Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 555

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Обаяр,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Д.О, Б.О

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цийн Мт холбогдох 1703000010036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймаг ... дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цийн М  /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

1.1.Хохирогч Б.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр Мын хамт осол гардаг өдрөөс 3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирсэн. Манай нөхөр захаас Хьюндай Портер маркийн автомашин авсан. Тэгээд машин авчихаад Баянхошуунд хүргэнийхээ гэрт хоноод өглөө эрт  гараад Булган аймгийн Дашинчилэн суманд байдаг гэр рүүгээ явахаар гарсан. Тэгээд зам дээр гараад 1 машинтай мөргөлдсөн. Би осол хэрэг гарах үед баруун хаалга талд суугаад, манай нөхөр жолоо бариад, манай хүүгийн охин буюу манай зээ Д.М бид хоёрын голд суугаад явж байсан. Зүүн нүд хэсгээрээ нэг зүйл мөргөөд эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний яс хэсэг хугарсан байна гэсэн. Архаг хууч өвчин байхгүй, ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Эмчилгээнд 310,000 төгрөг гарсан. Манай зээ охинд нэг их гэмтэл учраагүй. Зээ охины аав, ээж нь Булган аймгийн Дашинчилэн суманд байдаг. Ирж мэдүүлэг өгөх боломжгүй, аав нь Булган аймгийн Могод сум руу үхэр туугаад явчихсан. Ээж нь гэртээ ганцаараа учраас боломжгүй. Улаанбаатарт нэг бус удаа машин жолоодож байсан. Надад өөрийн нөхөр Мт гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 24-25 х/

 

1.2.Хохирогч Д.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өглөө 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан Хьюндай Верна маркийн ... УБЧ улсын дугаартай манай нөхрийн нэр дээр байдаг машиныг жолоодож Баянхошуунаас гараад хотын төв рүү хөтөлийн замаар ойролцоогоор 40 км гаран цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт урдуур Хьюндай Портер маркийн автомашин ороод ирсэн, тэгээд  хоорондоо мөргөлдөөд нэг хартал машинаас утаа гараад би маш их айсан байсан. Тэгээд машинаасаа гаръя гэж бодоод хаалгаа яаж ийж байгаад онгойлгоод  машинаасаа буугаад замын хажуу талын хашлага дээр суугаад хүмүүс рүү туслаач гэтэл, замын хажууд байсан хүмүүс түргэн дуудаж өгсөн. Тухайн үед хамраас цус маш их гоожиж байгаад тогтсон. Би мөргөсөн машиныг хараагүй. Нэг мэдсэн чинь гэнэт гараад ирсэн. Би уг автомашинхаа тоормосыг гишгэсэн боловч гэнэт урдуур ороод ирсэн учраас  яалт ч үгүй мөргөсөн. Осол гарах үед  би ганцаараа явсан. Дотуур цус алдаад ухаан алдсан, дараа нь сонсоход элэг няцарсан, чацархай бяцарсан, хэвлий цээжний хөндий нил хөндүүр байгаа, одоо ч өвчтэй байна. Архаг хууч өвчин байхгүй, ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Автомашиндаа үнэлгээ хийлгэсэн гэсэн. Урд хэсэг нь нилээд эвдэрсэн. 1,250,000 төгрөгийн хохиррол учирсан. Нөгөө талаас 1,030,000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Би хувиасаа гаргасан мөнгөө нарийн тооцож гаргаагүй байгаа. Надад цаашид автомашинд учирсан хохирлоо болон өөрийн биед учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 х/

 

1.3.Хохирогч Д.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 22 ний өглөө 6 цаг 30 минутын орчимд би гэрээсээ гараад клүб рүүгаа явж байтал Хөтөлийн замд Портер машин урдуур орж ирээд мөргөлдсөн. Би хоёрдугаар эгнээгээр явж байсан. Ослын дараа миний хамраас маш их хэмжээний цус гарч байгаад тогтсон. Машины аюулгүйн дэр задарсан байсан. Машинд их хэмжээний утаа гарч байсан тул би машинаас аль болох хурдан буусан. Би 13,212,070 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч надад 778,0000 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Үлдэгдэл мөнгөнд өвчтэй байх хугацааны банкны зээлүүд болон бусад зардал багтаж байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.4.Шүүгдэгч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн ... БУА улсын дугаартай автомашиныг жолоодоод, хүргэн Нэргүйн хашаанаас өглөө 06 цаг өнгөрч байхад эхнэр Б.О, зээ охин Д.М нарын хамт Булган аймгийн Дашинчилэн сум орохоор  хөдөлсөн. Тэгээд Хөтөлийн уулзвар дээр ирээд замаар чигээрээ явсан “Хьюндай Верна” маркийн автомашинтай мөргөлдсөн. Би тухайн үед нөгөө  машины урдуур амжаад орчихно гэж бодож байсан юм. Эхнэр Б.О, зээ охин Д.М нарын бие  зүгээр байгаа. Зам тээврийн осол хэрэг надаас  болсон учраас ямар нэг гомдол саналгүй. ... Даатгалын байгууллагаас болон хувиасаа нийт 7,880,000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирол 5,332,070 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх 132-133 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.5.Иргэний нэхэмжлэгч Ш.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг хэрэг осол гардаг өдөр манай эхнэр миний нэр дээр байдаг Хьюндай Верна маркийн ... УБТ улсын дугаартай авто машиныг жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Тэгээд өөрөө хүнд гэмтсэн, машинд нэлээд эвдрэл, хохирол учирсан байсан. ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 100 х/

 

1.6.Шинжээчийн 8271 дугаар дүгнэлт

1.Д.Оы биед элэгний зүүн дэлбэнгийн няцрал шарх, бүдүүн гэдэсний чацархай дахь цус хуралт, хэвлийн гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн 1200 гр сул цус, хэвлийн хөндийн мэс заслын дараах байдал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 112 х/

 

1.7.Шинжээчийн 8269 дугаар дүгнэлт

1.Б.Оы биед тархи доргилт, дух яс, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь яс, зүүн хацар яс, хамар ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 114 х/

 

1.8.Шинжээчийн 8415 дугаар дүгнэлт

1.Мөнх-Уянгын биед тархи доргилт, дух нүүрний зөөлөн эдийн няцрал цус хуралт үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 119 х/

 

1.9.Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9 х/

 

Хоёр:Хохирлын баримтууд.

 

2.1.Эмчилгээний зардлын баримтууд /хх 27, 91-95 х/

2.2.Өвчний түүх /хх 40-62 х/

2.3.Зээлийн гэрээнүүд /хх 63-89 х/

2.4.Эмчилгээний зардлын жагсаалт /хх 90 х/

2.5.Зардлын задаргаанууд /хх 96 х/

2.6.Автомашины үнэлгээ /хх 105 х/

2.7.Иргэний нэхэмжлэгчийн автомашины хохиролд 1,750,000 төгрөгийг төлсөн баримт /хх 97, 100 х/

2.8.Хохирогч Д.Од хохирлын мөнгө 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 194 х/

2.9.Хохирогч Д.Од хохирлын мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 195 х/

 

Гурав:Хувийн байдлын талаарх баримтууд.

 

3.1.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 125 х/

3.2.Ц.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 126 х/

3.3.Ц.Мын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 129 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Ц.Мын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Хөтөлийн уулзвар замд “Hyundai Porter маркийн ... БУА улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын замын дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Оы жолоодож явсан “Hyundai Verna маркын ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Портер” машинд зорчиж явсан Б.О, “Hyundai Verna загварын автомашины жолооч Д.О нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол /зорчигч 10 настай Мөнх-Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyundai Verna загварын автомашинд 1,750,000 төгрөгийн хохирол/ учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Оы “...Би нөхөр Мын хамт осол гардаг өдрөөс 3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирсэн. Манай нөхөр захаас Хьюндай Портер маркийн автомашин авсан. Тэгээд машин авчихаад Баянхошуунд хүргэнийхээ гэрт хоноод өглөө эрт  гараад Булган аймгийн Дашинчилэн суманд байдаг гэр рүүгээ явахаар гарсан. Тэгээд зам дээр гараад 1 машинтай мөргөлдсөн.. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 24-25 х/

 

Хохирогч Д.Оы “...Би тэр өглөө 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан ... хотын төв рүү Хөтөлийн замаар ойролцоогоор 40 км цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт урдуур “Хьюндай Портер” маркийн автомашин ороод ирсэн, тэгээд  хоорондоо мөргөлдөөд нэг хартал машинаас утаа гараад би маш их айсан байсан. ... Би мөргөсөн машиныг хараагүй. Нэг мэдсэн чинь гэнэт гараад ирсэн. Би уг автомашинхаа тоормосыг гишгэсэн боловч гэнэт урдуур ороод ирсэн учраас яалт ч үгүй мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Ц.Мын “...Би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн ... БУА улсын дугаартай автомашиныг жолоодоод, хүргэн Нэргүйн хашаанаас өглөө 06 цаг өнгөрч байхад эхнэр Б.О, зээ охин Д.М нарын хамт Булган аймгийн Дашинчилэн сум орохоор  хөдөлсөн. Тэгээд Хөтөлийн уулзвар дээр ирээд замаар чигээрээ явсан “Хьюндай Верна” маркийн автомашинтай мөргөлдсөн. Би тухайн үед нөгөө  машины урдуур амжаад орчихно гэж бодож байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 132-133 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шинжээчийн 8271 дугаар дүгнэлт

1.Д.Оы биед элэгний зүүн дэлбэнгийн няцрал шарх, бүдүүн гэдэсний чацархай дахь цус хуралт, хэвлийн гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн 1200 гр сул цус, хэвлийн хөндийн мэс заслын дараах байдал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 112 х/

 

Шинжээчийн 8269 дугаар дүгнэлт

1.Б.Оы биед тархи доргилт, дух яс, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь яс, зүүн хацар яс, хамар ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 114 х/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

            Хохирлын талаар.

Эмчилгээний зардлын баримтууд /хх 27, 91-95 х/

Өвчний түүх /хх 40-62 х/

Эмчилгээний зардлын жагсаалт /хх 90 х/

Зардлын задаргаанууд /хх 96 х/

Автомашины үнэлгээ /хх 105 х/ зэргээр хохирогч Д.Од шууд болон шууд бус зардалд нийт 13,212,070 төгрөг нэхэмжилсэн, үүнээс шүүгдэгч Ц.М нь Даатгалын байгууллагаас 5,000,000 т, хувиасаа 2,880,000 төгрөг нийт 7,880,000 төгрөгийг төлсөн болох шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгчийн автомашины хохиролд 1,750,000 төгрөгийг төлсөн баримт /хх 97, 100 х/, хохирогч Д.Од хохирлын мөнгө 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 194 х/, мөн Д.Од хохирлын мөнгө 4,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 195 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа.

Хохирогч нь хувиараа машин, механизм түрээсээр ажиллуулдаг гэх бөгөөд, 3 банкнаас зээлтэй байсан болох нь Зээлийн гэрээ /хх 63-89 х/-р нотлогдож байгаа бөгөөд хохирогчийн зүгээс 3 сарын хугацааны банкны зээл, хүүгийн төлбөр, цаашид хийгдэх эмчилгээний зардалд нийт 5,332,070  төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.М төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүнээс гаргуулж, хохирогч өөр хохирол нэхэмжлэхгүй гэснийг тогтоолд дурьдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Б.М нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Ц.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдалд тооцож харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч Ц.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан бодит хохирол 7,880,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс шууд бус зардалд 5,332,070  төгрөг нэхэмжилж байгааг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ц.М-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Цийн Мыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн  1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулинй тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ц.М-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4.Ц.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Д.М нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Маас 5,332,070 төгрөг гаргуулж хохирогч  Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо ... тоотод оршин суух Д.О /РД:.../-д олгосугай.

6.Хэрэгт хураагдан ирсэн 438736 дугаартай 1 ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ