Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/800

 

 

 

 

2022                  8             10                                    2022/ДШМ/800

 

Ц.Д –д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

хохирогч С.Э ,

шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч Б.Б ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/470 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д ий өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Д холбогдох 2210000000373 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн Ц- ийн Д, .......  оны ....  дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , өвөг эцгийн хамт .........  дүүргийн ...  дугаар хороо, ... дугаар хороолол, ...  дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............. /,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Нийслэлийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 599 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 239 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 153 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 20 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, үлдэх 7 сар 20 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын В-1 давхрын 30 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан иргэн С.Э ын өмчлөлийн ............ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, кузовыг 2 талаар нь зурж гэмтээсний улмаас 1.909.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Д ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Ц.Д ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д өөс 2.005.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Э-д  олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Д ий өмгөөлөгч Б.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Э  нь анх цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөлдөө л шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа талаараа бичсэн байдаг. Хохирогчийн дээрх сэжиглэл таамаглал нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн чиглэл болж хохирогчийн мэдүүлэгт тусгагдан улсын яллагчийн яллах гол үндэслэл болсон. Гэтэл хохирогчийн мэдүүлгийн агуулга нь шүүгдэгч Ц.Д тэй муудалцсан, муудалцсан учраас миний машиныг эвдэж гэмтээсэн гэж бодож байна гэх таамаглал дэвшүүлсэн мэдүүлэг байдаг. Шүүхийн шатанд ч хэрэг хэлэлцэх үед хохирогчийн дээрх таамаг нь сэжиглэл төдий хэвээр байсан ба бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй болно. Гэрч Т.С, Ц.Н, Ц.Н, С.Б, Х.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шууд нотлоогүй, хэрэгт ач холбогдолгүй. Тодруулбал, гэрч Т.С , Ц.Н нар нь шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо муудалцсан талаар мэдүүлдэг. Харин гэрч С.Б , Х.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг тодруулах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан ба дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байсан. Гэрч Х.Е нь шүүхийн шатанд өөрийн биеэр мэдүүлэхдээ “мөрдөгч чи энэ хэргийг хийсэн юм биш үү, үгүй юм бол зүгээр мэдүүлгээ өг гэж байгаад гэрчийн мэдүүлэг авсан. Би ингэж мэдүүлээгүй, шүүх хуралдаанд орж ирэхийн өмнө хүртэл мөрдөгч утсаар залгаж мэдүүлгээ өөрчлөхгүй шүү гэж дарамталсан” гэх зэргээр хэлсэн байдаг. Үйлчлүүлэгч маань анхнаасаа хохирогчтой муудалцсан асуудлаа хүлээн зөвшөөрдөг, гагцхүү хохирогчийн автомашиныг эвдэж, гэмтээсэн гэх гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Миний үйлчлүүлэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх сэжиглэл, таамаглал хавтаст хэрэгт хангалттай авагдсан боловч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу Ц.Д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатнаас эхэлж энэ хэргийг үйлдээгүй гэдгээ мэдүүлж, хүлээн зөвшөөрдөггүй. Би энхийн цагаан тагтаа шиг хүн бол биш. Өмнө нь алдаж, ял шийтгэл авч өөрийн биеэр эдэлж гарч ирсэн. Энэ гэмт хэргийг үнэхээр хийсэн бол хохирол төлбөрөө төлж, бага ял авч, цаг алдалгүй хэргийг шийдвэрлүүлэх байсан. Энэ гэмт хэргийг хийгээгүй учраас одоог хүртэл маргаж байгаа. ...” гэв.

Хохирогч С.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг таамагласан асуудал байхгүй. Энэ хэргийг эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Тухайн хэрэг болдог шөнө шүүгдэгч нь над руу агсарч, сүрдүүлсэн, элдвээр дайрч давшилсан. Миний жирэмсэн эхнэр, айлын 5 настай хүүхдийг айлгаж байсан учраас маргаан, зодооноос урьдчилан сэргийлж, түлхэж гаргасан. Энэ үйлдэлд өширхөж, уурлаж “чамайг ална” гэх байдал үүсгэж, шөнийн 3 цаг 45 минут орчимд явсан. Хяналтын камер шүүлгэж үзэхэд гэрээс гараад шууд миний автомашиныг чиглэж явж байгаа нь  хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нь автомашины зогсоолыг сайн мэддэг, зогсоол руу чиглэж явсан талаараа мэдүүлэгтээ өгсөн. Миний автомашинд өмнө нь гэмтэл гарч байгаагүй. Автомашинд гарсан гэмтэл нь санаандгүй гэмтэл биш байсан. Тухтай автомашиныг тойруулж зураад, урд копуд дээр нь А үсэг бичиж, 2 толийг хүчтэй цохиж, нэг толь нь сууриараа хугарсан. Байрны гадаа хүүхдүүд тоглоод гэмтээсэн байх боломжгүй. Надад хохирол учруулах гэсэн хүний санаатай үйлдэл гэдэг нь шууд тогтоогдож байна. Шүүгдэгч 107 дугаар байранд амьдардаг найзтайгаа архи уух гэж явж байсан. Гэрч Х.Е нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “би Дөлгөөнтэй найз биш, зүс таних төдий, архи хамт уухаар найз биш” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Шөнийн 3, 4 цагийн үед зүс таних хүнтэйгээ архи уух гэж явж байсан гэдэг нь арга ядсан, гэмт үйлдлээ хаацайлсан тайлбар гэдэг нь шууд харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Д ий бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэрч    Х.Е, С.Б  нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ц.Д нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын В-1 давхрын 30 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан иргэн С.Э ын өмчлөлийн ............ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, их биеийг 2 талаар нь зурж гэмтээн 1.909.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч С.Э ын “...Өглөө 08 цагийн орчимд би гэрээс гараад тус байрны В30 гэсэн авто машины зогсоол дээр .....  улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машин дээр очсон чинь 2 толины зүүн толийг сууриар нь хугалж, баруун толийг нь эргүүлж хөшиж, авто машины 2 талыг нь үзүүртэй зүйлээр зурж будгийг нь халцалж зурсан, урд копут дээр нь А үсэг бичсэн байхаар нь би камерын бичлэг шүүж үзэх гээд очсон. Ц.Д нь шөнө 03 цагийн орчимд надтай муудалцаад цахилгаан шатанд сууж доош В1 давхар луу бууж, миний авто машин байрлаж байсан авто зогсоол орчим руу чиглэж явж байгаа бичлэг байсан. ... Ц.Д чи миний машиныг яагаад эвдэлж байгаа юм бэ гэж хэлсэн чинь надаа хамаагүй, камерын бичлэгээ шүүгээд цагдаагаар шийдүүлээрэй гэсэн. ...Автомашин байдаг В30 зогсоолыг Ц.Д сайн мэддэг. Эгчийн хэлж байгаагаар эгч Ц.Д  машинаа бариулаад миний зогсож байсан зогсоол дээр тавиулж байсан гэж хэлж байсан. ...” /хх 17-19, 22-24 дэх тал/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Т.С гийн “...2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө ...Хан-Уул дүүргийн 18 дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хорооллын 109 дүгээр байрны 1с тоотод шөнө 03 цагийн орчимд байх, ...хаалга чанга балбаад мөн хонх дараад ...хаалга тайлж өгсөн чинь Ц.Д  ...байсан. Тэгтэл нөхөр С.Э  чи согтуу байна, маргааш учраа ол гээд ...хөөгөөд гаргасан. ...Ингээд үүрээр 08 цагийн үед нөхөр машинаа гражид тавьсан гээд гараад явсан, ...Нөхөр харуул дагуулж орж ирээд Ц.Д маргалдаад байсан. ...Наранчимэгийн авто машины зогсоолыг Ц.Д мэддэг гэж боддог. Ц.Д С.Э аас чи машинаа хаана тавьж байгаа вэ гэж асуухад нөхөр маань Наранчимэг эгчийн зогсоол дээр тавьсан гэж хэлсэн гэж надад хэлж байсан. Яагаад гэхээр Наранчимэг, Ц.Д хоёр үерхээд 6 сар болж байсан. Н эгч өөрөө авто машинаа бариад Ц.Д  хамтаар өөрсдийнхөө авто машинаа зогсоол дээр тавиад хэд хэдэн удаа хамт орж ирж байсан. ...” /хх 30-32/,

гэрч Ц.Н “...2022 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд С.Э  ажилдаа явах гээд гэрээс гараад граж руу ороод 19-97УАА улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн машины толийг нь хугалаад, бүх талыг нь сэвтүүлсэн байсан гээд С.Э  камерын бичлэг шүүсэн чинь Ц.Д С.Э ын авто машин байгаа газар руу чиглээд явж байгаа бичлэг байсан. ...Би өөрөө Хүннү-2222 хорооллын О31 В30 гэсэн авто зогсоол байдаг. С.Э  В30 дугаартай авто зогсоол дээр машин байрлуулсан байх. ...” /хх 35-37/,

гэрч С.Б ын “...2022 оны 2 дугаар сарын 24-ний 07 цагийн орчимд ...Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хорооллын харуулын байранд ...нэг залуу орж ирээд ахаа ...Тоёота Приус-20 маркийн авто машины толийг хугалж хаалгыг нь зурсан байна гэж хэлсэн. ...Зогсоол дээр очсон чинь .......... улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины 2 толийг нь хугалсан байсан. ...109 дүгээр байрны 1 давхрын С тоотод ирсэн чинь үл таних залуу зогсож байсан. ...Машины эзэн залуу “чи миний машиныг яаж байгаа юм, толийг нь хугалаад” гэж хэлсэн чинь үл таних залуу ямар нэгэн хариу хэлэхгүй согтуурхаад агсраад байсан. ...бид 2 камер шүүж байсан чинь согтуу залуу цахилгаан шатанд суугаад В1 давхар руу буугаад зүүн гар тийш эргээд авто машины 2 урсгалтай төв замаар цааш алхаж яваад машины эзэн залуугийн зогсоол болох V дугаартай зогсоол руу явж байгаад андууд дэлгүүрийн эсрэг тал руу буюу машины эзэн залуугийн зогсож байсан авто зогсоол руу чиглэж явж байгаа бичлэг байсан. ...Тухайн согтуу залуу авто машин байрлаж байгаа газар луу явах шаардлага байхгүй. Тэр зүгт ямар нэгэн дэлгүүр байхгүй. Гарах хаалга байхгүй байсан. ...”/хх 40-42/,

гэрч Х.Ермекийн “...Би Ц.Д гэх хүнийг зүс танина, найз нөхдийн холбоо байхгүй. Би Ц.Д  2020 онд танилын төрсөн өдөр дээр уулзаж байсан. Миний гар утасны дугаарыг мэдэхгүй. Би амьдардаг байрныхаа дугаар, гэрийн тоотоо огт хэлж байгаагүй. 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Ц.Д надтай огт уулзаагүй. Шөнө над руу фэйсбүүк чатаар залгасан байсан. Би дуудлагыг нь аваагүй. ...Намайг цагдаагаас асуугаад байхаар нь би Ц.Д фейсбүүкийн чатаар ...“чи намайг юу гэж хэлсэн юм бэ” гэж асуусан чинь Ц.Д “эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийн авто машины толийг жоохон асуудалтай болгосон. ...эхнэрийн дүүгийн авто машины толийг эвдлээд явж байхдаа камерт бичигдсэн урчаас Н.Е ганц шил архи уух гээд явж байсан гэж цагдаад хэлсэн чинь чамайг асуусан байх” гэж хэлсэн. ...эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийнх нь авто машины толийг жоохон асуудалтай болгоод эвдэлсэн гэж хэлсэн. Миний амьдарч байгаа байр хэрэгт үзүүлж байгаа V зогсоолоос цааш К гэсэн зогсоолоор явж байгаад 107 дугаар байр руу ордог. Намайг 107 дугаар байранд амьдардгийг мэдэхгүй. ...Цагдаа нар яах гэж тэнд явсан гэж хэлэхээр нь Ермектэй уулзах гээд явж байсан гэж хэлсэн, чамд ямар ч хамаагүй гэж хэлж байсан. Ц.Д гэдэг залуутай уулзаагүй, архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Миний гэрийн хаягийг мэдэхгүй, надад хэлэхдээ 107 дугаар байрны камерт бичигдсэн учраас чамтай уулзах гээд явж байсан гээд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэж надад хэлсэн. ...” /хх 45-47/,

мөн түүний анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...Ц.Д надад хэлэхдээ толины жоохон асуудал байгаа юм, очоод хэлээд өгчих гэсэн. ...Ц.Д байрны тоотоо 107 дугаар байр гэж хэлсэн. Тоот, давхар хэлээгүй. ...Толины асуудлаар шалгагдаж байгаа, очоод мэдүүлэг өгчих гэж Ц.Д хэлсэн. ...” /хх190-191/,

шүүгдэгч Ц.Д ий яллагдагчаар өгсөн “...Х.Е хэдэн онд танилцаж байснаа санахгүй байна. Цагдан хорих 461 дүгээр ангид байхдаа танилцаж байсан. ...” /хх 81/ гэх мэдүүлгүүд,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 902 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 54-61/,

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас /хх 4/, “Камерын бичлэгтэй 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол /хх 7/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 82-86/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Хохирогч С.Э  2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын В-1 давхрын В30 дугаартай зогсоолд .........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулахад эвдрэл гэмтэлтэй байсан гэх үйл баримт болон дараа нь өөр этгээд хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Д ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс Ц.Д- ний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д ий өмгөөлөгч Б.Б  давж заалдах гомдолдоо “...Шүүгдэгч Ц.Д тухайн гэмт хэргийг үйлдээгүй, хангалттай нотлогдон тогтоогоогүй, ...шүүх хуралдаан эхлэхийн өмнө мөрдөгч утсаар залгаж “мэдүүлгээ өөрчлөхгүй шүү” гэж Х.Е  дарамталсан. ...Иймд Ц.Д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Д ий 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын В-1 давхрын 30 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан иргэн С.Э ын өмчлөлийн ............ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, их биеийг 2 талаар нь зурж гэмтээн 1.909.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо агуулгын зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн шүүх хуралдаан эхлэхийн өмнө мөрдөгч утсаар залгаж “мэдүүлгээ өөрчлөхгүй шүү” гэж Х.Ермекийг  дарамталсан үйл баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Д- ий өмгөөлөгч Б.Баттулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.  

Харин анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/470 дугаартай шийтгэх тогтоол /хх 196/-ын “УДИРТГАЛ” болон “ТОДОРХОЙЛОХ”  хэсэгт хэргийн үйл баримтыг 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө үйлдэгдсэн мэтээр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө гэж залруулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/470 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д ий өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

             ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

             ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН