| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00220/И |
| Дугаар | 155/ШШ2016/00323 |
| Огноо | 2016-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00323
| 2016 оны 3 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2016/00323 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: А.Б
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн 8 дугаар ангийн 1978 онд төгсөөд хөдөө аав, ээжийн хамт малчнаар ажиллаж байгаад 1980 онд цэрэгт яваад цэргээс 1983 онд халагдаж ирээд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 4 дүгээр сар хүртэл хоньчноор ажиллаж байсан боловч улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч А.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/30 дугаартай архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээж өдөр нээж олгосон 170357 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардынзориг нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай Ээлжийн амралт олгох тухай хавсралтын ....43. А.Б 15 хоног 12-1 хугацаанд.... гэх тушаалын хуулбар,
Гэрч Д.А-н 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ....А.Б нь 1983 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч П.Ш-н 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ....А.Б нь 1983 оны хавар цэргээс халагдаж ирээд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин, адуучнаар ажиллаж байсан. 1991 онд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10/104 дугаартай ....тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардынзориг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул А.Бт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх лавлагаа,
Онцгой байдлын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг ....1997 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын конторын барилга гал түлсний улмаас шатаж...холбогдох баримт шатсан нь үнэн болно.... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/30 дугаартай ....1997 онд шатсаны улмаас архивын зарим баримт шатсан тул А.Бт холбогдох лавлагааг бүрэн гүйцэт гаргаж өгөх боломжгүй.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хонин хотгойд овогт А-н Б /**********/-ийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ