Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/809

 

 

 

 

2022           8             11                                    2022/ДШМ/809

 

П.Г холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогч Л.Э ,

шүүгдэгч П.Г өмгөөлөгч Б.У ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/962 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Э гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Г холбогдох 2206 00000 1376 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн П- ын Г, ......... оны...  дугаар сарын ... -ны өдөр .......  аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй ...........  мал зүйч ажилтай, ам бүл ... , эцэг, эх, дүү нарын хамт ........... дүүргийн... дугаар хороо, ...........оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............... /;

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи таун” хотхоны гадаа хохирогч Л.Э тодорхой шалтгаангүйгээр маргалдан улмаар хохирогч Л.Э нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, дух, баруун, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, зүүн өвдөг, зүүн нүдний алимын салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч П.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Л.Э нь гэм хорын хохиролтой бусад нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Бусад асуудлаар” хэсэгт “...үүнээс гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох хэрэглэсэн эм тариа, мэс засал хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн бодит зардал болох 4.454.550 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. ...” гэсэн дүгнэлтийг хийжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж зохицуулжээ. Эндээс үзвэл шүүгдэгч П.Г үйлдсэн гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд шууд үр дагавар учирсан буюу шүд унасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч миний шүд унасан үйл баримтыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд оруулан тооцохгүйгээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргажээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Бусад асуудлаар” хэсэгт “...Харин шүдний эмчилгээг хийлгээгүй байх бөгөөд урьдчилан гаргуулах боломжгүй байна гэж үзлээ. ...” гэжээ. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж зохицуулсан байна. Дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хувьд шүдний эмчилгээний зардлыг урьдчилан гаргуулахаар шаардсан боловч шүүх хангаагүй болно. Иймээс би тухайн эмчилгээний төлбөрийг урьдчилан төлж, эмчилгээгээ эхлүүлсэн бөгөөд төлбөрийн баримтыг “Басхүү имплант клиник” эмнэлгээс гаргуулан авсан болно. Мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар” хэсэгт “...Шүүх шүүгдэгч П.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цаашид гарах төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. ...” зэргийг харгалзсан гэсэн боловч П.Г нь шүдний эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлээгүй, одоо ч төлөхөө илэрхийлэхгүй байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г өмгөөлөгч Б.У  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой хавсаргаж ирүүлсэн баримтыг анхан шатны шүүх хуралдааны шатанд гаргаагүй байсан учир шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс анхан шатны шүүх хуралдааны дараа тэр дариуд хохирлыг төлсөн. Анхан шатны шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэгтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Давж заалдах шатны шүүх шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээж авах боломжгүй. Эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи таун” хотхоны гадаа хохирогч Л.Э тодорхой шалтгаангүйгээр маргалдан улмаар хохирогч Л.Э нүүр хэсэгт нь цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, дух, баруун, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, зүүн өвдөг, зүүн нүдний алимын салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

хохирогч Л.Э “...Байрны гадаа ирээд тамхи татаад зогсож байгаад манай ах нөгөө хамт ирсэн залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би тэр 2-ыг салгахад манай ахтай хамт ирсэн залуугийн гар утас газар унасан, би гар утсыг аваад өгөхөд намайг хэл амаар доромжлоод миний куртикнээс татаад куртикний 2 суга талыг ураад толгой, нүүр хэсэгт маш олон удаа цохисон Тэгээд тухайн хүнд шүд унасан байна гэж хэлсэн чинь дахиад газар унагаж байгаад биеийн бүх хэсэг рүү цохисон. Миний дээд үүдэн шүднүүд унасан, дээд, доод уруул дотор талдаа язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, дух хавдсан баруун гар хөндүүр байна. ...” /хх 8-9/,

П.Г яллагдагчаар өгсөн “...Бямбасүрэн намайг цохих гээд хүрээд ирэхээр би дүүг нь цамцнаас татаад зодсон байгаа яг хаашаа нь цохиж зодсон талаар бол мэдэхгүй байна тухайн үед согтуу байсан. ...” /хх 46-47/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №497 дугаартай “Л.Э биед зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи. зүүн доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруулын салст, буйл, нуруу, зүүн өвдөг зүүн нүдний алимны цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, 2 шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна. ...” /хх 102-103/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч П.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс П.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.

Хохирогч Л.Э нь анхан шатны шүүхэд “Басхүү” имплант клиник шүдний эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №32 дугаартай “...нийт эмчилгээний зардал 9.340.000...” төгрөгийн тодорхойлолт /хх 108/ гаргаж өгснийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх тул давж заалдах шатны шүүхэд хохирогчийн гаргасан гомдлыг хангаж эмчилгээний төлбөрт төлсөн 9.340.000 төгрөг /хх 144/-ийг шүүгдэгч П.Гантогтохоос гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/962 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

            “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Гантогтохоос 9.340.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Энхтайванд олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

            3.  Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

           ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН