Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/885

 

 

 

   2022             9             08                                          2022/ДШМ/885                                                                      

Т.З-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Энхбат,

          шүүгдэгч Т.З ,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод  даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.З гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2202001510139 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........  овгийн Т- ын З , ........    оны ...  дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “........  ” дээд сургуульд бүжгийн танхимын ........   дамжааны оюутан, ам бүл ..., эх, эгч, дүү нарын хамт ........   дүүргийн ... дугаар хороо, ........  тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............. /,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасны дагуу эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч Т.З нь 2022 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1.1331 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................... зочид буудалд А.А , С.Ю. нарт өгсөн,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ зочид буудлын 402 тоотод худалдаалах зорилгогүйгээр хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос А.А ад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.З үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.З ыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Т.З нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З урьд цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.З давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... миний бие уг гомдлыг бичих болсон шалтгаан нь урьд өмнө миний бие 2020 оны 3 дугаар сарын 02-ны  өдөр Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Тухайн үед хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг ноцтой зөрчиж нэг үйлдэл дээр минь ижил төрлийн зүйлээр хоёр ялласан. 3 жилээр яллаж эрх зүйн байдлыг минь дордуулж байсан. Тухайн үед миний бие хууль зүйн мэдлэггүйгээс болж, мөн өмгөөлөгчийн хариуцлагагүйн улмаас хохирч байсан. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөлийн хуульд хамруулалгүйгээр 1 жил 3 сар 7 хоногийн ялыг минь тэнсэн харгалзах ялаар сольж, хугацаанаасаа өмнө магадлангаар оруулж байсан. Иймд дахин намайг хохироож эрх зүйн байдлыг минь дордуулалгүйгээр 3 жил 3 сар 7 хоногийг минь 6.14 дүгээр зүйлд зааснаар Өршөөлийн хуульд хамруулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Прокурор Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Т.З гомдолдоо “Хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг өршөөлд хамруулж өгнө үү” гэх агуулгыг илэрхийлсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.З нь 2022 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1.1331 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................... зочид буудалд А.А , С.Ю. нарт өгсөн, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ зочид буудлын 402 тоотод худалдаалах зорилгогүйгээр хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисоос А.А ад өгсөн гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Т.З “ ... Нисдэг машины хажуу талд ................... гэх нэртэй зочид буудалд байна гэхээр нь тухайн өдрийн 2200 цагийн үед уг буудал руу нь очсон, очихдоо өөрт байсан “өвс” гэх нэршилтэй зүйлийг аваад явсан. Буудлын өрөөнд нь Д, А.А , Ю, Т нар байсан. Би ороод юм ярьж байгаад “өвс”-өө гаргаж ирээд Д, С.Ю. бид гурав 00-ын өрөөнд орж бонго бэлдэж “өвс”-өө татаж, бид хэд нэлээн хэд сорж хэрэглэсэн юм. Уг өвсийг хэрэглэхэд инээд хүрч, сэтгэл хөөрч, баясгалантай болчихдог юм. Тэгээд би орой удаагүй Хайлаастад байдаг эмээгийн гэрт очиж амарсан юм. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Д. над руу залгаад “хаана байгаа юм бэ?, Хүрээд ирээч, бид хэд ........ зочид буудалд орсон байна.” гэхээр нь би 17 цагийн үед буудал руу очиход Т, Ю, Д, А.А  дөрөв суугаад пиво ууцгааж байсан. Би тухайн орой өвс авчираад хэрэглээд тал нь үлдсэн өвсөө авч яваад өөртөө хадгалж байгаад маргааш нь ахиад өвсөө аваад очсон юм.” /хх-ийн 176-178/ гэж тухайн мансууруулах бодисыг хадгалсан, бусдад өгсөн шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

          гэрч С.Юмчингийн “ ... 17 цагийн орчимд Т.З ирсэн. Золбаярыг Д.  утсаар дуудсан юм. Тэгээд бид зургаа буудлын өрөөнд пиво уугаад юм ярьж суусан бөгөөд Т.З тухайн үед гаднаас хатаасан ногоон өнгийн “өвс” аваад ирсэн байсан, өвсийг нь буудлын балкон дээр надаас бусад нь бүгд татсан. Би өвснөөс татаагүй, ер нь өвс татахаа больсон. Өмнө нь өвс татсан үйлдлээсээ болоод шүүхээр “зорчих эрхийг хязгаарлах ял” авсан. Одоо гарандаа цагтайгаа явж байна. Тэгээд шөнө нилээн орой 2 цагийн алдад Н яваад, араас нь Т.З яваад, А.А , Тэргэл, Д.  бид дөрөв тухайн өдөр хоноод маргааш нь 1 цагийн орчимд буудлаас гараад шууд Сансарын “Сайн” ломбардын хажуугийн нэрийг нь санахгүй байна, доошоо ордог ломбарданд очоод А.А ын гар утсыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад хоёр том пиво аваад Баянзүрх захын баруун талд байрлах “...... " нэртэй буудалд өдрийн 1 цагийн орчимд орсон. Буудалд ороод пиво уусан бөгөөд Тэргэл 15 цагийн орчимд гэр лүүгээ яваад, Т-тэй  Т.З 16 цагийн орчимд ........ зочид буудалд ирсэн. Золбаярыг Д.  дуудсан. Т.З гаднаас орж ирэхдээ өмнө ................... нэртэй буудалд байсан өвс нь дуусаагүй үлдсэн, өвстэйгөө ирсэн. Тэгээд бид нар ........ буудлаас гараад дэлгүүр орж 0.5 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архи аваад буцаад буудал орж бид 4 архи ууж байгаад Т.З бид хоёр 19 цагийн орчимд буудлаас гараад гэр лүүгээ явсан. Буудал дотор Д. , А.А  хоёр үлдсэн.” /хх-ийн 50-51/,

гэрч А.А ын “  .... ................... зочид буудалд байх үед өвсийг Т.З ах авчирсан. Тухайн үед Т.З ах, С.Ю. бид гурав 00-д хэрэглэсэн, харин Д. огт хэрэглээгүй. Т.З ах С.Ю маргалдаад гадаа гарсан ба орж ирээд өөрийнхөө цүнхийг авахдаа өвсөө аваад явсан юм шиг байна лээ. Бид гурвыг хэрэглээд атга өвс үлдсэн байсан. Т.З ахыг С.Ю гадаа маргалдаад орж ирээд явсны дараа өвс байгаагүй, бид хэд ч өвсийг дахин хэрэглэе гэж бодоогүй, хаана байгаа талаар ч хайгаагүй. Ингээд Д, Ю, Т бид 4 буудалд хоноод маргааш өглөө нь буудлаас гараад миний гар утсыг ломбарданд тавиад “Бөхийн өргөө”-ний ойролцоо байрлах ........ зочид буудалд орохдоо гаднаас 1.5 литрийн пиво аваад орцгоосон. Ингээд уугаад байж байх үед Д. Т.З ахтай чатлаад Т.З ах буудалд ирсэн. Төд удалгүй Т.З ах буцаж гараад орж ирэхдээ гаднаас Coldaсmin гэсэн бичигтэй ханиадны эм, халууны эм хоёр авчираад Coldaсmin гэсэн капсултай эмийг саарал өнгийн хавтан дээр асгаад халууны эмээ нунтаглаад капсул руу хийгээд байсан. Тэр үед би Д-тэй маргалдаад байж байсан болохоор яг юу хийгээд байгаа талаар мэдээгүй. С.Ю. “гэр лүүгээ явах ажилтай болчихлоо, ханиндаа яваад буцаад хүрээд ирье” гэж хэлсэн. Тухайн үед би Т.З ахаас “тамхи байна уу” гэж асуухад ахад нь энэ л байна гэж хэлээд нэг ширхэг тамхи өгсөн. Уг тамхийг би тагт руу гарч татахад энгийн тамхинаас нэг л өөр гашуун амттай байсан. Цагдаа нар ирээд буудлын өрөөнд үзлэг хийхэд буудлын орны хажуу талын шүүгээнээс саарал өнгийн хавтантай эмүүд, цэнхэр ууттай жаахан өвс гарч ирсэн. Тухайн үед би өвс байсан талаар мэдэхгүй. Хамгийн анх ................... зочид буудалд байхад Т.З ах цэнхэр 10-ын ууттай өвс авчирсан, Т.З ахын өвс байгаа юм. Т.З ахын биед нь өвс яваад байсан.” /хх-ийн 56-57/,

гэрч Б.Д. жавын “ ... Т.З ахын өвс байгаа юм. Т.З ах ................... зочид буудалд авчираад ........ зочид буудал очихдоо үлдэгдэл өвсөө авчирсан.” /хх-ийн 41-42/ гэх мэдүүлгүүд,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/,

            А.А  нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “урьдчилсан байдлаар ТНС илэрсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-86/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1145 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн “А.А  УГ02261048 2022.02.07” гэж хаягласан шээснээс спиртийн агууламж илрээгүй, тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно” /хх-ийн 88-90/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1362 дугаар “Т.З УК95060633, 2022.02.22 гэж хаягласан шээсний дээжээс спирт илрээгүй ... Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” /хх-ийн 107-109/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1369 дугаартай “С.Ю. ФЖ98050815, 2022.02.22 гэж хаягласан шээсний дээжээс спирт илрээгүй, ... тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” /хх-ийн 116-118/ ,

Шүүгдэгч Т.З нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-104/

С.Ю. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-112/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1300 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн “Соldacmin” гэсэн нэршилтэй, улаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгөтэй тамхины хайрцаг, төмөр хавтан тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна. Гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.” /хх-ийн 78-81/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газар буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ зочид буудалд үзлэг хийсэн “Тухайн буудлын 402 тоотод орсон гэх хүмүүсийн буудлын хүлээн авагчийн бүртгэл аваагүй байв. Өрөөний зүүн урд талд 50*50 хэмжээтэй цагаан өнгийн никель тавцан байх ба түүн дээр нунтаг зүйлээр бохирлогдсон, дээр нь цэнхэр өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, дээр нь цэнхэр өнгийн уутан дотор ногоон хүрэн өнгийн ургамал мэт зүйл байсныг “1 ” дугаар тавьж, гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-23/ зэргээр давхар нотлогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.З ыг үргэлжилсэн үйлдлээр  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,  бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.З 2 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх боловч түүний урьд эдэлж хяналтын хугацаа тогтоосон ялыг нэмж нэгтгэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Т.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

          Мөн Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай шүүгчийн захирамжаар Т.З Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын хоёрны нэг хувийг эдэлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны нь өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоожээ.

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

          Харин шүүгдэгч Т.З үйлдсэн “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” үндэслэлд хамаарч байна.

          Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай шүүгчийн захирамжаар Т.З Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоож шийдвэрлэхдээ түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна.

          Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.З оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Т.З дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

          Мөн шүүгдэгч Т.З-д Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй бөгөөд Т.Золжаргал нь тус зүйл, заалтаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас биеэр 1 жил 8 сар 23 хоногийг эдэлсэн байх тул түүний эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.З Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийг хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/869 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

          Иймд шүүгдэгч Т.З дээрх үндэслэлээр гаргасан “... миний бие 2020 оны 3 дугаар сарын 02-ны  өдөр Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.14 дүгээр зүйлд зааснаар Өршөөлийн хуульд хамруулж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү..” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.З шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/869 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.З Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Т.З ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Т.З зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, уг ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 7 хоногийн хорих ялаар тогтоосугай” гэж,

3. Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 3 жил 3 сар 7 хоног...” гэснийг “... 2 жил 3 сар 7 хоног ...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Т.З гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсныг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З 2022 оны 6 дугаар сарын 10-наас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 90 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН