Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Төрийн банкны Х салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.О, Ц.О нарт холбогдох

Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62.975.823 /жаран хоёр сая есөн зуун далан таван мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Х салбарын захирал Ц.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.О, Ц.О нар нь Төрийн банктай 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ13/705 хавсралт, барьцаат зээлийн гэрээ 13/705-2 хавсралт хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ 13/705-3 байгуулан 65.000.000 төгрөгийг 3 жилийн /36 сар/-ын хугацаатай сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ13/705 барьцаат зээлийн гэрээ хавсралт 13/705-2 дагуу М сумын ... тоот 200 кв.м талбайтай автограж, 432 кв.м газрын хамт хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хавсралт 13/705-3 дагуу LEXUS 450 автомашин, малгай, бүс, морины хэрэгсэл, автомашины сэлбэг барьцаалсан. Зээлдэгч нар нь дараах үндсэн зээл, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 53.885.292 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1.226.678 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 652.30 төгрөг байна.

1. Зээлдэгч Х.О, Ц.О нарт Төрийн банк итгэл үзүүлэн зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн итгэлийг алдан гэрээний үүргээ удаа дараа зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул ЗГ13/705 тоот зээлийн гэрээний 6.2.3-т заасын дагуу гэрээг цуцалж өгнө үү.

2. Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 55.112.623 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 433.513 төгрөгийн хамт зээлдэгч Х.О, Ц.О нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Х.О, Ц.О нар нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Төрийн банкнаас 65.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг авч граж худалдан авахаар зээлийн гэрээ байгуулж, банкнаас зээл олгосон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хугацааг удаа дараа зөрчиж банк зэээлийг удаа дараа шаардаж байсан юм. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 55.112.623 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээр шийдвэрлэх хүртэл буюу өнөөдрийн байдлаар хүү нэмэгдэж 7.863.200 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний 6.2.3-т заасан заалтыг зөрчсөн тул зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62.975.823 төгрөгийг зээлдэгч Х.О, Ц.О нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.О  шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Төрийн банкнаас гарын үсэг зурж зээл авсан нь үнэн. Надад зээл авах сонирхол тухайн үед байгаагүй ба бусдад хууртагдаж зээл авсан. Гэхдээ зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж явсан ба зээлийн эдийн засагч Г.Жамбалгаравтай үл ойлголцсноос болоод намайг шүүхэд өгсөн гэж бодож явдаг тэрнээс зээл дуусах хугацаа нь болоогүй ба 2018 онд дуусах ёстой байтал банк хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин банк зээл нь төлөгдөхгүй байгаа тохиолдолд зээлдэгчид хуулийн болон бизнесийн зөвлөгөө өгөх ёстой байтал шүүхэд хандсан байгаа юм. Миний хувьд зээлнээс үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 34.000.000 төгрөг төлсөн байгаа. үндсэн зээл болон нэмэгдүүлсэн төлбөр төлсөн.

Мөн шүүхэд өгсөн тохиолдолд хүү зогсох ёстой гэж ойлгож байгаа гэтэл яагаад шүүхэд өгснөөс хойшх хүү нэмэгдэж 7 сая төгрөг болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба надаас шүүхэд анх нэхэмжилсэн 55 сая төгрөгөө гаргуулна гэвэл хүлээн зөвшөөрч болох юм гэв. Тэрнээс 62 сая төгрөг нэхэмжлэх юм бол хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О, Ц.О нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 55.112.623 /тавин таван сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун хорин гурав/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн бүгд 62.975.823 /жаран хоёр сая есөн зуун далан таван мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн банкны Х салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд ....зээлдэгч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хугацааг удаа дараа зөрчиж банк зэээлийг удаа дараа шаардаж байсан...2015 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 55.112.623 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээр шийдвэрлэх хүртэл буюу өнөөдрийн байдлаар хүү нэмэгдэж 7.863.200 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний 6.2.3-т заасан заалтыг зөрчсөн тул зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62.975.823 төгрөгийг зээлдэгч Х.О, хамтран зээлдэгч Ц.Ог нараас гаргуулж өгнө үү.... гэж тайлбар, мэдүүлэг өгч байх хэдийч зээлдэгч Х.О, Ц.О нар 2013 оны10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ13/705 тоот зээлийн гэрээний 6.2.3-т энэ гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол гэх заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гаргаж өгөөгүй байна.

Зээлийн гэрээний 6.2-т дараах нөхцөл үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж банк санаачлагаараа зээлийн гэрээг цуцлаж болохоор заасан ба уг гэрээг шүүх цуцлах боломжгүй болон зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 28-ний өдөр дуусахаар байх тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 62.975.823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэрээ цуцлах болон 62.975.823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Төрийн банкны Х  салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 3 жил /36 сар/-ын хугацаатай гэж бичсэн байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд 60 сарын хугацаатай гэж тайлбарлаж байгаа нь зээлийн гэрээний хугацаа зөрүүтэй, ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574.274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй Х.О, Ц.О нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 62.975.823 /жаран хоёр сая есөн зуун далан таван мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Х салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574.761 /таван зуун далан дөрвөн мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ