| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0635/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 559
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оы О-д холбогдох 1708004840288 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Уланбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ... тоотод оршин суух,
2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 477 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Оы О /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
1.Насанд хүрээгүй хохирогч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны гадаа найз Оийн хамт байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байсан. Тэгэхэд над руу үл таних 20-25 орчим насны ягаан цамц, хар өмд, хар гуталтай эрэгтэй хүн ирээд над руу чи ямар хэгжүүн банди вэ? хаана байгаагаа мэдэж байна уу гэсэн. Тэгээд намайг дагуулаад сагсан бөмбөгийн талбайгаас холдоод шууд миний зүүн талын шанаа руу цохисон. Би тэр үед газар суугаад шүлсээ хаясан, тэгсэн миний үснээс татаж босгоод над руу чи ямар том банди вэ? чамайг мэдэхгүй байна шүү гэсэн. Тэгээд манай О тэр хүнд манай найзын байгаа байдал нь ийм юмаа гэсэн чинь нөгөө хүн манай найзыг чи бол илүү шүү дуугай зогсож бай гэсэн. Тэгээд манай найз О нь тэр хүнийг дагуулаад цаашаа яваад өгөхөөр нь би хувцас цүнхээ сагсны талбайгаас аваад явж байсан чинь нөгөө хүн араас дуудаад хөөе нааш ир гээд орилоод байсан. Тэгээд манай найз араас ирээд бид хоёр депогийн буудлаас урагшаа яваад төмөр замын далан дээр сууж байсан чинь найз Ариука араас ирж уулзаад бид гурав гэр гэртээ харьсан. Тэгээд өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 17-нд сэрэхэд миний зүүн талын хацар хавдчихсан байсан. Манай ээж хараад наад шүд чинь яасан юм бэ? хэн ийм болгосон юм бэ? цагдаад хэлнэ гээд намайг дагуулж гараад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж өргөдөл өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 х/
2.Шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу амралтын өдөр байсан. Би гэртээ байж байгаад өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад депогийн буудлын хажууд байдаг “Наран” нэртэй PC тоглоомын газар орж, ганцаараа 2 цаг гаран тоглож байгаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад биллярд руу орж тэнд байсан хүмүүстэй тоглож байгаад орой 20 цаг өнгөрч байхад биллярднаас гараад 19 дүгээр хороонд байдаг 1-60 байрны хажууд сагсан бөмбөгийн талбай руу очиход зөндөө олон хүүхдүүд тоглож байсан. Нэг хүүхэд бөмбөг бариад зогсож байсан. Ганц шидчихээд өгье гэхэд бөмбөгөө өгөхгүй байсан. Би тэр эрэгтэй хүүхэд дээр очоод чи ганц шидчихье гээд байхад гэж хэлэхэд тэр хүүхэд чадахгүй тоглож байна шүү дээ гэсэн, чи яагаад байгаа юм бэ, ямар муухай ааштай юм бэ гээд би тэр хүүхдийг наашаа гараад ир гээд дагуулаад сагсны талбайгаас гараад хэрэлдэж байгаад ам руу нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд тэр хүүхэд больё ахаа гэж хэлсэн. ...Миний бие хохирогчийн хохирлыг хэрэг явдлын дараа барагдуулсан байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
3.Гэрч Э.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед найз С.Гийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны хойд сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан чинь нэг танихгүй 20-25 насны хүн ирээд ганц шидчихье гэснийг нь бид нар сонссоогүй тоглоод байсан юм байна лээ. Тэгээд тэр хүн Гэ рүү дайраад хэгжүүрхээд байна уу? хаана ирчихээд хэн рүү томроод байнаа гэснээ Гийг дагуулаад цаашаа явсан. Тэгээд би тоглож байгаад харсан чинь Гэ доошоо тонгойгоод амнаас нь цус гарчихсан байсан. ...Яг сайн хараагүй ямар ч байсан Гэ нь доошоо тонгойсон, үсдүүлчихсэн байж байхыг харсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 х/
4.Шинжээчийн 9149 дугаар дүгнэлт
1.С.Гийн биед үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод зүүн 6-р шүдний хугарал, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хоёр шүдний булгарал, хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. гэсэн дүгнэлт /хх 40 х/
5.О.Оын оршин сугаа газрын тодорхойлолт /хх 68 х/
6.О.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70-71 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч О.О гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Шүүгдэгч О.О нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны гадна сагсны талбайд сагсан бөмбөг тоглож байсан С.Гийн бөмбөгийг авах гэж маргаан үүсгэж улмаар түүний аман тус газар луу гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод зүүн 6-р шүдний хугарал, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч С.Гийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны гадаа найз Оийн хамт байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байсан. Тэгэхэд над руу үл таних 20-25 орчим насны ягаан цамц, хар өмд, хар гуталтай эрэгтэй хүн ирээд над руу чи ямар хэгжүүн банди вэ? хаана байгаагаа мэдэж байна уу гэсэн. Тэгээд намайг дагуулаад сагсан бөмбөгийн талбайгаас холдоод шууд миний зүүн талын шанаа руу цохисон. ... Тэгээд өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 17-нд сэрэхэд миний зүүн талын хацар хавдчихсан байсан. Манай ээж хараад наад шүд чинь яасан юм бэ? хэн ийм болгосон юм бэ? цагдаад хэлнэ гээд намайг дагуулж явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 х/
Шүүгдэгч О.Оын “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу амралтын өдөр байсан. ...19 дүгээр хороонд байдаг 1-60 байрны хажууд сагсан бөмбөгийн талбай руу очиход зөндөө олон хүүхдүүд тоглож байсан. Нэг хүүхэд бөмбөг бариад зогсож байсан. Ганц шидчихээд өгье гэхэд бөмбөгөө өгөхгүй байсан. Би тэр эрэгтэй хүүхэд дээр очоод чи ганц шидчихье гээд байхад гэж хэлэхэд тэр хүүхэд чадахгүй тоглож байна шүү дээ гэсэн, чи яагаад байгаа юм бэ, ямар муухай ааштай юм бэ гээд би тэр хүүхдийг наашаа гараад ир гээд дагуулаад сагсны талбайгаас гараад хэрэлдэж байгаад ам руу нь нэг удаа цохиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Э.Оийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед найз С.Гийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны хойд сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан чинь нэг танихгүй 20-25 насны хүн ирээд ганц шидчихье гэснийг нь бид нар сонссоогүй тоглоод байсан юм байна лээ. Тэгээд тэр хүн Гэ рүү дайраад хэгжүүрхээд байна уу? хаана ирчихээд хэн рүү томроод байна гэснээ Гийг дагуулаад цаашаа явсан. Тэгээд би тоглож байгаад харсан чинь Гэ доошоо тонгойгоод амнаас нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 х/
4.Шинжээчийн 9149 дугаар дүгнэлт
1.С.Гийн биед үүдэн дээд зүүн 2-р шүдний булгарал, доод зүүн 6-р шүдний хугарал, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хоёр шүдний булгарал, хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. гэсэн дүгнэлт /хх 40 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч С.Гэ-н бие махбодид 1 шүдний булгарал, 1 шүдний хугарал гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэлд эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй тул шүүх уг асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
О.Оын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
О.О нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй хэдий ч ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой, урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Оы Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-г 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.О-д танилцуулсугай.
4.О.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч С.Гэ цаашид шүдний эмчилгээтэй холбоотой гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ