Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 122/ШШ2024/0008

 

2024      04        11                                            122/ШШ2024/0008                             

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэрэнханд би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнхөөс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132460 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнх шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух М.******* нь 25 нас хүрч иргэний үнэмлэхээ солиулах хугацааг хэтрүүлсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, М.*******д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Материалд эрх бүхий албан тушаалтны үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдогч М.*******гийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон бусад нотлох баримт цугларсан байна.

Эрх бүхий албан тушаалтны холбогдогч М.*******гийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэгт М.******* нь боловсролгүй гэж дурдсан байх бөгөөд тэрээр бичиг, үсэг мэдэхгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж хуульчилсан.          .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан бөгөөд бичиг, үсэг мэдэхгүй холбогдогчоос мэдүүлэг авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг хязгаарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0132460 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхийн шүүхэд гаргасан 2024.03.27-ны өдрийн 02 дугаартай прокурорын дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 Эрх бүхий албан тушаалтан Б.******* миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0132460 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнх нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын холбогдогч М.*******д шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132460 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132460 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

 

Иймд хэргийн хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнхийн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын холбогдогч М.*******д шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132460 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай. 

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                Б.ЦЭРЭНХАНД