Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2016/00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А.Г

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/0212/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1971 оны 1 сараас эхлэн аав А-ийн туслах малчнаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж 1972 оны 1 дүгээр сарын 01-нээс бие даан суурь хариуцан 1975 оны 5 дугаар сарын 19-н хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан 1978 оны 6 сарын 20-н хүртэл цэргийн албаа хаагаад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс үргэлжлүүлэн Жаргалын зам нэгдэлд мал маллаж 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажилласан. Иймээс 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1991 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч А.Г Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А- овогтой Гын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Батлан Хамгаалахын Төв архивын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10/109 дугаартай албан бичиг, А.Год Жаргалын зам нэгдлийн зөвлөлөөс 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон Диплом-ын хуулбар, гэрч Д.Цэвээнжавын А.Г нь 1971 онд 14 нас хүрээд аав А-, ээж Лхажингийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар элсэн орж ажиллаж байгаад 1975 онд цэрэгт татагдаж, 1978 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн эмчилгээ тэжээлийн цэгт нялх мал маллаж байгаад 1991 оныг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1975-1978 онд ажиллаж байгаад Шинэ-Идэр суманд бэр болж ирээд Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад нөхөр А.Гын хамт малын эмчилгээ тэжээлийн цэгт 1978-1991 оныг дуустал нялх мал маллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч М.Халтарнямын А.Г нь 1971 онд 14 нас хүрээд тухайн үеийн нэгдлийн гишүүний үлгэрчилсэн дүрмийн дагуу аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж эхэлсэн ба 1975 онд цэргийн албанд татагдаж, 1978 онд цэргээс халагдаж ирээд 1978 оноос нэгдэлдээ үргэлжлүүлэн 1991 оныг дуустал буюу нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан. Тухайн үед ажилгүй хүн гэж байдаггүй байсан. Би тус нэгдлийн 3 дугаар бригадад 1970-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч А.Гын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зүүн хариад А-ийн Гын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ