| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/02321/И |
| Дугаар | 101/ШШ2024/04602 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/04602
2024 10 09 101/ШШ2024/04602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК /рд: *******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,850,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: 2023 оны 6 сарын 13-ны өдөр Б.Нямдэлэг нь Toyota Prius 30 маркийн 2010 онд Үйлдвэрлэгдсэн 2020.06 сард Монголд орж ирсэн цайвар өнгийн машиныг барьцаанд тавьж 15,000,000 / арван таван сая / төгрөгийг тоотод -*******" ХХК-ийн байранд зээл, зээлийн хүүг харилцан тохиролцож, гэрээг цаасаар хийж, гарын үсэг зурж баталгаажуулж, нэг хувь Нямдэлэг авч явсан болно. Зээл, зээлийн хүү төлөх хугацааг графикаар гаргаж өгсөн болно. Үүнээс хойш зээлийн үндсэн төлбөрөөс хасахгүй хүүгээ 1,050,000төгрөг төлж яваад боломжтой үед үндсэн зээлээс хасаж тооцохоор ярилцаад: 2023.07.13-нд 1,050,000 үндсэн хүү төлөх өдрөө төлсөн, 2023.08.22-нд 550,000 энэ нь 2023.08.13-нд төлөх зээлийн хүү 2023.08.31-нд 500,000 энэ нь 2023.08.13-нд төлөх зээлийн хүү 2023.09.28-нд 1,050,000 шилжүүлсэн. 2023.09.12-нд төлөгдөх зээлийн хүүгийн төлбөр 2023.10.20-нд 400,000, 2023.10.31-нд 400,000, 2023 оны 10 сарын 12-нд төлөх 1,050,000-800,000 төлөгдөж 250,000 үлдэгдэлтэй.
Миний бие -******* ХХК-ийг 2009 оны 10 сард байгуулаад тэрнээс хойш барьцаалан зээлдүүлэх журмаар 6 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч ******* нь хөдөө орон нутгийн хаягтай тул зээл гарахгүй байна гэж манайхаас 15,000,000 төгрөгийг 1 сарын 7 хувийн хүүтэйгээр зээл авсан. Манай компани орон нутаг харгалзахгүйгээр зээл олгодог. 2023 оны 07 дугаар сарын 13-наас 2023 оны 10 дугаар сар хүртэл зээлийн хүүг хийж байгаад, 2023 оны 10 дугаар сарын 30-наас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй байсан тул миний бие гэрийн хаягаар нь очиход тухайн хаяг дээр амьдардаггүй гэсэн хорооны тодорхойлолтыг аваад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж *******ийн хаягийг тодорхой болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тус нэхэмжлэлд гэрээний дагуу олгосон мөнгө нэхэмжилж байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Барьцаалан зээлдүүлэх газрын хүү хуулиараа 4,5 хувийн хүүтэй болсон санхүүгийн зохицуулах хорооны захирамжийн дагуу 4,5 хувиар тооцож 2 сарын хүү 675,000 төгрөг, 675,000 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүү 1,350,000 төгрөгийг өгсөн байгаа. Иймд миний бие үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 6,800,000 төгрөг, нийт 21,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. гэв.
2. Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээл авсан гэдэг дээр маргахгүй байгаа. Маргаж байгаа гол үндэслэл нь нэхэмжлэгч манайх зээлийн үйл ажиллагаа явуулсан гэдэг, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар, зээлийг Санхүүгийн зохицуулах хороо болон Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авсан үндсэн дээр олгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тус зээлийг олгохдоо Санхүүгийн зохицуулах хороо болон Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл аваагүй байж зээл олгосон тул хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байна гэж байгаа тэгэхээр холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул зээлсэн мөнгөн дүнгээ бол төлнө, хүлээн зөвшөөрч байгаа зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна, хүүг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Манай зүгээс бол 15,000,000 төгрөгөөс 4,750,000 төгрөг төлсөн үүнийг хасаж үлдсэн 10,250,000 төгрөг төлнө хүүг төлөх боломжгүй. гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 50/4-960 тоот барьцаат зээлийн гэрээ /хх 5-8/, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ /хх 9/, банкны шилжүүлгийн баримт /хх 10/, банкны тодорхойлолт /хх 11/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 12/ баримтуудыг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/3331 тоот албан бичиг /хх 53-/ийг тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/2172 тоот /хх 44/, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 8/1245 тоот /хх 45/, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6/1556 тоот /хх 47/ албан тодорхойлолтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 21,850,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* эс зөвшөөрч, нэхэмжлэгч эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, зохигчдын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас зээлийн хүүг төлөхгүй, үндсэн зээлийг төлнө гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр 15,000,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч *******ийн хаан банк дахь тоот дансруу шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ /хх 9/, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 10/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
4. Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, зээлийн хүүг төлөх эсэх байх бөгөөд зээлийн гэрээний дагуу хариуцагчид 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, өнгөрсөн хугацаанд хариуцагч 3,950,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигчид маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2009 оноос хойш барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа, Мөнгөн зээлий үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу бүртгүүлэх хүсэлт гаргасан, эрх бүхий байгууллага шийдвэрлээгүй байгаа гэж тайлбарласан боловч түүнийгээ баримтаар нотлоогүй.
5. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ. гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх үүрэгтэй юм.
6. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан, Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид "бүртгэл" гэх/-д бүртгэж, гэрчилгээ олгоно. мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно. тус тус заасан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/2172 тоот /хх 44/, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 8/1245 тоот /хх 45/, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6/1556 тоот /хх 47/ албан тодорхойлолтоор нэхэмжлэгч Т ХХК нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дээр дурдсан эрх бүхий байгууллага, албан тушаатнаас аваагүй болох нь тогтоогдсон.
6.1. Хэдийгээр дээр дурдсан хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК нь хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар бүртгүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/3331 тоот албан бичиг /хх 53-/-ээр тогтоогдсон тул мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэж үзнэ.
6.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.1-д заасан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ. гэж зааснаар мөн хуульд заасан гол нөхцөлийг тусгасан зээлийн гэрээ зохигчдын хооронд байгуулагдаагүй, хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн тул нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь зээлдүүлэгч хуулийн этгээд болохын хувьд хуульд зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх үүргээ биелүүлээгүй байна.
6.3. Иймд зохигчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ.
7. Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээд буюу хариуцагч *******ийг ойлгох бол үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд буюу нэхэмжлэгч Т ХХК-ийг хэлнэ.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус тул хариуцагч ******* нь үүрэг гүйцэтгэгч этгээдээс шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, нийт шилжүүлсэн дүнгээс хариуцагчийн төлсөн 3,950,000 төгрөгийг хасаж тооцвол 11,050,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй болжээ.
8. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул түүнээс хүү шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэж, хариуцагчаас 11,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 11,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, үлдэх 10.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР