Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2016/00328

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******** банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Г холбогдох,

Зээл, зээлийн хүү, торгууль, нийт 9.043.034 /есөн сая дөчин гурван мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2015/01196/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагч О.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О овогтой Г*** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Чандмань хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа 2014 оны 07-р сарын 04-ний өдөр ******** банкны Хөвсгөл салбарын харьяа Төмөрбулаг тооцооны төвөөс 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр 488.000 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. 2014 оны 10 сараас хойш зээлийн төлбөрийг бүрэн хийгээгүй удаа дараа мэдэгдэл өгсөн боловч зээлийг төлөлгүй хугацаа хэтрээд өнөөдрийн байдлаар 78 хонож байна. Одоо зээлийн үлдэгдэл 8.810.576 төгрөг, хүү 203.923 төгрөг, торгуулийн хүү 28.535 төгрөг, нийт 9.043.034 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу 9.043.034 төгрөгийг зээлдэгч О.Г***аас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г*** нь 2014 онд ******** банкны Хөвсгөл салбарын Төмөрбулаг тооцооны төвөөс 13.000.000 төгрөгийн цалингийн зээл авч сар сард нь зээл хүүг төлж явсан. Би 2014 оны 10 сард ажлаас гарсан тул зээлийн эргэн төлөлтийг төлөхөд хүндрэл үүссэн. ...Би 2016 оны 3 дугаар сарын 20-ны дотор зээлийн хугацаа хэтрэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлж, зээлийн үлдэгдлийг зээлийн графикт заасны дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2016 оны 1-р сарын 20-ны дотор 1.500.000 төгрөгийг төлж, үлдэгдлийг зээлийн графикт заасны дагуу сар сард нь төлж барагдуулна гэж байгааг зөвшөөрч байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** банкны Хөвсгөл салбар нь хариуцагч О.Г***ад холбогдуулан зээл, зээлийн хүү, торгууль, нийт 9.043.034 /есөн сая дөчин гурван мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч О.Г*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 9.043.034 /есөн сая дөчин гурван мянга гучин дөрөв/ төгрөгөөс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны дотор төлж, үлдэгдлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзах зүйлгүй байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.639 төгрөгийн тал хувь болох 79.820 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 79.820 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******** банкны Хөвсгөл салбарын зээл, зээлийн хүү, торгууль, нийт 9.043.034 /есөн сая дөчин гурван мянга гучин дөрөв/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч О.Г*** зээлийн хугацаа хэтрэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны дотор, үлдэгдэл төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.639 төгрөгөөс 79.820 /далан есөн мянга найман зуун хорь/ төгрөгийг улсын орлогоо, хариуцагчаас 79.820 /далан есөн мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ