Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 122/ШШ2021/0011

 

2021 оны 03 сарын 23 өдөр         122/ШШ2021/0011                            ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

           Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн Жамбалдоржийн *******ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ******* аймгийн Засаг даргад холбогдох,

 

            Гуравдагч этгээд: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жамбалдорж овогтой ******* миний бие нь 1999 онд УБИС-ийг төгсөж төрсөн нутаг ******* суманд ирснээсээ хойш 1-р сургуульд мэдээлэл зүй - математикийн багш, ******* сумын Засаг даргын мэргэжилтэн, Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрын захирал, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 2 удаа, Засаг даргын зөвлөх гэсэн албан тушаалуудыг хашин төрд 21 жил үүнээс удирдах албан тушаалд 11 жил ажилласан нь төрийн албанд хуулийн дагуу шатлан дэвших мерит зарчмын хүрээнд ажиллаж ирснийг харуулах бөгөөд хамгийн сүүлд ******* аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийн хүрээнд ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж дээрх хугацаанд миний бие төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн эрх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж ирсэн болно.

Гэтэл ******* аймгийн Засаг даргаар шинээр сонгогдсон М.******* нь ажлаа хүлээн авсан даруйдаа Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгуулийн дүнд ардчилсан нам олонх болсон гэх үндэслэлээр ажлаа өгөхийг шаардаж, хууль бус захирамж гарган хууль бус томилгоо хийх замаар Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний сурч боловсрох эрхийг зөрчих замаар төрийн албаны тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалт болон төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг зөрчин хууль бус захирамж гаргаж байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрсөнтэй холбоотой аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн дүнгээр олонх болж буй нам эвсэлд цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх үйл ажиллагаандаа төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг өгөх зорилгоор төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар бүхий “Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай” зөвлөмж гарсан байдаг.

Тус зөвлөмжийн хоёрт “Сонгуулийн дүнгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй хэмээн заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт,

Гуравт: “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг” улс төрийн бүх албан тушаалтнуудад зөвлөсөн байдаг.

2. Миний бие тус захирамж гарах хугацаанд Удирдлагын академийн
Төрийн албаны сургуульд төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц сургалтад
хамрагдаж байсан ба сургалтын гэрээний дагуу ажил олгогч нь суралцагчийг суралцах хугацаанд уг сургалттай холбоотой шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөхгүй, албан тушаал бууруулахгүй байх үүрэг хүлээж байсан.

Гэтэл дээрх чиг үүргийг урьдчилан анхааруулсаар байтал удирдлагын академийн төрийн албаны сургуульд сургалтын гэрээг цуцлах тухай албан бичиг явуулах замаар иргэн миний Монгол улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх, төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д заасан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах эрхийг зөрчиж захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй шууд шийдвэрийг тухайн өдрөө албажуулан гаргаж өөрсдийн хамаарал бүхий этгээдийг томилсон болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “3ахиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 15 дугаар зүйлийн 15.1.4-т “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;” 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” 26 дугаар зүйлийн 26.1-д “3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно,” Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “төрийн албан хаагч нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;” 31 дүгээр зүйлийн 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно,” 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” 39.1.4-т “албан тушаалын эрхээ урвуулан ашиглах, бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчих, гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэх мэт хуулийн заалтыг зөрчиж гаргасан ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хуулийн дагуу хянан шалгаж хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Би эвлэрэхэд бэлэн байна. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Засаг дарга М.*******тай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Саранчимэгийн хамт уулзсан. Миний зүгээс гурван нөхцөлийг тавьсан. Нэгдүгээрт: ТЗ-6 албан тушаалын ангилал ба түүнээс дээш ажлын байраар хангуулах. Хоёрдугаарт: Ажилд томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах. Гуравдугаарт: Удирдлагын академийг төгсөх боломжоор хангуулах гэсэн гурван саналыг тавьсан. ******* аймгийн Засаг дарга М.******* нь шүүхийн шийдвэр гарсны дараа ТЗ-5 шатлалаар гурван сарын хугацаанд ажлын байраар хангаж болно. Өөр боломж байхгүй гэсэн. Энэ нөхцөлийг зөвшөөрвөл эвлэрч болно гэсэн. Би ТЗ-13-аас ТЗ-6-руу шилжихэд цалин гурван зуун мянган төгрөгөөр буурч байгаа. ТЗ-5 болоод ирэхээр илүү цалин буурах юм байна гэж хэлэхэд Засаг дарга М.******* нь өөрт чинь ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Нэгдүгээрт чамайг хууль бусаар томилсон. Хоёрдугаарт өөрийг чинь томилсон шийдвэр хүчингүй болсон. Хүнийхээ хувьд өөрт чинь санал болгож байна гэж хэлсэн. Миний дээрх гурван саналыг хүлээн зөвшөөрвөл би эвлэрэхэд бэлэн байна. Миний хувьд улсад 21 жил 4 сар 11 хоног, Төрийн захиргааны байгууллагад  4 жил 8 сар 20 хоног ажиллаж байна. Хамгийн гол нь цаашид миний хөдөлмөрлөх эрхийг зөрчмөөргүй байна. Миний ажилласан хугацааг тасалдуулмааргүй байна. Эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно гэж зааснаар харилцан тохиролцож эвлэрэхэд бэлэн байна.

Нэгдүгээрт: Жамбалдорж овогтой ******* миний бие төрийн үйлчилгээнд 14 жил 6 сар 20 хоног, төрийн захиргааны байгууллага 4 жил 8 сар 20 хоног /ТЗ-5-аар 3 сар 03 хоног,ТЗ-8-аар 3 жил 10 сар 14 хоног, ТЗ-11-ээр 3 сар 23 хоног, ТЗ-13-аар 2 сар 20 хоног, улс төрийн албан тушаалд 1 жил 8 сар 21 хоног ажилласан, 2014 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд байсан, 2019 оны ерөнхий шалгалтад тэнцэж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 359 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, 2019 онд Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад “Төрийн байгууллагын бодлого төлөвлөлт, гүйцэтгэл” чиглэлээр, 2020 онд Энэтхэг улсын Indian Institute of Management Indore-д ITEC хөтөлбөрөөр “нутгийн удирдлагын менежмент” чиглэлээр тус тус сургалтад хамрагдсан, Боловсролын магистр цолтой, төрийн удирдлагын менежер, барилга байгууламжийн төсөвчин, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэн улсад 21 жил 4 сар 11 хоног үүнээс төрийн албанд 20 жил 11 сар 11 хоног тогтвортой ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам болон төрийн албаны тухай хуулийн чадахуйн буюу мерит зарчмын хүрээнд өөрийн үүргийг нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн ба хамгийн сүүлд ******* аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийн хүрээнд ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж дээрх хугацаанд миний бие Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн эрх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж ирсэн болно.

Гэтэл ******* аймгийн Засаг даргаар шинээр сонгогдсон М.******* нь ажлаа хүлээн авсан даруйдаа Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч миний биеийг “сонгуулийн дүнд ардчилсан нам олонх болсон гэх үндэслэлээр, ажлаа хийнэ гэвэл манай намд олны өмнө зарлан элс гэж дарамтлан элсэхгүй бол ажлаа өг гэж шаардаж, хууль бус захирамж гарган хууль бус томилгоо хийх замаар дээрх төрийн албаны тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг /31.4-ялгаварлаж үл болно/ зөрчсөн шийдвэр гаргаж байгаа тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь: Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрсөнтэй холбоотой Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн дүнгээр олонх болж буй нам эвсэлд цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх үйл ажиллагаандаа Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар бүхий “Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай” зөвлөмж гарсан байдаг. Тус зөвлөмжийн хоёрдугаар хэсэгт  “Сонгуулийн дүнгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй хэмээн зааж Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт, гуравдугаарт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг” улс төрийн бүх албан тушаалтнуудад зөвлөсөн зөвлөмж гарсан байдаг.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогчийн нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхийг эдлүүлэлгүй Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийн үед зорчих эрхээ хязгаарлуулсан байхад ажлыг хүлээлцүүлэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн байдаг. 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж заасан байна. 43.3 ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй байдаг. Хэт яаруу хамаарал бүхий этгээдэд томилгоо хийх замаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй 24.2.-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй шийдвэрийг гаргасан байдаг.

 

Хоёрдугаарт: Корона вируст халдвар “Ковид-19” -ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан засгийн газрын авах арга хэмжээний дагуу цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх зохицуулалтын хүрээнд аймаг орон нутгийн удирдлагад тодорхой үүрэг даалгаврыг авч хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн байдаг. Үүний дагуу хүчингүй болгосон гэх ******* аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ж.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/33 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.3, Корона вируст халдвар Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэх заалт Засгийн газрын 2018 оны 382, 2019 оны 472, 2020 оны 184 дүгээр тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05/8771 тоот дүгнэлтийг үндэслэн гарсан байдаг. Мөн ******* аймгийн Засаг дарга нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын 05/8771 дугаар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай мэдэгдэл болон Төрийн албаны зөвлөлд явуулсан албан бичигт ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Жамбалдоржийн *******ыг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй болно гэсэн атлаа тус мэдэгдэлд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчихөөр байна гэж дүгнэсэн нь өөрийн шийдвэрийг үгүйсгэсэн Авлигатай тэмцэх газарт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна.

Учир нь: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэр дэвшигч Ж.******* нь баталгаа гаргасан тул тус хуулийн зохицуулалтын хүрээнд уг захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд гаргасан талаараа дурдсан байдаг. Мөн миний бие тухайн албанд томилогдоход ******* аймгийн хувьд 2016 оноос хойш үндсэндээ төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаагүй Засаг даргын Тамгын газрын дарга болон хэлтсийн дарга нарын ихэнх нь үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн байдаг ба Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* нь сонгуульд нэр дэвших болсон тул ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга өөрөө түр орлон гүйцэтгэгч, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ажлын ачаалал өндрөөс гадна тэтгэвэрт гарах насанд хүрсэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга тухайн албан тушаалд нэг жил 4 сар ажиллаж байгаа, Нийгмийн бодлого, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Болдхүү нь тухайн шийдвэр гарах үед орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан тул тус аймагт үүсээд буй дээрх нөхцөл шалтгааныг тайлбарлан төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулах хүсэлтийг удаа дараа төрийн албаны салбар зөвлөл болон төв зөвлөлд гаргаж дэмжлэг хүсэж байсан болно. Гэтэл дээрх бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгээгүй ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар захирамж нь хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.

 

Гуравдугаарт: Миний бие тус захирамж гарах хугацаанд Удирдлагын академийн Төрийн албаны сургуульд төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байсан ба сургалтын гэрээний дагуу ажил олгогч нь суралцагчийг суралцах хугацаанд уг сургалттай холбоотой шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөхгүй албан тушаал бууруулахгүй үүрэг хүлээж байсан. Гэтэл дээрх үүргийг урьдчилан анхааруулсаар байтал удирдлагын академийн төрийн албаны сургуульд сургалтын гэрээг цуцлах тухай албан бичиг явуулан /надад мэдэгдээгүй/ иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д заасан сурч боловсрох эрх, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д заасан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах, 61.7-д заасан мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах эрхийг зөрчих замаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй шууд шийдвэрийг тухайн өдрөө албажуулан гаргаж өөрийн хамаарал бүхий этгээдийг томилсон төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэх заалт буюу тэгш байдал, хууль дээдлэх зарчим захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.7-д ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Дөрөвдүгээрт: Хамаарал бүхий этгээдийг томилсон гэх үндэслэлийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална гээд тус зүйлийн 7.1.3-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим үйлчилдэг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 31.1.3-т хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол авч ажлуулахыг хориглох, 39.1.5-д улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон зохицуулалт үйлчилдэг.

Гэтэл ******* нь ******* аймгийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин оролцож аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болсон улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин хурлын төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах, 12.1.7-д хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах эрхтэй засаг даргын ажлын алба буюу тамгын газар нь 33.1.1-д харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах; 33.1.7-д тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх. 36.1.1-д Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах, 36.1.2-т хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнахын зэрэгцээ Засаг даргыг чөлөөлөх огцруулах асуудал дээр саналын эрхтэй оролцдог нь ******* хамаарал бүхий байдлыг бий болгож байна.

 

Тавдугаарт: Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн хүрээнд. Тус захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан. Төрийн албаны тухай хуулийн 43.6 дахь хэсэгт энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/1485, 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 01.1594 дүгээр албан бичиг Авлигатай тэмцэх газрын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05/8771 дүгээр дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 42.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно, 43.3.2-т дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх, заалтыг зөрчсөн гэж үзсэн байдаг. Гэтэл Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчид ач холбогдол бүхий нөхцөл байдлын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж заасан байдаг ба ******* аймгийн Засаг дарга нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын 05/8771 дүгээр Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай мэдэгдэлд” ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Жамбалдоржийн ******* “ нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “ тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй болно гэж тодорхойлсон байдаг. Мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гэж заасны дагуу миний бие баталгаа гаргасан тул тус хуулийн зохицуулалтын хүрээнд уг тушаалыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Аймгийн Засаг дарга нь гаргасан ба энэ талаараа албан бичигтээ тодорхой дурдсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөхгүйгээр бодит байдал дээр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны хууль болон холбогдох хууль тогтоомжид дурдсан дээрх заалтуудыг тус тус зөрчсөнөөр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж цаашид төрийн албан хаагчаар ажиллах тухайлбал “чадахуйн зарчим /мерит/” буюу төрийн албанд сонгон шалгаруулж томилох ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 62.1.2-т заасан Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх гэх зохицуулалтыг зөрчиж байна. Мөн төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур болох 26.1-д заасан Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно. 26.3-т заасан Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно гэх ач холбогдол бүхий нөхцөл байдал алдагдах үндэслэл бий болж миний бие цаашид төрийн албан тушаал эрхлэх эрхийг хаасан шийдвэр болж байна. Үнэхээр албан ажлын зайлшгүй томилгоо хийх шаардлагатай гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасны дагуу албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох байсан. Гэтэл бодит нөхцөл байдал нь өөр байна. Иймд  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д заасан иргэний сурч боловсрох эрх, төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д заасан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах, 61.7-д заасан мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах эрх, Короновируст халдвар ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах гэснийг зөрчиж байна.Төрийн албаны тухай хуулийн 62.1.2-д заасан Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална үүнд тус зүйлийн 7.1.3-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх; ... 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Төрийн албаны тухай хуулийн 31.1.3-т хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол авч ажлуулахыг хориглох. 39.1.5-д улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд 12 дугаар зүйлийн 12.1.5-д хурлын төлөөлөгч нь Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах, 12.1.7-д хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах эрхтэй. Засаг даргын ажлын алба буюу тамгын газар нь 33.1.1-д харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах; 33.1.7-д тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх. 36.1.1-д Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах; 36.1.2-т хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнахын зэрэгцээ Засаг даргыг чөлөөлөх огцруулах асуудал дээр саналын эрхтэй оролцдог нь хамаарал бүхий байдлыг бий болгосон. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг барьж ажиллах ёстой. 26.1-д заасан Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох бодит нөхцөл байдлыг судлан үзээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэх заалт болон ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.7-д ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй  24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт заасан хууль бус буюу эрх зүйн зөрчил бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

     Хариуцагч ******* аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий Ж.*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Төрийн албаны зөвлөлөөс Ж.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/1425 дугаар албан бичгээр ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн аль нэг удирдах албан тушаал хашиж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалттай болохыг зөвлөсөн байдаг ба аймгийн Засаг дарга нь тус зөвлөмжийн хэрэгжилтийг хангалгүй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Ж.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/33 дугаар захирамжийг гарган Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.6 дахь заалтуудыг зөрчсөн.

Тухайн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Болдхүүгээс аймгийн Засаг даргын 2020 оны Б/33 дугаар захирамжийг эс зөвшөөрч, гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1595 албан бичгээр уг захирамжийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тухай хугацаатай үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт хүргүүлсэн талаар түүнд мэдэгдсэн байна.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай), Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб гэсэн нэгжтэй байхаар баталсан. Эдгээр нэгжүүдийн дарга нарын аль нэгээр буюу Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2-д заасны дагуу хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга буюу аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргыг тухайн нөхцөл байдалд томилогдох боломжтой нэгжийн дарга гэж үзэн аймгийн Засаг даргын зүгээс Авлигатай тэмцэх газарт У.Болдхүүгийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлж, тухайн газраас томилоход зөрчил үүсэхгүй талаар хариу авсан атлаа Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/8771 тоот албан бичгээр Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг зөрчихөөр байна гэсэн зөвлөмж бүхий дүгнэлттэй Ж.*******ыг Засаг даргын зөвлөхийн албан тушаалаас 2020 оны Б/32 дугаар захирамжаар чөлөөлж, 2020 оны Б/33 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-д “3ахиргааны байгууллага энэ хуулийн ... 48.2.2-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус заасны дагуу өмнө Засаг даргын гаргасан 2020 оны Б/33 дугаар захирамжийг хууль бус гэж үзэн 2020 оны Б/42 дугаар захирамжаар хүчингүй болгож, шийдвэрлэсэн.

Уг захирамжийг нэхэмжлэгчийн зүгээс хуульд нийцээгүй гэж үзэн Төрийн
албаны зөвлөлд гомдол илгээсэн ч Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2102 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар түүнд хариу өгснийг бид тодруулж мэдээлэл авсан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн
“Төрийн албаны хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх тухай” 03 дугаар зөвлөмжийг зөрчсөн үйл ажиллагааг явуулсан гэж үзэхгүй байна.

2. Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/993 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Удирдлагын академиас улсын төсвийн санхүүжилтээр суралцах төрийн албан хаагчтай байгуулах гурван талт гэрээг байгуулж, эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******ыг хамруулахаар харилцан тохиролцсон байдаг.

Гэвч Ж.******* нь Удирдлагын академийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11/122 тоот албан бичгийн дагуу “Эрхэлсэн түшмэлийн багц сургалтад хамрагдах албан хаагч нь “...Төрийн албанд 12-оос доошгүй жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, мөн ажлын гүйцэтгэл үр дүн нь сүүлийн 2 жил дараалан хангалттай үнэлэгдсэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байх” гэсэн шаардлагыг бүрэн хангах ёстой байхад тухайн сургалтад хамруулахаар илгээсэн байсан учир гурван талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасан ажил олгогчийн эрхийн дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/993 тоот албан бичгээр гэрээг цуцлах хүсэлт тавьж, Удирдлагын академи Төрийн албаны сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11/132 дугаар тоотоор гэрээ цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрч “Сургалтын гэрээг цуцалсан тухай” албан бичгээр бидэнд хариу ирүүлсэн тул тус гэрээнд заасан ажил олгогчийн үүргийг зөрчсөн гэх нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу захиргааны шийдвэрийг гаргахаас өмнө оролцогч буюу Ж.*******д тайлбар санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагааг явуулах талаар 99058927 утсаар мэдэгдсэн ба Улаанбаатар хотод соvid-19 цар тахлын улмаас орон нутагт сонсох ажиллагааг зохион байгуулах боломжгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасан хэлбэрийг сонгож, цахим хэлбэрээр сонсох ажиллагааг зохион байгуулан тайлбар, саналыг авсан. Тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Ган-Очирын и-мэйл хаягаар захиргааны актын төслийг хүргүүлж, Ж.******* нь хариу тайлбарыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн jmjtuvshee@gmail.соm хаягаас илгээж, сонсох ажиллагаанд оролцсон байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан ч чухам ямар ажил, албан тушаалд эгүүлэн томилогдох талаар шаардаж байгаа нь нэхэмжлэлд тодорхойгүй байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд дээр дурдсаны дагуу хууль бус томилгоо байсан ба аймгийн Засаг даргын зөвлөхийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.14-д заасны дагуу тэтгэмж авах тухай өргөдөл гаргасныг нь аймгийн Засаг даргын 2020 оны Б/90 дүгээр захирамжаар шийдвэрлэн олгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь хангалттай үндэслэл, нотолгоогүй, ташаа дүгнэлт байх тул дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Ж.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол аймгийн Засаг даргын 2020 оны Б/42 дугаар захирамж гарснаар зөрчигдөөгүй болно гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өчигдөр нэхэмжлэгчийн хэлснээр ******* аймгийн Засаг дарга М.*******тай нэхэмжлэгчийг уулзуулсан. Засаг дарга эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ ТЗ-6 буюу түүнээс дээш албан тушаалд цаасан дээр үзэглээд агентлаг төсөвт байгууллагад тэр албан тушаал дээр томилно гэсэн шийдвэрийг гаргах боломжгүй байна гэж хэлсэн. Түр завсарлаад Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзсаны дараа дахин уулзсан. Нэхэмжлэгч ажилд томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах. Нэхэмжлэгч нь Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн багц сургалтын төгсөх шалгалтыг өгүүлж төгсгөх боломжоор хангуулах гэсэн саналыг Засаг даргатай уулзахад илэрхийлээгүй шиг санаад байна.

Засаг дарга М.*******ад нэхэмжлэгчийн хэлээгүй саналыг би дараа нь хэлэхэд Засаг дарга ТЗ-6 ангилал буюу түүнээс дээш ангиллаар томилох гэхээр нэгдүгээрт бусдын эрх ашиг хөндөгдөх гээд байна. Хоёрдугаарт албан тушаалын ангилал өсөх тусам ажлын байрны олдоц муу байх тул ТЗ-5 ангиллаар ажлын байраар хангаж боломжтой гэж хэлсэн. Цалин мөнгөний хувьд эвлэрэх боломжгүй анхнаасаа хууль бусаар томилогдсон. Аудит хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Удирдлагын академийн хувьд сурах боломжийг бид нар хаагаагүй. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалын болзлыг хангаагүй төрийн жинхэнэ албан хаагч биш болохоор боломжгүй гэсэн хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өмнө нь ажиллаж байсан хүн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлаа өгснөөр сул орон тоо үүссэн байгаа. ******* аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нь 2020 оны Б/33 дугаар захирамжаар Ж.*******ыг Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. ******* аймгийн Засаг дарга М.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 тоот захирамжаар өмнөх Засаг даргын Б/33 дугаар захирамж хүчингүй болсон. Хүчингүй болгосон шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарын 2020 оны Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-д байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх, 43.3.2-т дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх, 43.3.3-т энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан байгаа. Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дараах байдлаар тогтоосон байдаг. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб гэсэн байдаг.

Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан Ж.*******ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхэд Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж үзэж аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарын Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Мөн энэхүү захирамжийг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 031485 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 088571 дүгээр албан бичгийг үндэслэж гаргасан. ...  Нэхэмжлэгч нь сурч боловсрох эрхийн зөрчсөн гэж ярьж байна. Удирдлагын академиас хууль, журмын дагуу дэс түшмэл, ахлах түшмэл, эрхэлсэн түшмэлийн сургалтыг зохион байгуулдаг. Энэ сургалт нь төрийн албан хаагчийн хувьд нэлээд ач холбогдолтой сургалт мерит зарчмын дагуу ахиж дэвшихэд чухал нөлөө үзүүлдэг. Ж.******* нь тухайн үед гуравласан гэрээ байгуулаад Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн сургалтад явсан байдаг. 2020 оны 10 сарын 11-ний өдрийн 10/67 тоот албан бичгээр аймгийн Засаг дарга М.******* Удирдлагын академийн төрийн албаны сургуульд хандсан байдаг Ж.******* нь төрийн албанд 12-оос доошгүй жил ажилласан байх, ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх, ажлын гүйцэтгэл үр дүн сүүлийн 2 жил дараалан хангалттай үнэлэгдсэн байх гол нь төрийн жинхэнэ албан хаагч гэдэг шаардлагыг хангаагүй байна гэсэн утгатай албан бичиг явуулсан. Үүний дагуу Удирдлагын академийн төрийн албаны сургууль үндэслэлтэй байна гэж үзээд сургалтын гэрээг цуцалсан байгаа. Ж.******* нь ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байх шаардлагыг хангасан байх ёстой. Мөн төрийн жинхэнэ албан хаагч байх гэсэн шаардлагыг хангаагүй. Хавтаст хэргийн материалтай танилцахад Төрийн захиргааны байгууллагад 4 жил 7 сар 30 хоног ажилласан гэсэн байдаг боловч Ж.******* нь төрийн захиргааны байгууллагад 3 жил 10 сар 14 хоног ажилласан байдаг. ******* сумын орлогч даргаар томилогдсон хугацаа нь улс төрийн албан тушаалд хамаарч байгаа. Төрийн албаны тухай  2002 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасан хуулийн зүйл заалт 2009 оны 03 сарын 12-ны өдөр бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нар улс төрийн албан тушаалд нэмэгдэж орсон байдаг. Ж.******* нь ******* сумын орлогч даргаар 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл ажилласан байдаг. Ийм учраас Ж.*******тай байгуулсан сургалтын гэрээ цуцлагдсан ... гэв.

Гуравдагч этгээд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяагийн 2021 оны 0006 дугаартай шүүгчийн захирамжаар миний бие гуравдагч этгээдээр татагдсан ба ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Ж.*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон учир өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба намайг чөлөөлөгдсөнөөс хойш аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.*******ыг томилсон.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргаар М.******* томилогдож, тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн томилгоо хууль зөрчсөн байна гэж үзээд Ж.*******ыг томилсон өмнөх аймгийн Засаг даргын 2020 оны Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн байдаг.

Би иргэнийхээ хувьд төрийн алба хашаагүй байх хугацаандаа Монгол улсын Төрийн албаны зөвлөлд төрийн жинхэнэ албаны удирдах албаны нөөцөд байгаа эсэх талаар тодорхойлуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03/1979 дугаартай албан бичгээр тухайн байгууллагаас хариу ирүүлсэн.

Тус албан бичигт баталгаажуулан ирүүлсэн мэдээллээр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.3-т заасан үндэслэлээр *******ыг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байгааг Төрийн албаны зөвлөл 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/1623 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. ******* нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг Засаг даргын захирамжаар 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл түр орлон гүйцэтгэсэн байх тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 4.2-т заасан нөөцөд бүртгэлтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Засаг даргын зүгээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоо гарсан тул ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг Засаг даргын захирамжаар 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл түр орлон гүйцэтгэсэн байсан ажлын туршлага, төрийн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байгаа зэргийг харгалзан урьд эрхэлж байсан ажилдаа эргэж орох санал надад тавьсан ба хүсэлт хүлээн авч холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны Б/42 дугаар захирамжийг судлан үзэхэд хууль, тогтоомж зөрчсөн зүйлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд хандан ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

            Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Маргаан бүхий захиргааны актаар Ж.*******ыг ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба Төрийн албаны хуулийн түр орлон гүйцэтгэгч томилох зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийн албан үүргийг тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар гүйцэтгүүлэх, 43 дугаар зүйлийн 43.6-д энэ хуульд заасан журмыг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хоригложээ.

 

            Нэхэмжлэгч Ж.*******ын тухайд ******* аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны Б/33 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохын өмнө Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч биш байсан гэдэг нь үйл баримтаар тогтоогдсон, дээрх захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэнээс нөхнө”, 43 дугаар зүйлийн 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй байгаа тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бус акт байжээ.

            Иймд Ж.*******ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд хуулийн дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн захиргааны шүүхэд хандаж сэргээхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж хамгаалагдах учиртай байх ба нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамж нь хууль зөрчсөн байх тул эрх сэргэх ойлголт энэ тохиолдолд байхгүй юм.

 

           Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа хийж шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, шийдвэр гаргах болсон нөхцөл, үндэслэлийн талаар танилцуулах, саналыг авах, уг захиргааны акт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талаар тайлбар, санал гаргах боломжийг  олгохоор заасан байна.

          Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахын өмнө нэхэмжлэгч Ж.*******д түүний 99058927 дугаартай утсаар мэдэгдэхэд тухайн орон нутагт байгаагүй тул и-мэйл хаягаар актын төслийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

          Дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 43.3.1, 43.3.2,  43.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын ******* аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭТУЯА