Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/872

 

 

 

   2022           8              31                                           2022/ДШМ/872

 Б.Б холбогдох

        эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

хохирогч Я.Б , түүний өмгөөлөгч Г.З ,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ц.Д

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдлоор Б.Б холбогдох эрүүгийн 1810029491002 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            ....... овгийн Б-ийн Б , ....... оны.......  дугаар сарын.......  -нд Улаанбаатар хотод төрсөн, .......  настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, “....... ” ХХК, мөн “....... ” ХХК-д захирал ажилтай, ам бүл ... , эхнэр ....  хүүхдийн хамт .......  дүүргийн .......  дугаар хороо, .......  хотхоны .......  гудамж .......  байрны.......   тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ........... /,

          -Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222-р зүйлийн 222.2- т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 658 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэгдсэн,

          -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

          Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 65.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 60.000 доллар буюу /150.000.000/ төгрөгийг бэлнээр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадна талд хохирогч Я.Б аас “Цэцэрлэг бага, сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлнэ, Герман улсаас төсөл оруулж ирж, хамтарч бизнес хийх боломжтой, Татварын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулж чадна, хөөцөлдөж өгнө” гэж үгээр итгүүлэн, хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж, өөртөө шилжүүлэн авч, нийт 215.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Б.Б оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б ийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ээс нийт 215.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “ ... анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Я.Б аас 215 сая төгрөгийг авсан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөх талаар завсарлага авч хохирогчтой сайн дураараа эвлрэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хэлцэл хийсэн юм. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн  гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй гэж дүгнээд түүнд хорих ял оногдуулсан. Иймд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал мөн бага насны хүүхэдтэй ганц бие эцэг болон асран хамгаалах хүнгүй Б.Э, Б.И, Б.И нарыг  болон шүүгдэгчийн ар гэрийн байдал, хувийн байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал оруулсан эрүүгийн хариуцлага болох 15 мянган нэгжээр торгох ялыг сонгон хэрэглэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт бусдад гүтгүүлэн 4 жилийн ял авчихаад байна. Би нь “2016 оны эхээр ажлаасаа чөлөөлөгдсөн байх хугацаандаа бага сургуулийн төсөл дээр хамтарч ажиллах санал тавьсны дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан, Герман улсаас хөрөнгө оруулалт орж ирээгүй, ажил бүтэхгүй болохоор нь мөнгө төгрөгөө нэхэхэд ажил албан тушаалын яриа үүссэн” гэж мэдүүлэг өгсөн. Бид хоёрын мессенжер чат дээр энэ асуудал тодорхой яригдсан байгаа. Гэрээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард “даргын суудалд очсонгүй” гэж надтай мессенжер чатаар бичсэн. Эндээс үзвэл тухайн гэрээ нь хуурамч гэрээ гэдэг нь харагдаж байна. Мөн Я.Б  бид хоёрын чатад төсөл хэрэгжүүлэх, барилга барих тухай асуудал яригдаагүй. Тухайн үед хөрөнгө оруулалт цаг хугацаандаа орж ирээгүй болохоор бид хоёрын мессеж залилангийн шинжтэй харагдаж байгаа боловч эдгээр мессежүүд биднийг дотно харилцаатай байсан гэдгийг л нотлох мессежүүд юм. Мөн Б гэдэг хүн намайг гүтгэж байгаа. Би энэ хүнтэй нэг ч удаа ширээний ард суугаад гэрээ байгуулж үзээгүй, энэ хүнийг болон охиныг нь танихгүй. Баяраа нь “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан, хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй, ажил нь бүтэхгүй болохоор залилсан бөгөөд миний эхнэр Я.Б-д  250.000.000 төгрөг өгсөн байсан, Я.Б-д энэ мөнгөө өгөхгүй байсан учир эхнэр бид хоёрын хооронд маргаан үүсэж байсан” гэж мэдүүлсэн. Б гэдэг хүн гэрээний үүрэг хүлээх чадамжгүй хүн юм. Яагаад энэ хүн өөрөө гомдол гаргаж явахгүй байхад тухайн компанийн нэг ч хувийн хувьцаа эзэмшдэггүй Я.Б  энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож байгаа юм бэ, яагаад гэрээний гол хуулийн этгээд гэрчээр яваад байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд би мөрдөгч, прокурорт “гэрээ хуурамч, би тухайн үед тамга дарж өгсөн, тамга нь одоо байхгүй байна, шинжээч томилж шалгаад өгөөч” гэж хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг хүлээж аваагүй. Я.Б  нь зохиомол байдал үүсгэж намайг гүтгэж 4 жилийн хорих ялаар шийтгүүлээд байна. Урт хугацааны төсөл дээр богино хугацааны итгэмжлэл олгогддоггүй нь гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Гэрч Мөнхжаргалын мэдүүлэгт “энэ хоёр хүний мөнгө төгрөг өгсөн авсан асуудал өөр үндэслэлээр болсон, би бага сургуулийн төсөл танилцуулаагүй” гэсэн байдаг. Үнэн хэрэгтээ тухайн үед Я.Б  “эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл хэл амтай хэцүү, мөнгөний асуудлаа дундаа нууц байлгая, эгч нь чамд 250.000.000 төгрөг зээлсэн гээд хэлчихье” гэж надад хэлсэн бөгөөд үүнийгээ ч Мөнхжаргалд хэлсэн байсан. Мөнхжаргал бид хоёрын хооронд мөнгөний өгөө аваа байсан учир Мөнхжаргал “ Я.Б  чамд 250.000.000 төгрөг зээлсэн байна, миний мөнгийг өг” гэсний дагуу би мөнгийг нь өгсөн. Мөн Я.Б  35.000.000 төгрөгөөр надад машин чөлөөлж өгсөн гэж мэдүүлсэн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгаагүй, тухайн машин 35.000.000 төгрөгийн үнэтэй биш 380.000.000 төгрөгийн үнэтэй машин байсан. Би дансны хуулгаа мөрдөгчид гаргаж өгсөн, хавтаст хэрэгт хавсаргасан байх. Я.Б  нийт 6 удаа мэдүүлэг өгөхдөө 6 өөр мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед Я.Б , М 2 намайг гүн шокт оруулсан. Гэхдээ тэр гэр бүлийн асуудлыг би яриад яах вэ. Тэр шөнө би тэр хүмүүсийн нөхцөл байдлыг хараад гэрээг нь уншиж чадалгүй тамга дарж өгсөн. Сүүлд тэр гэрээн дээр миний дарсан тамга байгаагүй. Би залуу хүн миний оюун ухаан соргог байна. Өнөөдөр ярьж байгаа үйл явдлуудыг би өчигдөр болсон мэт санаж байна. Надад маш хэцүү байна, хийгээгүй хэрэгтээ гүтгүүлж ял аваад хоригдож байгаа учир маш ихээр сэтгэл зүйн дарамтад орж байна. 72 сургууль цэцэрлэгийн төсөл дээр төсөл хэрэгжүүлэгч нь надтай “Хятадаас орж ирэх хөрөнгө оруулалт болохгүй байна, хөрөнгө оруулалт олоод өгөөч” гэж ирж уулзаж байсан. Үүний дагуу би төслийнх нь танилцуулгыг аваад Германаас 142.700.000 сая доллар жилийн 3 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатайгаар олж өгсөн. Ингээд тухайн төслийн захирагчтай уулзаж гэрээний шатандаа явж байхад Засгийн газрын тогтоолтой танилцахад “тухайн төсөл хэрэгжүүлэгч Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш компанийн хувьцаанд өөрчлөлт орсон тохиолдолд Засгийн газрын тогтоолыг хүчингүйд тооцохгүй” гэсэн байсан учир хөрөнгө оруулалт зогссон. Дараа энэ залуутай таарахад 18 байршил дээр төслөө эхлүүлсэн гэж байсан түүнээс хойш холбоо бариагүй. Хөрөнгө оруулагч гэдэг нь тухайн хөрөнгө оруулалт төсөлд заагдсан зориулалтынхаа дагуу ашиглагдаж байгаа эсэх, цаг хугацаандаа явагдаж байгаа эсэхэд хяналт тавих болохоос компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Б, М нар нь хоорондоо юу ярьж явдгийг мэдэхгүй. Тухайн үед би хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж байсан болохоор энэ төслийг хэрэгжүүлэх гол хүн гэж бодсон байж магадгүй. Би тэр төслийн удирдагч биш, хүний төслийн тухай ярих шаардлагагүй. Би 2017 оны сүүлээр 10.000.000 еврогийн гэрээ байгуулсан. Тэр үед Монгол улс саарал жагсаалтад орж гадаад төлбөр тооцоо шилжих боломжгүй хугацаа таарсан. Монголд ирээд хөөцөлдсөөр 12.000.000.000 төгрөг босгож чадсан. Энэ мөнгөөр Шангри-Лагийн зүүн талд 3340м/кв объект худалдаж авсан. Худалдаа хөгжлийн банкнаас 5.000.000.000 төгрөгийн зээл авч 2019 онд дотор засал тохижилтыг хийж, 2020 онд үйл ажиллагаагаа эхлэх гэж байсан ч ковидоос болж 2 жил зогссон бөгөөд гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэж зохиомол байдал үүсгэсэн зүйл байхгүй. Мөн намайг гадаадаас төсөл оруулж ирнэ гэж зохиомол үүсгэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Надад маш хэцүү байна, гэрээгээр халхавчилж зохиомол байдал үүсгэж бусдад хохирол учруулсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Би 4 хүүхэдтэй, тэд минь миний амьдралын утга учир. Би тэдэнд ийм зовлон үзүүлмээргүй байна. Би үнэхээр энэ гэмт хэргийг үйлдээгүй. Энэ хэргийн бодит үнэнийг шударгаар шүүгээд өгөөч” гэв. 

Шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Ц.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Б.Б анх мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн Я.Б  нь албан тушаалд томилуулахаар мөнгө өгсөн талаар мэдүүлж ирсэн. Энэ нь гэрч М-ийг  “Я.Б тай уулзахад Б Татварын ерөнхий газрын дэд даргаар томилуулахаар хөөцөлдүүлж байгаа гэж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Я.Б ын мэдүүлэг зэргээр тогтоогддог. Гэтэл энэ асуудлыг харьяаллын дагуу буюу Авлигатай тэмцэх газар хүргүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн гэрч С 60.000 доллар зээлдүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Хувь хүнээс мөнгө зээлдүүлж байгаа бол нотариатаар баталгаажуулж гарын үсгээр баталгаажсан байх ёстой ч хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 сарын 6-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн зээлийн гэрээ нь гарын үсгээр баталгаажаагүй. Гэрч Соёлт тэр мөнгийг хаанаас авсан талаарх баримт огт байдаггүй. Миний үйлчлүүлэгч тухайн гэр бүлийн байдлыг нь хараад хүн чанар гаргаж нэг баримт дээр гарын үсэг зурж өгсөн бөгөөд бусад 2 баримт дээр гарын үсэг зураагүй. Мөн Ү мэдүүлэг аваагүй бөгөөд гэрээ байгуулахад тэрээр огт байгаагүй. Энэ гэрч Б мэдүүлгээр тогтоогдоно. Мөн Я.Б  нь тухайн төслийг Б үзүүлээгүй, өөрөө М үзсэн гэж мэдүүлсэн байдаг бөгөөд энэ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Мөн Э, З, Н гэх хүмүүсийн гар утсыг шалгах ёстой байсан. Учир нь Э, З, Н нар нь миний үйлчлүүлэгчтэй ойр дотно бөгөөд байнгын харилцаатай байсан. Миний үйлчлүүлэгч өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тогтоогдож байгаа. Энэ объект нь орлого багатай үедээ өдөрт 10.000.000 төгрөг, орлого ихтэй үедээ 40.000.000 төгрөгийн орлого олдог үйлчилгээний төв юм. Миний үйлчлүүлэгч хэргийн үнэн зөв шийдүүлэх үүднээс хохирлыг төлөөгүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос 15.000 нэгжээр торгох санал гаргасан ч хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийн хуралдааныг дахин 5 хоног завсарлуулсан. Энэ хугацаанд Б.Бийн эгч З өөрийн эзэмшлийн орон сууцыг тус гэмт хэргийг улмаас учирсан хохиролд төлөхөө илэрхийлж, хохирогч хүлээн зөвшөөрөн эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд тухайн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууцыг хохирогчид шилжүүлэх, эсвэл орон сууцыг худалдан борлуулсан мөнгийг хохирогчид өгөхтэй холбоотой эрх үүрэг шинээр үүссэн. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх асуудалд дүгнэлт хийлгүйгээр, хохирол төлөгдөөгүй гэж үзэн ял шийтгэсэн. Миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Дээр дурдсан өдөр тутмын орлоготой объектыг битүүмжилсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Хохирогч Я.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчтэй танилцаад 8 жил болж байна. Би маш хүлээцтэй хандаж ирсэн. 2018 онд гомдол гаргаж, хэрэг шалгагдаж эхэлснээс хойш бүх цаг хугацаанд түүний саналын ажилласан явсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа Б.Б үеэл эгч З байраа өгнө гэж тохиролцсон ч “байраа өгөхөө болилоо” гээд бүх бичиг баримтаа аваад явсан. Эвлэрлийн гэрээнд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн ч бүртгүүлээгүй. Үүний дараа Б.Б над руу залгаад ална гэж дарамталсан. Үүний дараа танихгүй дугаар залгахад блок хийдэг болтлоо сэтгэл зүйн дарамтад орсон. Надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хохирогч Я.Б ын өмгөөлөгч Г.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд 5 хоногийн завсарлага авч эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүх хуралдааны дараа З “би төлбөр төлөхгүй, наад гэрээ чинь хүчингүй” гэсэн, түүнээс хойш холбоо бариагүй. Хохирогчийг дарамталсан үйл баримт харагдаж байна. Хаалттай хорих ангиас утсаар ярьж дарамталсан байдаг. Хаалттай хорих ангиас утсаар ярих боломжгүй бөгөөд эргэлт, уулзалт нь ч хязгаарлагдмал байдаг. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй байж хаалттай хорих ангиас утсаар ярьж дарамталсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Г.Намжил шүүх хураралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдолтой танилцсан. Тухайн 250.000.000 төгрөгийг нэр бүхий албан хаагч нар өгсөн тухай мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Энэ тухай анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд өөр гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Энэ дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж хууль заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулж нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авсан. Ингэж шалгасны үндсэн дээр хэргийг өөр харьяалалд шилжүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Б.Б гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлүүлэхээр завсарлага авсан. Ингээд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Б үеэл эгч З гэх эмэгтэй оролцсон. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаа, би энэ хөрөнгийг хохирогчид өгөхөөр удаа дараа гуйсан, миний дүү Б.Б ч энэ байрыг шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Энэ асуудлаа шийдэх гэсэн боловч хохирогч хүлээж авсангүй. Бид аргаа бараад бичиг баримтуудаа бариад шүүх хуралдаанд оролцож байна” гэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг дахин завсарлуулсан гэж тайлбарлаж байна. Хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зөвлөлдөх тухай хүсэлт гаргасан. Ингээд Б.Бтэй зөвлөлдөөд нотариатаар эрх зүйн актаа баталгаажуулаад ирэхдээ эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Эвлэрлийн гэрээ нь иргэний эрх зүйгээр зохицуулагддаг бөгөөд З,  Я.Б  хоёр энэ гэрээ байгуулах боломжгүй. Учир нь З энэ эрүүгийн хэргийн холбогдогч биш юм. Прокуророос худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байхад эвлэрлийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, иргэний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа учир үүнийг хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй бөгөөд ялын саналыг өөрчилж хорих ялын санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр “Цэцэрлэг бага, сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлнэ, Герман улсаас төсөл оруулж ирж, хамтарч бизнес хийх боломжтой, Татварын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулж чадна, хөөцөлдөж өгнө” гэж итгүүлэн, хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж, хохирогч Я.Б аас үргэлжилсэн үйлдлээр нийт 215.000.000 төгрөгийг бэлнээр авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Я.Б  нь шүүгдэгч Б.Б мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Я.Б ын “ ... М, Б.Б нар нь надаас татвар санхүүтэй холбоотой зөвлөгөө авдаг байсан. Надаас зөвлөгөө авах үедээ эгчээ надад Германаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ их төсөл хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний тендерийн ажил хийж байгаа гэр хорооллын барилгажуулах төсөл дээр ажиллаж байгаа ер нь надад ийм их ажлууд байгаа гэж хэлсэн. Тухайн үед 2016 оны эхнээс би ажлаасаа чөлөөлөгдөж гэртээ байх хугацаандаа хувийн бизнес хийе хамтарч ажиллая гэж бодож байсан. Б.Б надад хэлэхдээ би машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан ажил хөөцөлдөх гэхээр машингүй хэцүү байна та надад эхний ээлжинд 42.000.000 төгрөгийг олоод өг гэж хэлсэн. Тухайн үед би бэлэн мөнгөтэй байсан учир 35.000.000 төгрөгийг өгч бид хоёр “......... ” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас машиныг 30.000.000 төгрөгөөр авч 5.000.000 төгрөгийг Б.Б авсан. Б.Б нь Герман явж хөрөнгө оруулалтын талаар хөөцөлдөх ажилтай байна та надад 65.000.000 төгрөгийг олоод өг хөрөнгө оруулалтаа та эхлээд оруулчих энэ хөрөнгө оруулалтын ажил бүтвэл аяндаа мөнгө ороод ирнэ гэж хэлсэн. ... танил Соёлтоос 65.000.000 төгрөгийг гэрээ байгуулан зээлж авсан. Дараагийн 60.000 ам долларыг мөн Б.Б хөрөнгө оруулалтын мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн.  ... Үүний дагуу би өөрийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 4-р хороо 21-9-56 тоот 3 өрөө байрыг барьцаанд тавьж гэрээ байгуулан зээлж авсан. 250.000.000 төгрөгийг 3 удаа хувааж өгсөн ба  Б.Б нь өөрийн хийж буй ажлынхаа талаар надад чатууд болон месежээр тайлагнадаг байсан.  Эхний 35.000.000 төгрөгийг би нөхрийнхөө машин зарсан мөнгөнөөс өгсөн. Дараагийн 65.000.000 төгрөг, 60.000 ам долларын Т.С гэрээ байгуулан зээлэн авсан ... “ /2хх 95-97/ гэх мэдүүлэг нь:

гэрч Т.С “ ... Би 1993 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. 1997 онд Я.Б  эгчтэй танилцаад өнөөдрийг хүртэл эгч дүүсийн харьцаатай олон жил найзалж байна. 2016 оны 10 дугаар сард Я.Б  нь ажилгүй байх хугацаандаа бизнес хийж мөнгө олмоор байна эгчдээ мөнгөн байвал зээлээч гэж гуйсан. Үүний дагуу хүлээн зөвшөөрч нэг жилийн хугацаатай 65.000.000 төгрөг зээлүүлэн гэрээ байгуулсан. 2016 оны 12 дугаар сард бизнес эхлүүлье гэсэн чинь мөнгө нь хүрэхгүй болчихлоо нэмж 60.000 ам доллар зээлээч гэхэд нь чи өмнөх мөнгөө өгөөгүй байгаа, энэ удаад би барьцаа авч байж өгнө гэж хэлээд Я.Б  өөрийн нэр дээр байсан 2 өрөө орон сууцыг барьцаалан гэрээ байгуулан 60.000 ам долларыг авсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Сүүлд надад хэлэхдээ бизнес хийх гээд хүнтэй хамтарсан боловч нөгөө хүн нь залилсан гэж ярьж байсан. ... ” /2хх 107/,

гэрч Р.Б“ ... ..........” ХХК-ийг 2006 онд байгуулсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч нь би юм. ... “.........” ХХК-ний үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар, цахилгаан, сантехникийн угсралт, гадаад худалдаа юм. Би энэ гэрээг “.........”” ХХК-ийг төлөөлөн Б-ийн  Б.Бтэй 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр х/005 дугаартай гэрээг байгуулсан. Учир нь сургууль цэцэрлэгийн барилгын материал үзүүлсэн. Тэгэхээр нь тухайн цэцэрлэг, сургуулийн барилгаас ганц нэг дээр нь оръё гээд гэрээ байгуулсан. Манай эхнэр Я.Б  нь Б.Б 250.000.000 төгрөгийг өгсөн байсан. Б.Б нь мөнгө аваад чимээгүй болсон. Б.Б ийн яриад байсан сургууль цэцэрлэгийн барилгын асуудал нь худлаа болж таарсан. Мөнгө төгрөгөө авъя гэхээр өгөхгүй байгаад байдаг. Энэ байдлаас болж би эхнэр Я.Б тай муудаж байсан. Б.Б тэй уулзаж ярьсан чинь сургууль цэцэрлэгийн барилгын ажил болно, бүтнэ гэж хэлж байсан  ... ” /2хх 116/,

гэрч Б.Ундралын “ ... ...........ХХК-нд 2016 онд итгэмжлэлийн дагуу түр ажиллаж байсан. Манай аав Р.Б энэ компанийн захирал, хөдөө их явдаг байсан болохоор тухайн үед надад итгэмжлэл өгсөн байсан. Би харилцаа холбоо мэдээлэл технологийн газарт 2017 онд ажилд орсон. Тэгээд ...........ХХК-ний үйл ажиллагаанд оролцохоо больсон. Би энэ гэрээг ...........ХХК-ийг төлөөлөн Б.Б тэй 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр х/004 дугаартай гэрээг байгуулсан. Учир нь манай төрсөн эцэг Р.Баяраа нь эзгүй байсан. Манай ээж Я.Б  аав чинь байхгүй байна, чи гэрээ байгуул гээд миний нэрээр гэрээ байгуулж байсан. Би сургууль цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой материалыг үзэж харсан асуудал байхгүй. Миний хувьд энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй. ...” /2 хх 118/,

гэрч Ж.Э “ ... Б.Бийг зүс мэднэ. Найз нөхдийн холбоо байхгүй. Манай найз Н гэж хүн надад танилцуулж байсан. Б.Б гэж хүнээс мөнгө авч байгаагүй, энэ хүнтэй анх танилцахдаа нэг удаа уулзаж байсан. Ерөнхий сайдаар ажиллаж байхад Татварын Ерөнхий газарт шинээр дэд даргын орон тоо нэмэгдэх бүтцийн асуудал яригдаж байгаагүй. ... ” /3 хх 161-162/,

гэрч Б.З “... Я.Б  гэх хүнийг танина. Манай татварын газарт хяналт шалгалт хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. ... Я.Б  нь 2018 оны 3 дугаар сараас 2020 оны хооронд Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн улсын үйлдвэрийн газарт 2 жил ажлын шаардлагаар шилжиж ажилласан. ... Б.Б гэх хүнийг зүс танина.  Манай их сургуулийн ангийн найз Б.Н /сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга/-ын өрөөнд танилцаж байсан. Хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Я.Б  Б.Б нь дэд даргаар томилуулах тухай хэлж байгаагүй. Харин Я.Б ыг манай авга эгч байгаа юм. Та боломжоороо тусалж байгаарай гэж хэлж байсан. ...” /3 хх 164-166/,

гэрч Б.Н “... Б.Б манай эхнэр Солонгын 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. ямар нэг баяр ёслол болохоор манай гэр орноор орж гардаг мэндийн зөрүүтэй байдаг. 2016-2017 онд би Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан. Миний санахаар Татварын Ерөнхий газар нь 2016-2017 онд 1 дэд даргатай байсан. Дэд даргыг Засгийн газраас томилдог. Ж.Эрдэнэбат Ерөнхий Сайдын үед дэд даргын орон тоо нэмэх асуудал огт яригдаж байгаагүй. Б.Б надад Я.Б  гэх хүнийг Татварын Ерөнхий газрын дэд даргаар томилуулах асуудал огт ярьж байгаагүй. ... ” /3 хх 200/,

гэрч Ц.М “... 2016 оны намар шиг санагдаж байна, Наран худалдааны төвийн 2 давхарт Итали ресторанд Б.Б , Я.Б  бид гурав уулзсан. Хоол идээд сууж байтал Б.Б , Я.Б  хоёр ярилцаад Б.Б нь Ерөнхий Сайд Ж.Э Сэлэнгэ аймаг руу явах гэж байгаа, би машинаа барьцаанд тавьсан ... машинаа авчих юм бол цуваанд багтаж яваад таныг албан тушаалд тавиулж чадна гэж ярьж байсан. Энэ үед Я.Б  руу битгий мөнгө өг гэж мессеж бичиж байсан. Энэ өдрөөс хойш Б.Б , Я.Б  хоёр хоёулаа надаас холбоо тасарсан. Тэгтэл нэг өдөр Я.Б  над руу залгаад Б.Бт 250.000.000 төгрөг зээлсэн гэж хэлсэн. ... би “чи яагаад мөнгө зээлсэн юм бэ” гэхэд намайг татварын газрын дэд даргаар тавиулна гээд ... Б.Б миний асуудлыг Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатаар хөөцөлдүүлж байгаа гэж хэлсэн. Би Б.Б-ээс чи Я.Б аас мөнгө зээлсэн юм уу гэхэд би буцаагаад төлсөн гэж хэлсэн. Б.Б Я.Б  бид гурав хоол идэж байхад би Б.Бээс “чи Я.Б ыг албан тушаалд тавиулж чадах юм уу” гэж асуухад “би Ж.Э ярина ... даргаар тавиулахаар мөнгө хэрэг болно” гэж ярьсан. ... Б.Б надад Герман улсаас хөрөнгө оруулж ирнэ гэж хэлсэн. Энэ талаар нь би Я.Б д хэлсэн цэцэрлэг сургуулийн асуудлаар “.........” ХХК-ийн захирал ,Ү,  Б.Б гурав уулзаж хоол идсэн. Б.Б надад төслийн талаар ярихдаа АЗ-н том хэмжээтэй зузаан цэцэрлэгийн зураг зурсан газрын байршил, төсвийг нь бичсэн зүйлийг өгсөн. Тэр нь миний машинд явж байхад Я.Б  санаандгүй харсан байх би Я.Б д энэ төслийн зургийг бол өгөөгүй. Б.Бтэй хамт ажиллах гэж байгаа гэж хэлсэн. Би төслийн зургийг Я.Б д ажил болгож үзүүлсэн зүйл байхгүй. Гэрээ байгуулсан болон мөнгө өгсөн талаар би мэдэхгүй. Би Б.Б ямар нэг гэрээнд очиж гарын үсэг зур гэж хэлээгүй, харин хүний мөнгө авсан бол буцааж өг гэж хэлсэн. Я.Б  надад Б.Бт мөнгө өгснөөс болж нөхөр Баяраа ямар хөгийн юмтай танилцсан юм гээд уурлаад байна гэж хэлсэн.” /3 хх 191-193/,

Яллагдагчаар Б.Б ийн “ ... Би төрийн албанд ажиллаагүй. 2016-2017 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрчим хүчний яамнаас явуулж байсан эрчим хүчний бүтээн байгуулалтаас “.........” ХХК дээр ажил аваад энэ ажил дээрээ ажиллаж байсан. 35.000.000 төгрөг, 65.000.000 төгрөг, 60.000 долларыг хэн нэгэн рүү гүйлгээ хийсэн бусдад дамжуулсан баримт байхгүй. Би энэ мөнгийг ямар нэг баримтгүй зарцуулсан. ...  Ц.М эгч над руу залгаад новш минь наад Я.Б ыг нөхөр нь зодож нүдээд байна чи оч Я.Б  нэг гэрээ бэлдсэн байгаа тэрэн дээр гарын үсэг зур гэхээр нь би Я.Б ын гэрийн гадаа очиж Я.Б тай уулзахад Г.Б баримт авч үлд гээд байна гээд энэ барилга угсралтын гэрээ хүчингүй гэж хэлэхээр нь би за за тэгье гэж хэлээд гарын үсгээ зурсан. ... Би 150.000.000 төгрөгийг Ж.Э гэж хүнд өгсөн зүйл байхгүй. ...” /3хх 186-188/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 65.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 60.000 доллар буюу /150.000.000/ төгрөгийг нийт 215.000.000 төгрөгийг хохирогч Я.Б аас авахдаа “Цэцэрлэг бага, сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлнэ, Герман улсаас төсөл оруулж ирж, хамтарч бизнес хийх боломжтой, Татварын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулж чадна, хөөцөлдөж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Б ийн “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд бусдад гүтгүүлсэн ... Я.Б  нь зохиомол байдлыг бий болгосон ...” гэх гомдол,  тайлбар үндэслэлгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б“ ... шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг буюу Б.Энэрэл, Б.Ирмүүн, Б.Ивээл нарыг асран хамгаалах хүнгүй байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага болох 15 мянган нэгжээр торгох ялыг сонгон хэрэглэж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчид учруулсан 215.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг бодитойгоор төлж барагдуулаагүй, хохирогч Я.Б  болон шүүгдэгчийн үеэл гэх У.З нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн “... Эрүүгийн хуульд заасан хохирол бодитой нөхөн төлөгдөж, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй ...” гэж дүгнэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 215.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б ээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч Б.Б нь ганц бие эцэг болон бага насны хүүхдүүдтэй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнийг  ганц бие эцэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Харин анхан шантын шүүх “шүүгдэгч Б.Б ийн хүүхдүүд болох Б.Э, Б.И, Б.И нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоолгох үүргийг Сүхбаатарын дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б ийн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Б 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийн 2022 оны 6 дугаар сарын 21-нээс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

        ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

         ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН