Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 14 байр 16 тоотод оршин суухД.М-ийн

Нас тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2015/01139/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1955 оны намар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далайн Заяадай гэх газар Д овогтой Л-н 4 дүгээр хүү болон төрсөн. 3 орчим настайд минь намайг манай аав өөрийн төрсөн ах Д овогтой Д үрчлүүлсэн. Би үрчилж авсан эцэг Д-н Д, Ч.Д нарын гар дээр өсөж 1964 онд Бүрэнтогтох сумын бага сургуульд анх 1 дүгээр ангид орж суралцсан юм. Тэр цагаас 1956 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн гэж иргэний бүртгэлийн бүх бичиг баримтанд бүртгэлтэй явж өдий хүрлээ. Иймд1955 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү... гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хэдийгээр хүсэлт гаргагч Д.М нь миний бие 1955 оны намар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд Д.Л-ын 4 дүгээр хүү болон төрсөн бөгөөд 3 орчим настайд минь намайг манай аав өөрийн төрсөн ах Д овогтой Д үрчлүүлсэн. 1964 онд Бүрэнтогтох сумын бага сургуульд 1 дүгээр ангид орж суралцсан. Тэр цагаас 1956 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн гэж иргэний бүртгэлийн бүх бичиг баримтанд бүртгэлтэй явж өдий хүрлээ. Миний төрсөн ээж Р овогтой А нь намайг 1955 оны намар төрсөн хонин жилтэй гэдэг байсан гэж тайлбарлаж байх боловч Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн албан бичигт Д-н Д эцэгтэй, Ч.Д эхтэй иргэн М-д холбогдох үрчлэлт Бүрэнтогтох сумын 1951-1964 онуудын үрчлэлтийн бүртгэлтийн дэвтэрт байхгүй болохыг тодорхойлов , Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд Р.А Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1951-1964 онуудын төрөлтийн бүртгэлд шалгаж үзэхэд төрөлт бүртгэгдээгүй байна гэх баримтуудаар няцаагдаж байх ба мөн энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн дараахь нотлох баримтыг үнэлээгүй болно. Үүнд: Үндэсний төв архивын 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 449 тоот албан бичгийг хэзээ хаанаас хуулбарласан нь тодорхойгүй нотариатаар гэрчлэгдээгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Д.М-ийн нас тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ