| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00937/И |
| Дугаар | 155/ШШ2024/00933 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00933
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00933 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух, Б Д-ийн У (************* )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ багт оршин суух, Т Р-ын Б (..................)-д холбогдох,
Үндсэн зээл 7,000,000 (долоон сая) төгрөг, тохиролцсон хүү 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, нийт 7,250,000 (долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Р.Б нь өөрийн 99982471 дугаараас миний 88909363 дугаарын утас руу залгаж ярьсан бөгөөд мөнгөний хэрэг гараад би малчны зээлтэй, уг зээлийн үлдэгдэл 7,000,000 төгрөгөө хаагаад дахиад малчны зээл 10,000,000 төгрөг авахаар хөөцөлдөөд бүтэх гээд байдаг, зээл хаах 7,000,000 төгрөг хүүтэй ч хамаагүй зээлээч, өдөрт нь малчны зээлээ бүтээгээд буцаагаад өгье гэж гуйсан. Би ч зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг 2 өдрийн хугацаатай 250,000 төгрөгийн хүүтэй өгөхөөр тохиролцож, Б-ийн 5904149405 дугаарын данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тэрээр өдөрт нь малчны зээлээ бүтээгээд өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Мөнгө нэхэхээр зээл бүтэхгүй, маргааш өгнө, удахгүй өгнө, одоохон шилжүүллээ гээд худлаа хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Сүүлдээ холбоо тасарч таг болсон.иймд Р.Б-аас үндсэн зээл 7,000,000 (долоон сая) төгрөг, тохиролцсон хүү 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, нийт 7,250,000 (долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Б би нэхэмжлэлийн шаардлага болох 7,250,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Цаг хугацаандаа нэхэмжлэгчийн мөнгийг төлж барагдуулаагүйдээ уучлалт хүсэе гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Р.Б-д холбогдуулан үндсэн зээл 7,000,000 (долоон сая) төгрөг, тохиролцсон хүү 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, нийт 7,250,000 (долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Р.Б нь шүүхэд ”... 7,250,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,950 (нэг зуун гучин мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-аас 65,475 (жаран таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос буцаан 65,475 (жаран таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.У т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.У ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Б-д холбогдох, үндсэн зээл 7,000,000 (долоон сая) төгрөг, тохиролцсон хүү 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, нийт 7,250,000 (долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,250,000 (долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,950 (нэг зуун гучин мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-аас 65,475 (жаран таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 65,475 (жаран таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.У т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ