| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00123/И |
| Дугаар | 155/ШШ2016/00332 |
| Огноо | 2016-03-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2016/00332
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.О
Хариуцагч: С.Б
Гэм хорын хохирол 1.302.000 /нэг сая гурван зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2016/0123/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.ОО хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Би 2015 оны 10-р сарын 04-ний өглөө хүүгээ ажилд нь хүргэж өгөөд Таван-Эрдэнэ дэлгүүрийн үүднээс 1 хүн суулгаад эмнэлэг орох гээд явж байтал баруун талаас 1 дүгээр хорооны 32-р гудамжнаас хурд ихтэй Тоёото Раун ******* ХӨВ маркын машин гарч ирээд мөргөж осол гаргасан. Миний машины эвдрэл баруун том гэрэл, зүүн гэрлийн суурь нь хагарсан, урд гупер нь хагарч баруун крилан чихэгдсэн, баруун хойд хаалга күзүү чихэгдсэн радиатор нь цууралт өгч чих нь хугарсан, дээд тэнхлэг их биеэрээ хазайсан, урд гупер 40см чихэгдсэн. Өөрийн минь бие сайнгүй, толгой хөдөлж, даралт ихсэж толгой байнга өвдөж, дотор муухайран зүрх дэлсэн нойр муу сэтгэл санаа тайван биш байна. Миний машиныг засуулах засварын хөлс 600.000 төгрөгийг 4 хувааж өгсөн. Авч өгсөн сэлбэг болон урд гупер нь хагархай, баруун гэрлийн сэнж нь хагархай, зүүн гэрэл нь хэвээрээ учир би эвдэрлээ бүтэн болгуулж эсвэл мөнгийг нь авмаар байна. Урд гупер 250.000 төгрөг, баруун урд гэрэл 250.000 төгрөг, зүүн гэрэл 100.000 төгрөг, нэмэлт гэрэл 30.000 төгрөг, урд радиатор 20.000 төгрөг, эмчилгээний зардал 52.000 төгрөг, мэдрэлд 10.000 төгрөг, зүрх судас 10.000 төгрөг, бариачид 10.000 төгрөг, сул зогсолтын мөнгө 30*19=570.000 төгрөг, нийт 1.302.000 төгрөгийг С.Боос нэхэмжилж байна. ...Бид харилцан ярилцаад 400.000 төгрөг өгч, авахаар тохиролцож эвлэрсэн болно. Миний зүгээс нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэв.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2015 оны 12 сарын 04-ний өглөө 8.20 цагийн үед Тоёота маркын ******* ХӨҮ дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөн маркын ****** ХӨВ дугаарын машиныг мөргөж осол гаргасан нь үнэн. Аймгийн замын цагдаагийн тасгаас гаргасан зам тээврийн ослын дүгнэлтэд гол замаар яваа тээврийн хэрэгсэлд туслах замаар яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ ослын улмаас нэхэмжлэгчийн машинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Барагдуулахдаа нэхэмжлэгчийн заавраар авч өг гэсэн сэлбэг болгоныг авч өгснөөс гадна түүний хэлснээр өөрийнх нь сонгосон засварын газраар засч янзлуулсан. Нэхэмжлэгч шинэ машин авч өг гэж шаардаж байсан төдийгүй машин нь өөрөө хуучин, өмнө нь сэв арилгуулж будаг замаск хийж байсан машин байсан тул би шинэ машин өгч чадахгүй, будаг замасктай байдлаар өмнөх байдалд нь оруулж өгье гэснээр будаг замаск засвар хийсэн. Засварын ажил болон замаск будаг хийж дуусах үед нэхэмжлэгчийн хүргэн нь таньдаг засварчинтайгаа цуг манай ажил дээр ирж мөнгөө авсан. Засвар хийх бүх үед хүргэн болох Г хамт байсан. Хүргэн нь машины хувьд одоо болсон гэсэн ба миний хувьд засварчинд нийт 600.000 төгрөг өгсөн. Энэ үнэ хаана ч байхгүй засварын хөлс гэдгийг хэлсэн. Хэрэв би өөрөө засуулсан бол ийм үнээр засуулахгүй байсан. Иймд нэхэмжилж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмтлийн хувьд хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Осол болсон тэр өдрөөс эхлэн нэхэмжлэгчтэй холбоотой байж эмнэлгийн шинжилгээ хийлгүүлж, компьютер томографын болон шинжээчийн дүгнэлт зэрэгт нийт 68.300 төгрөгийн зардал гаргасан. Цаашид энэ гэмтлээс үүссэн эмчилгээний зардлыг өгөх нь зүйд нийцэх ба харин баримтаар нотлогдсон байх ёстой. Ингэсэн тохиолдолд зардал төлбөрийг төлнө. Энэ тухайгаа нэхэмжлэгчид баримтаа аваад ирээрэй, би төлнө гэж хэлж байсан. Мөн сул зогсолтын мөнгө нэхсэн шаардлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. ...би нэхэмжлэгчтэй ярилцаад 400.000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч С.Бод холбогдох гэм хорын хохирол 1.302.000 /нэг сая гурван зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигч шүүх хуралдаанд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тайлбарыг гаргажээ.
Иймд зохигч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч С.Боос 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 12.650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бод холбогдох, 1.302.000 /нэг сая гурван зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч С.Боос 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 12.650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН