Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2024/00399

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2024/00399

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** аймгийн ***сумын ***дүгээр баг, *** тоотод оршин суух, *** овгийн Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** аймгийн ***сумын *** цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, гэрч Б.Н, Б.Э, Ц.Т, З.У, Б.Б, М.М, М.М, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Э миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *** дугаартай *** аймгийн ***сумын *** цэцэрлэгийн *** тушаалаар тогоочоор томилогдон ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс багшийн туслахаар томилогдон ажилласан. Ингээд цэцэрлэгийн эрхлэгчид хууль ёсны шаардлага тавьж үзэл бодлоо илэрхийлснээсээ хойш байнгын дарамт шахалт, ялгаварлалд өртөж эцэст нь ажлаасаа халагдаад байна. Тухайлбал: Хүүхдийн хоолны цэсийг худал бичүүлж өөрөөр хэлбэл хэрэглээгүй зүйлсийг цэсэнд нэмж бичүүлээд байсан учир хүүхдийн хоолноос хослохоо болиоч гэж хэlснийхээ төлөө хамт олны дунд ялгаварлалд өртөж хэл амаар доромжлуулж эцэст нь ажлаас халж байна. Намайг хүүхэд хэл амаар доромжилсон гэж байгаа нь огт үндэслэлгүй зүйл бөгөөд хамт олноо ялгаварлаж хэн нэгнийг гадуурхаж байгаа үйлдлийг нь тэвчилгүй эрхлэгч, арга зүйч нарын талаар М гэж багштай том жижиггүй хүн ялгаварлаж харьцахаа болимоор юм гэж хэлсэн асуудлыг ёс зүйгүй үйлдэл гэж үндэслэлгүйгээр хүүхэд хэл амаар доромжилсон болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. Би болох тэгж хүүхэд зодсон зүйл байхгүй. Би тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Гаднаас шинээр орж ирсэн ажилчдыг дарамтлах үзэл бодол байдаггүй. Би тэгж хүүхэд зодсон юм байхгүй. Босохгүй байгаа хүүхдийг л өхөөрдөж дуудаад хөнжлөөс нь татаж босоорой гэсэн. Би үүрэгт ажлаас ёс зүйтэй хийдэг. Иймд Б.Э намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү.

Аливаа хөдөлмөрийн харилцаа, маргааны тухайд тухайн зөрчил дутагдлыг тогтоож шалгасан байх шаардлагатай байдаг. М.М гэж хүнтэй холбоотой асуудал Боловсрол соёлын газар руу шилжсэн. Тухайн газраасаа цагдаа руу шилжсэн, цагдаа өөр хамааралтайгаа шалгаад бусдыг нь хариугаа мэдэгдсэн байна. Эрх бүхий албан тушаалтны тухайд асуудлаа хэллээ. Тухайн алба хаагчдынх нь, ажилчдынх нь ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг бол манайх шалгаж тогтоодог асуудал биш. Үүнийг дотооддоо шалгах, албаныхаа шалгалтыг явуулах ч юм уу ийм асуудал байхаар байсан гэдэг. Гэтэл Боловсрол шинжлэх ухааны газраас юу гэсэн хариу өгдөг вэ гэхээр энэ зөрчил дутагдалтай холбоотой асуудлыг цагдаагийн бичигт дурдсан байна гэдэг. Тэгэхээр цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл яасан бэ гэхээр мөн тухайн хоёр албан бичгийг авдаг. Зөрчил гарчихсан байна, түүнтэй холбоотойгоор арга хэмжээ ав гэж байна гэдэг байдлаар арга хэмжээ авсан болохоос энэ хүмүүстээ ямар зөрчлийг гаргаад байгаа юм. Жишээлбэл өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд байгаа энэ *** дугаар сарын ***-ний өдрийн бичлэгийг энэ хүмүүст тус тусад нь үзүүлээд өөрөө өөрсдийнх нь зөрчлийг үзүүлээд үүнтэй холбоотой тайлбарыг аваад ийм хурал болсон юм уу гэхээр болоогүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдлоо. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн ярьж тайлбарлаж байгаагаар тухайн хоёр албан бичигтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, танилцуулсан юм гэдэг байдлаар ханддаг. Албан ёсны хурал болсон уу гэхээр эргэлзээтэй байна. М.М гэж хүнийг өглөө дууддаг, Б.Х гэж хүн нэг өнгөрч байхад би хүүхдүүдээ яг унтуулах гэж байсан гэдэг. Мэдээж цэцэрлэгийн унтах хоол, идэх цагийн хуваарь тогтсон цагтай байдаг байх гэж бодож байна. Тэр ч үүднээсээ мэдэж байгаа байх. Тэгэхээр 14 цаг 30 минутад ёс зүйн зөвлөлийн хурал болоогүй юм байна. Тухайн үед ёс зүйн зөвлөлийн гишүүд цуглаад нэг албан бичгийг энэ хүмүүст танилцуулах процесс болжээ. Үүнийг хурал гэж үзэх үү. Өөрсдийнх нь үзээд байгаа энэ бичлэгүүдийг үзүүлээд өөрсдөөс нь энэ ямар учиртай юм бэ гээд энд суугаад тайлбарлуулах биш тэндээ хоорондоо энэ асуудлаа ярьсан байсан бол энэ тушаалын үндэслэл болж энэ чинь ийм учиртай юм гээд хандаад сууж байсан бол хууль ёсны байх байсан. Шүүхэд гаргаж өгсөн тушаалынхаа үндэслэлийг нотлохоор гаргаж өгч байгаа хэдэн бичлэг, баримтууд, авч ирж байгаа хурлын тэмдэглэл хийсэн нэртэй хийсэн тэмдэглэлээ гэрчлүүлэх гээд явж байгаа процессоос харахаар тухайн үед тушаал гарах үед үндэслэл тогтоогдоогүй байжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас Б.Э-г ажилд нь эргүүлэн тогтоож, холбогдох шимтгэлүүдийг төлүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн асуудлыг хөндөж байна гэв.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбар: Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Б.Э нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай тушаалаар тогоочоор томилогдон ажиллаж байсан. Миний бие эрхлэгчээр ороод 2022 оны 02 дугаар сард *** аймгийн ***, *** сумын ***, аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газарт тус цэцэрлэгт шинээр бүлэг нэмүүлэх хүсэлтээ албан бичгээр хүргүүлж, аймгийн *** даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот захирамжаар 2 настын 1 бүлэг нэмэгдэн, 1 багш, 1 туслах багшийн орон тоо нэмэгдэж, 5 бүлэгт 95 хүүхдийг хүлээн авч сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. Энэ үед буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалаар ажилтан Б.Э-г өөрийнх нь хүсэлтээр туслах багшийн албан тушаалд томилсон. Гэвч туслах багш Б.Э нь ажиллаж байх хугацаандаа хамт олны дотор харилцаа хандлага муу, хамт олонтойгоо ялангуяа шинээр орсон хүмүүстэй дээрэнгүй харьцдаг, үндэслэлгүй хов жив ярьж, хамт олны уур амьсгал эвддэг, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдөх ёс зүйн шаардлага, суралцагч ажил мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй, хүүхдийг хэл амаар доромжлох, цохих зэргээр бие махбод болон сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гаргасан. Б.Э ажиллаж байх хугацаандаа гэр бүлийнхээ хүнээр архи авчруулан ажлын байран дээр архидалт зохион байгуулсан үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авсан. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хөгжмийн багш Б.М-ийг сургалт үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулаагүй, хүүхэд ялгаварлан тусгаарласан, хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр эрхлэгчийн өрөөнд дуудаж шаардлага тавьсны улмаас туслах Б.Э нь Б.М-ийг өмөөрч өөрийн ажилладаг бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдийг балай, мэдрэл муутай, солиотой, мэдрэлгүй, галзуу, галзуучууд гэх мэтчилэн харааж загнаж сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэнээс гадна хүүхдүүдийг цохисон, түлхсэн, унтаж буй хүүхдийг хөнжлийг нь хуулан авч сэгсэрч цохисон зэрэг зөрчил нь ***-ын улсын байцаагч Т-ын хяналт шалгалт хийх явцад камерын бичлэгээр илэрсэн. Багш Б.М-ийн гаргасан зөрчлийг Боловсрол шинжлэх ухааны газрын боловсрол хариуцсан улсын байцаагч Ц.Т шалган зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзэн *** аймгийн Цагдаагийн газарт нэр бүхий 3 багшийн гаргасан зөрчлийг шалгуулахаар явуулсан байсан. Боловсрол шинжлэх ухааны газрын байцаагч Ц.Т 3 дугаар сарын 21-ний өдрийн бэлтгэл бүлгийн камерын бичлэгийг албан ёсны зөвшөөрөл өгч шалгасан. Тус зөрчлийг цагдаагийн газар шалгаад 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дотооддоо сахилга, хариуцлагын арга хэмжээ тооцох нь зүйтэй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хүргүүлж, Боловсрол шинжлэх Ухааны газар 2024 оны 05 дугаар сарын 17-нд манай цэцэрлэгт Б.Э нь ёс зүйн харилцаа хандлагын зөрчил гаргасан байх тул байгууллагын ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэж хариу мэдэгд гэсэн байдаг. Багшийн туслах Б.Э-ийн гаргасан зөрчил нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4.2.1-т Боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ суралцагч бүрийн эрх, нэр төр, үндэс угсаа арьсны өнгө нас хүйс, эрүүл мэнд, танин мэдэхүйн онцлог ялгаатай байдал, нийгмийн байдал, суралцах чадвараар ялгаварлан гадуурхахгүй соёлын олон талт байдалд хүндэтгэлтэй тэгш хандах, 4.2.2-т Суралцагчид бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчээр албадахаас татгалзах гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл болно. Иймд Б.Э нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан давтан болон ноцтой зөрчил гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэгдүгээрт ажил олгогчийн зүгээс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр *** дугаар Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хэлмээр байна. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан сахилгын ноцтой буюу давтан зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргасан. 1 дүгээрт хавтаст хэргийн материалд авагдсан баримт буюу ажилтан Б.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *** тоот тушаалаар сахилгын зөрчил гаргаж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулсан байдаг. Энэ 3 сарын хугацаагаар бууруулсан сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрөөд ажил олгогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт буюу Б.Э-ийн цалингаас сахилгын зөрчилд тооцсон 20%-ийг хассан баримт гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтанг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцохоор хуульчилсан байдаг. Тэгэхээр 2023 оны 5 дугаар сарын 24-нд *** дүгээр тушаалыг үйлдсэн. 2024 оны 5 дугаар сарын 24 буюу сахилгын шийтгэлтэй хугацаа нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан асуудал яригдаж байгаа. Энэ дахин зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил байхаар заасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.9 хүүхдийг хэл амаар доромжлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл үйлдсэн бол, 13.1.18 сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан бол гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 3.1.1 дэх хэсэг хэсэг бусдыг хэл амаар доромжилсон бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тухайлан тухайн байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаад өгсөн байдаг. Тухайн зөрчлийг Цагдаагийн газар шалган тогтоосон. Ёс зүйн зөрчил гаргасан байна гэдэг. Боловсрол, соёл шинжлэх ухааны газар мөн тухайн бичгийг аваад танайх Ёс зүйн зөвлөл хуралдаад сахилгын арга хэмжээг тооцох, хурлаа хий гэдэг байдлаар албан тоотыг явуулдаг. Ингээд Ёс зүйн зөвлөл нь хуралддаг. Ёс зүйн зөвлөлийн хурал хуульд заасан журмаар явагдаагүй гэдэг. Ямар хуулийн ямар заалтын, ямар журамд заасны дагуу хурлаа явуулаагүй гэж өмгөөлөгч хэлээд байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн хэлээд байгаа зүйл зөрчлөө тогтоогоогүй байна гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, 5 дуугаар сарын 22-ны өдөр болсон ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар, нэхэмжлэгчийн өөрийнх нь 5 дугаар сарын 22-нд би бүтэн ажилтай байсан. Тэр хуралд бүтэн оролцсон гэдэг тайлбар. Энэ зөрчлийн камерын бичлэгийг хэзээ зөрчил гаргаснаа нэхэмжлэгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Цагдаа дээр хэрэг хянан шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байхдаа энэ камерын бичлэгтэй танилцсан байгаа. Тэгэхээр энэ камерын бичлэгтэй танилцаагүй гэдэг. Энэ камерын бичлэгийг цагдаагийн байгууллага М.М, Б.Х, Б.Э гэдэг гурван зөрчлийн холбогдогч нарт бүгдэд нь танилцуулаад мэдүүлгийг нь аваад авах ёстой хүмүүс дээр арга хэмжээг нь аваад цаашид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой дотоод журамтай холбоотой асуудлыг байгууллага руу нь явуулсан ийм нөхцөл байдал харагддаг. Гэтэл зөрчлийг нь тогтоогоогүй байна гэдэг асуудал яриад байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс тэргүүн ээлжид нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа тохиолдолд тэр зөрчлийг шалган тогтоосон байж ажлаас чөлөөлөх ёстой. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харахад холбогдох хууль тогтоомж, журам, гэрээ, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалууд, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, мөн Цагдаагийн газрын албан тоот, Боловсрол, шинжлэх ухаан газрын албан тоот, ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, санал, шийдвэрийг үндэслээд энэ хүнийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлтэй хугацаанд буюу нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон. 2 дугаарт зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан мөн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хүүхдийг хэл амаар доромжлох, бусдыг хэл амаар доромжлох буюу сахилгын ноцтой зөрчилд тооцохоор ийм зөрчил гаргасан болох үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан хууль хяналтын байгууллагын шалгалт болон гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар хангалттай бол тогтоогдож байна. Хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа харилцаа хандлага нь өөрөө ёс зүйн зөрчил байна гээд тогтоочихсон байхад би ийм зөрчил гаргаагүй гэдгээ нотолж чадаагүй. Тэр тайлбар үндэслэлээ хэлж чадахгүй. Болсон, болоогүй хоолны цэс хамааралгүй энэ багш ингэдэг, тэр багш тэгдэг, захирал өөрөө ингэдэг гэдэг байдлаар хандаж байгаа багш өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэв.

4. Нэхэмжлэгч иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*** аймгийн ***сумын *** цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б.Э-г ажилд томилох тухай тухай *** дугаар тушаал,

-*** аймгийн ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаал /хуулбар/,

-Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б.Э-ийн ***цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ,

-Б.Э-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл 3 хоногийн чөлөөний хүсэлт,

-***-с ***чиглэлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Э-ийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар,

- ***-с *** чиглэлийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Э-н хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар.

 

5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-Цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралт, *** аймгийн ***сумын ***дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам-н архивын хуулбар,

- *** аймгийн ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тухай *** дугаартай тушаал,

-*** аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай Хариу хүргүүлэх тухай тухай албан бичиг,

-*** аймаг боловсрол соёл шинжлэх ухааны газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай Хариу мэдэгдэх тухай тухай албан бичиг,

-2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ***сумын *** дугаар цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл,

-*** аймаг ***сумын *** цэцэрлэгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай Хүсэлт гаргах тухай тухай албан бичгийн архивын хуулбар,

-*** аймаг ***сумын ***цэцэрлэгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаартай Б.Э-ийн ажлын байрыг өөрчлөх тухай тухай эрхлэгчийн тушаалын архивын хуулбар,

-*** аймгийн ***сумын ***дугаар цэцэрлэгийн захиргаанд 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б.Э-ийн гаргасан өргөдөл,

-*** аймаг ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн *** Сахилгын шийтгэл ногдуулах тухай тухай тушаалын архивын хуулбар,

-2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А.Н***ийн бичсэн тайлбар,

-2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн М.А***ын бичсэн тайлбар,

-*** аймгийн боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны ***дугаартай Санал хүргүүлэх тухай тухай албан бичиг,

-*** аймгийн ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай Б.Э-г ажилд томилох тухай тухай тушаалын архивын хуулбар,

-2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б.Э-ийн *** цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ,

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай Дүрэм, журам шинэчлэн батлах тухай тухай тушаал.

 

6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-*** аймаг ***сумын *** цэцэрлэгийн *** аймгийн боловсрол, шинжлэх ухааны газарт гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 23- ны өдрийн ***дугаартай Хүсэлт гаргах тухай тухай хүсэлтийн архивын хуулбар,

-*** аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамж , 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн *** дугаартай шалгалтын тэмдэглэл, зэргийн архивын хуулбар,

-*** аймаг боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***дугаартай хүсэлт шилжүүлэх тухай тухай албан бичгийн архивын хуулбар,

-*** аймгийн цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай хариу хүргүүлэх тухай тухай албан бичгийн архивын хуулбар,

-*** аймаг боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны ***дугаартай хариу мэдэгдэх тухай тухай албан бичгийн архивын хуулбар,

-*** аймаг ***сумын *** цэцэрлэгийн *** аймгийн боловсрол, шинжлэх ухааны газарт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн танай 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай Хариу мэдэгдэх тухай тухай албан бичгийн архивын хуулбар,

-*** аймаг *** сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаартай Б.Х-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тухай тушаалын архивын хуулбар,

- *** аймаг ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаартай Б.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тухай тушаалын архивын хуулбар,

- *** аймаг *** сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаартай Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тухай тушаалын архивын хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч *** аймгийн ***сумын ***цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал ...Намайг хүүхэд хэл амаар доромжилсон гэж байгаа нь огт үндэслэлгүй зүйл бөгөөд хамт олноо ялгаварлаж хэн нэгнийг гадуурхаж байгаа үйлдлийг нь тэвчилгүй эрхлэгч, арга зүйч нарын талаар М гэж багштай том жижиггүй хүн ялгаварлаж харьцахаа болимоор юм гэж хэлсэн асуудлыг ёс зүйгүй үйлдэл гэж үндэслэлгүйгээр хүүхэд хэл амаар доромжилсон болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. Би тэгж хүүхэд зодсон юм байхгүй. ...Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн албан ёсны хурал болсон уу гэдэг эргэлзээтэй... Боловсрол шинжлэх ухааны газар болон Цагдаагаас ирсэн бичгийг танилцуулах үед энэ бичлэгүүдийг үзүүлж тайлбар аваагүй. Тухайн үед тушаал гарах үед зөрчил үйлдсэн үндэслэл тогтоогдоогүй байсан... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4. Хариуцагч *** аймгийн ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгч Б.Н ...Б.Э нь өөрийн ажилладаг бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдийг балай, мэдрэл муутай, солиотой, мэдрэлгүй, галзуу, галзуучууд гэх мэтчилэн харааж загнаж сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэнээс гадна хүүхдүүдийг цохисон, түлхсэн, унтаж буй хүүхдийг хөнжлийг нь хуулан авч сэгсэрч цохисон зэрэг зөрчил нь ***-ын улсын байцаагч Т-ын хяналт шалгалт хийх явцад камерын бичлэгээр илэрсэн. Багш Б.М-ийн гаргасан зөрчлийг Боловсрол шинжлэх ухааны газрын боловсрол хариуцсан улсын байцаагч Ц.Т шалган зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзэн *** аймгийн Цагдаагийн газарт нэр бүхий 3 багшийн гаргасан зөрчлийг шалгуулахаар явуулсан байсан. Тус зөрчлийг цагдаагийн газар шалгаад 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дотооддоо сахилга, хариуцлагын арга хэмжээ тооцох нь зүйтэй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хүргүүлж, Боловсрол шинжлэх Ухааны газар 2024 оны 05 дугаар сарын 17-нд манай цэцэрлэгт Б.Э нь ёс зүйн харилцаа хандлагын зөрчил гаргасан байх тул байгууллагын ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэж хариу мэдэгд гэсэн байдаг. Багшийн туслах Б.Э-ийн гаргасан зөрчил нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4.2.1-т Боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ суралцагч бүрийн эрх, нэр төр, үндэс угсаа арьсны өнгө нас хүйс, эрүүл мэнд, танин мэдэхүйн онцлог ялгаатай байдал, нийгмийн байдал, суралцах чадвараар ялгаварлан гадуурхахгүй соёлын олон талт байдалд хүндэтгэлтэй тэгш хандах, 4.2.2-т Суралцагчид бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчээр албадахаас татгалзах гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл болно. Иймд Б.Э нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан давтан болон ноцтой зөрчил гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж татгалзжээ.

5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Э нь *** аймгийн ***сумын ***цэцэрлэгт 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс тогоочоор, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс багшийн туслахаар ажиллаж байсан болох нь *** аймгийн ***сумын сувиллын цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б.Э-г ажилд томилох тухай тухай *** дугаар тушаал, *** аймаг ***сумын ***цэцэрлэгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаартай Б.Э-ийн ажлын байрыг өөрчлөх тухай тухай эрхлэгчийн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

6. Улмаар *** аймгийн аймгийн ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 123.2.5 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.9, 13.1.18 дахь заалт, аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичиг, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн ***дугаар албан бичиг, байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн багшийн туслах Б.Э нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдөх ёс зүйн шаардлага, суралцагч, ажил мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй, хүүхдийг хэл амаар доромжлон, сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үйлдсэн зөрчил нь хяналт шалгалт хийн дүгнэлт гаргах эрх бүхий газруудын хяналт шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь *** аймгийн ***сумын ***цэцэрлэгт 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс ***, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс багшийн туслахаар ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заажээ.

Иймд Б.Э-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заажээ.

Энэхүү ажлаас чөлөөлсөн *** аймгийн ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай тушаалыг нэхэмжлэгч Б.Э нь эс зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

10. Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 123.2.5 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.9, 13.1.18 дахь заалт, аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичиг, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн ***дугаар албан бичиг, байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн багшийн туслах Б.Э нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдөх ёс зүйн шаардлага, суралцагч, ажил мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй, хүүхдийг хэл амаар доромжлон, сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үйлдсэн зөрчил нь хяналт шалгалт хийн дүгнэлт гаргах эрх бүхий газруудын хяналт шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78 дугаар зүйлийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.5-т Багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл томилох эрх бүхий этгээд холбогдох хууль, журамд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана;

байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1-д Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно. Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах арга хэмжээ авна. Үүнд: 13.1.9-т Хүүхдийг цохих, зодох, хэл амаар доромжлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл үйлдсэн, худал хуурмаг болон хов жив, үндэслэлгүй гүжирдлэг хийж, бусад ажилтны өдөр тутмын ажил үүргийн гүйцэтгэлд нөлөөлж, нэр хүндийг унагах, сэтгэл санаа, ёс суртахууны дарамт үзүүлэх; 13.1.18-д Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргах: гэж заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

11. Хэргийн үйл баримтын хувьд:

*** аймгийн ***сумын ***цэцэрлэгээс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаар албан бичгээр ...хөгжмийн багш Б.М-ийг бэлтгэл бүлгийн суралцагчийг алгадан зодож, хүүхдүүдээс тусгаарлан шийтгэсэн зөрчил гаргасан нь байгууллагын камерын бичлэгээр нотлогдож, байгууллагын Ёс зүйн зөвлөл болон Хүүхэд хамгааллын багийн хурлаар хэлэлцэн, хариуцлага тооцох саналыг гаргасан боловч тухайн багш өөрөө гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ багшийн ёс зүй, хүүхдийн биед халдан, тусгаарлаж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчлийг шалган дүгнэлт гаргаж өгнө үү гэх хүсэлтийг хүргүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу *** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас *** дугаар цэцэрлэгт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлын 5 хоногт хяналт шалгалт хийхээр тус газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг баталж, улмаар шалгалтын явцад илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэхээр *** аймаг дахь Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.

*** аймгийн Цагдаагийн газраас аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргад хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичигт ...Тус газарт танай байгууллагаас ирүүлсэн *** дугаартай хүсэлтийг гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад ... багш Б.Х, багшийн туслах Б.Э нарын гаргасан үйлдэл нь Монгол Улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Тухайн багш нарын хүүхдүүдийг хэл амаар доромжилж ёс зүйгүй харьцсан гэх үйлдэл нь багшийн харилцааны ёс зүйн зөрчил гаргасан байх тул байгууллагын зүгээс дотооддоо сахилга, хариуцлагын арга хэмжээ тооцох нь зүйтэй гэж үзэж байна... гэж,

аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас ***сумын *** дугаар цэцэрлэгт хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн ***дугаар албан бичигт ...бэлтгэл бүлгийн багш Б.Х, багшийн туслах Б.Э нар нь ёс зүй харилцаа хандлагын зөрчил гаргасан талаар тусгагдсан байна. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалын дагуу байгууллагын ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэж хариуг 2024 оны 05 дугаар сарын 27-ны дотор мэдэгдэнэ үү... гэжээ.

Багшийн туслах Б.Э нь хүүхдийг хэл амаар доромжлох, тодруулбал өөрийн ажилладаг бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдийг балай, мэдрэл муутай, солиотой, мэдрэлгүй, галзуу, галзуучууд гэх мэтчилэн харааж загнаж сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэнээс гадна хүүхдүүдийг цохисон, түлхсэн, унтаж буй хүүхдийг хөнжлийг нь хуулан авч сэгсэрч цохисон зэрэг зөрчил гаргасан болох нь эрх байгууллагуудын хяналт шалгалтаар шууд болон шууд бусаар нотлогдож байна.

Мөн *** аймаг ***сумын ***цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн *** Сахилгын шийтгэл ногдуулах тухай тухай тушаалаар Б.Э-д сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтанг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасан байх бөгөөд сахилгын шийтгэлтэй хугацаа нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан *** овгийн Б.Э-гийн *** аймгийн ***сумын ***цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан *** овгийн Б.Э-ийн *** аймгийн ***сумын ***цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

 

 

а