Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Г.Н

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/0228/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Гордоо овогтой Н нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-нд туслах малчин, төлчнөөр элсэн орж 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгт 2006 оны 4-р сарын 01-нээс багшаар ажиллаж байсан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй учраас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Г.Н миний бие Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчин, төлчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд илгээлтээр гарч 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчин, төлчнөөр ажиллаж байсан ба нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэнээс ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд Г.Нийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, төлчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Г.Н Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн Хужирт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Нийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 10/100 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай Илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Нт Хужирт бригадын төлийн штабаас 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олгосон Талархал, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлөөс 1987 оны 5 дугаар сард олгосон Диплом, Идэрийн-Ундрал нэгдлийн Ерөнхий хорооноос 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон Баярын бичиг, Намын хороо, Ардын Депутатуудын Хорооны Гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Хүүхэд Залуучуудын Эвлэлийн хорооноос 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч П.П-н ...Г.Н нь 1982 онд илгээлтээр гарч Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад төлчин, саальчнаар ажиллаж байгаад 1989 оныг дуустал тасралтгүй ажилласан. Би тус нэгдэлд 1981-1989 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Ц.Н-ын Г.Н нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад төлчин, малчнаар ажиллаж байгаад 1990 оныг дуустал буюу их хувьчлал явагдаж, нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1980 оноос 1992 оныг хүртэл бригадын аж ахуйгаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.Нийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-ундрал нэгдлийн Хужирт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд Г-гийн Нийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-ундрал нэгдлийн Хужирт бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ