Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00325

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би ХБ Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Ч.Ч, Н.Ц  нарт холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 6.593.754 /зургаан сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч-н Ч нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 10.296.879 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр 398.400 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай авсан. Зээлийн барьцаанд Бүрэнтогтох суман дахь 1-3-5 тоотод байрлах 42 кв. метр талбай бүхий өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалуулан зээл авсан.

Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж 117 хоног өнгөрсөн, банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймээс зээлдэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 6.134.669 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 448.554 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.531 төгрөг, нийт 6.593.754 төгрөг гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Ч нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* банкны Хөвсгөл салбар Бүрэнтогтох тооцооны төвөөс цалингийн зээлийн гэрээ байгуулан тус тооцооны төвөөс 10.296.879 төгрөгний зээлийг 19.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сард 398.400 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай авсан. Мөн энэ оны 8 дугаар сарын 25-наас ар гэрийн гачигдлаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш 2015 оны 7 дугаар сар хүртэл зээлээ төлж байсан. Би 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл зээлээ төлж чадаагүй байгаа болно. Одоогоор ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл болох 6.593.754 төгрөгийг зээлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын дотор төлж банкийг хохиролгүй болгохыг зөвшөөрч байна. Мөн миний хамтран зээлдэгч нь тус тооцооны төвд цалингийн зээлтэй тул миний зээлийг үлдэгдлийг төлөх боломжгүй.

Ийм учраас энэхүү зээлийг үлдэгдлийг өөрийн биеэр төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Н.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нямсүрэнгийн Ц нь Ч-н Чтой 2006 онд гэр бүл болсон. Цуг амьдарч байх хугацаандаа Ч.Ч Бүрэнтогтох сумын ЕБС-д багшаар ажиллаж байхдаа 2010 онд цалингийн зээл авсан. Бид хоёр 2014 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Одоо би хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд өөрөө цалингийн зээлтэй тул Ч.Ч цалингийн зээл төлөх боломжгүй гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбар Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 6.593.754 /зургаан сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ч.Ч нь ....энэхүү зээлийг үлдэгдлийг өөрийн биеэр төлж барагдуулна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцаад ....Ч.Чийн энэхүү зээлийг үлдэгдлийг өөрийн биеэр төлж барагдуулна.... гэх тайлбарыг зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбар нь улсын тэмдэгтийн хураамжид улсын орлогод урьдчилан төлсөн 120.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чоос 60.225 төгрөг, улсын орлогоос буцаан 60.225 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбарт буцаан олгох.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 6.593.754 /зургаан сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийг хариуцагч Ч.Ч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.450 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чоос 60.225 /жаран мянга хоёр зуун хорин тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 60.225 /жаран мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ