Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/808

 

 

 

 

2022                 8             11                                    2022/ДШМ/808

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д холбогдох 2210006930569 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн Г-ын Д , .......... оны ...  дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эцэг, эхийн хамт .......... дүүргийн ...  хороо, ............ хотхоны 502 дугаар байрны 402 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УХ95101254/;

Шүүгдэгч Г.Д  нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ 502-402 тоот дахь гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Е  хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Г.Д г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д г 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: “...Г.Д , хохирогч Б.Е   нар гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарна гэж үзсэн. Гэтэл Г.Д  Б.Е   нарын тухайд хамтын амьдрал үүсгэн хамт амьдарч байсан зүйл байхгүй. Мөн гэрлэлтийн бүртгэл байхгүй, дундаасаа хүүхэдгүй зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэсэн нэр томъёонд хамаарахгүй байгаа болно. Гэтэл шүүхээс гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэж тодорхойлж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Г.Д мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж дүгнэсэн. Гэтэл Г.Д гийн тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан бодит хохирол зардал байхгүй зэрэг байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн Г.Д г 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, хохирогч нар 2021 оны 6 дугаар сард цахим сүлжээгээр танилцаж, улмаар хамтран амьдарч байсан нь хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн эхийнх нь мэдүүлгээр нотлогддог. Ийнхүү хамтран амьдарч байх хугацаандаа 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 2 дугаар сарын 12-ний өдрүүдэд шүүгдэгч Г.Д  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Е  гийн биед халдаж байсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст ойлгохоор хуульчилсан ба Г.Д , Б.Е   нарыг гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэж үзэж байна. Мөн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэнд  халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засгийн, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан байдаг бөгөөд шүүгдэгч Г.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд Б.Е  гийн бие махбодод халдан хөл рүү нь өшиглөж, хүзүүн дээр нь гишгэж, толгойгоор нь хана мөргүүлэх зэргээр догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч С.Батдэлгэрээс шүүгдэгч хохирогч нарыг хүсэл зориг нэгтэй байсан учир уулздаг байсан, хамтран амьдрагч нар биш байсан гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Гэвч хохирогчид хууль сануулж авсан мэдүүлэгт Б.Е   нь шүүгдэгч Г.Д гийн гэрт тогтмол биш боловч ирэн очин хамт амьдарч байсан, шүүгдэгч Г.Д  согтуурсан үедээ хохирогч Б.Е  гийн биед халдаж байсан боловч цагдаагийн байгууллагад дуудлага өгч, шалгуулж байгаагүй талаар дурдагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Д  нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ ы 502-402 тоот дахь гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Е  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Е   нь “...Намайг доромжлоод байхаар нь хэвтэж байсан ор луу нь очоод Г.Д гийн гэдэс рүү нь цохисон чинь уурлаж босож ирээд намайг түлхээд хананд мөргүүлэхээр нь би уначихсан. Миний дээрээс хөл, гар, гэдэс рүү өшиглөөд ... түлхэж унагааж өшиглөж, хүзүүн дээр аймар удаан гишгэсэн. ...Миний биеийн хоёр хөлийн өвдөг Г.Д д түлхүүлж унахад үүссэн, харин гуяны хөхрөлтүүд болохоор өшиглүүлэхэд үүссэн, хүзүүн дээр гишгэснээс болж хавдсан. ...” /хх 19-21/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Т.Н “...Б.Е   нь миний том охин байгаа юм, 2021 оны 6 дугаар сар хавьцаа охин Б.Е   хүнтэй үерхэж байгаа Г.Д  гэдэг залуу байгаа гэж хэлсэн. ...2021 оны 08 дугаар сард Г.Д  зодуулчихлаа гээд үүрээр ороод ирсэн. Би гайхаад асуусан чинь элэгдээд унагаасан гэж хэлсэн. ...дараа нь ахиад л нэг өдөр хөл гар нь хөхөрчихсөн байсан. ...Б.Е   уначихсан л гээд гүрийгээд байсан. Тэгсэн чинь дараа нь нэг нүүрээ хөхрүүлээд орж ирэхээр нь би Г.Д  зодсон юм уу гээд асуусан чинь тэгсэн ээж ээ гээд уйлсан. ...Танай гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ гэж айлгадаг гээд уйлаад ярьж байсан. ...Дараа нь нэг өдөр хичээлдээ явна гэж гараад ирэхгүй байхаар нь гар утасных нь байршлыг харсан чинь Тайм скүэрт явж байхаар нь ...охиноосоо асуусан чинь Б.Е  г ална тална гэж айлгаад буцаад уулзаж байна, би аятайхан салаад очно гэж хэлж байсан. Тэгсэн чинь Б.Е   тэр орой нь зодуулчихлаа гээд ахиад л хөл гар нь хөхөрчихсөн ороод ирсэн. ...” /хх 26-27/,

гэрч С.Б “...2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ...үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг 51 минутад “Найз залуу Г.Д  согтуу намайг зодоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ...ахмад Э.А хамтаар Хан-Уул дүүргийн 17-р хороо Тайм скүэр хотхоны 502-402 тоотод очсон. Б.Е   гэх эмэгтэй нь найз залуутайгаа хэрэлдсэн байдалтай, ...зодуулж цохиулсан талаар нь асуухад хөлөө гаргаж ирээд өвдөг гуяа харуулахад хөхөрсөн байдалтай байсан. Өмнө нь зөндөө зодуулж байсан гэж ярьж байсан. ...” /хх 29-30/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Б.Е  н хүзүүнд учирсан гэмтэл, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Е   нь надад үзүүлж байхдаа хүзүүн дээр нэлээн удаан гишгэсэн, хөл нүцгэн байсан гэж өгүүлсэн. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...” /хх 46-47/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 338 дугаартай “Б.Е  -н биед тархи доргилт, хүзүү, зүүн гуя, ...гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хүзүү, зүүн гуяны цус хуралт шинэ... гэмтлүүд байна, ...хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Д г гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс Г.Д гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч С.Б “...Шүүгдэгч хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэж дүгнэсэн нь буруу. ...Оногдуулсан ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Е  гийн “...Үерхэх хугацаандаа Г.Д гийн гэрт ... 7 хоногийн 2-3 хоногт нь амьдардаг байсан. Хааяа 10 гаруй хонодог байсан. ...Тухайн үедээ Г.Д гээс салаад 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буцаж нийлээд үерхэж эхэлсэн. Үерхэж байх хугацаандаа 3 удаа салж буцаад нийлсэн. 3 удаа салахдаа нийт 3 сар орчим хугацаанд хоорондоо харьцаагүй байсан. ...” /хх 19-24/, гэрч Т.Н “...Дараа нь дахиад л нэг өдөр хөл, гар нь хөхөрсөн байхаар нь Б.Е  гээс асуухад унасан гэж хэлсэн. ...” /хх 26-27/, гэрч Н.Э “...цагдаагийн ахмад Э.Амартунгалагийн хамтаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ............ хотхоны 502-402 тоотод очсон. Очиход Б.Е   гэх эмэгтэй нь найз залуутайгаа хэрэлдсэн байдалтай байсан. ...” /хх 29-30/ зэрэг мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Г.Д , хохирогч Б.Е   нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Г.Д  нь удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч Б.Е  гийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, АСАП сангийн лавлагаа зэргээр тогтоогдохоос гадна түүний эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

           ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

          ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН