Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/854

 

    

     

   

 2022             8             25                                        2022/ДШМ/854

                                               

Д.М –д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Билгүүжин,

шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч Б.Д , Б.Г ,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.М гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2109012820250 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            ......... овогт Д-ын М, .........  оны ...  дугаар сарын ...- ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой, ажилгүй, ам бүл ... , эхнэр, ... хүүхдүүдийн хамт .........  дүүргийн ...  дүгээр хороо, .........  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............. /.  

          - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялыг багтааж 11.520.000 төгрөгөөр тогтоож шийтгүүлсэн.

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Л албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.Мөрөн, эргүүл хамгаалалтын цагдаа Д.Ганбаатар нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.М гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тоолон эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.М шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... миний бие Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ШЦ/556 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч, зохих журмын дагуу давж заалдах гомдол гаргаж байна ... 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглааныг зохион байгуулаагүй бөгөөд уг талбайд цуглаан болж байх үед өөрийн үзэл бодлоо илэрхийлэх замаар тухайн цуглааныг дэмжиж оролцохоор ирэхэд цагдаагийн алба хаагчид миний цуглаанд оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар хүч хэрэглэн надад халдсан байхад намайг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, улмаар ял шийтгэсэн. Өөрөөр хэлбэл тухайн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болсон цуглааныг намайг зохион байгуулсан гэж байгаа нь хэргийн бодит байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай огт нийцэхгүй бөгөөд энэ нь мөрдөгч, прокурорын хийсвэр таамаглал юм. Үнэхээр миний бие тухайн цуглааныг зохион байгуулсан бол энэ нь хавтаст хэрэгт авагдсан ямар баримтуудаар тогтоогдож байгааг шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолд энэ талаарх баримтыг зааж нэрлэхгүйгээр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр цугласан цуглааныг надад хамаатуулсан нь ойлгомжгүй юм. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан баримтуудад намайг цуглаан зохион байгуулсан талаарх нэг ч нотлох баримт байхгүй гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Энэ байдал нь хэргийг хэт нэг талыг барьж, гагцхүү Д.М гэдэг хүнийг л ямар нэг байдлаар буруутгах гэсэн хандлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Харин Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ” гэж зааснаар тухайн жагсаал, цуглааныг санаачлагчийг зохион байгуулагч гэж үзэхээр заасан бөгөөд миний бие уг цуглааныг хэзээ, хэрхэн санаачилсан нь тодорхойгүй байхад намайг цуглаан зохион байгуулагч гэж гүтгэж байгааг ахин дахин хэлмээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч буй үндэслэлийн тухайд: Миний бие анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд уг цуглааныг зохион байгуулагч биш гэдэг талаараа ч удаа дараа мэдүүлсээр ирсэн. Анхан шатны шүүх, прокурорын байгууллага намайг буруутгахдаа хохирогч гэх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Л албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.Мөрөн, эргүүл хамгаалалтын цагдаа Д.Ганбаатар нарын мэдүүлгийг гол нотлох баримт болгон ашигласан байх бөгөөд эдгээр хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах замаар цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлага нь хууль ёсны байсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж заасныг тогтоогоогүйг илэрхийлэх бөгөөд миний бие Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчсөнийг эсхүл зөрчихийг завдсаныг цагдаагийн байгуулллагын албан хаагчид таслан зогсоосон эсэхийг шүүх огт анхаараагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.М миний бие цуглаан хийж байсан Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд хүүхдийн гутлууд авч орж, үзэл бодлоо илэрхийлэх нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хууль тогтоомжийн ямар зүйлийг хэрхэн зөрчиж байгаа талаар Цагдаагийн алба хаагч нараас тайлбар авах гэснээс үүдсэн үйл явдал болохоос миний бие хууль тогтоомж зөрчөөд, түүнийг цагдаагийн алба хаагч нар таслан зогсооход эсэргүүцэж, гэмт хэрэг үйлдсэн явдал биш гэдэг нь хохирогч гэх С.Л мэдүүлгээс тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд Жагсаал, цуглаанд оролцогчийн эрх, үүргийг зааж өгсөн байх бөгөөд миний бие уг цуглаанд оролцогчийн хувьд хуульд хориглоогүй арга хэрэгслээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж үзэж байна. Гэтэл уг эрхээ хэрэгжүүлж, эдлэхэд хууль бусаар саад учруулсан мөн миний биед халдсан цагдаагийн алба хаагчид хохирогч болж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх гэсэн миний бие ялтан болж байгаад харамсаж байна. Энэ талаар хохирогч гэх С.Л , И.М , Д.Г нарын мэдүүлэгт гутал оруулахгүй гэсэн шаардлага тавьсан талаараа ярьдаг бөгөөд харин цуглаанд оролцогч үзэл бодлоо илэрхийлэхдээ хүүхдийн гутал авч орох, түүнийг ашиглаж, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглоогүй байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид ямар нэг хэлбэрээр шаардлага л тавьсан бол иргэд түүнийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй, тухайн шаардлага нь хууль ёсны байх эсэхээс үл хамаарч түүнийг л биелүүлэх үүрэгтэй мэтээр үзэж надад ял оногдуулж байгаа шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс намайг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн цуглааныг зохион байгуулагч гэж үзэн ял шийтгэхдээ ... шүүгдэгч Д.М гийн зохион байгуулсан жагсаал нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэж гэм буруутайд тооцсон болохыг тайлбарлах нь зүйтэй гэжээ. Гэтэл 2021 оны 09 сарын 30-ны өдөр жагсаал болоогүй. Жагсаал болсон бол түүнийг нь миний бие огт мэдэхгүй бөгөөд шүүгч жагсаал, цуглаан хоёрын хууль зүйн үр дагавар, хэлбэрийг нарийвчлан ялгахгүйгээр жагсаал зохион байгуулсан болгож байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг бий болгосон. Зүй нь намайг прокурорын байгууллагаас яллахдаа цуглаан зохион байгуулсан гэсэн боловч шүүх яллах дүгнэлтийн хэмжээнээс хальж намайг жагсаал зохион байгуулсан болгож яллажээ. Түүнчлэн шүүхээс надад ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь миний үзэл бодлоо илэрхийлэх, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн этгээдэд оногдуулах ял нь сонгох санкцтай торгох боломжтой зүйл байхад үүнийг мөн хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, үйл явдал зэрэгт дүн шинжилгээ хийж хэргийг шударгаар шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг цагаатгаж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын 80 хувь нь жагсаал, цуглааны тухай баримт байгаа. Монгол Улсын хууль тогтоомж болон хэм хэмжээний актуудын хүрээнд тухайн хэм хэмжээний актуудыг сахихыг шаардаж байгаа үйлдлийг хууль ёсны шаардлага тавих гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт хийсэн тэмдэглэлийг харахад тухайн цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан эсэх нь эргэлзээтэй. Тухайн цагдаа хууль ёсны шаардлага огт тавиагүй. Д.М гээс хурааж авсан эд зүйл нь хориглосон эд зүйлийн жагсаалтад байхгүй. Цагдаагийн алба хаагчийн амнаас гарч буй үг болгон хууль ёсны шаардлага биш юм. Энэ үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл байтал даамжруулан 10 гаруй мөрдөн байцаагч томилж Д.М г яллах чиг хандлагатай байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бүгд миний үйлчлүүлэгчийн эсрэг байсан. Зарим прокурор, мөрдөгчийн тэмдэглэл дутуу хийгдсэн байсан. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан үүссэн нөхцөл байдал тодорхой харагддаг. Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллагаас анхаарал татахуйц хэд хэдэн цагдаагийн алба хаагчид өөрсдөө хууль бус үйлдэл хийсэн гэж ойлгогдоно. Жагсаал, цуглаан болж буй газарт хориглосон эд зүйлс оруулж байгаа эсэхийг шалгах нь цагдаагийн байгууллагын эрх хэмжээний асуудал мөн байх. Д.М гийн авч явсан гутлыг шалгаж дуусаад цагдаагийн алба хаагчид аваад явчихсан бөгөөд үүнээс маргаан эхэлсэн. Тэр эд зүйлийг авч явахаар бол эд зүйлс хураан авах тухай тэмдэглэл үйлдэж, хурааж авч байгаагаа мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хүний эд зүйлийг хурааж авахдаа хууль сануулсан үйлдэл огт хийгээгүй. Д.М жагсаал, цуглаан зохион байгуулсан талаар баримт хавтаст хэрэгт ганц ч авагдаагүй. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж жагсаал, цуглааныг бүртгүүлсэн этгээдийг ойлгоно. Гэтэл Д.М г хууль бусаар жагсаал цуглаан байгуулсан гэж үзэж байгаа бол ямар мэдээллийн хэрэгслээр хэдэн хүнийг уриалан дуудсан зэрэг талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдсан байх ёстой. Тухайн шүүхийн шийтгэх тогтоолд “Хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан этгээдийг таслан зогсоосон цагдаагийн албан хаагчийн биед халдсан” гэсэн байгаа. Жагсаал, цуглааныг тараах эрх цагдаагийн алба хаагчид байхгүй. Засаг даргын шийдвэр нь байхгүй. Хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг зөвхөн яллах талын нотлох баримтууд авагдсан байгаа. Цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьж чадаагүй. Д.М цагдаагийн алба хаагчид “Хориглосон эд зүйл надад байхгүй” гээд шалгуулаад байхад тухайн гутлыг авч явах ямар ч шаардлагагүй байсан. Тухайн жагсаал, цуглааныг тараах тушаалыг тухайн цагдаа нарт өгөөгүй байсан.  Д.М г цагдаа нар харин ч хамгаалах ёстой байсан. Энэ байдалд нь анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Т.Билгүүжин шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан нь харагддаг. Д.М тэй маш удаан, зөвөөр хууль ёсны шаардлага тавьж харьцсан байдаг. Тухайн жагсаал, цуглаан хууль ёсны дагуу явагдаагүй гэдэг нь нотлогдон тогтоогдсон. Эрх бүхий байгууллагад бүртгүүлж байж жагсаал, цуглаан хийх ёстой байтал бүртгүүлээгүй. Мөн Д.М “Манай хүн талбайн урд талд гутал авчирсан байна. Тэрийг цагдаа нар оруулахгүй байна” гэж хэлсэн байдаг ба үүнийг бусад гэрч, хохирогч нар бүгд мэдүүлдэг. Энэ жагсаал, цуглааныг Д.М зохион байгуулсан нь нотлогдсон. Д.М удаа дараа хууль ёсны шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй. Цагдаагийн алба хаагчид хууль ёсны шаардлага тавихад Д.М “Чи хэн юм бэ? Чамайг ажилгүй болгоно, би чамд хууль заана, хоёулаа эр хүн шиг үзье” гэх зэрэг зүйлс хэлсэн байдаг. 2 цагдаагийн алба хаагчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч тодорхой хэмжээний шарх үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Камерын бичлэгт цагдаагийн албан хаагчийн мөрдөс, малгай зэрэг унаж байгаа болон цагдаагийн алба хаагчийг цохиж байгаа нь маш тодорхой харагддаг. Д.М Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ талаар ярьдаг боловч үүргийнхээ талаар ярьдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Д.М нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийх гэж байсан үйл ажиллагааг таслан зогсоохоор очсон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Л цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “..хүүхдийн гутлууд авч орно, бид нар наад эд зүйлүүдээр чинь акц хийнэ, та нарт оруулахгүй эрх байхгүй, ...чи хууль мэдэх үү, хуулийн хичээл заалгамаар байна уу, чи яаж энэ цолонд хүрсэн юм, давраад байгаарай, хоёулаа эр хүн шиг үзэх үү, амралтын өдөр цаг тохироод дэвжээн дээр үзэх үү” гэх мэтээр  хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,  мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.Мөрөнг цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж түүний цээжин тус газар нь  гараараа цохих, түлхэх зэргээр хүч хэрэглэсэн, гадуур хүрэмний  зүүн талын мөрдөснөөс татаж  мөрдсийг газарт унагааж эсэргүүцсэн,  эргүүл хамгаалалтын цагдаа Д.Ганбаатарыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж түүнийг биеэрээ түлхэн унагаасан, “Ажлаа хийж чадахгүй, хууль мэдэхгүй, чи миний биед хүрдэг хэн юм бэ” гэж хэл амаар доромжилж, хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

            Энэ үйл баримт нь хохирогч нарын тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн:

            хохирогч С.Л “ ... 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд том хайрцагтай эд зүйл барьсан жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс рүү авч явж байна гэх мэдээллийг явган эргүүл тухайн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарт өгсөн. Энэ мэдээллийн дагуу тус цэцэрлэгт хүрээлэнгийн Ассемын хөшөөний дэргэд очиход хайрцагтай эд зүйл авч явсан иргэн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэн явах гэж байхад иргэн Д.М нь ирж уг эд зүйл болох хүүхдийн гутлууд авч орно, бид нар наад эд зүйлүүдээр чинь акц хийнэ, та нарт оруулахгүй байх эрх байхгүй, мөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Я.Я.Г нь хууль ёсны шаардлага тавих үед хувцаснаас нь зуурч гараа тавихгүй барилцаж авсан. Мөн дараа нь над руу дайрч давшлан урдаас чанга дуугаар орилж чи хууль мэдэх үү, хуулийн хичээл заалгамаар байна уу, чи яаж энэ цолонд хүрсэн юм, давраад байгаарай, хоёулаа эр хүн шиг үзэх үү, амралтын өдөр цаг тохироод дэвжээн дээр үзэх үү гэх мэтээр дайрч шаардлага биелүүлэхгүй эсэргүүцсэн. Д.М нь цагдаагийн алба хаагч Мөрөнгийн цээж, мөр хэсэг рүү түлхэж биед нь халдсан. Улмаар мөрдсийг нь тасалж унагаасан байсан. Д.М нь харилцааны хувьд харьцахад маш хүндрэлтэй өндөр дуугаар орилж чамд оруулахгүй байх эрх байхгүй, чи яаж энэ цолонд хүрсэн юм гэх мэтээр хэл амаар доромжилж заналхийлж байсан ... ” /1 xx 85-89/ гэх мэдүүлэг,

хохирогч И.М “ ... Д.М нь хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Я.Ганбаттай маргалдаад манай тасгийн дарга С.Лхагвадоржтой зууралдсан. Тасгийн дарга С.Л хууль ёсны шаардлага тавих үед хувцаснаас нь зуурч, гараа тавихгүй байсан. Би Монголхүүгийн гарыг нь тавиулах гэхэд урдаас чанга дуугаар орилж тасгийн дарга С.Л-д  хандан “ ... чи хууль мэдэх үү, хуулийн хичээл заалгамаар байна уу, давраад байгаарай, хоёулаа эр хүн шиг үзэх үү, амралтын өдөр цаг тохироод дэвжээн дээр үзэх үү” гэж заналхийлсэн ... Д.М миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, нэг удаа түлхсэн, би яг газар унах гэж байгаад арай гэж хөл дээрээ тогтсон … миний баруун гарын сарвуу шалбарч, баруун гар, цээж хөндүүр болсон. Мөн тэр явдлаас хойш толгой өвдөж, шилэн хүзүүгээр хөндүүрлээд байна. Монголхүүг гүйж байхад нь араас нь очиж барьж таслан зогсоох үед миний гадуур хүрэмний зүүн талын мөрдөснөөс татаж мөрдсийг газарт унагаасан ... ” /1xx 93-95/,

хохирогч Д.Г  “ ...Талбай руу гутал оруулахгүй гээд хошууч Лхагвадорж, ахлах ахлагч Гандуулга нар хориглоход зогсохгүй байсан. Гутал барьчихсан байсан дэд ахлагчийг түлхэж, хайрцагтай гутлыг татаж байсан. Энэ үед таслан зогсоож баривчлах үүргийг хурандаа Я.Г өгч бид нар очиж баривчилсан бөгөөд баривчлах үеэр Мөрөн, Гандуулга бид гурав гавлах гэж ноцолдсон, намайг биеэрээ түлхэж цэцэрлэгийн явган замын хажуу хэсэг рүү унагаасан. Энэ үед миний камер, малгай, мөрдөс унасан байсан гэхдээ урагдаж гэмтсэн зүйл байхгүй. Би босож ирээд бид гурав нийлж байгаад ард нь гарыг нь гавласан байгаа. “Ажлаа хийж чадахгүй, хууль мэдэхгүй, чи миний биед хүрдэг хэн юм бэ” гэж хэл амаар доромжилж байсан. Тухайн үед хэлтсийн дарга хурандаа Ганбат, хэв журмын тасгийн дарга хошууч Лхагвадорж нар нь хүүхдийн гутал авч Сүхбаатарын талбай руу орж бусдыг жагсаал цуглаанд уриалахаас сэргийлж “оруулахгүй, одоо гутлаа аваад явчих” гэж хэлэхэд шаардлага биелүүлэхгүй дайрч цагдаагийн гарт байсан хайрцагтай гутлыг булаах гэж дайрах үед нь таслан зогсоосон ... ” /1xx 99-101/  гэх мэдүүлэг, мөн хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжийг  давхар нотолсон

гэрч Я.Г “... Сүхбаатарын талбайд үл таних залуу цаасан хайрцагтай хүүхдийн хуучин гутал авчирч иргэн Д.М нарын зохион байгуулж байсан бүртгэлгүй цуглаан руу аваачих үед нь шаардлага тавьж явуулсан. Гэтэл энэ үед Сүхбаатарын талбай дээр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулна гэж хэсэг бүлэг хүмүүсийн хамт Д.М нь тэр залуугаас хайрцагтай гутлыг нь булааж аваад Сүхбаатарын талбай руу цаасан хайрцагтай хүүхдийн хуучин гутал оруулна гэсэн учир би Сүхбаатарын талбай руу эд зүйл оруулж болохгүй гэж хууль ёсны шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцсэн ... ” /1xx 104-105/,

гэрч Ж.О “... хайрцагтай зүйл барьсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн талбайн урд талаасаа талбайн Сүхбаатар Жанжины хөшөө хэсэг рүү явах гэж байхад Цагдаагийн алба хаагчид тухайн хүмүүсийн барьж явсан эд зүйлсийг шалгаж үзээд жагсаал цуглаан нь бүртгэгдээгүй жагсаал цуглаан учраас нэвтрүүлэх боломжгүй гэж хэлсэн. Гэтэл талбайн төв хэсгээс Д.М гэх залуу лайв хийж ирээд “та нар бид нарын жагсаал цуглаанд ашиглах гэж байгаа эд зүйлсийг яагаад оруулахгүй байгаа юм, та нар мэддэг юм уу, би мэдэж байна оруул” гээд бахираад байсан. Тэр үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга хошууч С.Л нь иргэн Д.М болон тухайн цаасан хайрцагтай эд зүйлс барьсан хүмүүст энэ жагсаал цуглаан нь бүртгэгдээгүй жагсаал, цуглаан учраас нэвтрүүлэх боломжгүй гэж хууль ёсны шаардлагыг тавьсан боловч иргэн Д.М нь “Чи мэддэг юм уу? Би мэддэг юм, хоёулаа зодолдох уу” гээд дайраад байсан. Тэр үед Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч тухайн цаасан хайрцагтай эд зүйлийг талбай руу нэвтрүүлж болохгүй гээд авах гэтэл Д.М нь тухайн алба хаагчийг араас нь татаад мөрдсийг нь урж, биед нь халдан татаж, чангааж байгаад малгайг нь газар унаган дээр нь гишгэсэн. Алба хаагчид Монголхүүд удаа дараа “та гаргаж байгаа үйлдлээ зогсоохгүй бол хуульд заасан албадлагын арга хэмжээ авна” гэж хэлж байсан боловч Д.М нь алба хаагчдын биед халдаж, шаардлага эсэргүүцээд байсан учраас алба хаагчид биеийн хүч хэрэглэн Д.М г цагдаагийн албаны машинд суулган авч явсан ...” /1xx 110-101/, 

гэрч Ч.Ч “... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өдөр бүр Сүхбаатарын талбай дээр үзэл бодлоо илэрхийлж очиж байсан. ... 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уриа лоозонгоо бариулаад байж байтал Э.Одбаяр, Д.М , н.Пүрэвдулам, н.М.Х  гэх эмэгтэй нар надтай хамт үзэл бодлоо илэрхийлэх гэж ирсэн. /1 хх 144-145/, 

гэрч Ц.Ж “... 2021 оны 09 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн орчим Сүхбаатарын талбай дээр очиход Д.М ... нар байсан, ... хүмүүс дэмжиж ирж буцаж байсан. Д.М гутал ирж байгаа, нэг нь явчихсан гэсэн. Тэгээд би араас нь Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд очиход нэг хайрцагтай гутал ирчисэн байсан. Цагдаа нар гутал оруулахгүй гэж байсан ба тэд нар “цүнхэндээ хийгээд орох уу”  гэж ярилцаж байгаад би цүнхгүй байсан тул куртикны халаас, энгэртээ хэд хэдэн гутал хийсэн. ... Цагдаа нар оруулахгүй гээд бид гуталнуудыг газар асгасан. Тэд нар цагдаад “энэ чинь зүгээр гутал ш дээ шалгаад оруулаач” гэж хэлсэн. Цагдаа нар оруулахгүй, энэ юу ч байж магадгүй,.. гэж хэлж байсан. Тэд маргалдаж эхэлсэн ... би хайрцагтай гутлыг сандал дээр тавиад хаашаа авч явахаа мэдэхгүй байж байтал цагдаа ирж хурааж аваад явсан. Тэгэхэд Д.М наадах чинь хүний өмч, та нар халдах эрх байхгүй, хураалгахгүй гээд гүйж очоод хайрцагтай гутлыг цагдаагаас авах гэж оролдоход түүнийг цагдаа нар унагааж гавлаад цагдаагийн машинд суулгаад аваад явсан ...” /1xx 150-152/,

гэрч Н.Б “ ... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/0085 дугаартай шаардлагыг би тус өдрийн 14 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын хөшөөний урд хэсэгт бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж байсан иргэн Д.М амаар уншиж танилцуулан хүлээлгэн өгөх гэсэн боловч Д.М нь уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тул шаардлагын доод хэсэгт өөрийн гараар тэмдэглэл үйлдсэн ... ” /1xx 157-158/  

гэрч Д.Б “... Сүхбаатарын талбай гэлтгүй бусад газарт бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан тохилдолд жагсаал цуглааныг тараах талаарх албан бичгийг үндэслэж цагдаагийн газраас ... албадан тараах шаардлагыг хүргүүлдэг ... иргэн Д.М нь 2021 оны байдлаар жагсаал, цуглаан зохион байгуулах ямар нэгэн хүсэлт, мэдэгдэл ирүүлж байгаагүй ... ” /1 хх 154-155/, 

гэрч П.Б “ ... Д.М нар нь дүүргийн Засаг даргад хандан жагсаал цуглаан хийх мэдэгдлийг 2021 онд ирүүлээгүй ...” /1 хх-162-163/, 

гэрч Н.Б “ ... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/0085 дугаартай шаардлагыг ... жанжин Д.Сүхбаатарын хөшөөний урд хэсэгт бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан иргэн Д.М амаар уншиж, танилцуулан хүлээлгэн өгөх гэсэн боловч Д.М нь уг шаардлагыг хүлээж авахаас татгалзсан ... ” /1 хх 157-158/,

гэрч М.Х  “Д.М тэй клаб хаус апликейшнээр дамжуулж танилцаж байсан бөгөөд тухайн өдөр ... клаб хаус сонсож байхад залуучууд Сүхбаатарын талбай руу явж байна гэхээр нь очиход ойролцоогоор 4-5 хүн байсан. Тэнд байсан хүмүүсийн нэг нь талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд талбай руу оруулах гэж байсан хайрцагтай хүүхдийн гуталнуудыг цагдаа нар оруулаагүй байна гэсэн ... Д.М цагдаа нар дээр очиж гуталнуудыг талбай руу оруул гэсэн шаардлага тавихад цагдаа нар оруулахгүй гэсэн ...” /1хх 147-148/ гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/1437 дугаартай “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу дүүргийн Засаг даргад хандан иргэн Д.М гээс 2021 онд жагсаал, цаглаан хийх тухай мэдэгдэл ирүүлээгүй байна”  гэх албан бичиг /1 хх 227/,

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07/4308 дугаартай “... Д.М гээс Жанжин Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлт, мэдэгдэл  бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /2 хх 10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9505 дугаартай “ ... Д.Г биед дагзны хуйх, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмт тогтоогдлоо... ” /1xx 171-172/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №9520 дугаартай “...И.М биед баруун шуунд зургаралт гэмтэл тогтоогдлоо” /1xx 180-181/ гэх дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт болох сиди бичлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч  хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол”  гэмт хэрэгт тооцохоор  хуульчилжээ.

Шүүгдэгч Д.М нь  дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад  учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж хүсэж үйлдсэн байх ба энэхүү гэмт хэрэг нь хууль сахиулагчид хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.М гийн “ ... цуглааныг зохион байгуулсан талаарх нэг ч нотлох баримт байхгүй.., цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлага хууль ёсны эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ... миний бие  Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчсөнийг  эсхүл зөрчихийг завдсаныг цагдаагийн байгууллагын алба хаагчид  таслан зогсоосон эсэхийг анхаараагүй,.. Жанжин Сүхбаатарын  нэрэмжит  талбайд  хүүхдийн гутлууд  авч орж, үзэл бодлоо илэрхийлэх нь Жагсаал, цуглаан  хийх журмын тухай Монгол Улсын хууль тогтоомжийн ямар зүйлийг хэрхэн зөрчиж байгаа талаар Цагдаагийн алба хаагч нараас тайлбар авах  гэснээс үүдэн  үйл явдал болж хууль тогтоомж зөрчсөн, ... тухайн шаардлага нь  хууль ёсны эсэхээс  үл хамаарч  түүнийг биелүүлэх үүрэгтэй мэтээр  үзэж надад ял оногдуулж байгаа .., зохион байгуулсан  жагсаал нь  хуульд нийцээгүй гэж  шүүх дүгнэж гэм буруутайд тооцсон болохыг тайлбарлах..,  ... өдөр жагсаал болоогүй, жагсаал болсон бол  түүнийг нь  миний бие огт  мэдэхгүй бөгөөд  шүүгч жагсаал, цуглаан хоёрын  хууль зүйн үр дагавар, хэлбэрийг нарийвчлан ялгахгүйгээр жагсаал зохион байгуулсан  болгож байгаа, ...  ял оногдуулахдаа ... миний үзэл бодлоо илэрхийлэх, ажил хөдөлмөр  эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн бөгөөд ... сонгох санкцтай  торгох боломжтой  зүйл байхад  үүнийг хэрэглээгүйд мөн гомдолтой байна” гэх гомдол, шүүгдэгч Д.М гийн  өмгөөлөгч Б.Д ын гаргасан “ ... цагдаа хууль ёсны шаардлага огт тавиагүй. Д.М гийн ... хориглосон эд зүйлийн жагсаалтад байхгүй” гэх, шүүгдэгч Д.М гийн  өмгөөлөгч Б.Г ын “ ... жагсаал, цуглааныг тараах эрх цагдаагийн алба хаагчид байхгүй. Засаг даргын шийдвэр байхгүй,... жагсаал, цуглааныг тараах тушаалыг тухайн цагдаа нарт өгөөгүй байсан ... энэ байдалд нь анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай ” гэх  агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбаруудыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хуульд захирагдах ёстой бөгөөд хууль дээдлэх үндсэн хэм хэмжээ нь хэн ч хуулиас дээгүүр байхгүй байх явдал юм.

Тодруулбал, Монгол Улсын иргэн нь Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх нь иргэний үндсэн үүрэг бөгөөд иргэн бүр эрх зүйн хариуцлагаар хамгаалагдаж нийгмийн харилцаанд оролцохдоо ижил тэгш эрхтэй байх шаардлага тавигддаг.

Д.М нь Сүхбаатарын талбай дээр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийх гэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Л өгсөн мэдүүлэг /1 xx 85-89/, хохирогч Д.Г  өгсөн мэдүүлэг /1xx 99-101/, гэрч Я.Г өгсөн мэдүүлэг /1xx 104-105/, гэрч Ж.О мэдүүлэг /1xx 110-101/, гэрч Ц.Ж  өгсөн мэдүүлэг /1xx 150-152/,  гэрч Н.Б өгсөн  мэдүүлэг /1xx 157-158/, гэрч Д.Б өгсөн мэдүүлэг /1 хх 154-155/, гэрч П.Б өгсөн мэдүүлэг /1 хх-162-163/, гэрч Н.Б  өгсөн мэдүүлэг /1 хх 157-158/, гэрч Ч.Ч өгсөн мэдүүлэг /1 хх 144-145/, гэрч М.Х өгсөн мэдүүлэг  /1хх 147-148/, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/1437 дугаартай албан бичиг /1 хх 227/, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07/4308 дугаартай албан бичиг /2 хх 10/ болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, ... нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж  заасан байх ба жагсаал цуглаан хийх тохиолдолд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн зорилт нь тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн Үндсэн хуулийн эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох бөгөөд уг арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэд нь тус хуулинд заасан журмыг дагаж мөрдсөнөөр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж заажээ.

Цагдаагийн албаны тухай тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  заасан цагдаагийн албаны нийтлэг үүрэгт “Нийтийн хэв журам хамгаалах” гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн  хуулийн  23 дугаар зүйлийн  23.2 дахь  хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн... хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.” гэж заасны дагуу хууль сахиулагч нар Д.М шаардлага тавихад хууль сахиулагч нарыг Д.М нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцжээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М нь хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулахаар завдсан байх бөгөөд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийх гэж байсныг таслан зогсоосон хууль сахиулагч С.Л , И.М , Д.Г нарыг албан үүргээ албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулинд гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлэх бөгөөд хэрэв  бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан тохиолдолд Засаг даргын захирамжаар албадан тараахаар хуульчилсан.

Д.М гийн хувьд жагсаал, цуглааныг зохион байгуулахаар завдаж, зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийх гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байх тул түүний гаргасан “... Засаг даргын шийдвэр байхгүй,... жагсаал, цуглааныг тараах тушаалыг тухайн цагдаа нарт өгөөгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1 дэх хэсэгт “цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”, 23.1-т “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

 Хохирогч С.Л , И.М , Д.Г нар  нь хууль сахиулагч /2хх 21-41/  мөн байх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд заасан албан үүргээ биелүүлж, иргэнд хуулийн хүрээнд зүй ёсны шаардлага тавьсан байна.

Мөн цагдаагийн алба хаагчид нь албан үүргийнхээ дагуу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Жанжин Сүхбаатарын тайлбайд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлстийн цагдаагийн хурандаа Я.Г баталсан “Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр явган эргүүлд ажиллах цагийн хуваарь”-иар /1хх 225/ тогтоогдож байна.

Тодруулбал ахлах ахлагч Б.Гандуулга, дэд ахлагч М.Хосбилгүүн, дэслэгч И.Мөрөн нар нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1000-1800 цагуудад Сүхбаатар талбайн орчимд үүрэг гүйцэтгэх цагийн хуваарийн дагуу эргүүл хийж, албан үүргээ гүйцэтгэж байжээ.

Иргэн Д.М нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23.6 дугаар зүйлд заасны дагуу “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ зөрчиж, хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.М г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч  хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас  гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас  гурван жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Д.М гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын бүсчлэлийг  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулагдсан шүүх  нь аливаа этгээдийн хуулиар хамгаалсан эрх хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус халдлагаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх онцгой бүрэн эрхтэй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно. 

Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгч Д.М гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Д.М гийн гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/556 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

  ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН