Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00879

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00879

Х аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот Ч дүүргийн 19 дүгээр хороо, 32 дугаар гудамжны 4* тоотод оршин суух, А.Э ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00827/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие А.Э нь Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт уурын зуухны машинистаар 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Уг байгууллага ардчилал гарч ирсний улмаас татан буугдсан тул ажлаасаа гарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан ажилчдын баримтууд нь устаж үгүй болсон гээд архиваас ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд бүгд гарч ирээгүй. Ганц баримт гарч ирсэн нь ажилчдад зэрэг олгох тухай гэсэн тушаал гарч ирсэн. Үүнээс шалтгаалж надад өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй тул шүүхээр тогтоолгох гэсэн болно. Иймд Х аймгийн Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасан.

Миний ажиллаж байсан хугацааны баримтууд бүрэн гарч ирэхгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгоно. Иймд А.Э миний Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: А.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 904 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөөгийн зуухны ажилчдад зэрэг олгох тухай №83 дугаартай тушаал болон түүний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш сумын НАААҮ-ний төвийн ажилтан ажилчдын 1990 оны ээлжийн амралтын хуваарь. 1989-12-29 гэх бичилт бүхий тушаалын хавсралтын хуулбар, Ш сумын ҮЭ-ийн гишүүдийн судалгаа гэх бичилт бүхий баримтын хуулбар, Ш сумын АҮ-ний төвийн ажилчдаас 1988 онд сувилал болон улсын амралтад амрах ажилчдын нэрс 1987.11.17 гэсэн бичилт бүхий баримтын хуулбар, Ш сумын НАААҮ-ний төвийн ажилтан ажилчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарь. 1988-12-25 гэх бичилт бүхий тушаалын хавсралтын хуулбар, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын 1986, 1987, 1988, 1990 онуудын бүртгэл гэх бичилттэй баримтын хуулбар тус бүрт Х аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, А.Э д 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ш сумын ҮЭ-ийн Зөвлөлийн даргаас олгосон №795775 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл Гишүүний бат илэрхийлэл, Ш сумын Ахуй үйлчилгээний төвийн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А.Э д олгосон ГЭРЧИЛГЭЭ, Ш сумын НАААҮ-ний төвийн даргаас 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А овогтой Э д олгосон БАЯРЫН БИЧИГ, №149 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-7, 27-49, 58-62 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ю.Ц, Д.О нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас)

Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Э гийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Х аймгийн Архивын тасгаас Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөөгийн зуухны ажилчдад зэрэг олгох тухай №83 дугаартай тушаал болон түүний хавсралтад Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар нь 1985-1991 онуудад ямар нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн байгууллагын нэр нэршилд өөрчлөлт оруулж байсан дээд газрын шийдвэр бий эсэх талаарх лавлагааг

гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 13-18, 23-26 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь Х аймгийн Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний удирдах газарт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч А.Э нь Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай 2.Слесарь, машинист нарын мэргэжлийн зэрэг олгосон нэрсийг хавсралт I-ээр баталсугай. гэх бичилт бүхий Хөдөөгийн зуухны ажилчдад зэрэг олгох тухай тушаал түүний хавсралтад 47.А.Э --үгүй дунд машинист ... гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5-6, 24 дугаар хуудас)

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР 1 (А) маягтын 1. Овог, нэр: А Э , 14. Ажилладаг байгууллага: АҮ төв, ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил: Уурын зуухны машинист, оршдог сум, район: Ш ... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 13-р тал),

Ш сумын ҮЭ-ийн гишүүдийн судалгаа ...110. Овог, нэр: Алтанхүү Э , нас: 25, хүйс: эр, улсад ажилласан жил:4,... гэх бичилт бүхий баримтын хуулбар, (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

Ш сумын АҮ-ний төвийн ажилчдаас 1988 онд сувилал болон улсын амралтад амрах ажилчдын нэрс 1987.11.17... 57.А.Э ... гэсэн бичилт бүхий баримтын хуулбар, (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

Ш сумын НАААҮ-ний төвийн ажилтан ажилчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарь. 1988-12-25 ...26.А.Э ...--... гэх бичилт бүхий тушаалын хавсралтын хуулбар, (хавтаст хэргийн 33-34 дугаар тал),

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын 1986, 1987, 1988, 1990 онуудын бүртгэл гэх бичилттэй баримтын хуулбар тус бүрт Х аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 35-46 дугаар тал),

А.Э д 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ш сумын ҮЭ-ийн Зөвлөлийн даргаас олгосон №795775 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Гишүүний бат илэрхийлэл,

Ш сумын Ахуй үйлчилгээний төвийн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А.Э д олгосон ГЭРЧИЛГЭЭ, Ш сумын НАААҮ-ний төвийн даргаас 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А овогтой Э д олгосон БАЯРЫН БИЧИГ, (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

Гэрч Д.О-ийн: ...Би 1985-1991 онуудад Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт гуталчин хийдэг байсан, Намайг ажиллаж байх үед А.Э нь Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын уурын зууханд гачегар, манаач гэх ажил хийж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ю.Ц-ийн: ...Би 1987-1991 онуудад Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт гуталчин хийдэг, А.Э нь Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын уурын зууханд гачегар, слесарь гэх ажил хийж байсан... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягт, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 1/1006 дугаартай албан бичиг, №149 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 15-17, 26 дугаар тал)

Нэхэмжлэгч А.Э нь 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай тушаалаар цэргээс халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт А.Э гийн Х аймгийн Ш сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН