Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00918

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00918

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум  дундын  иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум, ************** багт оршин суух, М Б-ийн М (************** )

Хариуцагч: Хөвсгөл аймаг, М  сум, ******************* оршин суух, А  Г-ийн М(********* )

Хариуцагчийн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ************** багт оршин суух, Т  Д-ийн О (************* )

Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Б-ийн М ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай  үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн төлөөлөгч Д.О-ий  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М-д холбогдох, сөрөг нэхэмжлэлтэй, 155/2024/00841/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.М , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

хариуцагчийн төлөөлөгч Д.О , түүний өмгөөлөгч Б.Батдорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М  нь  хариуцагч Г.М д холбогдуулан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээний 0000306460 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1404000821 дугаарт бүртгэгдсэн 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Б-ийн М ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 

1.1.Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Б.М  нь 2021 онд Г.М  гэдэг хүнээс нэгж талбарын 210400067 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкаас 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгөөр нийт 15,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны 4 удаагийн гүйлгээгээр 9,860,000 төгрөгийг тус тус шилжүүлж, газрын үнийг бүрэн төлсөн.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр батлуулж, Д.М-өөс  газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургуудын эх хувь, иргэний үнэмлэхийн хуулбарууд, өөрийнх нь гараар бичсэн өргөдөл, эд хөрөнгө худалдан борлуулсны албан татвар төлсөн тухай баримт зэргийг авч Бүрэнтогтох сумын газрын даамалд газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн өргөдлийг гаргасан. Тэгтэл газрын даамлаас газар эзэмших эрхийг заавал цахимаар шилжүүлэх ёстой, газар зарж байгаа хүн нь өөрийн цахим эрхээр нэвтэрч хүсэлтээ илгээх шаардлагатай гэдэг зүйлийг хэлсэн.

Ингээд би Г.М-тэй  уулзаж, утсаар ярьж олон удаа цахимаар хүсэлтээ илгээхийг шаардсан боловч хүсэлтээ илгээнэ, газраа шилжүүлж өгнө гэсээр яваад өнөөдрийг хүртэл хүсэлтээ цахимаар илгээгээгүй тул би газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй явж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 5.1-д Газар эзэмших, ашиглах хусэлт дараа> төрөлтэй байна. 5.1.2. газар эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэх тохиолдолд, 5.1.2.1 эзэмшил газраа бүхэлд нь шилжүүлэх, 5.1.2.2 эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх гэж заасан ба 5.2-т журмын 5.1-д заасан хүсэлтээ Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /egazar.gov.mn/ болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /e-mongolia/-ээр дамжуулан цахимаар гаргана гэж заасан тул Г.М  газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ заавал https://egazar.gov.mn/ цахим хуудсанд нэвтэрч илгээх ёстой бөгөөд тус системд нэвтрэхэд нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код зэрэг хувь хүний мэдээлэл, гар утсанд нь ирсэн баталгаажуулах код зэрэг шаардлагатай тул энэ хүсэлтийг ганцхан Г.М  өөрөө гаргах боломжтой.

Миний хувьд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, Г.М  ч худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулсан, газар худалдан борлуулсны албан татвараа төлсөн, холбогдох цаасан баримт бичгүүдийг надад хүлээлгэн өгсөн, авснаас хойш газрыг эзэмшиж, ашиглаж, газрын төлбөр зэргийг төлсөөр ирсэн тул зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Г-ийн М д нэгж талбарын 210400067 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем /egazar.gov.mn/ болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /e-mongolia/-ээр дамжуулан Б-ийн М  миний нэр дээр шилжүүлэх хүсэлт илгээхийг даалгаж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах газрыг 2021 онд 25,000,000 төгрөгөөр худалдах авахаар ярилцаж, уг мөнгийг бүрэн өгсөн. Гэтэл Г.М  газраа шилжүүлээгүй ба газраа шилжүүлэхгүй, мөнгө буцааж ав гэдэг асуудал сүүлд 2022 онд яригдсан. Гэхдээ миний өгсөн мөнгийн бэлэн барьж орж ирж байсан удаа байхгүй. Мөн тухайн үед манай ах 8,000,000 төгрөгөөр гуанзыг нь худалдаж авч байсан. Гэтэл хариуцагч нар нь 2022 оны хавар 5 дугаар сард гуанзны цоожийг эвдлэн орж, гуанзыг ажиллуулж, ашигласан. Г.М  25,000,000 төгрөгөөр газар зарна гэхээр нь эхлээд 15,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн. Дараа нь банкнаас зээл аваад үлдсэн мөнгийг гэрээ байгуулсан өдөр өгсөн. Газрын үнийг 15 хоногийн хугацаанд бүрэн төлснөөр газрыг авсан гэж ойлгож байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гээд байна, ашиглая гэж бодсон боловч газраа цахимаар шилжүүлж өгөхгүй байсан. Тиймээс би газрыг зориулалтын дагуу ашиглаж болохгүй байсан. Хэрвээ газрыг цахимаар шилжүүлж өгсөн бол өөрийн эзэмшлийн газартай болчихлоо гээд төмс ногоогоо тариад явах байсан.Гэхдээ би мод тарьсан. Мал оруулаад бэлчээрийн зориулалтаар ашигласан зүйл байхгүй. Тухай газрыг эзэмшээд 3 жил болж байна. Гэрээнд газрын хэмжээг 6 га гэж тусгасан. Гэхдээ гуанзны доорх газар миний худалдаж авсан 6 га газарт орж байгааг тухайн үед би мэдээгүй. Гуанзны доорх газрыг би анхнаасаа авна гэж бодоогүй, тийм болохоор газрын хэмжээг багасгаж 5,5 га газрын эрхийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэгэнт хийгдсэн гэрээ учир би газраа авна. Газрын гэрчилгээ сүүлд зориулалтын дагуу 2 болж хуваагдсан юм байна. Миний хувьд төмс, хүнсний ногоо, тариалах зориулалтын газрыг Г.М-өөс  худалдаж авсан одооны гэрчилгээнд газрын хэмжээг 55000 м.кв гэсэн байгаа тул уг шинэчлэгдсэн гэрчилгээнд тусгагдсан газрыг цахимаар шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. 6 га нь 5.5 га газар болж байна гэж ойлгоно. Тэр нийтийн үйлчилгээний зориулалттай газар надад хамааралгүй юм гэв.

2.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэж  дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

2.1.Хариуцагчийн төлөөлөгч Д.О  шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:...Нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлтэй танилцлаа.Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Уг нь нэхэмжлэгч Б.М  нь манайхаас газрыг зориулалтын дагуу буюу төмс, хүнсний ногоо тариалахаар 5,5 га газар, худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.5 га газрыг тус тус авахаар тохиролцсон нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр юм. Гэтэл Б.М  нь уг газрыг малын бэлчээр болон хадлангийн талбай болгон ашигласаар ирсэн. Энэ байдлыг орон нутаг болон иргэд мэддэг, бас дургүйцэж, бидэнд хандаж гомдоцгоодог, энэ талаар Б.М болон гэр бүлд нь хэлсэн, газраа буцааж авъя гэж учирлаж зөндөө ярьсан. Ойлголцохгүй байгаа болно.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

2.2.Хариуцагчийн төлөөлөгч Д.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Б.М  нь миний нөхөр Г.М г гэртээ ганцаараа байхад нь архи өгч, ах аа та газраа өгчихөөч гэж гуйсаар байгаад газрыг түүнд худалдахыг зөвшөөрүүлсэн байдаг. Би нөхөртөө төрийн мэдлийн газрыг хамаагүй ингэж зарж болохгүй шүү дээ гэж хэлхэд за яах вэ хүнд худлаа хэлсэн болно. Залуу хүмүүс гуйгаад байгаа юм, хэлсэндээ байя гэж хэлсэн. Ингээд Б.М , Б.М ийн эхнэр Г.А , би болон миний нөхөр Г.М  бид дөрөв хамтдаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт ирсэн. Тухайн үед манай нөхөр Г.М  гэрээ байгуулахад тамгын газар луу ороогүй, Б.М ийн эхнэр бид хоёр тамгын газарт орж газар худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Бид гуанз худалдах талаар ярилцаж тохиролцоогүй. Газрын гэрчилгээ нь нэг байсан учир дараа нь Б.М өөс гуанзаа салгаж, гэрчилгээ гаргуулж авахаар тохиролцож, тэдэнд итгэсний үндсэн дээр газар худалдах, худалдан авах гэрээнд 6 га гэж оруулсан. Биднийг гуанзаа ажилуулахаар ирэхэд Б.М  газрыг бүхэлд нь авсан гэж ойлгоод гуанзыг ахдаа дур мэдэн 8,000,000 төгрөгөөр худалдсан байсан. Бид гуанз худалдан авсан гэх Б.М ийн ахтай ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Тэр гуанз бол миний эзэмшилд байдаг, амьдралыг минь залгуулдаг ганц хөрөнгө маань учраас би гуанзаа ажиллуулсан. Б.М  анх биднээс 5.5 га газрыг мод тарина, газрыг зориулалтын дагуу ашиглана гэж хэлээд худалдаж авсан ба ашиглахад бэлэн 4 тал хашаатай газар хүлээж авсан. Гэвч газрыг зориулалтын дагуу ашиглалгүй, их хэмжээний мал оруулснаас нутгийн ард иргэд дургүйцэж, бидэнд дургүйцлээ илэрхийлж, амьдралд хүртэл сөргөөр нөлөөлж хүнд байдалд орж байна. Энэ байдлыг харсан нөхөр маань анхнаасаа би газраа шилжүүлж өгье гэж бодоогүй байсан гэж хэлсэн. Энэ талаар бид Б.М т малаа гаргах саналыг олон удаа тавьсан. Төмс хүнсний ногоо тариалах төрийн мэдлийн газрыг хуульд заахдаа бусдад хэсэгчлэн ашиглуулахгүй, түрээсэлж болно гэж заасан байдаг юм билээ. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн өмчилж авсан газарт хамааралтай гэдгийг сүүлд мэдсэн учир буруу үйлдэл гаргаж гэдгээ ойлгоод одоо тухайн үед хийсэн гэрээг цуцлах саналтай байна. Манай нөхөр бид хоёр Б.М тэй эвлэрэх гээд удаа дараа мөнгийг чинь буцааж өгий, газраа буцааж авъя, газрыг 10 жилээр ч хамаагүй ашигла. Харин манайх нэр шилжүүлэхгүй гэжхэлдэг боловч мөнгө авахгүй, газраа л авна гэдэг.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагчийн төлөөлөгч  Д.О  нь нэхэмжлэгч Б.М холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдах авах гэрээг хүчингүйд тооцуулах, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан  ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

3.1.Хариуцагчийн төлөөлөгч Д.О  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...Манай нөхөр Г.М  нь ойрхон өвөлждөг байсан Б.М өөрийн эзэмшлийн 5,5 га буюу 55000 м2 газрыг /зориулалт нь төмс хүнсний ногооны усалгаагүй тариалан/ гэрээний дагуу эзэмших хүсэлтэй байна гэсний дагуу 2021.10.04 өдөр газар худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийн нотариатчоор батлуулсан юм. Гэтэл Б.М  нь 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад уг эзэмшил газрыг зориулалтын дагуу ерөөсөө эзэмшиж, ашиглаагүй харин өөрийн болон бусдын малыг оторлуулан /3000 орчим мал/ малын бэлчээр болгон хашаа хороо барин эзэмших газрыг талхуулсаар хөрсгүй болгон төмс хүнсний ногоо огт тариалалгүйгээр газрыг доройтуулан орон нутгийн иргэд болон багийн удирдлагауудаас байнга шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн. Бид энэ байдлын талаар иргэн Б.М хэлж эзэмших газраа буцааж авий та нар мөнгөө ав гэж удаа дараа хэлсэн. Бидний үгийг ерөөсөө тоохгүй өдий хүрч байна. Нэг ёсондоо бид хүчин мөхөсдөж өдий хүрсэн. Бид уг газартаа 2019 онд хашаа барьж 2020 онд зориулалтын дагуу төмс хүнсний ногоо тариалж байсан. Иймд хуулийн дагуу байгуулаагүй 2021.10.04-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, уг газрыг хариуцагчаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагчийн төлөөлөгч Д.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Сөрөг нэхэмжлэлийн хувьд худалдах, худалдан авах гэрээг цуцалж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан...М  нь тухайн газрыг 3 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдаг...мөн тухайн газарт мал их хэмжээгээр оруулж, бэлчээрийн доройтолд оруулан, олон хүний хэл ам, бухимдлыг төрүүлж байгаа учир тухайн үед хийсэн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...Б.М  нь тухайн газрыг 3 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй. Гэхдээ 10 хүрэхгүй мод ар хэсгээр суулгасан нь үнэн...Манайхыг мал оруулдаг байсан гэж тайлбарлаж байна. Манайх цөөхөн хэдэн малтай байсан.

Үүнийхээ 10-20 хонь, ямааг оруулдаг байсан. Анх 2019 онд тухайн газрыг хашаалж, тухайн ондоо төмс хүнсний ногоо тарьж ашигласан. Харин 2020 онд төмс хүнсний ногоо тарьж ашиглах боломжгүй болоод зориулалтын дагуу ашиглах хүнд шилжүүлж, зарах бодолтойгоор Б.М газрыг зарсан. Сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэл нь,

1.Газар эзэмшиж байгаа үндсэн эзэмшигч нь манай нөхөр болох Г-ийн М  гэх хүн байдаг. Энэ газрыг манай нөхөр 11 жил эзэмшиж байна. Тухайн худалдах, худалдан авах гэрээнд манай нөхөр оролцож гарын үсэг зураагүй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

2.Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй 3 жил болсон учир газар эзэмших тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.

3.Маш их хэмжээний мал оруулж ирж тухайн нутгийн ард иргэдийн бухимдлыг хүргэж байгаа зэрэг дээрх шалтгаануудаас болж хамаагүй хүмүүст газраа шилжүүлж өгөх нь буруу юм байна гэдгийг ойлгосон учир шилжүүлж өгөхгүй.

Гэрээг харахад миний бичиг байна, газрыг бусдын эрхшээлд болон албадлагад орж шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед Г.Алгирмаа та биччих гэхээр нь би гэрээг бичсэн.Гэрээ хийхэд зөвхөн Г.Алгирмаа бид хоёр орсон.

Б.М , Г.М  хоёр гадаа байсан.Тухайн үед газар худалдах, худалдан авах санаа зорилго хэн алинд нь байсан. Б.М  мөнгөө нэг мөр өгөөгүй, цувуулж өгсөөр 25,000,000 төгрөг болгосон. Тухайн үед бид гэрээ хийгээд болчихлоо гэж бодсон. Тэгээд 1 жилийн дараа цахимаар шилжих юм байна гэж мэдээд энэ талаар Б.М т хэлсэн.Тэгээд эзэмшлийн газар буюу төр эзэмшдэг газрыг хоёр хүн хоорондоо худалдан борлуулах заалт хуульд байхгүй. Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газрыг албадан чөлөөлүүлэх тооцуулах хүсэлтэй байна. Гэрээг хүчингүйд тооцуулсны дараа Б.М ийг тухайн газар дээр байлгахгүй. Сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбарт Б.М  30,000,000 төгрөгөөр хашаалсан гэж бичсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Б.М т кадастрын зургийн дагуу 4 тал хашаалсан газрыг хүлээлгэж өгсөн.Б.М ийн хувьд газрыг 3 жилийн хугацаанд ашигласан. Энэ хугацаанд хэсэг, хэсэг газарт хашааны шургааг сольж, тор татсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж, Б.М ийн мөнгийг буцааж өгөөд газраа буцааж авъя гэж хүсэж байна.

...Гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж үзэж байгаа юм. Иймээс хэн хэндээ хохиролгүй мөнгийг нь буцааж өгье. Мөн хашаанд мод зарцуулсан гэж байгаа. Үүнтэй холбоотой бодит зардлыг нь буцааж өгөөд газрыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна гэв.

4.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэж  дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

4.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Идэрцогтдаваа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Б.М ийн иттэмжлэгдсэн төлөөлөгч З.Идэрцогтдаваа би Г.М гийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлд Б.М ийг 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, бусдын малыг оторлуулсан, төмс хүнсний ногоо тариалаагүй гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.М  хашааг өөрийн эзэмшилд авснаас хойш мал орж бэлчээрийг тахлахаас хамгаалах зорилгоор 6 га газрын хашааг бараг бүхэлд нь шинэчлэн барьж, тор татсан бөгөөд эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд 30,000,000 сая орчим төгрөгийг одоогоор зарцуулаад байгаа.Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан тайлбар нь үндэслэлгүй юм. Түүнчлэн төмс хүнсний ногоо тариалалгүйгээр газрыг доройтуулсан гэж орон нутгийн иргэд, багийн удирдлагуудаас байнга шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн гэдэг нь үндэслэлгүй.

Б.М  нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн иргэн ба маргаан бүхий газар болох 6 га газар нь Бүрэнхаан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөх хөтлийн давааны буланд байрладаг. Тус багийн иргэд болон удирдлагуудаас Б.М хандан санал, гомдол, шаардлага ирүүлж байсан удаагүй. Г.М  өөрөө харин Бүрэнхаан багийн иргэн биш юм.

Г.М  өөрийн эзэмшил газраа зарна гэж Б.М зарж, мөнгөө бүрэн авч ашиглаж, хэдэн жил эргэлдүүлчихээд одоо газрыг хашаалж хамгаалан багагүй хөрөнгө оруулалт хийсний дараа буцааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй. Анх газрыг зарахдаа тухайн газрын зэргэлдээ газрыг мөн Б.М ийн ахад зарж байсан ба бас л эрхийг нь шилжүүлж өгөхгүй байсаар буцааж авсан. Одоо түүнтэй адил Б.М өөс газраа буцааж авна гэж маргалдаж байгаа нь нэг талаас залилангийн шинжтэй үйлдэл гэж харж байна. 2021 оны 25,000,000 төгрөг, одооны 25,000,000 төгрөг хоорондоо асар ялгаатай. 25,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд жилийн 12 хувийн хүүтэй банканд хадгалсан бол тус мөнгө багадаа 35,000,000 төгрөг болж өсөх байсан. Мөн нэхэмжлэгч хашааг шинэчлэн барьж, тор татахад 30,000,000 төгрөг зарцуулсан. Тэгэхээр Г.М  25,000,000 төгрөг өгөөд газраа буцааж авлаа гэхэд Б.М багадаа 65,000,000 төгрөгийн хохирол учирсан байхаар байна. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэпийн шаардлагаа дэмжиж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2.Нэхэмжлэгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа...Тухайн үед газрыг зарна гэж Г.М  хэлсний дагуу л мөнгөө төлөөд газар авсан. Мөн тухайн үед хашаа нь муу байсан учир нилээд хэдэн төгрөг зарцуулж, гурван тал хашааг засварлан сэргээж, хашаан дотроо мод тарьсан. Гэвч хашаанд дотор нарийн мал ороод модыг идчихсэн учир ургаагүй юм. Урьд нь ч гэсэн Г.М  ялгаагүй л мал оруулж маллаж байсан. Тэгээд би мал оруулж болох юм байна гэж бодсон.

Манайх Г.М  ойрхон өвөлждөг учир би сайн мэдэж байна. Тэгээд ч хариуцагч талын яриад байгаа шиг тийм их мал оруулаагүй. Анх хэзээ газар худалдах, худалдан авахаар ярьсанаа сайн санахгүй байна. Г.М  газраа зарна гэсэн учраас би очиж уулзсан.Архи дарс уулгаж, хуурч мэхлэж авсан зүйл байхгүй.

25,000,000 төгрөгөөр зарна газар зарна гэхээр нь авахаар тохирч, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг Г.М д шилжүүлсэн. Сүүлд 9.860.000 төгрөг үлдсэн байснаа гэрээ бичгээр байгуулсан өдөр дансаар шилжүүлсэн.Газрын нийт үнэ 25,000,000 төгрөгийг бүрэн өгсөн. Гэрээгээ бичгээр хийхээр дөрвүүлээ, гэр бүлээрээ сумын төв орсон. Захиргаа руу Г.М  бид хоёр ороогүй. Хоёр гэр бүлийн хүн болох эхнэрүүд орсон. Ороод гарч ирэхдээ та хоёр орох шаардлагагүй болчихлоо, болсон гээд гарч ирсэн. Би итгээд болчихсон юм байна гэж л ойлгосон. Газрын үнийг гэрээнд 5,000,000 төгрөг гэж Д.О  бичсэн байсан энэ нь татвар төлөхтэй холбоотой байх. Итгэлцэлийн үндсэн дээр хийгдсэн асуудал. Д.О  гэрээний бланкийг бөглөж, гарын үсэгнүүдийг зурсан.Миний хувьд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа тул газраа шилжүүлж авна, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

5.Нотлох баримт:

5.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар 01 хуудас, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар 01 хуудас, кадастрын зургийн хуулбар 02 хуудас, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 01 хуудас, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 01 хуудас, Б.М , Г.М  нарын иргэний үнэмлэхийн хуулбар 01 хуудас, Г.М гийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-т гаргасан гараар бичсэн өргөдөл 01 хуудас, Б.М ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-т гаргасан гараар бичсэн өргөдөл 01 хуудас, Төрийн банк ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга 01 хуудас, Төрийн банк ХК-ийн татвар төлсөн баримт 4 хуудас, Төрийн банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт 03 хуудас, ХААН банк ХК-ийн депозит дансны хуулга 03 хуудас, итгэмжлэл 01 хуудас, нэхэмжлэгч Б.М ийн өмгөөлөгч авах тухай хүсэлт 01 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Идэрцогтдаваагийн нотлох баримт хэрэгт гаргаж өгөх тухай хүсэлт 01 хуудас, гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 01 хуудас, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 01 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Идэрцогтдаваагийн сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар 01 хуудас, нэхэмжлэгч Б.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах тухай хүсэлт 01 хуудас, хэрэгт нотлох баримт гаргаж өгсөн тухай баримт 01 хуудас, татвар төлсөн баримт 05 хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт 5 хуудас, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 02 хуудас, кадастрын зургийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар 01 хуудас зэрэг баримтуудыг,

5.2.Хариуцагчаас итгэмжлэл 01 хуудас, хариу тайлбар 01 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ий н өмгөөлөгч авах тухай хүсэлт 01 хуудас, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт 01 хуудас, сөрөг нэхэмжлэл 01 хуудас, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн газар худалдах, худалдан гэрээний хуулбар 01 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, Газрын даамал гэх Д.Дуламсүрэнгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт 01 хуудас, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.Аззаяагийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/126 дугаартай албан тоот 01 хуудас, татвар төлсөн баримт 5 хуудас, гэрэл зургийн үзүүлэлт 06 хуудас, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуулбар 01 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 02 хуудас, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар 6 хуудас, кадастрын зургийн хуулбар 02 хуудас, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 01 хуудас зэрэг баримтуудыг, тус тус гаргаж өгчээ.

5.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.Аззаяа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын газрын даамал Д.Дуламсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.М гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа гаргуулж, мөн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс нэгж талбарын 210400067 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай, 6 га газрын төлбөрийг хэд хэдэн онд төлсөн талаарх лавлагааг, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас...нэгж талбарын 210400067 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай,6 га газрыг хариуцагч Г.М  нь шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, гэрээ, гэрчилгээг шинэчлэн авсан талаарх лавлагаа зэргийг,

5.4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржийн хүсэлтээр гэрч Г.А гаас гэрчийн мэдүүлэг авч шүүх тус тус нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүх үндсэн  нэхэмжлэлийг  хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Г.М д холбогдуулан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Б-ийн М ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаанд уг шаардлагаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан зориулалттай, 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Б-ийн М ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хэмээн газрын хэмжээг багасгасан.

Үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагчид гардуулах хуульд заасан ажиллагааг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

8.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, бичгээр байгуулсан гэрээнд Г.М  гарын үсэг зураагүй,эзэмшил газрыг бусдад худалдах боломжгүйхэмээн маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М холбогдуулан, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч мэтгэлцсэн.

9.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан Газар худалдах, худалдах авах гэрээгээр нэг талаас худалдагч болох Г.М  нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрыг 5,000,000 төгрөгөөр шилжүүлэн өгч газрыг худалдаж, нөгөө талаас худалдан авагч болох Б.М  төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

9.2. Мөн нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн маргаан бүхий 6 га газар эзэмших эрхийг хариуцагч нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Рагчаагаас төмс, хүсний ногооны зориулалтаар шилжүүлэн авч, газрын бага хэсэгт гуанз, цайны газрын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Газрын кадастрын мэдээллийн системд өөрчлөлт орж хөгжсөнөөр уг 6 га газрыг 2 хувааж, нэгж талбарын №6722001553 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-17040000821 дугаартай, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5,5 га газар, нэгж талбарын №6722001667 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-17040000657 дугаартай үйлчилгээний зориулалтаар 0,5 га газар болгон тус тус бүртгэлд оржээ.

9.3.Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлгийг баримт, Г.М гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын маргаагүй тайлбар зэргээс дүгнэвэл 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М  нь Хаан банкны 5894109515 дугаар данснаас Д.О  гэх Хаан банкны 5890853672 дугаар дансанд шилжүүлжээ.

Үүнээс үзвэл талууд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрын эзэмших эрхийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч Б.М  өөрийн харилцах банкны данснаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9,860,000 төгрөгийг тус тус хариуцагч Г.М гийн гэр бүлийн хүн болох Д.О-ий  хаан банкны дансанд шилжүүлж, хариуцагч Г.М  газрын эрх борлуулсны орлогын албан татварт 500,000 төгрөгийг Төрийн сангийн 100170400916 дугаар дансанд төлж, улмаар газрыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгчээ.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь газрын эзэмших эрхийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон, уг хэлцлийн дагуу 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өгсөн, хариуцагч тал авсан гэх үйл баримтанд хэн аль нь маргаагүй.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь...нэхэмжлэгч Б.М  нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, малын бэлчээр, хадлангийн талбай болгон ашигласаар ирсэн. Энэ байдлыг орон нутгын иргэд мэдэж, дургүйцэж бидэнд хандах болсон тул газраа буцаая гэдэг асуудлыг бид хэлсээр ирсэн. Мөн худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн өмчилж авсан газарт хамааралтай эзэмшил газарт газрын эрх шилжүүлэх боломжгүй тул гэрээг цуцлаж, Б.М өөс шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцааж өгнөгэж маргалаа

9.4. Иймээс гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйлийн үнэ 25,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэж үздэг.

Худалдах-худалдан авах гэрээний тухайд худалдагдаж байгаа эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох бөгөөд энэ төрлийн гэрээний үнийг гэрээний талууд шууд тодорхой, тохиролцож тогтоож болох ба зохигч тохирсон үнийг хувьд адил тайлбар гаргаж байгаа нь талууд худалдсан эд хөрөнгийн үнийг тогтоож тохиролцсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцлийн хувьд гэрээ анх талуудын хооронд амаар байгуулагдаж, гэрээний зүйлийн үнэ 25,000,000 төгрөг байхаар тохиролцож, хариуцагч өөрийн эзэмшлийн газрын эрхийг худалдах, нэхэмжлэгч үнийг төлж эрхийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь бүрэн илэрхийлсэн болох нь тогтоогдлоо.

9.5.Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор Иргэний хуулинд заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Б.М  нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрын эзэмших эрхийг  худалдан авах тухайгаа илэрхийлж, 25,000,000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч Г.М   хүлээн авснаар хэлцэл хийгдсэн байна.

Иймээс зохигчдийн хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, гэрээний үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.М  гэрээний үүргээ биелүүлж үнийг бүрэн төлсөн тул түүнд шаардах эрх үүссэн, хариуцагч Г.М  худалдан авагчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүрэг үүсжээ.

Мөн зохигчид хожим гэрээг бичгээр байгуулахдаа гарын үсэг зураагүй, нотариатчаар баталгаажуулсан нь шүүх хуралдаанд өгсөн талуудын маргаагүй тайлбараар тогтоогдлоо. Гэхдээ дээрх байдал нь урьд амаар байгуулсан гэрээний үүргийг шаардахад саад болохгүй.

9.6.Нөгөөтэйгүүр хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь худалдах, худалдан авах  гэрээнээс татгалзсан агуулгатай байна.

Гэрээнээс татгалзах явдал нь хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэг ба газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбар нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй. 

Газрын тухай хуулинд зориулалтын дагуу газрыг иргэн, хуулийн этгээд ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн сумын Засаг дарга хүчингүй болгохоор зохицуулсан. Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь гэрээнээс татгалзах ноцтой зөрчилд орохоор заасан эсэх тодорхойгүй, хариуцагч тал тайлбараа баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар ээмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж...болно гэж заажээ.

Тодруулбал газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохоор хуульчилсан.

Иргэний хууль тогтоомжийг иш үндэс болговол нэг этгээдийн эзэмшил хууль зүйн хувьд дуусгавар болж нөгөө этгээдийн хувьд эзэмшил үүсэж хөрөнгө шилжих бол Худалдах, худалдан авах гэрээ, Арилжааны гэрээ, Бэлэглэлийн гэрээ энэ гурав гэрээний аль нэгийг байгуулах шаардлагатай бий болдог. Эзэмших эрх гэдэг нь аливаа эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгодоггүй тул газар эзэмших эрхийг худалдах хууль зүйн боломжгүй боловч тогтсон практикаар газар эзэмших эрхийг үнэ төлбөртэйгээр шилжлүүлж байгаа. Энэ нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй холбоотой тул дээрх үндэслэл нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нөхцөл болохгүй юм.

9.7. Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан зориулалттай, 5,5 га (55000 м.кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Б-ийн М ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

10.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчийн төлөөлөгч Д.О  нэхэмжлэгч Б.М холбогдуулан, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

10.1.Б.М  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж...газрыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгч, гэрээг бичгээр хийхээр дөрвүүлээ, гэр бүлээрээ сумын төв орсон. Захиргаа руу хоёр гэр бүлийн хүн болох эхнэрүүд орсон. Ороод гарч ирэхдээ та хоёр орох шаардлагагүй, болчихлоо гэсэн. Би итгээд болчихсон юм байна гэж ойлгосон. Итгэлцэлийн үндсэн дээр хийгдсэн асуудал. Д.О  гэрээний бланкийг бөглөж, гарын үсэгнүүдийг зурсан. Миний хувьд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...хэмээн маргав.

10.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч Д.О  шүүх хуралдаанд...газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, худалдан авах гэрээнд Г.М  гарын үсэг зураагүй...гэх шалтгаанаар гэрээг цуцлах, мөн...төр эзэмшдэг газрыг хоёр хүн хоорондоо худалдан борлуулах заалт хуульд байхгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл...гэж тодорхойлсон.

Сөрөг нэхэмжлэл гэдэг нь өөрөө бие даасан тусдаа шаардлага мөн хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүний эсрэг гаргах хариуцагчийн хамгаалалтын нэг хэлбэр, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад маргаж буй үндэслэлээ гэрээнээс татгалзах байдлаар тайлбарласан атлаа сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээ цуцлах агуулгаар илэрхийлсэн нь ойлгомжгүй байна.

Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах ойлголт нь хоорондоо ялгаатай.

Тухайлбал, хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ.

Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай.

Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэг бөгөөд гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах тухай ойлголт нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт.

Харин сөрөг нэхэмжлэлийн нөгөө үндэслэлд тодорхойлсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь бүр анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй алдаа мадаг бүхий хэлцлийг ойлгоно.

Эдгээр нь хоорондоо ялгамжтай, гарах үр дагаврын хувьд өөр өөр байдаг.

Гэтэл хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ялгамжтай өөр, өөр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээ тодорхойлж, тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэж үзэхээр байна.

Мөн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл болохгүйг шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.6-д шүүх дүгнэсэнг дурдав.

10.3.Нөгөөтэйгүүр зохигчид амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг сүүлд бичгийн хэлбэрт оруулж, нотариатчаар баталгаажуулахдаа гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсныг шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.5-д дүгнэсэн ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлага байхгүй, харин уг гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх талаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл эрх шилжүүлэх тохиолдолд нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийг хуулин заасан. Гэхдээ гэрээнд талуудаар гарын үсэг зуруулах, гарын үсэг зурсан эсэхийг нягтлах, гарын үсэг зураагүй тохиолдолд үүсэх аливаа үр дагварыг хариуцах үүргийг нотариатч хуулиар хүлээдэг тул хариуцагчийн төлөөлөгчийн гэрээг цуцлах тухай тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх хуралдаанд өгсөн хариуцагчийн төлөөлөгчийнгэрээг харахад миний бичиг байна, газрыг бусдын эрхшээлд болон албадлагад орж шилжүүлсэн зүйл байхгүй.Тухайн үед газар худалдах, худалдан авах санаа зорилго хэн алинд нь байсан...гэх тайлбараас эрх зүйн үр дагавар гарахад чиглэсэн хоёр буюу түүнээс дээш этгээдийн харилцан хүсэл буюу илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлтэйг дурдвал зохино.

10.4.Хариуцагчийн төлөөлөгч Д.О ...Төр эзэмшдэг газрыг хоёр хүн хоорондоо худалдан борлуулах заалт хуульд байхгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл...гэж,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржэзэмшил газрыг худалдах зохицуулалт хуулинд байхгүй. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлгэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тус тус тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.

Хэдийгээр Газрын тухай хуульд эзэмших эрхийг үнэлэх, худалдах зохицуулалт байхгүй боловч иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхийг бусдад үнэ, төлбөртэйгээр шилжүүлж байгаа нь нийтэд илэрхий, нууц биш юм.

Худалдах, худалдан авах гэрээний төрлүүд гэрээний чөлөөт байдлын заримтай холбоотой тул газар эзэмших эрх худалдсан талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний зүйл болох газар эзэмших эрхийн үнийг 25,000,000 төгрөгөөр тохиролцсоныг хуулиар хориглосон хэлцэл гэж үзэх боломжгүй.

Хариуцагч талын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж буй энэ үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсанаар тухайн харилцаанаас эрх, үүрэг, үр дагавар бий болох бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх шалтгаант холбоо бүхий хүчин зүйл биш болно.

Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.6-д дүгнэсэнг тэмдэглэв.

10.5.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

Гэтэл хэргийн баримтаар хуулинд заасан нөхцөл тогтоогдоогүйг дурдав.

10.6.Иймээс дээрх үндэслэлээр сөрөг  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

10.7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-өөс  282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М д Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар багийн Хөх хөтлийн буланд байрлах төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан зориулалттай, 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Б-ийн М ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 92 дугаар зүйлийн 92.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М холбогдох хариуцагчийн төлөөлөгч  Д.О-ий  сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 (хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавьтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-өөс  282,950 (хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавьтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 165,150 (нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин мянга) төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ