Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 122/ШШ2021/0025

 

2021 оны 11 сарын 22 өдөр        122/ШШ2021/0025                             ******* сум

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.*******туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын 4 дүгээр багийн иргэн Олнууд овгийн Машбатын Эрдэнийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Хариуцагч: ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*******т холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,  хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*******, гэрч Ч.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Машбат овогтой ******* миний бие ******* аймгийн******* суманд 1988 онд төрсөн.Тус сумандаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг 2021 онд Монголын үндэсний дээд сургуулийг газар зохион байгуулалт мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.******* сумандаа 2013 оны 02 сарын 19-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын Б/04 тоот тушаалаар газрын даамлын албан тушаалд ажилд ороод 8 жилдээ ажиллаж байна.

Ажиллаж байх хугацаандаа хуулийн дагуу төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллаж ирсэн. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон удирдлагын доор ажиллаж байна.

Миний бие нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын Б/18 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухай шийдвэрийг гаргахдаа үүрэг гүйцэтгэгч Э.******* нь надтай уулзаагүй Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтыг олгоогүй шууд халах тушаал гаргасан.

Гомдол гаргах шалтгаан нь******* сумын Засаг дарга Г.Алтансүх нь намайг 2-3 удаа албан өрөөндөө дуудаад одоо багийн даргын сонгууль удахгүй болно өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх ажлыг хиймээр байна хэдэн хүн шилжүүлж хувийн тоглолт хиймээр байна гэж хэлсэн. Би хэлсэн, нэгдүгээрт энэ бол боломжгүй, хоёрдугаарт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цаасаар тусгагдсан ч гэсэн газрын кадастрын мэдээллийн санд ороогүй учраас боломжгүй юм. Үнэхээр олгох бол ирэх жил тодотголоор газрын кадастрын мэдээллийн санд оруулж байж шийдвэрлэх ёстой гэдгийг хэлсэн. Эргээд 2 хоногийн дараа Засаг дарга өрөөндөө дуудсан. Эргээд нөгөө газрын гэрчилгээ шилжилт хөдөлгөөний асуудлыг хэлсэн. Би нөгөө кадастрын зураг хийдэг хүнтэй ярьсан ойрын хугацаанд очих боломжгүй гэсэн Ковид-19 цар тахлын үед боломжгүй хавар хийлгэж болно ш дээ гэдэг тайлбар хэлсэн талаар Засаг даргад хэлсэн мөн газрын гэрчилгээ мэдээж захирамж, улсын бүртгэлийн дугаар хэрэгтэй болно улсын бүртгэлийн дугааргүй гэрчилгээ хүчингүй гэрчилгээ болно ш дээ гэж хэлсэн тэгсэн Засаг дарга би улсын бүртгэгчтэй уулзсан болно гэсэн наадахаа даруйхан гарга гэдэг үүрэг өгсөн.

Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд Засаг дарга намайг дуудсан нөгөө асуудлаа ярьсан тэгэхээр нь би та тэгвэл улсын бүртгэгчээ дуудаад гурвуулаа уулзъя гэсэн сумын улсын бүртгэгч Ц.Шижирмааг Засаг дарга өрөөндөө дуудаад бид гурав уулзсан.

Би Засаг даргад Захирамж дээр нь тусгачхаж болно шүү дээ заавал гэрчилгээ гаргах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгээд эцэст нь тохиролцож болно бүтнэ гэж ярилцаад надаар гэрчилгээ бичүүлэхээр болсон. Би яг одоо хэвлэлээ шүү гэхэд засаг дарга тэг гэсэн. Хөндлөнгийн гэрч Баяржаргал гэж хүн байсан. Тэгээд би хэвлээд гэрчилгээнүүдийг гаргаж өгөөд  Хэнтий явах ажил байсан учраас 5 дахь өдөр Хэнтий аймаг явсан. Явж байхад замд тухайн үеийн багийн Засаг дарга над руу ярьж байсан. Чи Э дугааргүй гэрчилгээ хэвлэсэн байна Засаг дарга чамайг бичиж өгсөн гэж хэлсэн гэсэн. Засаг дарга өөрөө болно бүтнэ гэж ярьчхаад дараа нь намайг буруутай мэтээр ярьж байгаад гомдолтой байна. Тэгээд 3 дахь өдрийн сонсгол дээр би Засаг даргын өөдөөс нь хэдэн үг хэлснээс болж захирамж гэрчилгээнүүдийг ******* даргад авчирч өгсөн байсан. ******* дарга намайг дуудаад уулзсан.

 Э.******* дарга дуудаад чи Алтансүх даргаас уучлалт гуй, үгүй бол өөрөө өргөдлөө бичиж ажлаасаа халагдах талаар хэлсэн. Би үгүй ээлжийнхээ амралтыг авмаар байна гэсэн. Эргэж хариу хэлээгүй 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр халах тушаал гарсан надад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуудаж тушаалыг өгсөн.

Иймд  гомдолтой байна. Намайг сэтгэл санааны их дарамтад оруулж байна. Гэрчилгээ гаргах дараалал буруу хийсэн үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхэд бэлэн харин  ажлаасаа халагдах хэмжээний зөрчил гаргаагүй гэж үзэж байна.

Энэ гаргасан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, сумын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг зөрчиж намайг улс төрийн зорилгоор ажлаас халж байна.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/1558 тоот албан бичигт энэ гомдлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн албан тоот ирсэн. Тухайн албан тоот 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний гар дээр албан ёсоор ирсэн.

Ер нь нэг нам дөрвөн жилийн хугацаатай гарч ирээд л төрийн захиргааны албан хаагчдыг золиос болгох өнгө аяс жилээс жилд нэмэгдэж байна.

Иймд ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*******ийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгох,******* сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү... гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт явуулсан  өмгөөлөлдөө: М.*******эгийн нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 06 дугаар  сарын 04-ний өдрийн Б/18 тоот тушаалаар М.*******д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан байдаг. Ажлаас халах тушаал гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3,  байгууллагын дотоод журмын 7.1.2-дахь заалтуудыг үндэслэсэн байдаг. Энэ тушаал анхнаасаа хууль бус гарсан гэж үзэж байна.

Учир нь: Нэгдүгээрт тушаалд үндэслэвэл зохих хууль тогтоомжуудыг зөв үндэслэж чадаагүй байна. Хоёрдугаарт Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхдөө баримталбал зохих хууль тогтоомжуудыг бүрэн баримтлаагүй байна. Мөн нэхэмжлэгч М.*******эгийн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй, эрхийг нь хязгаарласан байдлаар энэ тушаалыг гаргасан. Ингэснээрээ нэгдүгээрт М.*******эгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Хоёрдугаарт албаны дарга  хууль бус тушаал гаргасан гэж үзэж байна. Яагаад хууль зөрчсөн гэж үзээд байна гэхээр тушаал дээр  48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэсэн. Энэ бол төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө баримталдаг заалт боловч төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн тохиолдолд 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар чөлөөлөхөөр заасан байдаг. Гэтэл тушаалд 37, 39 дүгээр зүйлийн алийг нь зөрчсөн болох нь тодорхойгүй байгаа. Сая асуултаар асуусан боловч тодорхой хариулж чадсангүй ээ.   Хоёрдугаарт Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар мөн ажлаас чөлөөлөхийг заасан байдаг. Энэнд нь болохоор албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд 3 ба түүнээс дээш удаа бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн ойлголт явдаг. Гэтэл М.Эрдэнийн нэхэмжлэлтэй хэрэгт хэд хэдэн тушаал авагдсан байх боловч тэдгээр нь бүгд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар бол 2019 онд арга хэмжээ авагдсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Үүнээс хойш 2020 онд арга хэмжээ авагдаагүй, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б/08 тоот тушаалаар  арга хэмжээ авагдсан байдаг. Үүний дараа 2021 оны 06 сарын 04-ний өдөр Б/18 тоот тушаалаар халсан байдаг. 3 ба түүнээс дээш удаа сахилгын шийтгэл ногдуулагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Тушаал гарах болсон гол асуудал нь сонгууль болсон. Аль аль тал нь ингэж маргадаг. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-ээр эрх бүхий албан тушаалтан хэн ч бай гэсэн албан тушаалтанд хууль бус шийдвэр гаргах, биелүүлэхийг үүрэг болгохыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл******* сумын Засаг дарга Алтансүх өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг М.*******эс шаардсан байдаг.  Нэг удаа шаардаагүй, удаа дараа шаардсан. Энэ шаардлага хууль бус болохыг тайлбарласан. Биелүүлэхээс татгалзсан боловч энэ захирамжийг гаргасан. Захирамж албажаад гарсан учраас захирамжийг биелүүлж дээрх гэрчилгээнүүдийг олгосон байдаг. Ийм нөхцөл байдал тогтоогддог. Хэдийгээр удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй байх боловч  даргын энэ шийдвэрийг биелүүлэх үүднээс энэ захирамж гэрчилгээнүүдийг гаргасан байдаг. Энэ байдлууд нь юугаар нотлогдож байна бэ гэхээр хэрэг авагдсан******* сумын 3-р багийн иргэдийн нийтийн хурал дээр санал өгүүлэхээр  гэрчилгээг нь олгосон иргэдийг ирүүлсэн.  Үндсэн багийн иргэд нь санал өгүүлэхгүй буцаасан байдлаар Засаг даргын хууль бус ажиллагаа нотлогдож байна гэж үзэж байна. Иймд М.Эрдэнийг үндэслэл бүхий тайлбар гаргаж байгаа юм гэж үзэх үндэслэлтэй. Засаг даргын хууль бус шийдвэртэй холбогдож гарсан байна гэж тайлбарлах байна. Дараагийн нэг асуудал бол газрын харилцаа хот байгуулалтын газрын дотоод журмын 7.2.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Энэ журамд заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журам дээрээ ноцтой зөрчил гэдгээ тодорхойлж өгөөгүй байдаг. Хэрэв төрийн албаны тухай хууль юм уу, хөдөлмөрийн хуульд заасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа  бол аль хуулийн  заалт нь ноцтой зөрчилд хамаарч байгааг заагаагүй байдаг. Эдгээр нь тушаал хууль бус болохыг тогтоож өгч байна гэдгийг хэлье. Дараагийн гол асуудал бол төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулахдаа гол баримтлах эрхийн акт болох Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36, 32 дугаар тушаалаар батлагдсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам гэж байдаг. Энэ журам бол урьд нь байсан. Гэхдээ төрийн албаны тухай хууль батлагдсанаар шинэчилсэн байдлаар батлагдаж мөрдөгдөж байгаа. Энэ журам дээр маш нарийн зааж өгсөн. Өргөдөл гомдлыг яаж хүлээж авах юм бэ? Хэдий хугацаагаар, хэнд хэрхэн шалгах, ямар нотлох баримт бүрдүүлэх бэ гэдэг талаар маш нарийн зааж өгсөн байдаг. Гэтэл М.*******д сахилгын шийтгэл ногдуулах ажиллагаа хийгдээгүй. Сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг. гэрч Ч.Энхчулуун би утсаар мэдэгдсэн гэдэг боловч тэр нь захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж чадахгүй байгаа. Гомдол гаргах журамд заасан нарийн ажиллагааг бүрэн баримтлаагүй асуудлыг шийдвэрлэсэн. Ийм учраас газрын харилцаа барилга хот байгуулалтын даргын шийдвэр хууль бус байна .Иймд М.*******эгийн шаардлагыг бүрэн хангаж, газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 06 сарын 04-ний өдрийн Б/18 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Тушаал хууль бус болохоор М.*******эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. М.Эрдэнийг******* сумын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг байгууллагын нягтлан бодогчоор бодуулж өгсөн. Нийтдээ 4203210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тус газрын******* сумын газрын даамлаар ажиллаж байсан Машбат овогтой ******* “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаал”-ын 6 дугаар хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Газрын удирдлагын хэлтсийн даргатай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн батлуулсан байна.

Газрын даамал нь ажиллаж байх хугацаандаа “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 110 тоот тогтоолыг зөрчин Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн систем, газрын кадастрын системээр дамжуулан гэрээ, гэрчилгээ олгоогүй мөн******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны А/04 “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай" тогтоолд тусгагдаагүй газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газрын гэрчилгээ иргэдэд олгосон ноцтой зөрчил гаргасан.

Халзан сумын Засаг даргын 2021 оны 1/95 албан бичигт тус сумын газрын даамал М.******* нь байнга ажил тасалдаг, өгсөн үүрэг даалгавар цаг хугацаанд нь биелүүлдэггүй, улсын бүртгэлээс Э дугаар авалгүй Э дугааргүй гэрчилгээ бичсэн. Сумын Засаг даргаас тухайн мэргэжилтэнд арга хэмжээ авах санал ирүүлсний дагуу тус газраас 2021 оны 1/171 албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар доорх иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газрыг олгохоор тусгагдсан эсэх, иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон газрын захирамж шийдвэр эх хувь, дээрх захирамжийг гаргуулахад газрын даамлын зүгээс таныг ямар мэдээллээр хангаж танилцуулсан эсэх тайлбарыг******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 3/121 тоот албан бичгээр мөн газрын даамлын 4-р сарын цагийн баланс, газрын даамлын тайлбар, улсын бүртгэгчийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн.

М.******* нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны Б/20 тоот тушаалаар хяналт шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны Б/18 тоот тушаалаар Газрын даргын 2019 оны 1/322, 2/270 тоот албан бичгийн хариу ирүүлээгүй тул албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хүртэл 15 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2021 оны Б/06 тоот тушаалаар Газрын даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 2020 оны тайлан мэдээ гаргаж өгөөгүй тул 2 сарын цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл, 2021 оны Б/18 тоот тушаалаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газрын гэрчилгээ иргэдэд олгосон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 99684204, 88328027 дугааруудаар холбогдож 2021 оны 05 дугаар сарын 28-нд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дээр биечлэн ирж уулзсан.

Иймд М.Эрдэнийг “Төрийн албаны тухай” хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны А/39 дүгээр тушаалаар баталсан байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд газрын удирдлагын нэгдсэн системийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах тухай тогтоол гарсан байдаг. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны А/40, А/45, А/46 дугаар тушаалаар газар зохион байгуулалт,  төлөвлөлтийн цахим системийг нэвтрүүлж, хэрэглэгчийн эрх олгон, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем ажиллуулах журмыг баталсан. Энэхүү журмын дагуу жил бүрийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төслийг системээр дамжуулан боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах заалттай байдаг. Гэтэл******* сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн 13 иргэний өвөлжөө, хаваржааны газар нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн системийн 2021 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны А/220 дугаар /сүүлд 2021 онд шинэчлэгдсэн/ тушаалаар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4.1, 4.2-т эрхийн гэрчилгээ олгох дэс дарааллыг тодорхой заасан байдаг бөгөөд эрхийн гэрчилгээ олгохдоо өргөдөл хүсэлт хүлээн авахаас эхлээд нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх хүртэл үйл ажиллагааг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэн явуулна гэж заасан байдаг. Гэтэл******* сумын Засаг даргын 2021 оны А/27 дугаар “Өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх тухай” захирамжаар олгогдсон 13 иргэний хүсэлт нь “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу газрын кадастрын нэгдсэн системд бүртгэгдээгүй холбогдох дэс дарааллын дагуу системд Засаг даргын захирамжийг бүртгээгүй байна. Мөн эрхийн гэрчилгээнд Э дугааргүй газрын тухай хуулийн 23.6-д заасны дагуу “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэх заалтыг зөрчсөн байна. Энэ асуудал маань зөвхөн энэ оных биш юм. Энэ асуудлыг хэлэлцэж байхад гэр бүлийн хэрэгцээнд Лувсандавга овогтой Маруся гэдэг хүн дээр 15 жилийн хугацаатай гэрчилгээ гаргасан байдаг. Газрын тухай хуульд заасан дарааллыг баримтлаагүй байдаг. М.*******тэй холбоотой нөхцөл байдалтай танилцахад 2019, 2021 онуудад сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Энэ нь хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, 2021 оных нь болохоор газрын харилцаанд тайлан мэдээгээ өгдөггүй, идэвх санаачилгагүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авхуулж байсан юм байна лээ. Газрын гэрчилгээг хуурамчаар хүчин төгөлдөр бусаар гаргасан нь нэлээн ноцтой зөрчил гэж үзэж байна. Бид нарын хувьд дээд байгууллагаас хуулийн зөвлөгөө авсан. Тэгэхэд энэ бол хамгийн ноцтой зөрчил юм. Яагаад энэ хүнд арга хэмжээ авахгүй байна гэж байсан. Үүнтэй холбоотойгоор Засаг даргад хүргүүлсэн. Тэгээд 05 сарын 20-нд иргэдэд өвөлжөө хаваржааны зориулалтаар олгосон захирамжийг эх хувиар нь гаргуулж авсан. Мөн өмнөх онуудад хууль бусаар гаргасан гэрчилгээг эх хувиар нь явуулсан байдаг. Тэгээд М.Эрдэнийг дуудаж ажиллагаа хийсэн. Процесс ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг хийсэн. М.******* бид хоёр бол миний өрөөнд уулзсан. Уулзаад энэ бол маш ноцтой зөрчил байна. Ямар ч арга байхгүй халах зөрчил байна гэдгийг нь хэлсэн. Танай сумын Засаг даргаас ийм гомдол ирсэн гэж танилцуулсан. М.******* бол өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Намайг бол сонгуулийн зорилготой шавдуулж байсан гэдгээ хэлж байсан. Би бол нөхцөл байдал ийм байна, аль болох даамлуудынхаа талд шийдвэр гаргахыг хүсэж байсан. *******э чи өөрөө өргөдлөө өгөөд төрийн албаны нөөцдөө үлдэх юм уу, чи Засаг даргатайгаа уулзаад таны хэлснээр ингэсэн гэвэл авч үлдэж болох юм. Бусдаар бол чамайг авч үлдэх боломжгүй болсон байна. Чамайг авч үлдвэл би өөрөө хууль зөрчсөн болчих гээд байна гэж хэлсэн. *******  нэхэмжлэлдээ гомдмоор юм бичсэн байна лээ. Уг нь миний хувьд М.Эрдэнийн талд өөрт нь аль болох боломжтой хувилбараар нь шийдвэр гаргах гэж хичээсэн. М.*******  манай өрөөнөөс баярлалаа гээд гарсан. Яагаад би ингэж байна гэхээр манай сумдаар газрын даамлын асуудал маш учир дутагдалтай байдаг. Хүний нөөцийн асуудал дутмаг байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр би аль 2013 оноос ажилласан, ажилдаа гаршчихсан, ажлаа гартаа хийчихсэн хүмүүсийг тогтвортой байлгах үүднээс авч үлдэх бодолтой байсан. Даанч энэ гаргасан зөрчил нь ноцтой байсан. Надад бол М.Эрдэнийг улс төрийн ч байна уу ямартай ч ямар нэгэн байдлаар халах гэсэн зорилго байхгүй гэв. 

 

Гэрч Ч.Энхчулуун 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 09 сарын 24-ний өдрийн А/42 тоот тушаалаар уг зөвлөлийн дарга, гишүүдийг албан тушаалаар нь томилсон байдаг бөгөөд миний одоогийн ажиллаж байгаа албан тушаал нь уг зөвлөлийн даргаар ажиллахаар зохицуулагдсан байдаг юм.

М.*******тэй холбоотой гомдол******* сумын Засаг даргаас 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/95 тоот албан бичгээр манай байгууллагад ирээд  2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр газрын дарга надад даргын зөвлөлөөр оруул, наана нь энэ асуудлыг судалж шийдвэрлэ гэж цохсон. Ингээд энэ өдрөө ёс зүйн зөвлөл хуралдаж, М.******* нь өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан байсан тул дараагийн арга хэмжээ буюу Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т зааснаар ажлаас чөлөөлөх саналтайгаар даргын зөвлөлийн хуралд оруулсан. Энэ асуудлаар ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт, тогтоол гэх мэт ямар нэг эрхийн акт гараагүй, хурлын тэмдэглэлээр л баталгаажуулсан. Ёс зүйн зөвлөл нь М.*******тэй холбоотой гомдлыг надад цохогдсон өдөр нь хуралдаад хурлаараа даргын зөвлөлд ажлаас нь чөлөөлөх саналтайгаар оруулахаар шийдвэрлэсэн тул дээр дурдсан журамд заагдсан ажиллагаануудыг хийгээгүй. Харин үүний дараа буюу М.*******д ажлаас халах Сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын даргын Б/18 тоот тушаал гарахаас өмнө бол дээрх ажиллагаануудыг хийсэн.

М.******* гар утсаа авдаггүй, утсаа хаагаад алга болдог тул холбогдож чадаагүй. Ингээд М.*******д ажлаас халах Сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын даргын Б/18 тоот тушаал гарахын өмнө өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр түүнд утсаар мэдэгдсэн. Тэр үед манай байгууллагад ковидын ойрын хавьтал болсон гээд хэсэг ажиллаагүй бөгөөд тушаалаа эх хувиар нь бүүр сүүлд буюу 2021 оны 06 дугаар сарын 10 даар гардуулж өгсөн гэв.

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.*******ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “ М.Эрдэнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай ” Б/18 дугаар тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, хууль тогтоомжийг зөв үндэслэл болгоогүй, бүрэн мөрдөж хэрэгжүүлээгүй, эрхийг эдлүүлээгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас халах шийдвэр гаргасан хэмээн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн зүгээс М.Эрдэнийн гаргасан зөрчил нь ноцтой зөрчил байсан, өөрт нь сонсох, мэдэгдэх ажиллагааг хийж ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Маргаан бүхий захиргааны актаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-ыг баримтлан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны А/39 дүгээр тушаалаар баталсан байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж М.Эрдэнийг буруутгасан байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “ Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна ” гэж хуульчилжээ.

 

М.******* нь ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар******* сумын газрын даамлаар томилогдсон байх тул хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд газрын албаны ажилтны  хөдөлмөрлөх эрхийн харилцаатай, тухайлбал сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон байна.

 

Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан.

Хариуцагч нь М.Эрдэнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийн аль заалтыг нь зөрчсөн гэдгийг дурдаагүй, хэлэлцүүлгийн шатанд ч энэ талаар тайлбар гаргаагүй, дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа  хэдий ч байгууллагын дотоод журмын 10 дугаар дугаар зүйлийн 10.4.1 “Ажилтан дараах ноцтой зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд байгууллагын санаачилгаар ажлаас хална. а/ Ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэх үед согтууруулах ундаа 2-оос дээш удаа хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирэх, б/ Ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-дээш хоногоор орхисон, в/ Байгууллагын өмч хөрөнгө архивын болон мэдээллийн санг санаатайгаар устгах, гэмтээх”- гэж заасан байх бөгөөд  ноцтой зөрчил гэдэгт хариуцагчийн тайлбарлаж буй зөрчил нь хамаарахааргүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаартай “ төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдэх, гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах,шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж, тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулах зэрэг шат дараалсан ажиллагаа хийгдэх  ёстой. Гэтэл хариуцагч нь энэхүү журамд заасан процесс ажиллагааг хийгээгүй байхад М.*******д сахилгын арга хэмжээ авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч Ч.Энхчулууны мэдүүлэг, бусад үйл баримтаар нотлогдож байна. Тодруулбал, Нэгэнт журам зөрчсөн тул маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны дагуу гарч гэж үзэх боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.

Түүнчлэн хуульд заасан журмаар гаргасан засаг даргын захирамж, газрын даамалтай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулдаг байна. Үүнээс үзэхэд******* сумын Засаг дарга нь нэр бүхий 13 иргэнд газар эзэмшүүлэх захирамжийг гаргаж, уг захирамжийг үндэслэн тус сумын газрын даамал М.******* нь тухайн иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд орон нутгийн сонгуультай холбогдуулж нэр бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэж өвөлжөө хаваржааны газрыг эзэмших гэрчилгээ олгохыг ******* сумын засаг дарга Г.Алтансүх нь газрын даамал М.*******д үүрэг болгож, шаардсан буруутай ажиллагаа харагдаж байна.

Тэрчлэн хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг гаргасныг шүүхээс буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” , захиргааны үйл ажиллагаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “хуульд үндэслэх”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэдэгт нийцээгүй тул шүүхээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

 

Цалин гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч М.******* нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.

 

Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахтай” холбоотой хэсгийг шийдвэрлэв.

 

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг түүний цалингийн карт ёсоор тооцож, нийт ажиллаагүй хугацаа болох 103 хоногоор бодож, нийт 4203215 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

 

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.2.2-т заасан “төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн ... нэмэгдлээс бүрдэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн болно.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “М.Эрдэнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Эрдэнийг******* сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******д  4203215 / дөрвөн сая хоёр зуун гурван мянга хоёр зуун арван таван / төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч / Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч түүний өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭТУЯА