Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 244

 

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаар магадлалтай, Б.Э-д холбогдох 201725020790 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б-н Э.

Б.Э- нь 2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 35 хүнээс нийт олон удаагийн бие даасан үйлдлээр “9911, 9909-тэй дугаар хямд үнээр олж өгнө”, “бусдын авто машиныг барьцаанд тавьсан гэдгийг мэдсээр байж, өөр ББСБ-д барьцаанд тавих”, “Плэйстэйшн загварын компьютер тоглоомыг хэрэглээд өгье, түрээсийн төлбөрийг нь төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад 259,388,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Б.Э-д 7 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон нийт 190 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 209,228,200 төгрөгийг шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын хавсралтын 24-т “...Б.Э-аас 8,200,000 төгрөг...” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон нийт 190 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон нийт 267 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэж,

5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 209,228,200 төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-аас нийт 200,578,200 төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгосугай ...” гэж,

шийтгэх тогтоолын хавсралтын 29-т “...С.Ц-д 12,830,000 төгрөг...” гэснийг “...С.Ц-д 12,380,000 төгрөг...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол болон хавсралтын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э- гаргасан гомдолдоо “...Б.Э- миний бие 27 настай, эхнэр, 2 хүүхэдтэй, дээд боловсролтой залуу хүн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн бололцооны түвшинд төлж барагдуулж эхэлсэн. Залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгож үйлдээгүй, энэ нь гэр бүлийн байдал, боловсрол, бусад нотлох баримтаар нотлогдох тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж дүгнээд байгаа юм. Гэвч хавтас хэрэгт амьдрал ахуйдаа хэрэглэсэн нь бүү хэл хэрхэн юунд зарцуулсан нь нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь нийт 32 удаагийн үйлдлээр 35 хохирогчийг зохиомол байдлыг зориуд бий болгон залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Э- нь 2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 35 хүнээс нийт 32 удаагийн бие даасан үйлдлээр “9911, 9909-тэй дугаар хямд үнээр олж өгнө”, “Плэйстэйшн загварын компьютер тоглоомыг хэрэглээд өгье, түрээсийн төлбөрийг нь төлнө” гэх зэрэг арга хэрэглэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад 259,388,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэх шинжид хамааруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 7 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Э-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцоолсон, мөн хохирлыг давхардуулан гаргасан, хохирогчид олгох мөнгөн дүнг тогтоолд алдаатай тэмдэглэсэн зэргийг зөвтгөн залруулсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Залилан мэхлэх гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж эхэлсэн, залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгож үйлдээгүй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН