Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 557

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Ё.А, өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч О.Г, Ц.Б, өмгөөлөгч Б.Ганбаатар,

шүүгдэгч З.Б, өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ё.А, Ц.Б нарыг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт З.Б, О.Г нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010863 дугаар 3 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух,

урьд Дундговь аймгийн шүүхийн 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дундговь аймгийн шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял,

Дундговь аймгийн шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил 7 сар 13 хоногийн хорих ял,

Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 79а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 жил 11 сар 04 хоногийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 503 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1, 212 дугаар зүйлийн 1-д зааснаар нийт 4 жил 6 сар 16 хоногийн хорих ял,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Цын Б /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “...” СӨХ-д талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод оршин суух,

урьд Нийслэлийн шүүхийн 1983 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлийн Б-гээр 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Ардын Армийн тусгай шүүхийн 1984 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 208 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-ээр нийт 4 жилийн хорих ял,

Нийслэлийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Н”, 126 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 25 жилийн хорих ял шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, А овогт Зн Б /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Огийн Г /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 607 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хасч, суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Ёгийн А /РД:.../.

Ц.Б, Ё.А нар нь 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Б.Нгийн амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 49 ширхэг палк мод, хар өнгийн пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад нийт 795000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б, З.Б, О.Г нар нь 2016 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлх” зуслангийн задгайд “..." ХХК-ийн барьж байсан амины орон сууцны барилгаас ... УБУ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, 51 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж, бусдад 1,275,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ё.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 201626010863 дугаар хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:

Хохирогч Б.Нгийн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2-64 тоотод байрлах гэрт маань 2015 оны 12 сараас хойш хүн амьдрахгүй эзгүй байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээ эргэж тойрч ирэхэд амбаарын цоожийг эвдсэн, амбаарт байсан “Сони” маркийн 32 инчийн гүдгэр дэлгэцтэй зурагт алдагдсан байхаар нь тухайн үедээ тоолгүй палк мод байгаа юм чинь зурагт яахав гэж бодоод дэлгүүрээс шинэ цоож аван цоожилчихоод явсан. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед ирэхэд дахин амбаарын цоожийг эвдсэн байдалтай, манай зүүн талын хашааны айлын хүн гарч ирээд “танай амбаарт байсан палк модыг хоёр хүн баруун хойшоо зөөгөөд танай хойд талын хашааны айлд зараад намайг болиоч гэхээр тоохгүй байна” гэж хэлсэн. Баруун хойд талын айлд очиход тэдний хашаанд манайхаас алдагдсан палк модноос нэг ширхэг байсан. ...Амбаараас 32 инчийн “Сони” маркийн гүдгэр дэлгэцтэй зурагт нэг ширхэг, 3 метр 20 см урттай, нийт 71 ширхэг палкнаас 49 ширхэг, хар өнгөтэй пүүз алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-11-12/,

Хохирогч Д.Лгийн: “2016 оны 6 дугаар сарын 29-ний шөнө манай инженер Ганзориг над руу утасдаад “Бэлх зусланд баригдаж байгаа барилга дээр хулгай орсон байна” гэж хэлсэн. ...“Сапут” төмөр 225 ширхэг, прүс мод 30-35 ширхэг алга болсон байсан. 51 ширхэг сапут төмрийг би эргүүлэн бүрэн бүтнээр нь хүлээж авсан. ...Гэмт хэрэг гарсан өдөр манай ажилтнууд хураасан байсан 1300 тулаас төмрийг шалгахад ямар нэгэн халдлагагүй бүтэн байсан. Харин барилга дээр тулж өгсөн 2400 гаруй төмрүүдийн суулгаж өгсөн хоорондын зай нь хол зөрөөтэй болчихсон байсан. Мөн тулж байсан төмрийг авсан газрын доор нь тулаас төмрийн мөр нь үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /1-хх-82-85/,

Гэрч Б.Бямбацэцэгийн: “...2016 оны 3 дугаар сарын 08-ны орой 16 цагийн үед доод айлын залуу А ганцаараа манайд 2 ширхэг дөрвөлжин хэлбэртэй 2 метр орчим урттай мод авчираад “авах уу” гэхээр нь би 2000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд худалдаж авсан палкаа авсан өдрөөсөө эхлэн түлээний мод болгон ашигласан...” гэх мэдүүлэг /1-хх-13/,

Иргэний нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатарын “...З.Б нь миний компанийн ажилчин байсан хүн. ...Сэлх зусланд баригдаж байгаа барилга дээр ээлжилж харуулаар гардаг байсан. ...“...” компанийн нярав ажилтай Л гэх хүн надад 5,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж хэлсэн. ...Сар бүр 1,300,000 төгрөгийг тус компанид нийт 4 сар төлж хохирлыг барагдуулсан. ...Манай компаний хувьд “...” ХХК-д бэлэн мөнгө өгсөн асуудал байхгүй. Тухайн үед манай компани гэрээний дагуу барилгын ажил дуустал ажил үүргээ гүйцэтгэсэн ба “...” ХХК-иас харуул хамгаалалтын гэрээний дагуу авах байсан 5.200.000 төгрөгийг авалгүйгээр уг компанийг хохиролгүй болгосон. ...“...” ХХК-ний хулгайд алдсан гээд байгаа 225 ширхэг тулаас төмөр, прүс мод нь анхнаасаа яг тоо, ширхгээрээ байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй байсан юм байна. Манай компани З.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан учраас “...” ХХК-д учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн. ...Одоо надад эдгээр хүмүүсээс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-хх-87-89, 3хх-4-5/,

Гэрч С.Баяржаргалын: “...Манай компанид Б гэх хүн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилд орж “Эп Экс Ти” компанийн “Таун хаус” гэх баригдаж дуусаагүй барилга дээр 24 цагаар ажиллаж 24 цагаар амардаг болсон. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б над руу утасдаад би цаашид ажиллаж чадахгүй юм байна, өөрийнхөө оронд З.Бадарч гэх хүнийг харуулаар оруулъя гэж хэлсэн. ...Би Б ахыг биеэ бод, өнөөдөр дүүгээ дагуулж очоод ажлыг нь заагаад өгчих гэтэл үгүй ээ, би өөрөө гарна гэж хэлсэн. Харин яагаад дүүдээ тэр дор нь ажлаа өгөөгүй шалтгаан нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шөнийн 03 цаг 30 минутанд ...Б гуай хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна гэсэн. Одоогоор 50 орчим ширхэг нь “Портер” машинд байгаа ба тус төмрүүдийн үнийг хасаад, дээр нь алдагдсан прүс модны үнэлгээг нэмээд 5,760,000 төгрөгийн эд зүйлээр хохирсон гэж надад тооцоо гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-90-92/,

Гэрч Б.Гантуяагийн: “...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ...утас нь дуугараад утсаа авснаа “...Баа ах, би найзаасаа асуучихаад хэлье” гэж ярьж байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад Баа ах дуудаж байна, би явчихаад ирье гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-97-98/,

Гэрч В.Гэрэлт-Одын: “...Миний ээлжийн хүнийг Б гэдэг. ...2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр очиж ажлаа хүлээж авахад л тийм мөрнүүд байсан. ...Тэрнээс өмнө бол тийм мөр харагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-101-102/,

Гэрч О.Гантөмөрийн: “...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ...дүү Г залгаад “машин чинь хэрэг болоод байна. Хэзээ ажил чинь тарах вэ ...оройтсон ч хамаагүй” гэж хэлсэн. Би түүнээс машинаар яах талаар асуутал “труба ачина” гэж хэлсэн. “...Сэлхийн гурав дахь буудал дээр байна, та энд хүрээд ир” гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-104-105/,

Ё.Агийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 8 дугаар гудамжны 820 тоот хашаанд байх монгол гэрийг Бод хөлслүүлдэг байсан. 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б бид хоёр нэг шил архи хувааж уусан. Хашаанаас гараад явж байхдаа 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9-224 тоот хашаанд орж амбаарын хаалгыг нь татахад цоож нь эвдрээд онгойсон. Палк моднууд хураалттай байхаар нь би эхэлж ороод 2-3 ширхгийг гарган тавиад өөрийнхөө хашаа уруу зөөгөөд гэрийнхээ хойно хураасан. Ингээд Бод хэлж бид хоёр хамт очиж үлдсэн 20 орчим палк модыг зөөсөн. Зөөж хураасан палк моднуудаа явуулын хүмүүст нэгийг нь 3000-5000 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө архи авч уусан. Хэд хоногийн дараа Б цагдаад баригдахаар нь Баянхошуунд байх найзындаа нэлээн удаан нуугдаж байгаад гэртээ очиход Бынх нүүсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-208-209/,

З.Бын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 16-17 цагийн үед Мааньтын хорих ангид хамт ял эдэлж байсан Б гэх залуугийн утас руу залгаж ...мэндийг нь асуутал түрээсийн байранд амьдраад амьдрал хэцүү байна гэж ярьсан. Би түүнд баригдаж байгаа барилга дээр харуулаар гарч байгаа, энд барилгын тулаас төмөр болох сапут төмөрнүүд байна. Энийг ирж аваад мөнгө болго гэсэн. Тэгтэл Б надад “Төөгөө гэдэг найзтайгаа утсаар яриадахъя. Тэр машинтай юмаа, хэрвээ тэр зөвшөөрвөл орой машиныг нь аваад очъё” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй орой 19- 20 цагийн хооронд Б утасдаад “...00:00 цаг өнгөрөөгөөд очъё” гэсэн. ...Шөнийн 00:00 цаг өнгөрөөгөөд Б утасдаад “бид хоёр ирчихлээ” гэхээр нь би түүнд зам зааж өгсөн. Тэр хоёр манай барилгын блокон хашааны урд цагаан өнгийн ачааны бүхээгтэй портер автомашинтай ирж зогсоод хашаа давж орж ирээд баригдаж байсан барилгыг тулчихсан байсан сапут төмрийг резвагаар нь суллаад нэг нэгээр нь машин руугаа зөөсөн...” гэх мэдүүлэг /1хх-132-133/,

Ц.Бын яллагдагчаар өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр миний таньдаг Б гэх хүн залгаж “...ах нь маргааш гараагаа дуусгаад ажлаасаа гарах гэж байгаа. Чи ажил дээр хүрээд ир, хоёулаа төмөр зөөе. Энд 50 ширхэг төмөр байна. ...Зарж мөнгө олъё. Чи байрныхаа түрээсийг төл” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Г рүү ярьсан. ...Г надад “юун төмөр юм бэ” гэхээр нь “Баа ах хүрээд ир гэсэн. Төмөр заръя гэж байна лээ” гэж хэлсэн. ...Бид хоёр ахынх нь портер автомашинаар Гийн жижиг суудлын автомашиныг солиод 23:00 цагаас 00:00 цагийн хооронд очоод ...блокон хашаагаа дагаад яв гэхээр нь ...блокон хашааны нэг буланд машинаа тавьж, хашааг би давж ороод Г машиндаа суугаад үлдсэн. ...Б бид хоёр баригдаж байгаа барилга руу алхаж байтал Б надад “тэр талаар яваарай, тэнд айл байдаггүй юм. Харин тэр талаар нь айл байгаа” гэж тайлбарлаж байсан. ...Б ах “барилга дотор угсарчихсан байгаа төмөрнөөс аваад зөөгөөрэй, би хүн харж байя” гэж хэлээд харуулын байр руугаа явсан. Харин би ганцаараа нийт 50 ширхэг төмрийг 2, 2 ширхгээр нь зөөж блокон хашаан дээр аваачиж тавиад байсан. Г хашааны цаад талаас аваад ачаанд хийж байсан...” гэх мэдүүлэг /1хх-135-137/,

О.Гийн сэжигтнээр өгсөн: “Б, Б нартай уг хэргийг хамтарч үйлдсэн нь үнэн, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-139-140/,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-9, 3хх-6/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-20, 2хх-142, 3хх-12, 15, 17/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-21/, гэрч З.Бадарчийн мэдүүлэг /1хх-94/, шинжилгээний хариу /1хх-217/, аж ахуй эрхлэх бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээ /2хх-81-83/, гэрээ /2хх-84/, аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээ /2хх-85, 86/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2хх-148/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2хх-219/, “...” СӨХ-ны тодорхойлолт /3хх-14/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Б, Ё.А нар нь 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Б.Нгийн амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 49 ширхэг палк мод, хар өнгийн пүүз зэрэг эд зүйлс хулгайлж 795000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Б, З.Б, О.Г нар нь 2016 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлх” зуслангийн задгайд “..." ХХК-ийн барьж байсан амины орон сууцны барилгаас ... УБУ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, 51 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж, 1,275,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Ё.Аг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Ц.Быг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт О.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх тул 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах нь шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын дээд хэмжээ ихэсч, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч З.Бын хувьд 1994 онд 25 жилийн хорих ял шийтгүүлж 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байх тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзэж улсын яллагчийн хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б, Ё.А нарын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгов.

Иймд шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Ё.Аг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч О.Гийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч З.Быг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Гэмт хэргийн улмаас бусдад 2070000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч Б.Нд 795000 төгрөгийн хохирол төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатар “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ц.Б, Ё.А, З.Б, О.Г нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарыг учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Ц.Б, Ё.А, О.Г нарт хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар хугацаа тогтоож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч З.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Ц.Б 2016.08.05-ны өдрөөс 2016.08.19-ний өдрийг хүртэл 14 хоног, 2016.10.14-ний өдрөөс 2017.04.12-ны өдрийг хүртэл 179 хоног, нийт 193 хоног, шүүгдэгч Ё.А 2017.06.14-ний өдрөөс 2017.07.27-ны өдрийг хүртэл 43 хоног урьдчилан хоригдсон болохыг тогтоолд дурдаж байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Ц.Быг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ё.Аг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт О.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.   

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Ц.Б, Ё.А нарын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүгдэгч Боржигон овогт Ёгийн Аг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч А овогт Зн Б, Д овогт Огийн Г нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Боржигин овогт Цын Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Ё.А, О.Г тус бүрийг 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Ц.Быг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар З.Быг 1 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ё.А 43 хоног, Ц.Б 193 хоног тус тус урьдчилан хоригдсоныг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б, О.Г нар урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг тус тус баримтлан Ц.Б, Ё.А, О.Г тус бүрт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бт авсан цагдан хорих, бусад шүүгдэгч нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР