд их хувьчлалд явагдах үед бүх нэгдлийн хашаа хороо, малуудыг хувьчлалд өгсөн. Тухайн үед зөвхөн нэгдлийн дансанд байгаа хашаа хороог хувьчилсан. Түүнээс биш дансанд байхгүй эд хөрөнгүүдийг хувьчлаагүй. Тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргаж буй Х гэх газарт байгаа саравчтай хашаа хувьчлагдсан. Харин задгай хашаа бол нэгдлийн дансанд бүртгэгдээгүй тул хувьчлагдаагүй. Уг задгай хашааг өөрсдөө барьж авсан байх түүнийг сайн мэдэхгүй байна. Мөн нэгдлийн үед барьсан эсвэл нэгдэл таарсны дараа тухайн хашааг барьсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн хашаа хороог яг ямар хүмүүс яаж авсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ тухайн үед би бичиж байсан ноорог байгаа. Түүнээс харж байгаад хэлэхгүй бол сайн санахгүй байна. А.А Б гэх газраас хашаа хороо хувьчилж авсан байна. Үүнд: Х, Ж, З зэрэг хүмүүс хувь эзэмшиж байна. Гэхдээ тухайн үед зөвхөн саравчтай хашааг хувьчлалд өгсөн. Задгай хашаа бол нэгдлийн дансанд байхгүй тул түүнийг тэмдэглээгүй. Харин А.Д-д Х гэх хашаа хороог хувьчилсан байна. Үүнд: М, Х, О зэрэг хүмүүс хувь эзэмшиж байгаа болох нь харагддаг. Энэ баримтыг тоо бүртгэгч М гэх хүн бичсэн. Би түүний бичгийг шууд таньж байна. Эд нарын авч буй хоёр хашааны нэг нь өвөлжөө нөгөөдөх нь хаваржаа байсан. Яг аль нь өвөлжөө аль нь хаваржаа гэдгийг багийн Засаг дарга нь биш тул мэдэхгүй. Тухайн үед нэг хүнд 2 хашааг шууд өгөх боломжгүй тул эдгээрийн саналыг харгалзан үзээд, ойр дотонгийн хүмүүсийг дагуулж ирээд хувьчилж өгсөн. Одоогоос 30 гаруй жил өнгөрсөн байх тул хэн хэнийг дагуулж ирсэн эсэхийг сайн санахгүй байна гэсэн байна.
Гэрч Х.С-ы мэдүүлэгт: Миний бие 1983 онд цэргээс ирээд энэ оны 6 сараас эхлэн А.А-тэй хамт мал малласан. 1984 оны 11 дүгээр сарын үед задгай чулуу хашаа баригдсан байхаа. Тухайн үед сумын нэгдлийн даргын шийдвэрээр уг чулуун хашааг барьсан. Уг чулуун хашааг нэгдлийн хашаа барьдаг бригадын дарга А гэх хүмүүс барьсан. Миний хувьд тухайн үед чулуун хашаанд нэг ч чулуу тавьж байгаагүй. Бид нарт чулуугаар хашаа барих зав ч байдаггүй байсан. Учир нь тухайн үед А.А бид хоёр бол тус тустай хоёр төрлийн мал малладаг байсан. Гэхдээ би А.А-ийн туслах малчин нь байлаа. Бид аймгийн аварга малчин цолыг удаа дараа авч сүүлд улсын хошой аварга хэмээн цол хүртсэн. Тухайн үед бүх хүмүүс аваргын төлөө ажилладаг байлаа. Харин тухайн үед А.Д бол хүүхэд байсан. Тэд нар бүгдээрээ эцэг, эхийн хамт амьдардаг байсан гэсэн байна.
Гэрч М.Г-ий мэдүүлэгт: Миний бие Б сумын У толгой багийн Б хэсгийн даргыг 1979 оноос 1989 оны 6 дугаар сар хүртэл хийсэн. Тухайн үед А.А нь С-тай хамт малчин байсан. Тухайн үед саравчтай хашаандаа мал нь багтаагүй болохоор Х гэх газарт задгай хашаа баригдсан. Хашаа хорооны чулууг нэгдлийн хүмүүс бэлдэж өгсөн. Тухайн үед ганцаараа хашааг барина гэж байхгүй. Би даргын хувьд хашааг барьж байсныг харсан болохоос тусалж байгаагүй. Харин тэр хавьцаа байдаг хоёр хашааг ах нь А.А дүү нь А.Д нар тус тустай авсан байдаг. Тэр үед мөн Б гэх хорооны урд талд бас задгай хашаа баригдсан. Тухайн хашаануудыг нэгдлийн бүртгэлд бүртгэж авсан эсэх талаар мэдэх зүйл байхгүй гэсэн байна.
9.5.Нэхэмжлэгч А.А-н Б-ийн х дахь өвөлжөө саравч хашаа хороог хариуцагч А.Д-тэй хамтран хувьчилж авсан Б.Х болон Б.М нар 1993 онд Казахстан улс руу нүүх үед тэдний хувьцааг худалдан авсан. Тэд нар өөрсдөө хувьцаандаа авах ёстой малыг Б.М-д өгөхийг хүссэн тул би Б.М-д малыг өгсөн. Яг хэдэн тооны мал өгсөн эсэхээ сайн санахгүй байна гэх тайлбар,
Гэрч Б.М-ын мэдүүлэгт: Би нэхэмжлэгч болон хариуцагч нарыг танина. Нэхэмжлэгч бол миний баз байгаа. Хариуцагч бол надтай худ ургийн холбоотой хүн юм. Би бага наснаасаа аавын гарт байлаа. Аав маань 1997 онд нас барсан. Тухайн маргаан бүхий хашаанаас миний ах Б.М, дүү Б.Х нар хувьцаанд авсан байна. Тухайн үед тэд нэгдлийн хашаа, байшин барьдаг байлаа. Тэд 1993 оны 07 дугаар сард байх Казахстан улсад нүүгээд явсан. Тухайн үед тэд хувьцаагаа тухайн үеийн ханшаар 1000 төгрөгөөр тооцоолсон байхаа. Ямар ч гэсэн идшиндээ А.А-ээс 5 хонь авсан. Миний бие 1993 онд гэр бүл болсон. Гэр бүл болсны дараа А.А-тэй баз болсон. Тийм учраас тэд нарыг А-д би холбож өгсөн. Тухайн маргаан бүхий газарт байгаа баз А.А-н гэрт хашаанд очиж л байсан гэсэн байна.
Гэтэл Хавтаст хэргийн 54-55 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.М-ын утас руу Казахстан улсаас Б.М (ватсап ******* дугаараас), Б.Х (ватсап ****** дугаараас) нарын илгээсэн гэх тодорхойлолтод: 1993 онд Монголын төрөөс өгсөн хувьцаагаа Б,М-д өгсөн маань үнэн... гэсэн байна.
Үүгээр Б.Х, Б.М нар нь (гэрч) Б.М-д хувьцаагаа өгсөн гэсэн болохоос бусдад зарж борлуулах талаар дурдаагүй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй, мөн 108.4-д Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж тус тус заасан байна.
Иймд Б аймгийн Б сумын У толгой багийн Б-ийн Х-д байдаг өвөлжөө, саравчтай хашаа хороог хамтран өмчилдөг гэх Б.М, Б.Х ногдох хэсгээ (гэрч) Б.М-д болон А.А нарт шилжүүлсэн, худалдсан тухай бусад хамтран өмчлөгч нар буюу хариуцагч А.Д-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байх тул хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
9.6.Б аймгийн Б сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолтод А.А нь Б-ийн Х хэмээх өвөлжөөний газарт 1979 оноос эхлэн өвөлжиж байсан нь үнэн гэсэн боловч ямар эх сурвалжийг үндэслэн тодорхойлсон нь тодорхой бус, эргэлзээтэй байна.
9.7.Хариуцагч А.Д-д Б аймгийн Б сумын У багийн Б дахь Х гэх газарт байршилтай, нэгж талбарын ***дугаар бүхий 500 м.кв газрыг 40 жилийн хугацаатай өвөлжөөний суурийн газрын зориулалтаар эзэмшүүлсэн нь Б аймгийн Б сумын Засаг даргаас 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон №******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр нотлогдож байгаа ба тухай газрын кадастрын зургаар баталгаажуулсан байна.
2005 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн дугаар 0063302 дугаартай Монгол улсын Иргэний газар эзэмших гэрээ-нд суурийн өвөлжөөний доорх газар 500 м.кв, Улаан толгой багийн Б-ийн Х дахь өвөлжөөг 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2045 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусах хугацаагаар байгуулсан байна.
Хариуцагч А.Д Б аймгийн Б сумын *-р баг Б Х гэдэг газарт байршилтай, өвөлжөөний зориулалттай, 90 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2014 оны 11 дугаар сарын 05-ны өдөр олгосон №********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
9.8.1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Б сумын У толгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээ-нд хашаа хорооны байрлаж байгаа газар У толгой багийн Х, саравчтай хашаа 1, үнэ 16408, модон пүнз-1 үнэ 2500, банзан пүнз-1, үнэ 1300, хашаа хороо пүнз эзэмшигч Д хамтран эзэмшигчид Х О, эзэмшигчдийн хүлээх үүрэг: 1.Зориулалтыг өөрчлөхгүй, 2.Нурааж эвдэхгүй бүрэн бүтэн байлгана. 3.Нүүлгэн шилжүүлэхгүй. 4.Бусдад худалдахгүй гэж бичсэн байна. Б сумын Тамгын газрыг төлөөлж орлогч дарга Х.О, эзэмшигчийг төлөөж Д гарын үсэг зурсан байна.
9.9.Гэрч А.Б-н мэдүүлэгт: Миний бие энэхүү нэхэмжлэгч А.А, хариуцагч А.Д нарын төрсөн ах. Би 1975 онд цэргээс халагдаж ирээд аймгийн 21-р багт жолоочоор ажилд орсон. 1976 онд аав маань өндөр насны тэтгэвэрт гарч хөдөө явсан. Тухайн хашааг 1979 онд авсан мэт санагдаж байна. Түүнээс хойш би тухайн хашаанд гарсан бүх засварын ажил хар бор бүх ажлыг нь би хийдэг байлаа. Учир нь тухайн үед машинтай хүн тун ховор байсан тул миний бие машинаараа нүүлгэх, буулгах, хадлан хадах, өвс буулгах, чулуу буулгах, бууц өтгийг гаргах, хашаанд хийх засвар зэрэг бүх ажилд нь туслаад ирсэн. Тухайн үед манайх л машинаар нүүдэг байсан. Өнгөрсөн жил хүртэл хашааны бууц өтгийг гаргасан. Би хэн нь ямар байдлаар хувьчилж авсан эсэхийг сайн мэдэхгүй. Дүү А.А, А.Д нар 2 өвөлжөөг 1993 онд тус тусдаа хувьчилж авсан. Өөрсдийн хэлдгээр бол Х гэх өвөлжөөг А.Д Б гэх газарт байгаа хаваржааг А.А авсан байна. Тэд уг хашаа хороог хувьчилж авснаас хойш хэн ч очиж маргаж байгаагүй. Харин надад Х гэх газрын хашаа хорооны засварын ажиллагаанд туслаач гэж дандаа А.Д дууддаг байлаа. Хувьчлалын дараа 1999 онд А.А Ө сумын * дугаар багт миний хажууд нүүж ирсэн. Бид хоёр одоо хүртэл Өлгий сумын *-р багт хамт оршин сууж амьдарч байна. Түүнээс хойш нэг ч удаа А.А хөдөө очиж өвөлжиж байгаагүй. Харин Х гэх газарт А.А-н 2 хүүхдийн байшин, А.Д-н байшин, аавын хуучин байшин бүгд байгаа. Ууц өтгийн маргаан үүсэх үед би байгаагүй. Мөн А.Д-д нэг үед миний мал байдаг байсан одоо надад ямар ч мал үлдээгүй. Мөн 1985 онд байх Т-ээс хашаа худалдаж авсан билүү гуйж авсан билүү авч ирээд Х өвөлжөөнд өвсний хашаа барьж өгсөн маань үнэн гэсэн байна,
Гэрч З.Х-ийн мэдүүлэгт: Миний бие Би хэд хэдэн удаа А.Д-ийн Х гэх газарт байдаг хашаанд хэрэглэх чулуу буулгаж өгсөн. Тухайн үед болохоор авах ёстой хөлсөө авсан. Гэхдээ яг он сарын хувьд сайн санахгүй байна. Чулууг бол Х-д гэх газраас авсан. Тухайн үед 07-35 дугаартай 2,5 тооны майти машинаар очсон. Тухайн үед ямар ч гэсэн 5 удаа чулуу ачсан байхаа. Гэхдээ бид нэг удаад 5 тонн гаруй чулуу ачсан. Зөвхөн чулуу биш, өвс, мөс, шар шороо буулгаж байсан. Би маш олон хүнтэй тээвэр хийж харьцдаг тул нарийн зүйлүүдийг мартсан гэсэн байна.
9.10.Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолтод: Тус сумын 2 дугаар багийн иргэн А,Д нь 1986 онд Ж-ын зам нэгдэлд малчнаар элсэн орж ажиллаж байсан ба одоо хүртэл 2 дугаар багийн Б Х гэх газарт мал маллаж малчнаар ажилладаг нь үнэн болохыг Хөдөлмөрийн дэвтрийг нь үндэслэн тодорхойлов гэсэн байна.
9.11.Б аймгийн Б сумын Ж-ын зам нэгдлийн ХСЭБ-ийн цэнхэр тасалбарыг бүрэн баталгаажуулсан хөрөнгийн жагсаалтаар А-ийн Д, Д Ж, М,А, Б,М, Х,М нарт мал бусад хөрөнгө хуваарилагдсан гэсэн ба энэ нь хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
9.12.Зохигчдын хүсэлтээр тус шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл-ээр:
9.12.1.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б сумын ***дугаар багийн нутаг Б Х гэх газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн үзлэгийн талаар:
Нэхэмжлэгч А.А газар болон баригдсан объектуудын талаар танилцуулахад: Би 1976 онд илгээлтийн эзнээр мал дээр гараад, 1979 онд энэхүү Б х гэх газарт байдаг саравчтай хашаа бүхий өвөлжөөг хүлээж аваад Б сумын Ж-ын зам нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдлийн үед саравчтай чулуун хашаа нэгдлийн өмч байсан. Улмаар 1983 онд мал төллүүлэх хашааны зориулалтаар Б Х гэх газарт байдаг саравчтай чулуун хашаанд залгуулаад өөрийн санаачилгаар чулуугаар задгай хашаа барьсан. Задгай чулуун хашааг барьсан чулууг би энэхүү өвөлжөөний ойр орчмын уулнуудаас авсан. Ж-ын зам нэгдэл татан буугдаж, хөрөнгийг нь хувьчлах үед Б х гэх газарт байдаг саравчтай хашааг дүү болох хариуцагч А.Д хамт хувьчилж авсан. Харин энэхүү саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай чулуун хашаа миний анхнаасаа өөрөө санаачлаад барьсан хашаа байсан тул өмч хувьчлалд ороогүй. Б х гэх газарт миний хүүхдүүд болох А.Ш, А.Енар мөн адил байшин барьж оршин суудаг. Өнгөрсөн жил хүртэл Б х дахь саравчтай хашаа, задгай чулуун хашаанаас гарсан малын өтөг бууцны талыг А.Д, талыг миний хүүхдүүд А.Ш, А.Е нар аваад түлээ болгож хэрэглэж ирсэн. Өөрөөр хэлбэл А.Е А.Ш нар хамтдаа нэг айлын авах ёстой түлээг авч байсан. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн А.Д нь А.Е А.Ш нарт Б х дахь хашаануудаас өтөг бууц авахыг хориглож, маргаан гаргаад эхлэнгүүт өмчлөх эрхээ бататгаж авахын тулд шүүхэд хандсан гэв.
Хариуцагч А.Д өөрийн хууль ёсоор эзэмшиж байгаа гэх газар болон баригдсан объектуудын талаар танилцуулахад: Би нэгдэл хувьчлагдах үед Б х гэх газарт байдаг өвөлжөөг хувьчилж авсан. Харин ах маань болох нэхэмжлэгч А.А нь Б х 2 гаруй километрийн зайтай Б б гэх газарт байдаг өвөлжөөг хувьчилж авсан. Б х дахь саравчтай хашааг нэгдлийн үед барьсан ба энэхүү саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай чулуун хашааг нэгдлийн үед коммунист субботник-аар нэгдлээс барьж өгсөн. Улмаар миний бие энэхүү хашаа хороо бүхий өвөлжөөг хувьчилж аваад, ойр орчмын уулнуудаас ах А.Б болон З.Х гэх хүмүүст хөлс төлөөд тэдний тээврийн хэрэгслээр чулуу зөөж авчраад, саравчтай хашаанд залгаа задгай чулуун хашааг зузаатгаж засварласан. Би 20-оод жилийн өмнө мотоциклын осолд орж нуруу нугасны гэмтэл аваад, хоёр хөл маань мэдээгүй болсон байсан. Тэгээд би хоёр таягтай байж байхад ах А.А надаас зөвшөөрөл авалгүйгээр Б х дахь миний өвөлжөөнд байдаг байшингийн хажууд байшин барьсан байсан. Тэгээд тэр хүн миний хажууд 1999 он хүртэл амьдарч байгаад аймгийн төв рүү нүүгээд явсан. Харин түүний хүүхдүүд А.Ш, А.Е нар одоо хүртэл миний өвөлжөөнд 2 байшинтайгаа оршин сууж малаа малладаг. Уг нь тэд Б Б-д өөрийн гэсэн тусдаа өвөлжөөтэй. Гэтэл тэд Б х-д 3 дугаар сар хүртэл суугаад малаа маллаад, 3 сард Б б дахь өвөлжөө рүүгээ явчихдаг. Харин би тэдний олон тооны малын бэлчсэн газарт үлдээд, өвлийг арай гэж давдаг. Б х дахь хашаануудад ах А.А оролцоо байхгүй. Эхэндээ би ч гэсэн Балчингийн бодгон дахь өвөлжөөнд суугаад малаа малладаг байсан. Дараа нь А.А эхнэр та нар тусдаа гараарай гэхээр нь Б б дахь байшингаа нураагаад, Б х дахь өвөлжөөнд шилжүүлэн барьсан. Б х дахь модоор барьсан хуучин байшин нэгдлийн үед баригдсан ба миний эцэг, эх амьдарч байгаад улмаар би амьдарсан. Одоо тухайн байшинд миний хүү Д.Е өвөлждөг гэв.
Нэхэмжлэгч А.А: А.Д чулуу зөөгөөд барьсан гэх хашаа нь саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай чулуун хашаа биш. Тэр нь энэхүү хуучин модон байшинтай залгуулаад барьсан өвс хадгалагдаж байгаа чулуун хашаа юм. Тухайн хашааны чулууг А.Б З.Х нарын тээврийн хэрэгслээр Х гэх газраас зөөж авчраад барьсан. Та бүхэн ажиглаж харвал А.Д өвс хадгалж буй хашааны чулуу болон саравчтай хашаа, задгай чулуун хашааны чулуу ялгаатай байгаа. А.Д нь саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай чулуун хашааг зузаатгасан асуудал байхгүй. Харин саравчтай баруун буланд байгаа битүү малын хашааг А.Д өөрөө барьсан гэв.
Нэхэмжлэгч А.А: 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон **** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд дурдагдсан миний 4 ширхэг хашаа хороо гэдгийн 2 нь Б б дахь 2 ширхэг хашаа хороо, 2 нь энэ Б х дахь саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай хашаа юм гэв.
Хариуцагч А.Д Тухайн гэрчилгээнд дурдагдсан 4 ширхэг хашаа байшин гэдэг нь бүгд Б б дахь өвөлжөөнд байдаг хашаа хороонууд юм. Тиймээс нэхэмжлэгчийн 4 ширхэг хашаа хороо гэдгийн 2 нь Б б дахь 2 ширхэг хашаа хороо, 2 нь энэ Б х дахь саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай хашаа гэж хэлсэн тайлбар нь үндэслэлгүй гэв.
Үзлэгийн талаар: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Н Б сумын * дугаар багийн нутаг Б х гэх газарт GPS төхөөрөмжөөр үзлэг, хэмжилт хийв. Үүнд:
1.Хариуцагч А.Д байшингийн талбайн хэмжээ-72 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 1-рт/
2.Хариуцагч А.Д хуучин модон байшин /эцэг, эх нь амьдарч байсан гэх/-ийн талбайн хэмжээ-35 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 2-рт/
3.Хариуцагч А.Д хуучин модон байшинд залгуулаад барьсан өвс хадгалж буй чулуугаар барьсан хашаа талбайн хэмжээ-47.7 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 3-рт/
4.Хариуцагч А.Д барьсан дээвэртэй төл малын пүнз талбайн хэмжээ-27.3 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 4-рт/
5.Хариуцагч А.Д хувьчилж авсан гэх саравчтай чулуун хашаа талбайн хэмжээ- 53.2 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 5-рт/
6.Хариуцагч А.Д хувьчилж авсан гэх саравчтай чулуун хашааны нурсан хэсэг талбайн хэмжээ- 99 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 6-рт/
7.Хариуцагч А.Д хувьчилж авсан гэх чулуун хашаа талбайн хэмжээ- 287.8 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 7-рт/
8.Хариуцагч А.Д хувьчилж авсан гэх саравчтай чулуун хашаанд залгуулж барьсан задгай чулуун хашаа талбайн хэмжээ-405 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 8-рт/
9.Нэхэмжлэгч А.А-н хүү А.Е-ын байшин талбайн хэмжээ-65 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 9-рт/
10.Нэхэмжлэгч А.А хүү А.Ш-ийн байшин талбайн хэмжээ-74 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 10-рт/
11.Хариуцагч А.Д Б сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/51 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн газрын кадастрын зургийн координатын авч схем зураг үйлдэв. /Үзлэгийн схем зургийн 11-рт/
9.12.2.Хариуцагч талын хүсэлтээр Бугат сумын 2 дугаар багийн нутаг Б-ийн Б гэх газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн үзлэгийн талаар:
Нэхэмжлэгч А.А өөрийн хууль ёсоор эзэмшиж байгаа гэх газар болон баригдсан объектуудын талаар танилцуулахад: Миний бие энэхүү Б сумын * дугаар багийн нутаг Б- б гэх газарт байрлах өвөлжөөг Б сумын Ж-ын зам нэгдэл татан буугдаж, өмч хувьчлах үед хувьчилж авсан. Үүнээс хойш хэдэн жил тухайн өвөлжөөндөө сууж байгаад хүүхэд сургахаар аймгийн төв рүү нүүгээд явсан. Одоо энэ өвөлжөөнд миний хүүхдүүд А.Е, А.Ш нар тус тусын байшиндаа сууж амьдарч байгаа гэв.
Хариуцагч А.Д Эхэндээ би ч гэсэн энэхүү Б б гэх газарт амьдарч байсан. Дараа нь байшингаа нураагаад Б х-д шилжүүлээд барьсан.
Үзлэгийн талаар: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д. Б сумын * дугаар багийн нутаг Б б гэх газарт GPS төхөөрөмжөөр үзлэг, хэмжилт хийв. Үүнд:
1.Нэхэмжлэгч А.А хүү А.Е-ын модон байшин талбайн хэмжээ-50 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 1-рт/
2.Нэхэмжлэгч А.А хүү А.Ш-ийн модон байшин талбайн хэмжээ-45 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 2-рт/
3.Нэгдлийн үед чулуугаар барьсан саравчтай малын хашаа талбайн хэмжээ-164.5 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 3-рт/
4.Нэгдлийн үед чулуугаар барьсан задгай малын хашаа талбайн хэмжээ-145 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 4-рт/
5.Малын өтөг бууц бүхий нурсан хашааны суурь талбайн хэмжээ-387 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 5-рт/
6.Дээвэр нь нурсан пүнз талбайн хэмжээ-17.6 м.кв байв. /Үзлэгийн схем зургийн 6-рт/
Б аймгийн Б сумын * дугаар багийн нутаг Б Х-аас гэдэг газраас Б-ийн Б хүртэл 02 километрийн зайтай байсан ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзэмшил газар давхцаагүй байв. Энэ талаар үзлэг, хэмжилт хийсэн мэргэжилтэн схем зураг үйлдэж, үл хөдлөх хөрөнгө хашаа хорооны гэрэл зургийг авч тэмдэглэлд хавсаргасан болно.
Энэхүү үзлэгийн тэмдэглэлээр Б аймгийн Б сумын У толгой *-р багийн нутаг дэвсгэр Б Х гэдэг газарт хариуцагч А.Д эзэмшиж буй 500 м.кв газарт хариуцагч А.Д 72 м.кв хэмжээтэй байшин бүхэлдээ, түүний эцэг, эх нь амьдарч байсан 35 м.кв хуучин модон байшин бүхэлдээ, хуучин модон байшинд залгуулаад барьсан өвс хадгалж буй чулуугаар барьсан хашааны зүүн булан, маргаан бүхий саравчтай чулуун хашааны баруун булан, маргаан бүхий задгай чулуун хашааны баруун булан тус тус багтаж байгаа нь тогтоогдож байна.
Харин Б аймгийн Б сумын У толгой *-р багийн нутаг дэвсгэр Б Х гэдэг газарт нэхэмжлэгч А.А хүүхдүүдийн амьдарч байгаа гэх 2 байшин нь хариуцагч А.Д-д хууль ёсоор эзэмшүүлсэн 500 м.кв гарын гадна баригдсан байна.
Түүнчлэн Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Б бодгон гэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгч А.А хүүхдүүдийн 2 байшин, 4 хашаа хороо зэрэг хөрөнгүүд А.А 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон №***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ-нд дурдагдсан үл хөдлөх хөрөнгөтэй тохирч байна.
10.Нэхэмжлэгч А.А мал маллаж байх хугацаанд аварга малчин, хошой аварга малчин зэрэг шагнал урамшуулал авч байсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд энэхүү үйл баримт нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
11.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж тус тус заасан байна.
Дээрх нэхэмжлэгч А.А нь Б сумын * дугаар багийн Б хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааг хариуцагч А.Д-тэй хамтран өмчилдөг болохыг нотлох баримт байхгүй, мөн тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашаа нь нэхэмжлэгч А.А өмч мөн гэснийг нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шеруши хурман овогт А-ийн Д-д холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын * дугаар багийн Б х гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш хурман овогт А,А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК