Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2024/0001/З |
Дугаар | 122/ШШ2024/0005 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 122/ШШ2024/0005
2024 04 03 122/ШШ2024/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багийн иргэн ******* овогт *******ийн ******* / /,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга, мөн ******* сумын газрын даамал Д.*******,
Гуравдагч этгээд: Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарын хоорондын газар өмчлөх эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга Г.******* /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар иргэн Д.*******өд гэр бүлийн хэрэгцээнд зориулж ******* сумын 3-р багт 2000 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан.
1.2. Сүхбаатар аймгийн ******* сумын сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжаар иргэн Н.*******д гэр бүлийн хэрэгцээнд зориулж ******* сумын 3-р багт 884 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан.
1.3. Иргэн Н.*******д Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р баг, 2 гудамж тоот хаягт байршилтай 22115000811 нэгж талбарын дугаартай 884 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-1214000246 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000732780 дугаарын гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон.
1.4.Нэхэмжлэгч Д.*******өөс Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, ******* сумын газрын даамал Д.*******т холбогдуулан “тус сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.*******өд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт 884 м.кв газрыг Н.*******ын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан.
1.5. Шүүгчийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 88 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 221/ШТ2023/0938 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. 2023 оны 12 дугаар сарын 28-нд захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: ******* сумын Засаг дарга нь миний өмчлөлийн газартай давхцуулан иргэн Н.*******д өмчлөлийн газар олгосон, миний өмчлөлийн газартай давхцуулан Н.*******ын өмчлөлийн газрын кадастрын зургийг хийсэн, газрын даамал хуулиар хүлээсэн иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг хийхгүй байна гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 05 сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2000 м.кв талбай бүхий газрыг өмчилдөг. Гэтэл мөн сумын Засаг даргын 2010 оны 09 сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмчилж байгаа газартай давхцуулан иргэн *******ийн *******д 884 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлжээ.
Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24,25 дугаар зүйлд заасны дагуу тухайн ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрийг тогтоох ёстой. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/177 дугаар тушаалаар баталсан “Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам”-ын 5.6.3-д зааснаар өмчлүүлэх газар бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх ёстой. Н.*******д газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа хуульд заасан ажиллагааг хийж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйн улмаас нэхэмжлэгч Д.*******ийн газартай давхцуулан олгосон байна. Нэгэнт өмчлүүлсэн газарт давхардуулан газар олгож байгаа нь нэхэмжлэгч Д.*******ийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газар өмчлөх эрхийг зөрчиж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь тус газартаа өөрөө амьдарч ирсэн. Тухайн үед Сүхбаатар аймгийн ******* сумын газрын даамал хийж байсан эрх бүхий албан тушаалтан 2000 м.кв газрын цэгийг зааж өгч байсан хэдий ч өнөөдрийн байдлаар газрын кадастр хийгдэж, мэдээллийн санд ороогүй байна. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2022 оны 10 сарын 25-аас 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн ******* суманд ажиллах үеэр Р.******* нь газрын мэдээллийн санд нэхэмжлэгч Д.*******ийн өмчилж байгаа газрын мэдээллийг оруулах, нэгдсэн санд бүртгүүлэх, газрын давхцалын маргаантай байгаа талаар өргөдлийг гаргасан. Мөн Д.*******ийн өргөдөлтэй зэрэгцэн гуравдагч этгээд Н.******* ч өөрийн өмчилсөн гэх газраа кадастрын мэдээллийн санд оруулахаар өргөдөл гаргасан байдаг. Тэгэхээр аль аль нь газрын мэдээллийн санд кадастрын зураг оруулалгүйгээр газар өмчлөх эрхтэй явсаар хожим зэрэгцэн гаргасан байхад манай хашаа барьсан газартай /бидний өмчлөлийн газартай/ давхцуулан Н.*******ын кадастрын зургийг 2022 оны 10 сард бүртгэж мэдээллийн санд оруулсан нь хууль бус юм. Газрын тухай хуульд зааснаар давхцалтай газрыг бусдад эзэмшүүлэх нь хориотой. Сүхбаатар аймгийн ******* сумын газрын даамал нь Н.*******д 2010 онд газар өмчлүүлсэн газрын бичиг баримтыг 2022 онд нөхөн бүрдүүлэлт хийж, ингэхдээ Д.*******өд өмчлүүлсэн газартай давхцуулан олгосон нь гуравдагч этгээдийн захирамж анх гарахдаа үндэслэл муутай гарсныг харуулж байна. Энэ асуудлаар Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ******* сумын газрын даамалд Д.*******ийн газрын хувийн хэргийг олж, системд нөхөн бүртгэх талаар чиглэл өгсөн ч өнөөдрийг хүртэл ажлаа хийхгүй эс үйлдэл гаргасаар байна. Нэхэмжлэгчийн эгч Р.******* газрын кадастр хийж, мэдээллийн санд бүртгүүлэх талаар хариуцагч болон Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт удаа дараа хандсан хэдий ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна.
Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн газарт кадастр хийж, холбогдох мэдээллийн санд бүртгэх ёстой. Гэтэл ийнхүү нэхэмжлэгчид нэгэнт олгосон газрын кадастрыг хийж, холбогдох мэдээллийн санд бүртгээгүйн улмаас түүний газар өмчлөх эрх зөрчигдөж байна. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д газар өмчлөгч нь “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” эрхтэй гэж заасан. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор шүүхэд хандаж байгаа болно гэв.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 09 сарын 27-ны өдрийн захирамжийн Н.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шинжээч томилж, давхцалтай эсэхийг тогтоолгоход давхцалгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар манай тал маргахгүй. Яагаад гэхээр давхцалтай эсэхийг тогтоох нөхцөл байдал үүсээгүй. Д.*******ийн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй учраас мэдээллийн сангаас байршлыг нь тогтоох боломжгүй. Харин Н.*******ын кадастр мэдээллийн санд орсон. Мэдээллийн санд орсон хоёр зургаар давхцал байгаа эсэхийг тогтоодог. Тиймээс давхцалтай эсэхийг тогтоох боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр давхцалгүй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг биш, бодит байдал дээр маргаан бүхий газрын хашаа нурсан байгааг шүүх анхаарч үзнэ гэж бодож байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад Н.*******аас өмнө Д.*******, Р. нар газар өмчилсөн гэдгийг мэдэж байсан байна. Тухайн үед Э. газрын даамал баруун талд гэж заасны дараа Н.*******ын байр суурийг хамгаалсан байдаг. Хүчингүй болгох захирамжийн агуулгыг харвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл захиргаа Д.*******ийн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсний дараа давхцал байгаа эсэхийг шалгаж хэргийг шийдвэрлэхээр 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болох юм.
Монгол улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т “нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх” гэж заасан. Үүний хүрээнд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж заасны дагуу гаргасан шийдвэрийнхээ хойноос Засаг дарга ажиллагаа хийх ёстой юм. Газрын даамалтайгаа хамтран, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл энэ нь хуулиар хүлээсэн үүргийн асуудал.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн дагуу захиргааны эс үйлдэхүйн улмаас газрын гэрчилгээ авах эрх хязгаарлагдсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлөхийг хүссэн өргөдлийг газрын даамал, Засаг дарга хянаж байгаа. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу газар өмчлүүлэх талаар шийдвэр гаргасан. Одоо Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна” гэсэн хуулийн заалтуудын хэрэгжилт дээр гацсан байгаа. Газрын даамлын үүргээ биелүүлэхгүй байгаа нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж байна.
Н.*******ын газар дээр маргаан үүссэн байхад кадастрын зураг хийж, мэдээллийн санд бүртгэж, гэрчилгээ олгосон хэрнээ Д.*******өд эс үйлдэхүй гаргаж байгаа шударга бус байна. Тиймээс мэдээллийн бүртгэсэн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх тухай журмыг А/177 тоот тушаалаар баталсан. Энэхүү журамд сумын газрын даамлын чиг үүргийг, хүсэлт гаргасан иргэний асуудлыг мөн нарийвчлан зааж өгсөн. Журмын 3.2, 3.4, 3.5, 3,8-д газрын даамлын чиг үүргийг нарийвчлан заасан. Журмын 3.1 дэх хэсэгт заасан баримтыг газрын даамал хүлээн авч газрын кадастрыг мэдээллийн санд бүртгэнэ. 3.4-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд 3.5-д заасны дагуу хариу өгөх мэдэгдлээр хариу өгч, хүсэлт, баримт бичгийг буцаана. Бидэнд 3.5-д заасны дагуу хариу мэдэгдэл ирүүлээгүй. Кадастрын мэдээллийн дагуу бүртгэж, шалгах ажлын газрын даамал хийхгүй байгааг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Ер нь суурин газрын судалгааг газрын даамал хийсэн байсан бол энэ захирамж гарахгүй байсан гэж бодож байна. Мөн журмын 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сумын газрын даамал нь засаг даргын захирамжийг үндэслэн нэгж талбарын бүртгэл, зураглал, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн баталгаажуулна” гэсэн. Тиймээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* болон сумын газрын даамал Д.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ын өмчлөх эрхийн гэрчилгээ авсан газрыг хүчингүй болгох боломжгүй.
1. 2005 оны 1 дүгээр сард иргэн Д.******* газар өмчлөх өргөдөл гаргасан байна.Тухайн өргөдөлд хавсаргасан өмчлөхийг хүсэж буй газрын байршлын тойм зураг нь иргэн Н.*******, Р. нарын баруун хэсэгт гэж заасан байна.
2. 2010 оны 8 дугаар сард иргэн Н.******* газар өмчлөх өргөдөл гаргасан байна. Тухайн өргөдөлд хавсаргасан өмчлөхийг хүсэж буй газрын байршлын тойм зураг нь иргэн Р.ийн зүүн хэсэгт гэж заасан байна.
Д.*******, Р. нар нь өөрийн өргөдөлд хавсаргасан хүсэлт өгсөн газраа өөрчлөн сумын газрын даамалд мэдэгдэлгүйгээр аймгийн газрын албаны мэргэжилтнээр Н.*******ын газартай давхцуулан шинээр кадастрын зураг хийлгүүлсэн нь бүх баримтаар тогтоогдсон. Газрын даамал Д.******* миний бие тухайн иргэнд энэ газар бол Н.*******д олгогдсон газар юм үүнээс залгаад баруун талд нь газар авч болно гэж анхааруулж хэлж байсан боловч Д.******* нь 2022 оны 8 дугаар сард газрын даамал миний биеийг ээлжийн амралттай байх хугацаанд өөрөө дур мэдэн Н.*******, Р. нарын өмчлөлийн газрыг өөрийн өмчлөлийн газартай нийлүүлэн дур мэдэн хэмжилт хийн хашаа барьж маргаан үүсгэсэн гэв.
3.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх гудамжны хамгийн зүүн үзүүрт, Д.*******ийнх хамгийн баруун үзүүрт байдаг хөрш айлууд. Ийм маргаан үүсэж байгаа нь харамсалтай. Би 1980-аад онд *******од шинээр мал эмнэлгийн хажууд хашаа газар олгоход тэнд анх амьдарч байсан. Манайх нүүж суурьшсаны дараагаас манай баруун талаар айлууд ирж суурьшсан. Манайх 2010 он хүртэл амьдарсан байхад 2005 онд давхардуулан газар олгох боломжгүй. Ийм логикгүй зүйл ярьж байгааг гайхаж байна. Надад манай газар эзэмших гэрчилгээг 1995 онд олгож байсан. Д.******* Р. гэдэг айлын газар дээр хашаа барьсан. Би хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан.Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Р. мэдүүлэхдээ “******* гэдэг хүн миний нэрийг барьж байна, ******* гэдэг айлынх тусдаа газартай, хэрэгт хамааралгүй” гэж шүүх хуралд мэдүүлсэн байдаг. Тэр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манайх болон Д.*******ийн газар давхацсан гэдэг үндэслэлээр шинжээч томилж 2023 оны 1 сарын 23-ны өдрийн дүгнэлтээр давхцалгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч газрын албаны хүмүүстэй хуйвалдаж гэх хүнээр кадастрын зураг хийлгэсэн. ******* сумын газрын даамал Д.******* прокурорын газарт гаргасан тайлбартаа “Би иргэн Д.*******ийн гаргасан гомдлын талаар мэдэж байна. Миний 2012 онд томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Сумын Засаг даргын захирамжаар 2005 онд Д.*******өд газар олгосон. Уг газрын хувийн хэрэг олдохгүй байгаа тул яг хаана газар олгосон нь тодорхойгүй. Би Д.*******ийн газрыг үлдээгээд баруун тийш Р., Д.******* нарт газар зааж өгсөн. Гэтэл олгосон газартаа хашаа барилгүйгээр өнөө хүрсэн. Р., Д.******* нарын төрсөн дүү Р.******* над руу залгаж бидний авсан газар мал эмнэлгийн баруун талд олгогдсон байна. Кадастрын зураг нь байна гэж хэлсэн. Би иргэнд газар олгоогүй, кадастрын зураг гаргаагүй байсан. Би яаж кадастрын зураг гаргасан талаар судлахад гэх ахлах мэргэжилтэн хийж өгсөн байна” гэсэн. Анх газар олгосон Э. гэх хүн мөн давхардуулж газар олгох боломжгүй гэж мэдүүлсэн байдаг. Би газрын албанд хүсэлт гаргаж Энхжин гэх хүнээр ахлуулсан групп шалгалт хийлгэж байсан. Газар давхцалгүй байна гэж дүгнэсэн гэв.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт, удирдамжийн дагуу 2022 оны 11 сарын 01-ний өдөр газар дээр нь ажилласан ажлын тайлан, Э.ын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь газар авахдаа өгч байсан тойм зураг зэрэг баримтуудаар газрын давхцалгүй байгаа нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2010 оны 67 дугаар захирамж хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий гарсан хүчин төгөлдөр захирамж. Энэ хэрэгт Р. өөрөө хэнтэй ч маргахгүй, би хэрэгт хамааралгүй гэж мэдүүлдэг байхад Д.*******өд хамаатуулан ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Айлын газар дээр давхцуулан хашаа татчихаад одоогоос 14 жилийн өмнөх захирамжийг хүчингүй болгоно гэж маргаж байгаа нь ойлгомжгүй. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжтой. Н.*******ын газартай давхацсанаар ямар эрх хязгаарлагдаж, ямар эрх сэргэх нь ойлгомжгүй байна. Хэд хэдэн баримтаар давхцалгүй байгаа нь нотлогдсон тул кадастрыг бүртгэж байгаа нь асуудал маргаантай байхад кадастр бүртгэсэн гэх тайлбарыг үгүйсгэнэ. Тиймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргад холбогдуулан “миний өмчлөлийн газартай давхцуулан иргэн Н.*******д өмчлөлийн газар олгосон” гэсэн үндэслэлээр ******* сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар,
******* сумын газрын даамал Д.*******т холбогдуулан миний өмчлөлийн газартай давхцуулан Н.*******ын кадастрын зургийг хийсэн, нэхэмжлэгч Д.*******өд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүртгэхийг даалгах агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар иргэн Д.*******өд гэр бүлийн хэрэгцээнд зориулж, ******* сумын 3-р багт 2000 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Д.*******ийн Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл түүнд хавсаргасан өмчилж авахыг хүссэн газрын тойм зургийг үндэслэн олгосон байх бөгөөд өргөдөл болон тойм зурагт нэхэмжлэгч Д.******* өмчлөхийг хүссэн газраа ******* сумын 3 дугаар багт байрлах Мал эмнэлгээс баруун тийшээ хоёр хашааны баруун талд гэж байршил, заагийг тоймлон зурагласан байна.
4. Хавтаст хэргийн 97 дугаар талд авагдсан уг тойм зургаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “2005 онд иргэн Д.*******ийн газар өмчлөх өргөдөлд хавсаргасан өмчлөхийг хүсэж буй газрын байршлын тойм зураг нь иргэн Н.*******, Р. нарын баруун хэсэгт гэж заасан” гэж тайлбарлан маргаж байгааг үгүйсгэх боломжгүй байна.
5. Учир нь: Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана”, 20.3.4-т “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/ гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу ******* сумын Засаг дарга нэхэмжлэгч Д.*******ийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд зориулж ******* сумын 3-р багт 2000 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан байна.
6. Мөн Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийг үндэслэн иргэн Н.*******д ******* сумын 3-р баг, 2 гудамж тоот хаягт байршилтай 2215000811 нэгж талбарын дугаартай 884 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-1214000246 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000732780 дугаарын гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон.
7. Энэ нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж заасантай нийцэж байна.
8. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар иргэн Н.*******д маргаан бүхий 884 м.кв газрыг өмчлөх эрх үүссэн бөгөөд харин нэхэмжлэгч Д.*******өд 2000 м.кв газрыг өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр Н.*******ын сумын Засаг даргын 2010 оны 67 дугаар захирамжаар өмчлүүлсэн 884 м.кв өмчлөх эрхийн газар нь мал эмнэлгийн баруун талд гэж зурсан тойм зургийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд орж баталгаажсан байна. Д.*******ийн сумын Засаг даргын 2005 оны 32 дугаар захирамжаар өмчлүүлсэн 2000 м.кв газрын өргөдөлд хавсаргасан тойм зураг нь мал эмнэлгийн баруун урд талд 2 хашааны баруун талд гэж зурагласан байна. Газар хүссэн өргөдөлд гаргасан тойм зураг болон газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлтэй харьцуулан үзэхэд ямар нэг давхцал байхгүй” гэжээ.
10. Нэхэмжлэгч Д.*******өд өмчлүүлэх шийдвэр гаргасан 2000 м.кв газар болон гуравдагч этгээд Н.*******ын өмчлөлийн 884 м.кв газрууд нь хоорондоо давхцалгүй болох нь шинжээчийн дүгнэлт, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд ******* суманд ажилласан талаарх товч тайлан, гэрчийн мэдүүлэг, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.
11. Иймд дээрх үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэгч Д.*******ийн өмчлөлийн газартай давхцуулан иргэн Н.*******д өмчлөлийн газар олгосон мөн Д.*******ийн газартай давхцуулан Н.*******ын газрын кадастр хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байна.
12. Нэхэмжлэгч талаас миний өмчлөлийн газартай давхцуулан Н.*******ын өмчлөлийн газрын кадастрын зургийг хийсэн, нэхэмжлэгч Д.*******өд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг гаргасан гэж сумын газрын даамлыг буруутган газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгуулахаар маргасан боловч сумын газрын даамлын зүгээс Н.*******ын өмчлөлийн 884 м.кв газраас баруун тийш буюу өмчилж авахыг хүссэн газрын тойм зурагт тусгагдсан байршилд кадастрын зураг хийлгэх боломжтой гэсэн тайлбарыг нэхэмжлэгчид өгсөн.
13. Нэхэмжлэгчээс газрын давхцалгүй байхад Н.*******ын өмчлөлийн газрыг оролцуулан 2000 м.кв газрын кадастрын зураг хийлгэж, газрын мэдээллийн санд бүртгэхийг сумын газрын даамлаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.
14. Иймээс нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмчилсөн газар дээр кадастрын зураглал хийлгэн, улмаар газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгахаар маргасан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 20 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 67 дугаар захирамжийн иргэн Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий, мөн сумын газрын даамал Д.*******т холбогдуулан гаргасан “тус сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.*******өд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р багт 884 м.кв газрыг Н.*******ын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ