Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0493/з |
Дугаар | 221/МА2017/0856 |
Огноо | 2017-12-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0856
2017 оны 12 сарын 06 өдөр Дугаар 221/МА2017/0856 Улаанбаатар хот
Ц.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-н нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Б-г өмнө нь эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 9 сар 2 хоногийн хугацааны цалин 13,729,197 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах гомдолдоо: “... Шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалын үндэслэх хэсэгт сайд нь Монгол Улсын Засгийн газрын газрын тухай хуулийн 24.1.4 дэх заалт. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т заасныг шүүх томилох, чөлөөлөх бүрэн эрх олгосон зохицуулалт болохоос уг бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас, төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулаагүй болно гэсэн нь үндэслэлгүй юм. Ц.Б-г томилсон сайдын 2015 оны А/424 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт мөн адил уг заалтыг үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч энэ заалт дээр маргаагүй. Сайд томилох, чөлөөлөх тушаалыг гаргахдаа энэхүү эрх олгосон хуулийн заалтыг байнга хэрэглэдэг тул шүүх ийнхүү үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар тушаалаар Ц.Б-д нэг сарын тэтгэмж олгон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Ц.Б-г Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилоогүй бөгөөд сангийн яам 2015, 2016, 2017 онд нэмэлт тодотгол хийгдээгүй, харин ч 2015 оноос жил бүр 15 хувь хэмнэлт хийгдэж ирсэн. Иймээс ч Ц.Б-г томилоогүй 10 сар болсон. Мөн орон тоо байхгүй байсан. Энэ үед Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Ц.Б нь өөрөө тушаал төлөвлөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/424 дүгээр тушаалыг гаргасан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/152 дугаар тушаал Улсын үндэсний хорооны үйл ажиллагааны 2016 оны зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэхээр өөрөө гаргасан нь хууль бус байсан. Учир нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Байгаль хамгаалах сан нь Усны үндэсний хорооны үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалт байхгүй тул огт санхүүжилт хийгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор яамны бүтэц, орон тоог тогтоож, үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтцийн нэгжийн орон тоо, ажлын байрны нэрийг баталсан. Үүнд: Улсын үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо, албан тушаалыг тусгаагүй байна. Газар зохион байгуулалт, улсын нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар хавсран гүйцэтгүүлэх ажлыг нь хариуцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Усны үндэсний хороог татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн ч санхүүжилтийг нэмж тусгаагүй, Усны тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолоор Усны үндэсний хорооны чиг үүрэг байгаа ч төсөв байхгүй, тусгайлан орон тоо байхгүй тул яам чиг үүргийг нь Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, уг үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Ц.Б нь 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнүүлээгүй, 2016 онд Б/424 дүгээр тушаал гаргуулж, үр дүнгийн гэрээ байгуулсан ч дүгнүүлээгүй. Ц.Б-н 2015, 2016 онд хийсэн ажлын тайлан яаманд ирээгүй. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасанчлан ажлын хэсэгт орж ажилласнаас өөр 2015, 2016 онд огт ажил хийгээгүй, Усны үндэсний хорооны 2015-2017 оны 05 сар хүртэл хийсэн ажлын тайлан байхгүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 134 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх журам батлагдсан. Журмын 1.2 “Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд менежер төрийн жинхэнэ албан хаагчтай энэ журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын болон тухайн нэгжийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангахад чиглүүлэн, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршино”.
Уг журмын 2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй. Хэрэв байгуулаагүй бол журмын 2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа менежерт шаардлага тавих эрхтэй ч энэ эрхээ огт хэрэгжүүлээгүй. 2.5. Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Мөн Ц.Бадрах нь журмын 5.3-т “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд тусгагдсан байгууллага /нэгж/-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг хагас жил тутам, харин энэхүү журмын 2 дугаар хавсралтын “Илтгэх хуудас”-аар бүтэн жилээр тус тус гаргаж, менежерт тайлагнана”. 6.6-д “Тайлант жилийн дундуур төрийн жинхэнэ албан хаагч өөр албан тушаалд шилжсэн, чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэнэ. Шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана.” 8.1-д “Менежер гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно. Гомдол хүлээн авсан этгээд ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Холбогдох зөвлөл шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно” гэж зааснаар үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, тайлагнаагүй, энэ талаар гомдол огт гаргаагүй юм.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц.Б-г Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил албан тушаалаас чөлөөлсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаалчилгаар албан тушаалаас нь чөлөөлөх”, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх” гэж заасныг зөрчиж гарсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч дээрх тушаалын үндэслэлээ Засгийн газраас Усны үндэсний хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн, яамны орон тооны хязгаарыг тогтоосон, Усны үндэсний хорооны орон тооны нарийн бичгийн даргын ажил үүргийг тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар хавсран гүйцэтгүүлэхээр болсонтой холбогдуулан, Улсын үндэсний хорооны нарийн бичгийн даргатай 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажил хийгдээгүй” гэх үндэслэлээр гаргаж, түүнийг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.
Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газар усны харилцааны талаар бүрэн эрхийг хэрэгжүүлжүүлэхийн дотор “усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий үндэсний хороо ажиллуулах” гэж хуулиар тодорхойлон зааж өгсөн байна.
Дээрх хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Усын үндэсний хороог байгуулж, бүтэц орон тооны хувьд нарийн бичгийн даргын орон тоотой, уг хорооны ажлын албан нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолыг батлан гаргажээ.
Улмаар “Усны үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлсэн” тухай 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар гаргасан, мөн “Усны үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталж, тус хорооны нарийн бичгийн даргыг томилон ажиллуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад үүрэг болсон” Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаар захирамжийг гаргаж байсан зэргээс үзэхэд Усны үндэсний хорооны ажлын албаны чиг үүрэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд харьяалагдах бөгөөд тус хороо нь бүтэц орон тооны хувьд орон тооны “Нарийн бичгийн дарга”-тай байхаар зохицуулжээ.
Мөн Усны үндэсний хорооны “Нарийн бичгийн дарга” гэх орон тоотой хэвээр хадгалагдаж байгаа болох нь Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нотлогдож байгаа.
Дээрх дүгнэлтээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар Усны үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахдаа Усны үндэсний хорооны “Нарийн бичгийн дарга”-ын орон тоог хасаагүй, уг орон тоог хавсарган гүйцэтгүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад чиглэл өгөөгүй зэргээс үзэхэд тус яамны орон тооны Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын чиг үүрэг, албан тушаал нь хэвээр хадгалагдсан бөгөөд хасагдсан, өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлнө” гэж, Монгол Улсын яамдын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах”, 7.1.4-д “төсвийн ерөнхийлөн захирагчаас яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага, холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийн явц, үр дүнд хяналт тавих, дүгнэх” гэж заажээ.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байхад “яамны орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоосон” гэх үндэслэлээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил үүргийг тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар хавсран гүйцэтгүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь чөлөөлөх, мөн хуулийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр ...”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан …” гэх үндэслэл үүсээгүй байхад Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалаас Ц.Б-г 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж үзлээ.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаал нь нэхэмжлэгч Ц.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан захиргааны акт болох нь дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тиймээс “Ц.Б нь 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнүүлээгүй, 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулсан ч дүгнүүлээгүй, 2015, 2016 онд хийсэн ажлын тайлан яаманд ирүүлээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтцийн нэгжийн орон тоо, ажлын байрыг баталсан. Уг орон тооны бүтцэд Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо, албан тушаалыг тусгаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Зүй нь, Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь орон тооны Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга гэсэн ажил, албан тушаал байхаар заасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн дарга нь яамны бүтцийн орон тоо, ажлын байрыг батлан гаргахдаа уг Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга гэх орон тоог цөөлөх, хасах, өөрчлөх эрхгүй юм.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР