Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 122/ШШ/2021/0020

 

2021 оны 09 сарын 21 өдөр         122/ШШ/2021/0020                           Баруун-Урт сум

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн Хөх  овгийн Сугарын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 тоот захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******* /онлайн/, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн /онлайн/, хариуцагч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.*******, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* миний бие 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/07 тоот захирамжаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 тоот захирамжаар ямар ч үндэслэлгүй, урьдчилан мэдэгдэл өгөөгүй, нам бүлгийн шахалтаар ажлаас чөлөөлсөн. Би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон өөр хаана ч гаргаагүй, өөрийн хүсэлтээр гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэхэд, тэгвэл ажлын хариуцлага алдсан гэж захирамж гаргана гэж дарамт шахалт үзүүлсэн.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/05 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, намайг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр С.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Б/07 тоот захирамжаар ажилд томилогдсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжид С.*******ийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнаар ажилд авч ажиллуулсугай гэсэн байна. С.*******ийг ТҮ-ийн 3-2-оор цалинжуулсугай гэсэн дарга Бат-Эрдэнийн захирамж байгаа. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ажлаас чөлөөлөгдөх үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар С.*******ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу гээд чөлөөлсөн байдаг. Сая хариуцагчийн тайлбарыг сонслоо. С.******* бол төрийн захиргааны албан тушаалтан биш, анх түүнийг авч ажиллуулахдаа төрийн үйлчилгээний албан тушаал дээр авч ажиллуулсан байдаг. ТҮ-ийн 3-2 дугаар шатлалаар цалинжуулж байсан. Иймд заавал төрийн албаны шалгалтад орсон байхыг шаардах ёсгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт 4 дүгээр сарын 01-ний өдөр, 4 дүгээр сарын 04-ний өдрийн мессеж чат хавтаст хэргийн материалд байна л даа. Үүгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байна. Нэгдүгээрт үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт хавтаст хэргийн материалаас үзэхэд 4 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, 4 дүгээр сарын  05-ны өдрийн тэмдэглэлээр сонсох мэдэгдэх ажиллагааг хийсэн гэж үзээд байгаа боловч эдгээр тэмдэглэлүүдийг сүүлд нь нөхөж хийсэн харагдаж байгаа юм. Иймд хариуцагч Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна.

С.*******ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. С.*******ийг 2020 оны 09 сарын 07-ны өдөр хурлын ажилтан, ТҮ-3-аар цалинжуулна гээд төрийн үйлчилгээний ажилтнаар ажилд томилсон байдаг. Анх ажилд томилогдсон эрх зүйн актыг үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнээс биш хурлын ажилтан гэж сул орон тоо зарлаагүй. Өмнө нь томилсон шийдвэрийг засварлах боломжгүй. Хариуцагч хэлж байна, 04 сарын 05-ны өдөр бол С.*******тэй уулзаагүй, харин 4 сарын 23-нд халагдсан тушаал шийдвэрээ очиж авахдаа уулзсан гэж байна. Харамсалтай нь уулзсан гэсэн тэмдэглэлээ баталгаажуулж гарын үсэг зуруулаагүй. Өөрийн хүсэлтээр гэж гаргасан тушаал шийдвэрээ хурдан авъя аа гэж зөндөө хэлсэн байдаг. Иймд захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            

Хариуцагч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сугарын *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

С.*******ийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот захирамжаар анх томилсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд төрийн захиргааны туслах түшмэлийн албан тушаалд анх томилогдохдоо ч, ажиллаж байхдаа ч төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцээгүй, нөөцөд бүртгэлгүй, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байсан. Иймээс маргаан бүхий захиргааны актад хамаарах ажлын байр нь сул орон тоо юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу нөхөх журамтай.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.” гэж заасны дагуу түүнийг сонгон шалгаруулалт хүртэл ажиллах боломжтойг хэлсэн. Гэвч утсаар “ажил дээр очмооргүй байна. Харин та шалгалтад тэнцсэн хүнээ аваарай”, “халагдсан тушаалаа хэзээ авах вэ” гэх зэргээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн.

С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 тоот захирамж нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм гэжээ.

  

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Сугарын *******ийн нэхэмжлэлтэй ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн өмгөөлөгч миний бие шүүхэд хариуцагчийн гаргасан татгалзлыг дэмжиж дараах өмгөөллийн саналыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.******* нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот захирамжаар ажлын албаны ажилтнаар анх томилогдож, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасныг үндэслэн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу түүнийг сонгон шалгаруулалт хүртэл ажиллах боломжтойг хэлсэн. Гэвч утсаар “ажил дээр очмооргүй байна. Харин та шалгалтад тэнцсэн хүнээ аваарай”, “халагдсан тушаалаа хэзээ авах вэ” гэх зэргээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд Төрийн захиргааны туслах түшмэлийн албан тушаалд анх томилогдохдоо ч, ажиллаж байхдаа ч төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцээгүй, нөөцөд бүртгэлгүй, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байсан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтны албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтад зааснаар төрийн захиргааны туслах түшмэлийн ангиллын ТЗ-3 зэрэглэлд хамаарах, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байна.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй иргэнийг авч ажиллуулахыг хориглосон. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч С.******* нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй байхад ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтны албан тушаалд шууд томилогдож төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол журмыг зөрчсөн болох нь нотлогдож байгаа.

Маргаан бүхий захиргааны актад хамаарах ажлын байр нь сул орон тоо бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.3-т заасны дагуу нөхөх журамтай. Ийнхүү иргэдээс төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох харилцааг нарийвчлан зохицуулсан байхад тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн албанд томилсон захиргааны актыг шүүхээс зөвтгөх боломжгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь хуульд заасан болзол журмыг хангаагүй буюу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй атлаа төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Монгол улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчимтай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол журмыг хангасны үндсэн дээр түүний уг албан тушаалыг эрхлэх эрх нь хамгаалагдах учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн ямар ч үндэслэлгүй, урьдчилан мэдэгдэл өгөөгүй, нам бүлгийн шахалтаар ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй ба хуульд заасан шаардлага, нөхцөл, болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд томилохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 тоот захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд хандан “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнаар томилогджээ.

 

Маргаан бүхий акт болох ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан С.*******ийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын хавсралтад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан нь төрийн захиргааны албан тушаалын туслах түшмэлийн ангилалд, зэрэглэлийн хувьд ТЗ-3-д хамаарна гэж тус тус зааснаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтны албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

 

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар тухайн болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх, боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс томилох учиртай.

 

Тийнхүү томилох боломжгүй тохиолдолд мөн хуулийн 27.1.4-т зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс зохих журмын дагуу томилох ёстой.

 

Нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад /тухайн албан тушаалын/ ороогүй байхдаа тус албан тушаалд томилогдсон болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

 С.******* нь төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны төв байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнаар томилогдсоныг хуулийн дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 61 дүгээр зүйлийн 61.1.10-д заасан “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа”-г эдлэхгүй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төрийн албанд хуулийн дагуу томилогдсон байж Төрийн албаны хуулиар хамгаалагдах эрх нь нээгдэх юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт, захиргааны байгууллагаас хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх гэсэн хоёр нөхцөл хоёулаа хангагдсан тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учиртай.

 

Тодруулбал нэхэмжлэгчээс шүүхэд хандаж сэргээлгэхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж хамгаалагдах бөгөөд С.*******ийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнаар томилсон процесс нь өөрөө хууль зөрчсөн байх тул эрх сэргэх ойлголт энэ тохиолдолд байхгүй юм.

 

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч С.*******ийн хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ийн “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 тоот захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД