Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 558

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Б.Чинбилиг,

            шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бгийн Дд холбогдох 1708007010209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, урьд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, Боржигон овогт Бгийн Д /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэсвгэрт 17 дугаар байрны урд талд байрлах саравчинд Р.Оийн эрүүний зүүн хэсгийг шилний хагархайгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 Тодруулбал, Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэсвгэрт 17 дугаар байрны урд талд байрлах саравчинд Р.Оийн эрүүний зүүн хэсгийг шилний хагархайгаар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн таалрхи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6х/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9х/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11х/

 

                  Хохирогч Р.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Бороотой архи ууж байхад ...Д нэртэй залуу хүрч ирээд, дагаад салахгүй байхаар нь авсан архинаасаа өгсөн. ...Тэгтэл гэнэт агсам тавьж эхэлсэн. ...Тэгээд архи дуусах үед намайг ...хоосон архины шил хагалж байгаад миний хүзүүний зүүн тал руу архины хагархай шилээр 1 удаа дүрчихсэн ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 14-16, 17х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9809 дүгнэлтэд: “...Р.Оийн биед эрүү, хүзүү хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 38х/

 

                  Гэрч С.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ...зүс таних залуу намайг дуудаад танай эхнэрийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс дээр хүзүүнээс нь цус гараад боолтоор боочихсон түргэн тусламж болон цагдаа нар ирчихсэн эмнэлэг рүү аваад явчихлаа, чи Ханын материалын эцэс рүү хурдан очоорой гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би шууд Ханын материалын эцэс рүү явж очсон. Тэр үед эхнэр Оийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Тэр хавийн хүмүүсээс сураглахад Д гэх залуу эхнэрийг архины шилээр хүзүүг нь зүсчихсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/

 

                  Гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Ачит-115 дугаар чиглэлийн алаг машин дээр цагдаагийн ахлагч Г.Чингисийн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10-с 15 цагийн орчим СХД-ийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс орчим зодуулж гэмтсэн хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэх дуудлагын дагуу очиж шалгахад Р.О гэгчийг СХД-ийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны урд талын саравчинд Д гэгч хутгалсан гэх газарт очиход саравчны доод талаар цус болсон хагарсан шилнүүд зэрэг байсан. Ингээд бид хоёр Д гэгчийг эрэн сурвалжлахад Д гэгчийн байгаа мэддэг гэх хоёр хүнээр хаягийг заалгаад СХД-ийн 5 дугаар хорооны нутагт байрлах нийтийн байрнаас Дг олж тогтоон Ачит-10 илтгэх хуудсыг өгч, Дг дэнжийн 1000-ын албадан саатуулах баривчлах төв рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/

 

                  Гэрч Г.Чингисийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ачит-115 дугаар чиглэлийн алаг машин дээр цагдаагийн ахлагч дэслэгч Ганболдын хамтаар хамтаар үүрэг гүйцтгэж байхад Ачит-10-с 15 цагийн орчим СХД-ийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс орчим зодуулж гэмтсэн хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэх дуудлагын дагуу очиж шалгахад Р.О гэгчийг СХД-ийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны урд талын саравчинд Д гэгч хутгалсан гэх газарт очиход саравчны доод талаар цус болсон хагарсан шилнүүд зэрэг байсан. Оийг Гэмтлийн эмнэлэг аваад явсан байсан. Ингээд бид хоёр ... Дг олж тогтоон Ачит-10 илтгэх хуудсыг өгч, Дг Дэнжийн 1000-ын албадан саатуулах баривчлах төв рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

            Гэрч Э.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 14-15 цагийн орчим би Ханын материалын 17 дугаар байрны урд сааданд Д, Цэкэ, Лхагваа, О, Бор, О нар архи уусан. Тэгээд архи ууж байтал О эгч архи алгаслаа гээд хэрүүл хийгээд тэгтэл Дэваасүрэн архины шил хагалаад Оийн хүзүүг цохих шиг болсон чинь зүүн эрүүний орчмоос нь цус гарсан. Би тогтоох гэж оролдсон. Тэгтэл Д, Цэкэ, Ойлоо гурав яваад өгсөн, би 103 дуудсан. Удалгүй 103 ирээд Оийг аваад явсан. Тэгээд би ханын материалд явж байгаад цагдаа нартай тааралдаад Цэрэндоржийн гэрийг зааж өгсөн. Тэнд Д байсныг цагдаа нар аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

            Гэрч Э.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 14-15 цагийн орчим Ханын материалын эцсийн буудлын тэнд байдаг 17 дугаар байрны урд Д, Бакина, Лхагваа, О, Бор, О нар архи уусан. Тэгээд архи ууж байтал О эгч архинаас болж маргалдаад хэрүүл маргаан хийгээд тэгтэл Д Оийг та одоо яв, гэртээ харь гэж байсан. Д гэнэт архины шил хагалаад Оийн хүзүүг шилээр зүссэн. Тэгтэл зүүн эрүүний орчмоос нь цус гарсан, бид нар бүгдээрээ хөөе яаж байгаа юм бэ гээд сандралдаад цусыг нь тогтоох гэж оролдсон. Тэгээд би Д, Ойлоо хоёрыг авч яваад гэртээ хариад унтаж амарсан. Унтаж байхад цагдаа нар ирээд Дг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/

 

Гэрч Б.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны зуны нэг өдөр өглөө эрт Ханын материалын шинэ байрны урд сааданд Бакина, О ах, хар Эрка эгч, Д, Цэкү, мэнгэт Отгоо /О/, Бор нартай цуг архи уусан. ...Би тамхи зуугаад эргээд харах хооронд Д архины шил барьж байгаад мэнгэт Отгоо эгчийн хүзүүний хажуу тал руу нь хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/

 

            Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ...О эгч нилээн согтуу байдалтай ирээд архи уух гээд байхаар нь архинаасаа нэг хийж өгөөд найзынхаа /Бадарч, Төрөө нарыг таньдаг гэх/ эгчтэй архи уумааргүй байна гээд О эгчийг яв гэж хөөсөн. Тэгтэл явахгүй байгаад байхаар нь уурандаа дууссан архины шилийг саравчны арын модон дээр цохиж хагалаад хагархайгаар нь Оийн хүзүүний зүүн эрүүний хэсэгт 1 удаа хатгачихсан. Тэгтэл хүзүүнээс нь их цус гарсан. Би Цэвээндорж, О нарын хамтаар Цэвээндоржийн гэрт очоод унтаж байтал Бакина, Лхагвасүрэн нар цагдаа нартай орж ирээд намайг цагдаа нар авч яваад эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

           

Шүүгдэгч Б.Д, хохирогч Р.О нар нь бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, архи уусан үедээ янз бүрийн ааш авир гаргадаг, энэ нь эцэстээ хэн нэгэндээ гэмтэл учруулахад чиглэсэн үйлдэл хийхэд хүргэсэн буюу шүүгдэгч Б.Д нь хохирогч Р.Оийг шилээр зүсэж гэмтэл учруулахад хүргэсэн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэлээ. Учир нь, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д “би өмгөөлөгчгүй оролцож байгаа бөгөөд өөрийгөө өмгөөлж оролцож байгаагийн хувьд улсын яллагчийн яллаж байгаа зүйл ангийн оногдуулах шийтгэлийг сонслоо. Би торгох ялыг биелүүлэх боломжгүй, орлогын тодорхой эх үүсвэргүй тул энэ ялыг биелүүлж чадахгүй, надад нийтэд тустай ялыг оногдуулж өгнө үү” гэж, улсын яллагч нь түүнд 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ял эдлүүлэх дүгнэлт гаргасан, мөн хэрэгт авагдсан баримтуудаар Б.Д нь ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог болох нь тогтоогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзсан болно.

 

Б.Дгийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78х/

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-92х/ зэргээр тогтоогдлоо.

 

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Р.О нь шүүгдэгч Б.Дгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй /хх-ийн 17х, 118х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Дгийн бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Дгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигин овогт Бгийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 488 /дөрвөн зуун наян найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ