Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/886

 

 

 

 

 

    2022            9             08                      

 2022ДШМ/886                                                                                               

А.Т, Б.Т, Б.Г ,

А.Э нарт холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч А.Т , Б.Г , тэдгээрийн өмгөөлөгч Н.Н ,

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Б.П ,

шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Б.О ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/975 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Э гийн өмгөөлөгч Б.О , шүүгдэгч А.Т , Б.Г  нарын өмгөөлөгч Н.Н , шүүгдэгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Т, Б.Т, Б.Г , А.Э  нарт холбогдох эрүүгийн 2102000000360 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. .......   овгийн А- ын Т , .......     оны ... дугаар сарын ... -ний өдөр  .......    аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......   оюутан, ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт  .......   аймгийн  .......   сумын  .......    баг, .......    оршин суух бүртгэлтэй боловч  .......    дүүргийн ... дугаар хороо, .......    тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

/РД: ..................../,

          2. .......    овгийн Б-ын Г , .......    оны  .......    дугаар сарын  .......   -ны өдөр  .......    аймагт төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......    оюутан, ам бүл .. , эцэг, эх, дүүгийн хамт  .......    аймгийн  .......   сумын ... дугаар баг, .......    тоотод оршин суух бүртгэлтэй боловч  .......    дүүргийн ... дүгээр хороо  .......    тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./,

          3. .......    овгийн А- ийн Э , .......    оны  .......    дугаар сарын  .......   -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......   настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн коллежид суралцдаг, .......    дүүргийн  .......    дугаар хороо, .......   тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/,

          4. .......    овгийн Б-ийн Т , .......    оны  .......   дугаар сарын  .......   -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......   настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......   оюутан, .......    дүүргийн  .......дүгээр хороо, .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../,

          1. Шүүгдэгч А.Т нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 358.2 грамм бодисыг Б.Г аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          - мөн шүүгдэгч Б.Т тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122 а байрны 2 с блокийн 268 тоотод 0.4880 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

          - мөн шүүгдэгч Б.Т , А.Э  нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          2. Шүүгдэгч Б.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод 310 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          3. Шүүгдэгч А.Э  нь Б.Т , А.Т нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          4. Шүүгдэгч Б.Т нь А.Т тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод 0.4480 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

          - мөн яллагдагч А.Т , А.Э  нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй, шавар гэх нэршилтэй 0.4880 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Т, Б.Т, Б.Г , А.Э  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Т үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч Б.Г ийг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч А.Э г бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Б.Т ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т , Б.Т нарт тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г т 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т, Б.Т, Б.Г  нарт тус бүр оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, А.Э д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Т , Б.Г , А.Э , Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч  А.Э гийн өмгөөлөгч Б.О  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.О  миний зүгээс тус гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч А.Э  хамтран оролцоогүй бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах санал, дүгнэлт гаргасан боловч шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шүүгдэгч А.Э д ял шийтгэл оногдуулсан болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч  .......   өмгөөлөгчөөс “... нэгжлэг хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй буюу байлцсан гэх албан хаагч нар гарын үсэг зураагүй, ... А.Э  нь Б.Т , А.Т нартай бүлэглээгүй буюу тухайн үед унтаж байсан ба ямар нэг байдлаар санаа зорилгоороо нэгдсэн үйл баримт байхгүй тул А.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй” гэж тайлбарлан маргасан. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай” 568 дугаар захирамжаар “ ... хавтаст хэргийн 225-226 дугаар талд авагдсан орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулах” зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд тухайн нэгжлэг хийх ажиллагаанд оролцогч А.Б, Б.Н, Б.С, Д.Н нараас гэрчээр мэдүүлэг авч, тухайн ажиллагаанд оролцсон эсэх, гарын үсэг зураагүй шалтгаан нөхцлийг тодруулсан нь орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх хуульд заасан шаардлагыг нөхөн гүйцэтгэж хангуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Хоёдугаарт, хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан Э.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт “... А.Э  өмнө нь хэрэглэж байсан. Хаанаас яаж авчирсан талаар мэдэхгүй байна” гэж, 26 дугаар талд авагдсан Э.Э гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Амгаагийн байрны тагт тумбочка зэргээс өвс гарч ирж байсан.” гэж, Б.Т ийн гэрчээр /2-р хх-ийн 19/ өгсөн мэдүүлэгт “... А.Э гийн гэрээс хураагдсан эд зүйл бол А.Т бид хоёрын хийсэн юмны үлдэгдэл байгаа юм.” гэсэн зэргээс болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд, хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч А.Э  нь Б.Т , А.Т нартай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэв.” гээд А.Э г бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э д 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авч танилцаад дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд, хавтас хэргийн материалд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтанд дүгнэлт хийхэд яллагдагч Б.Т гэрчээр өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн анхны мэдүүлэгтээ “ ... тухайн үед А.Э  гэртээ байхгүй байсан. А.Э гийн гэрээс гарсан зүйл нь А.Т, өвс шахдаг өдөр үлдээгээд явсан. Гуравны нэгийг надад өгсөн, үлдсэн нь ... ” гэж /2-р хх-ийн 17/, мөн дахин 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ...А.Т торны талаар хэмжээтэй 2 хэсэг өвстэй ирсэн. Тэрний нэг хэсгээр шавар гаргаж авсан. А.Э гийхаас хураагдсан эд зүйл бол А.Т бид хоёрын хийсэн юмны үлдэгдэл, цэвэрлээгүй юмнууд байгаа юм. Гаргаж авсан шаварнаасаа 2-3 удаа хэрэглэж, үлдсэнийг нь цүнхэндээ авч явж байгаад цагдаа нарт хураагдсан” гэж /2-р хх-ийн 19-20/, Яллагдагч А.Т гэрчээр 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13:51 цагт өгсөн мэдүүлэгтээ “... А.Э  түрүүлээд тасраад унтчихсан. 3, 4, 5 дугаартай ундааны сав, 6 дугаартай савтай өвс бол Б.Т бид 2-ын хийгээд үлдээсэн эд зүйл байх гэж бодож байна. Тухайн үед нилээн согтсон байсан учраас зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Энэ 1, 2 гэж дугаарласан гялгар ууттай савтай өвсийг мэдэхгүй. Би Б.Т д май гэж өвс энэ тэр бол өгч үлдээгээгүй. Б.Т өөртөө бас авч үлдсэн байж магадгүй, хэр хэмжээтэй авсныг би мэдэхгүй байна” /2-р хх-ийн 35-3-рт/ гэжээ. Харин миний үйлчлүүлэгч А.Э  тухайн гэрт нь үлдээгээд явсан зүйлсийн талаар мэдээгүй гэдгээ гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой, тогтвортой мэдүүлсэн. Шүүх хуралдаанд түүний мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Т , А.Т нарын өгсөн мэдүүлэг зэргээр А.Э  нь түүний гэрт анх А.Т , Б.Т нарын авчирсан өвс, түүнийг бэлтгэх үйлдэлд санаатай нэгдэж оролцоогүй, тухайн үйл явдлын талаар мэдээгүй байсан нь эргэлзээгүйгээр тогтоогдож байгаа болно. А.Э  нь Б.Т , А.Т нарыг гэрт нь тухайн өвсийг анх авчирсан, авчирч боловсруулаад, үлдсэн зүйлсийг өөрийн гэртээ агуулан байлгаж байх талаар ярилцсан, тэднээс санаатай авч үлдэж гэртээ агуулж харгалзан сахиж байх тухай ярилцсан, тохиролцсон талаар огт нотлох баримт бэхжигдээгүй, буруутгаж болох ямар ч нотолгоо авагдаагүй байхад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд санаатай нэгдсэн, санаатай нэгдэж үйлдсэн гэж хийсвэр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хоёрдугаарт, шийтгэх тогтоолд А.Э гийн гэм бурууг нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрчээр Э.Б , Э.Э нарын мэдүүлгийг үндэслэл болгожээ. Гэтэл мөрдөгчийн нэгжлэг хийх ажиллагаа нь бүхэлдээ Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ... Мөрдөгч, прокуророос нэгжлэг хийх ажиллагаа, хүчинтэйд тооцох шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.3 дугаар зүйл, 22.4 дүгээр зүйлийг, түүнчлэн 28.3 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн. Мөрдөгч нь нэгжлэгийг хойшлуулшгүй тохиолдолд хийсэн гэх боловч тухай ажиллагаанд байлцсан албан хаагч нар гарын үсэг зураагүй байсан. Шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа гүйцэтгүүлэхээр прокурорт буцаасан бөгөөд тухайн ажиллагаагаар нэр бүхий албан хаагч нэгжлэгт оролцсон боловч дараагийн дуудлаганд яараад явсан гэх зэргээр мэдүүлснээс үзвэл тэмдэглэлтэй газар дээр нь огт танилцаагүй, нөхцөл байдал үнэн зөв бичигдсэн эсэхийг тулгаж үзээгүй байдал хангалттай тогтоогдсон. Нөхөн гүйцэтгээд ч ач холбогдолгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт болж байна. /Нэгжлэгийн тэмдэглэл нь/. Ийнхүү илтэд хууль зөрчиж хойшлуулшгүй тохиолдолд хийсэн гэх нэгжлэгийн ажиллагааг хяналтын прокуророос хүчинтэйд тооцож байгаа нь ч бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих зарчим, хуульчилсан хэм хэмжээг үл хэрэглэж буй нөхцөл байдал болж байна. Гэрч Э.Б “А.Э  нь урьд өмнө нь хэрэглэж байсан.” гэсэн мэдүүлгийг үндэслэл болгожээ. Гэтэл түүнийг урьд өмнө нь хэрэглэж байсан болохыг нотолсон шинжилгээний дүгнэлт, баримт огт цуглараагүй болно. Хэн нэгнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтоох байтал гагцхүү ганцхан Э.Б гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж буй нь учир дутагдалтай юм. Мөн гэрч Э.Э мэдүүлэгт А.Э г Б.Т , А.Т нартай санаатай нэгдэж, тэдний үлдээсэн өвсийг гэртээ хадгалахаар ярилцаж тохиролцсон /мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис ургамал/ талаар ганц ч үг, өгүүлбэр бүхий яриа тусгагдаагүй, гэм буруутайд үндэслэл болгох баримт байхгүй. Тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий үйл баримт, нотлогдох нөхцөл байдлыг талаар нэг ч хүнээс А.Э г бусадтай бүлэглэсэн, санаатай нэгдсэн баримт нотолгоо байхгүй байхад бүлэглэж гэж хүндрүүлэх шинжийг дурьдаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, шүүхээс хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож буй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Гуравдугаарт, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтанд ч зөрүүтэй дүгнэлт хийлээ. Учир нь, Б.Т , А.Т нарыг А.Э гийн гэрт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэсэн атлаа олж авах, бэлтгэх үйлдэлд огт оролцоогүй, мэдээгүй байсан хүнийг хадгалсан үйлдэлд нь оролцсон, санаатай нэгдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй байгаа болно. Дөрөвдүгээрт, А.Э гийн өөрийн гэртээ Б.Т , А.Т нарын үлдээсэн сэтгэцэд нөлөөт бодисыг мэдээгүй байсан ч гэртээ байлгаж байсан нь эс үйлдэхүйгээр хадгалсан гэмт хэргийн шинжтэй гэж анхан шатны шүүх үзэж байгаа бол тэдэнтэй бүлэглэсэн, хамтарсан үйлдэл огт яригдах ёсгүй гэж үзэж байна. Харин ганцаараа хадгалсан эс үйлдэхүйн шинж бий эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. А.Э гийн гэрт байсан сэтгэцэд нөлөөт бодис /өвс/-ыг тэрээр хэрхэн олж авч, өөрийн эзэмшилд оруулсан идвэхтэй үйлдэл байгаа эсэхэд юун түрүүнд үнэлэлт өгч, цаашид тодорхой хугацаанд цааш нь бусдад дамжуулахгүйгээр гэртээ байлгаж байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд түүнд заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулах, өсвөр насны хүн учир түүний цаашдын засрал хүмүүжлийн байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/975 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч А.Э  нь гэмт хэрэгт холбогдох үед мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, харин ч Политехникийн сургуульд мэргэжлийн боловсрол эзэмшиж, сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлж байсан болно.” гэв.

          Шүүгдэгч А.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

          Шүүгдэгч А.Т , Б.Г  нарын өмгөөлөгч Н.Н  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний үйлчлүүлэгч А.Т , Б.Г  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, анхнаасаа гэм буруу дээр огт маргаагүй, хэргээ үнэн зөв тогтвортой мэдүүлж, хийсэн гэмт үйлдлээ ойлгон ухамсарлаж, буруутай үйлдэлдээ гэмшиж, энэ тухайгаа мөрдөгч, прокурор, шүүхийн аль ч үед илэрхийлж мэдүүлсээр ирсэн. Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх заалтад нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэн харгалзах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн заалтыг хэрэглэж өгөхийг хүссэн. Гэвч шүүх хэдийгээр өөрийн эрх хэмжээнд эдгээр хөнгөрүүлэх заалтуудыг хэрэглэх боломжгүй гэж үзэж, 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн нь дээд шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэх боломжтой эсэх талаар дахин хянан хэлэлцүүлэхээр хандав. Шүүгдэгч А.Т , Б.Г  нарын хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг хүндэтгэж байгаа хэдий ч тэдний ар гэрийн хүнд хэцүү нөхцөл байдал зэргийг харгалзаж өгөхийг хүссэн болохыг уламжлаж байна. Иймд шүүгдэгч А.Т , Б.Г  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх өр төлбөргүй, ар гэрийн нөхцөл байдал хүнд байдлыг харгалзан хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар солих, эсхүл оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

          Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би 70 гаруй хоног хоригдохдоо маш олон зүйлийг ойлгож ухаарлаа. Өөрийнхөө гэм бурууг маш ихээр ойлгосон. Миний аав хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Намайг хоригдосноос хойш аавын минь бие эрс муудаж, хоёр нүд нь харахгүй болсон. Би сургуулиасаа чөлөө авч аавыгаа асарч, ажил хийж ар гэртээ тусалж байсан. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдоод хоригдож байгаа хүмүүсийг хараад сэтгэл эмзэглэсэн. Би анх энэ хэрэгт холбогдохдоо санамсар болгоомжгүйгээр гоё харагдах гэж хор уршгийг ойлгоогүй байхдаа энэ зүйлийг хэрэглээд одоо хоригдож байгаад харамсаж байна. Надад хийхийг хүссэн зүйл маш их байгаа. Эцгийнхээ ачийг хариулж чадахгүй ч гэсэн эцсийнх нь хугацаанд хамт байхыг хүсэж байна. Ганцхан удаа боломж олгох юм бол дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

          Шүүгдэгч Б.Г  шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Хоригдох хугацаандаа маш их зүйлийг ухаарлаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж, сайн хүн болохоо амалж байна. Ганц удаа боломж олгож өгнө үү” гэв.

          Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...  мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн хийсэн үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруу дээр маргахгүй. Би Монгол Улсын Их Сургуулийн философийн ангийн 3-р курсын оюутан. Ирэх хавар сургуулиа төгсөж, амьдралд хөл тавих гэж байгаа оюутан билээ. Мөн боксын спортоор хичээллэдэг, удахгүй болох дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцох боломжтой бөгөөд сургуулиа онц, сайн төгсөж, Монгол Улсдаа хэрэгтэй хүн болж, нийгэмд хувь нэмрээ оруулахын төлөө хичээж амьдрах болно. Энэ хэрэгт өөрийн буруу үйлдлээс болж орсондоо маш их харамсаж, ухаарч, гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Дахин алдаагаа давтахгүй, засаж залруулж амьдрах болно. Миний хувийн байдлыг харгалзан үзэж, 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж, боломж олгохыг чинь сэтгэлээсээ хүсч байна” гэв.

          Шүүгдэгч Б.Т ийн өмгөөлөгч Б.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Т ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Б.Т нь гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Т нь санамсар болгоомжгүй, саваагүй зангаасаа болоод анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ хэлдэг. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, МУИС-ийн философийн ангийн 4 дүгээр курсын оюутан, ирэх хавар сургуулиа төгсөнө. Иймд нэг удаа боломж олгоод анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэх албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү” гэв. 

          Прокурор М.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Э гаас “тухайн үед гэрт өвс байхыг мэдээгүй, хамтран оролцсон гэх үйлдэл тогтоогдохгүй байна” гэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Э гийн үйлдлийг гэрч Э, Э.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “А.Э  гал тогооны хэсэгт очин шарах шүүгээний дээд талын тавилгыг онгойлгож, ууттай зүйл гаргаж ирснийг онгойлгож үзэхэд ...” гээд бичсэн байдаг. Тэгэхээр хаана өвс байгааг мэдээд зааж өгсөн гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нар бүгд 21, 22 настай, хар тамхийг ямар хор уршигтай зүйл болохыг мэддэг, өөрсдийгөө татаж авах бүрэн боломжтой байхад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мансууруулах бодис хэрэглэсэн. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

          Яллагдагчаар Б.Г ийн “ ... 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би цагдаад баригдсан. Цагдаад баригдах үедээ, би биедээ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис авч явж байсан. Үүний дараа би сайн дураараа өөрийн Улаанбаатар хотод амьдарч байсан эгч Т-ийн  гэрт хадгалж байсан өвсийг гаргаж өгсөн. Би А.Т тай 10 жилээсээ хойш найзалж байгаа бөгөөд А.Т д тухайн өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өгсөн. Эдгээр өвсийг өөрийн амьдардаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Шүдэнзний ар гэдэг газраас түүж, бэлтгэсэн. Тэнд энэ төрлийн ургамал ургадаг гэдгийг би дам ярианаас сонсоод сонирхоод түүж авсан.  Би өөрийн түүж бэлтгэсэн өвс ургамлыг өөрөө хэрэглэх гэж авсан бөгөөд тэрнээс биш хэн нэгэн хүнд өгөх, зарах, ашиг олох санаа зорилго байгаагүй. Өвсийг хүмүүс худалдаж авдаг талаар ч мэдэхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийн хор уршгийг ойлгож мэдсэн. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхгүй ...” /1-р хх-ийн 86/,

          яллагдагчаар А.Т “ ... Миний хувьд Б.Г тай холбоотой үйлдэл дээр маргах зүйл байхгүй. ... Би Б.Т тэй нэг сургуульд хамт сурдаг, найз нөхдийн холбоо байхгүй. ... би хийсэн зүйлээ ойлгож, ухаарч байна. Миний хувьд өөрийн хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрнө. Харин Б.Т нартай холбоотой зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, би хамааралгүй.” /2-р хх-ийн 155-156, 176/,

          яллагдагчаар Б.Т ийн “ ... Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр А.Т хамт А.Э гийн гэрт пиво уух гэж очсон. Пиво уугаад сууж байхад А.Т цүнхнээсээ өвс гаргаж ирээд шавар хийх талаар ярьж, хамт А.Э гийн гэрт шавар хийсэн. Мөн газ энэ тэр юм гаргаж юм хийгээд эхлэхээр нь би газ дэлбэрэх байх гээд болгоомжлох үүднээс А.Т-д тусалсан. Тухайн үед сэтгэл хөдлөлдөө автаж, сонирхоод шавар гэх зүйлийг хийж, нэг хоёр удаа сорж үзсэн. Урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж, шавар зэргийг хийж үзээгүй. Тэр өдөр сонирхоод хийж, татаж үзсэн. Энэ өдөр А.Э гийн гэрт би, А.Т, А.Э , зүс таних 2 эмэгтэй байсан. ...  Шавар хийх, хэрэглэх үед А.Э  тасарчихсан байсан. Мөн тухайн өдөр би маргааш нь боксын бэлтгэлтэй, бас согтууруулах ундаа сайн ууж чаддаггүй тул өөртөө тохируулаад бага зэрэг уусан, халамцуу байсан. Сонирхолдоо автаж мансууруулах бодис хэрэглэсэн нь миний буруу, би ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж харамсаж байгаа. Дахин мансууруулах бодис хэрэглэхгүй, хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү” /2-р хх-ийн 131-132, 135-136/,

          яллагдагчаар А.Э гийн “Би А.Т гэх залууг сайн мэдэхгүй. Би Б.Т ахыг дуудахад А.Т хамт манай гэрт ирсэн. Тэгээд Т.М, Б, Б.Т , А.Т бид тав 2 литрийн 3 ширхэг пиво авч уусны дараа нэмж 2-3 ширхэгийг уусан, ... би тасраад унтаад өгсөн. Унтсаны дараа юу болсон талаар санахгүй байна. Би архи уусны маргааш нь гэрээ цэвэрлэж байгаад буйдангийн хажууд байсан зүйлийг олоод тэр хэдийнх юм байна гэж бодоод өөрийн гэрийн гал тогооны шүүгээнд хийсэн байсан. ... Хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Б.Т , А.Т нарынх байсан, би санаатай зориудаар өөрийнхөө гэрт мансууруулах бодис хадгалаагүй.” /2-р хх-ийн 109-111/,

          гэрч О.Н “ ... Би уг байрны хажуу өрөөг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээслэж байна. Харин А.Т гэх залуу нь 2021 оны 09 дүгээр сард хажуу өрөө түрээслэж эхэлсэн.” 1-р хх-ийн 174/,

          гэрч Т.М  “ ... А.Э гийн гэрт орсон. А.Э гийн гэрт Э.Б бид хоёрыг ороход А.Э , Б.Т , Э.Э гурав байсан. Тэгээд бид 5 пиво хувааж уугаад эхний савтайг дуусгаад 2 дахь савтайгаа хөргөгчнөөс гаргаад байж байтал А.Э гийн гэрийн хаалгыг хүн тогшоод цагдаа нар орж ирээд үзлэг, нэгжлэг хийсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/,

          Б.Г ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 9-10/,

          Б.Г ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 13-15/,

          А.Т-ын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 134-135/,

          Б.Т ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 235-239/,

          2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод байх Б.Г ийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 16-19/,

          Хэргийн газар үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд ирэхэд А.Т нь өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэх газрыг сайн дураар зааж өгсөн, ... цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, мөн дотор нь суурь хийсэн 10 төгрөгийн дэвсгэртийн хамт байсныг 1 гэсэн дугаар тавьж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 131-133/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5470 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Г-128 1 дугаартай өвс мэт зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г-128 1 дугаартай өвс мэт зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйл нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 344.7 грамм, цэвэр жин нь 310.0 грамм, дээж авч үлдсэн жин нь 309.6 грамм болов.”  /1 хх-ийн 54-55/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5471 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г  АЮ01280218 2021.11.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г  АЮ01280218 2021.11.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 хх-ийн 68-69/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5472 дугаартай “Ирүүлсэн шээс нь шинжилгээнд тэнцэж байна. А.Т ТА00321419, 2021.11.19 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” /1 хх-ийн 180-182/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5423 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Т 11 сар 18 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол илэрсэн байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /2 хх-ийн 61-63/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5421 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ А.Э ” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /2 хх-ийн 68-70/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5468 дугаартай “1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, АШ5166511 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, А1.5166511 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илэрсэн дельта 9 нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 388.8 гр, цэвэр жин нь 358.2 гр, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 357.8 гр болов.” /1 хх-ийн 185-188/ гэх дүгнэлтүүд,

          Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Скай” резиденс хотхоны 2 блок 16 дугаар давхарт 268 тоот А.Э гийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл “ ... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Скай резиденс хотхоны 2 блок, 16 дугаар давхарт 268 гэх ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 өрөө байр байх ба хүрэн бор өнгийн 268 тоот хаалгаар ороход оролцогч Д.А.Э  гал тогооны хэсэгт очин гал тогооны дээд талын шарах шүүгээний дээд талын тавилгыг онгойлгож, ууттай зүйл гаргаж ирснийг онгойлгож үзэхэд улаан эрээн гялгар ууттай нунтаг өвс мэт зүйл байсныг 1 дугаар тавьж, албаны цахилгаан жин дээр тавихад 107.5 грамм, Sprite гэсэн ногоон өнгийн хуванцар савтай, дотроо ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйлийг 2 дугаар тавьж, албаны цахилгаан жин дээр тавихад 135.9 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авч, тагтан дээр нэгжлэг явуулахад тагтны зүүн доод булангаас Fuze tea гэсэн бичигтэй хуванцар савтай ногоон өвс мэт зүйлийг 6 дугаар тавьж, албаны цахилгаан жин дээр тавихад 171.9 грамм байна. Adidas гэсэн бичиг лого бүхий цэнхэр өнгийн үүргэвчтэй цүнх байх ба цүнхийг уудалж бөөрөнхий төмөр савтай зүйлийн тагийг онгойлгож үзэхэд таг дотор хар саарал бүхий шавар мэт зүйл байсныг 8 дугаар тавьж, хуйлсан Монгол Улсын мөнгөн тэмдэгт хар тортог болж бохирлогдсоныг 9 дугаар тавьж, мөнгөлөг цагаан тугалган цаас тортог болж бохирлогдсоныг 10 дугаар тавьж тус тус эд мөрийн баримтаар хураан авч...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 225-234/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5424 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан Sprite гэсэн ногоон өнгийн тагтай хуванцар савтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан Fuze tea гэсэн бохирлогдсон хуванцар савтай өвс мэт зүйл, №4 гэж хаягласан bonaqua гэсэн бичигтэй өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №5 гэж хаягласан Соса соlа нэртэй тортог өвс мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав, №6 гэж хаягласан Fuze tea гэсэн бичигтэй өвс, ургамал мэт зүйл, №7 гэж хаягласан цагаан өнгийн асаагуур, №8 гэж хаягласан төмөр савтай шавар мэт зүйл, №9 гэж хаягласан хуйлсан АМ3193926 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн тэмдэгт, №10 гэж хаягласан тугалган цаас 2 хэсэг, №11 гэж дугаарласан хуйлсан АW6430046 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, №12 гэж хаягласан улаан өнгийн цүнх тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 96.1 гр, №2 гэж хаягласан хуванцар савтай ургамал, өвс мэт зүйлийн цэвэр жин 113.8 гр, №3 гэж хаягласан хуванцар савтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 133.0 гр, №8 гэж хаягласан төмөр шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4880 гр байсан ба ирүүлсэн ургамал өвс мэт зүйлүүдээс 0.1 гр-г, шавар мэт зүйлээс 0.05 гр-г жинлэн авч шинжилгээнд зарцуулав.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 47-56/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

          шүүгдэгч А.Т нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 358.2 грамм бодисыг Б.Г аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 108 тоот байранд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          - мөн шүүгдэгч Б.Т тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122 а байрны 2 с блокийн 268 тоотод 0.4880 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

          - мөн шүүгдэгч Б.Т , А.Э  нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          шүүгдэгч Б.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 90г байрны 70 тоотод 310 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          шүүгдэгч А.Э  нь Б.Т , А.Т нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          шүүгдэгч Б.Т нь А.Т тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, уг бодисоос Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод 0.4480 грамм цэвэр жинтэй шаврыг бэлтгэсэн,

          - мөн яллагдагч А.Т , А.Э  нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блокийн 268 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 342.9 грамм цэвэр жинтэй, шавар гэх нэршилтэй 0.4880 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Тулгыг “үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Б.Г ийг “үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Э г “бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Т-ийг  “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангагддаг.

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим, шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

          Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Т, Б.Т, Б.Г  нарт тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Э д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.Т, Б.Г , А.Э  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

          Шүүгдэгч А.Э гийн өмгөөлөгч Б.О аас “ ... А.Э гийн гэрт нэгжлэг хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, ... тэмдэглэлтэй газар дээр нь танилцаагүй, ... А.Э  нь Б.Т , А.Т нартай бүлэглээгүй буюу тухайн үед унтаж байсан, ... санаа зорилгоороо нэгдсэн үйл баримт байхгүй, ... хэрэв бусдад дамжуулахгүйгээр гэртээ байлгаж байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тохиолдолд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэх боломжтой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх,

          шүүгдэгч Б.Т өөс “... мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн хийсэн үйлдлээ үнэн, зөвөөр мэдүүлсэн, гэм буруу дээр маргахгүй, ... миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү”  гэх,

          шүүгдэгч А.Т , Б.Г  нар болон тэдний өмгөөлөгч Н.Н  нараас “... А.Т , Б.Г  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх өр төлбөргүй, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар солих, эсхүл оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргасан ба ингэхдээ шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ар гэрийн нөхцөл, өөрсдийн хувийн байдлыг үндэслэл болгожээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэргийн эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эсхүл эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ.”, 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Орон байр, бусад газарт нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.” гэж тус тус заажээ.

          Дээрх хуулинд зааснаас үзэхэд, мөрдөгч нь хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор  прокурорын зөвшөөрлийн дагуу орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийх эрхтэй байхаар хуульчилсан ба тус хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд мөрдөгчид нь  Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Скай” резиденс хотхоны 2 блок 16 дугаар давхарт 268 тоотод буюу шүүгдэгч А.Э гийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг, нэгжлэг хийсэн үйл баримт тогтоогдож байна.

          Тус орон байранд үзлэг, нэгжлэг хийхэд оролцсон мөрдөгчид болох А.Б , Б.Н, Б.С, Д.Н нар нь нэгжлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зураагүй зөрчил гаргасныг анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 568 дугаар захирамжаар тэднээс ажиллагаанд орсон эсэх, гарын үсэг зураагүй шалтгаан нөхцөлийг тодруулж зөрчлийг арилгуулсан байна.

          Иймд анхан шатны шүүх шүүгдэгч А.Э гийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О ын “А.Э гийн гэрт нэгжлэг хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

          Мөн шүүгдэгч А.Э  нь Б.Т , А.Т нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 122а байрны 2с блок 268 тоотод өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 342.9 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Э.Э “.. Амгаагийн байрны тагт, тумбочка зэрэгээс өвс гарч ирсэн ... ” /2хх 26/, гэрч Э.Б “... А.Э  өмнө нь хэрэглэж байсан. Хаанаас яаж авсан талаар мэдэхгүй байна ... ” /2хх 28/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5421 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Алтанхуяг А.Э ” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” /2 хх 68-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5424 дугаартай дүгнэлтүүд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Скай” резиденс хотхоны 2 блокийн 16 дугаар давхарт 268 тоот А.Э гийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

             Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

          Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

          Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

          Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, доод хэмжээг оногдуулсан нь шүүгдэгч А.Э , Б.Т , А.Т , Б.Г  нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

            Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч А.Э гийн өмгөөлөгч Б.О , шүүгдэгч А.Т , Б.Г  нар болон тэдний өмгөөлөгч Н.Н , шүүгдэгч Б.Т нарын гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Т нь “миний аав хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Би аавыгаа асарч, хамт амьдардаг байсан. Аав минь одоо асран хамгаалагчгүй байгаа” талаар давж заалдсан гомдолдоо дурджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 410 дугаартай шийдвэрээр шүүгдэгч А.Т түүний эцэг Б.А  асран хамгаалагчаар тогтоосон байх боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүнд” асран хамгаалагч тогтоохоор хуульчилжээ.

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүнд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх эрхтэй байх тул иргэн Б.А харгалзан дэмжвэл зохих хүнийг тогтоолгох талаар харьяа сум, дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Т , Б.Г , А.Э , Б.Т нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/975 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э гийн өмгөөлөгч Б.О , шүүгдэгч А.Т , Б.Г  нар болон тэдний өмгөөлөгч Н.Н , шүүгдэгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т , Б.Г , А.Э , Б.Т нарын 2022 оны 6 дугаар сарын 24-нөөс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тус бүр 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

           ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН