Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2016/00023/И |
Дугаар | 155/ШШ2016/00333 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2016/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.С
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/00023/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Д.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 дүгээр ангид сурч байхдаа сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оноос мал маллах болсон. Тухайн үед 14 нас хүрсэн иргэн бүрийг албан шаардлагаар ажил хийлгэдэг байсан. Би 1989 оныг дуустал үхэр сааж байсан. Энэ хугацааны ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа бөгөөд манай сумын архив шатсан тул цалин хөлс олгож байсан 70 дугаар дансны лавлагаа олдохгүй байна. Миний хөдөлмөрийн дэвтэрт цалин хөлс бичигдсэн байгаа учир түүнээс лавлагаа гаргуулж авсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа тул ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар
шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын заримыг хангаж , үлдсэнийг нь
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.С Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Д-н С нь тус сумын Давшилт нэгдэлд 1981-1989 онуудад малчин, саальчнаар ажиллаж байсан ба тэр үеийн авч байсан цалин хөлс нь 70 дугаар дансанд бичигдээгүй байх тул лавлагаа гаргах боломжгүй гэх бичилттэй 1/25 тоот тодорхойлолт, тус нэгдлийн төлчид, саальчдын чуулга уулзалтаар 1983 он, 1985 онуудад авахуулсан гэрэл зургууд, гэрч Д.Н-ийн ...Д.С нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадын Чулуут гэх газар саальчнаар ажиллаж байсан. 4 дүгээр анги төгссөн ба тэгээд нэгдлийн мал дээр саальчнаар ажиллаж байсан...би тус нэгдэлд саальчнаар 1965 оноос нэгдэл тартал ажилласан гэх мэдүүлэг, гэрч Л.П-ын ...Д.С нь Төмөрбулаг суманд 4 дүгээр анги төгсөөд Давшилт нэгдэлд хөгшин ээж дээрээ очиж нэгдлийн мал саадаг байсан...саальчнаар 1981 оноос 1990 он хүртэл ажилласан...Төмөрбулаг сумын бичиг баримт байхгүй болчихсон юм билээ. Зарим нь шатаж үрэгдээд, зарим нь хүний гар дамжаад алга болсон гэх юм...би Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1971 оноос 1990 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. Д.Стай хамт сааль сааж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин Д.Сгийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь хүсэлт гаргагч шүүх хуралдаанд Би 4 ангид сурч байхдаа сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оноос мал маллах болсон. Тухайн үед 14 нас хүрсэн иргэн бүрийг албан шаардлагаар ажил хийлгэдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 насанд хүрэх тул 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Д.Сгийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Д.Сгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, түүний авч байсан цалин хөлс 70 дугаар дансанд бичигдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Сд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/84 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/25 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 1981 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин-гийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр засвартай, тус хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн цалин хөлсний бичилтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн цалингийн түүвэр зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар сүрэгтэн овогт Д-гийн Сгийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА