Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2024/00398

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2024/00398

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овгийн Г.М-ын нэхэмжлэлтэй.

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ***багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *** оны 09 дүгээр сарын 22-нд *** аймгийн *** суманд төрсөн. Би 8-р ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон. Аав маань 1989 онд *** аймгийн *** багт шилжин ирж мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991 оны малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэвэрийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал *** аймгийн *** сумын ***багт аав, ээжийнхээ хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

- *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар лавлагаа,

-П.Г***ийн 1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний архивын ***оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын ***оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын ***оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын ***оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар Иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-*** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн *** аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар албан бичиг, *** аймаг дахь *** боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Г.М нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ***багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай тогтоолын *** дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. Г.М нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ***багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

- *** аймгийн ***даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар Тус аймгийн ***сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч П.Г-н мал маллаж байсан хугацаа /1991 он/ гээд тухайн оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-П.Г-ийн 1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

- *** аймгийн ***даргын ***газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 02 сарын 23-ны өдрийн *** дугаар зарлигаар *** сумын харьяат Х.Г-ийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай гэжээ. Х.Г нөхөр Г, хүүхдүүдэд: 1. Г.Э 18 настай, 2. Г.Д 16 настай, 3. Г.Б 14 настай, 4. Г.А 12 настай, 5. Г.Х 11 настай, 6. Г.М 9 настай, 7. Г.М 4 настай, 8. Г.М 2 настай гэж бүртгэгджээ гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,

-Үндэсний архивын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар 1989 оны хүн амын тооллогод *** аймгийн ***сум, хадгаламжийн нэгж ***, хуудасны ***, байршил сум хорооны төв, П.Г тэргүүлэгч өөрөө, нас ***, эрэгтэй, Х.Т эхнэр, нас ***, эмэгтэй, Я.Ө эх, нас ***, эмэгтэй, Г.М, охин, нас 9, эмэгтэй, Г.Н охин, нас 7, эмэгтэй, Х.А, ач/зээ, нас 0, эрэгтэй, Г.М, охин, нас 14, эмэгтэй, Г.Х, охин, нас 18, эмэгтэй, Г.М, хүү, нас 11, эрэгтэй гэж бүртгэсэн архивын лавлагаа,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар эцэг П.Г, эх Х.Т, хүүхдийн овог нэр Г.М ***оны 09 сарын 22-ны өдөр төрснийг *** аймгийн ***сумын ***дугаарт ***оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** овгийн С.Д, *** овгийн Г.М нарын *** оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлсэн гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

4.2. *** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар албан бичигт ...Г овогтой М нь 1990 онд *** сумын ерөнхий боловсролын сургуульд суурь боловсрол эзэмшин төгссөн байна... Мөн иргэдийн их дээд сургууль, коллеж төгссөн бүртгэл мэдээллийг манай байгууллага хийдэггүй бөгөөд энэ талаарх мэдээллийг илгээх боломжгүй болно. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгссөн эсэх лавлагааг *** аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургалтын төвөөс авч албан бичгийг хавсаргав гэсэн байх бөгөөд *** аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичигт ...Г. М нь тус сургуульд суралцаж байгаагүй болно... гэжээ.

Дээрх албан бичгүүдээс үзэхэд Г.М нь 1991 онд бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, коллежид суралцаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

5. Иймд *** овгийн Г.М-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн Г.М-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ