Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 560

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч У.Солонго,

хохирогч Ц.Ө,

шүүгдэгч Э.Д, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Э.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010533 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Эийн Д /РД:.../.

Э.Д нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Ц.Өын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг гараараа татан эвдэж, хууль бусаар нэвтрэн халтар манан хөөрөг, хүүхдийн жижиг хөөрөг, эрэгтэй хүний төмөр аралтай бүс, “LG” маркийн 42 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж 5650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 03-нд пүүз зарах гээд Өын дүүтэй таараад гэрт нь очсон. Өдөр ирээд мөнгөө авчих гэсэн. Өдөр нь очтол хүнгүй байсан. Зурагтыг нь авсан. Дээлийг тайлаад шидчихсэн байсан. Бүс, хүүхдийн хөөргийг авсан. Халтар манан хөөрөг аваагүй, хараагүй. Авсан эд зүйлийнхээ үнийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй. Бага ял өгнө үү” гэв.   

Хохирогч Ц.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өглөө ажилдаа явсан. 11 цаг өнгөрч байхад “Танайд хулгай орсон байна” гэхээр нь би ирсэн. Зурагт, бүс, хүүхдийн хөөрөг, миний хөөрөг байгаагүй. Эцгээс минь надад өгсөн хөөргөө авмаар байна” гэв.

Эрүүгийн 201726010533 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Өын: “2017 оны 3 дугаар сарын 03-ны 08 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. Намайг явахад манай хашаанд байдаг байшинд амьдардаг миний дүү Ө гэртээ байсан. Өдөр 12 цагийн үед Ө над руу яриад “ахаа танай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлэхээр нь би гэртээ ирж үзэхэд гэрийн эд хогшлууд эмх замбараагүй болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж үзлэг хийчихээд надад “гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үз” гэж хэлэхээр нь хойморт байсан 42 инчийн “LG” маркийн зурагт, зурагтын баруун талд дээлэн дээр ил тавьсан байсан ааваас маань өвлөгдөж ирсэн халтар манан хөөрөг, миний бүс зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. “LG” маркийн зурагтыг 2015 онд “РС mall”  дэлгүүрээс 1200000 төгрөгөөр авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зурагт байсан. Хөөрөг ааваас маань надад уламжлагдан ирсэн бөгөөд аав маань өвөөгөөс өвөлж авсан гэж хэлж байсан. Хэзээ хийгдсэн хөөрөг гэдгийг мэдэхгүй. Уг хөөрөг чүнжигноров толгойтой, монетон нуухтай, мөнгөн халбагатай, дунд гарын цайвардуу халтар манан хөөрөг байсан. Бүсийг би 2014 онд 160000 худалдаж авсан. Ө надад хэлэхдээ “2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цагдаа нарын дагуулж ирсэн хүн нь надад пүүз зарсан хүн мөн байна, тэр хүн танай гэрээс юм хулгайлсан юм шиг байна” гэж хэлсэн. Би зурагтаа удирдлагынх нь хамтаар хүлээж авлаа. Одоо хөөрөг, бүсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-15-18, 21, 125/,

Гэрч Ц.Өын: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би РС тоглоомын газар хоночихоод өглөө 07 цаг өнгөрөөгөөд харих санаатай явж байхад үл таних 2 ах надаас “пүүз авах уу” гээд цэнхэр өнгийн POMPSAIT загварын пүүз үзүүлэхээр нь би “50000 төгрөгөнд өгвөл авъя” гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би тэр 2 ахыг “та 2 намайг дагаж манай гэрч очоод мөнгөө авчих” гэсэн чинь 2 ах нь “шартаж үхлээ ахын дүү урд дэлгүүрээс архи аваад өгчих” гэж хэлэхээр нь би дагуулаад дэлгүүр рүү ортол хаалттай байсан бөгөөд би буцаж гэр рүүгээ ороод унтсан. Өдөр 12 цагийн үед бие засах гээд гартал ахын гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь дотогшоо орж үзтэл хамаг юмыг нь онгичоод хаячихсан байсан. Тэгээд би ах руу залгаж хэлсэн. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тэр 12 цагийн үед гэртээ унтаж байсан бөгөөд хаалга тогших чимээ бол сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Гэрч Б.Баярсайханы: “...Хишигсүрэн, Д хоёр миний пүүзийг зарж архи авчирна гээд гарсан. 09 цагийн тэр хоёр архи ч үгүй, пүүз ч үгүй орж ирсэн. Би уурлаад пүүзээ зарсан юм уу гэхэд зарсан гэсэн. Хэнд хэдэн төгрөгөөр зарсан юм гэхэд танихгүй хүнд зарчихсан, мөнгөө аваагүй гэсэн. Тэгвэл зарсан айлаа зааж өг гэхэд мэдэхгүй гээд байсан. Би уурлаад гарсан. Тэрнээс хойш тэр хоёртой уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Гэрч Б.Хишигдүүрэнгийн: “...Д бид хоёр пүүзийг зарах гэж яваад нэг залуутай тааралдаад тэр залуу гэрлүүгээ дагуулаад явсан. Мөнгө байхгүй, цагийн ирээд мөнгөө авчих гэсэн. 50000 төгрөгөөр зарахаар болсон. Тэр залууд пүүзээ үлдээгээд гэрээс нь тал архи авч явсан. Түүнийгээ манай гэрт очиж уусан. Би унтаад өгсөн. Харин Д мөнгөө авахаар явсан...” гэх мэдүүлэг /хх-25/,

Гэрч Ц.Урангоогийн: “...Манай нөхөрт дунд гарын хэмжээтэй монетон нуухтай мөнгөн халбагатай хөөрөг байсан. Нөхрийн аав 2013 оны 10 дугаар сард бид хоёрыг тусдаа гарахад өв уламжлуулан өгч байсан. Манай нөхрийн аав 2 хөөрөгтэй байсан. Их гарын халтар манан хөөрөг нь нөхрийн дүүд байдаг. Хэрэг болдог өдөр нөхрийн хөөрөг зурагтын тавиурын баруун талд бурханы тавиурын урд харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-127-128/,  

Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэсайханы: “Би “Хишигт од” ХХК-ийн “Эрдэнэс” ломбарданд ажилладаг. 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үл таних нэг залуу 42 инчийн “LG” брэндийн лед зурагт 300000 төгрөгөөр тавьсан. Хэд хоногийн дараагаар нэмж 2 удаа 50000 төгрөг авч, нийт 400000 төгрөг авсан. Хохирлоо авмаар байна” гэх мэдүүлэг /хх-28/,

Шүүгдэгч Э.Дгийн: “...Нэг залуутай гудамжинд тааралдаад 50000 төгрөгөөр пүүз зарахаар болоод гэр рүү нь хамт явсан. Манай гэрийнхэн байхгүй байна, өдөр ирээд мөнгөө авчих гэсэн. Одоо өгөх боломжгүй юм уу, боломжгүй бол ганц шил архи аваад өгчих гэхэд гэрээсээ тал шил архи гаргаж өгсөн. Хишигдүүрэн ах бид хоёр тэр архийг уусан. 12 цагийн үед Хишигдүүрэн ахын гэрээс гарч такси бариад нөгөө залуугаас мөнгөө авахаар очсон. Байшингийн хаалга тогшсон хүн байгаагүй. Гэрийн хаалгыг татсан чинь цоож нь мултарч унаад хаалга онгойсон. Би орж хойморт байсан 42 инчийн зурагт, төмөр аралтай эрэгтэй бүс, нэг даалинтай эрхий хуруун чинээ чулуун хөөрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/,          

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-14, 50/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-43, 45/, барьцаат зээлийн үйлчилгээний тасалбар /хх-48/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-51/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-37-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, Хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-83/, ажлын тодорхойлолт /хх-84/ “АСАП” сангийн лавлагаа /хх-44-46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Ц.Өын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн халтар манан хөөрөг, хүүхдийн жижиг хөөрөг, эрэгтэй хүний төмөр аралтай бүс, “LG” маркийн 42 инчийн зурагт хулгайлж 5650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “5 сая төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг авсан болох нь хангалттай нотлогдохгүй, тогтоогдоогүй. Өвлөгдөн ирсэн гэдэг нь бас тогтоогдоогүй” гэж дүгнэлт гаргалаа. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ц.Өын “...Хөөрөг ааваас маань надад уламжлагдан ирсэн бөгөөд аав маань өвөөгөөс өвөлж авсан гэж хэлж байсан. Хэзээ хийгдсэн хөөрөг гэдгийг мэдэхгүй. Уг хөөрөг чүнжигноров толгойтой, монетон нуухтай, мөнгөн халбагатай, дунд гарын цайвардуу халтар манан хөөрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-15-18, 21, 125/, гэрч Ц.Урангоогийн “...Манай нөхөрт дунд гарын хэмжээтэй монетон нуухтай мөнгөн халбагатай хөөрөг байсан. Нөхрийн аав 2013 оны 10 дугаар сард бид хоёрыг тусдаа гарахад өв уламжлуулан өгч байсан. Манай нөхрийн аав 2 хөөрөгтэй байсан. Их гарын халтар манан хөөрөг нь нөхрийн дүүд байдаг. Хэрэг болдог өдөр нөхрийн хөөрөг зурагтын тавиурын баруун талд бурханы тавиурын урд харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-127-128/ зэргээр дээрх дүгнэлтүүд няцаагдаж байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Э.Дг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Өад 5650000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд зурагтыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч Ц.Ө “Хөөрөг олдохгүй бол хөөрөгний мөнгө нэхэмжилж байна” гэх мэдүүлснийг /хх-126/ үндэслэн шүүгдэгч Э.Дгээс 2 жилийн хугацаанд 5050000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.   

Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэсайханд төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн харуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тухайн зүйл, хэсэгт заасан баривчлах ял оногдуулж өгнө үү” гэж,

хохирогч “Энэ хүнийг шоронд оруулахыг хүсэхгүй байна. Хөөргөө авахыг хүсэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.    

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “баривчлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн эд хөрөнгө хураахгүйгээр тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Дгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулахыг тогтоолд дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсаргагдсан /хх-48/ “Эрдэнэс” барьцаат зээлийн үйлчилгээний тасалбарыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогтой Эийн Дг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Дг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Дд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Э.Дгийн урьдчилсан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эрдэнэс” барьцаат зээлийн үйлчилгээний 0009435 дугаар ягаан өнгийн тасалбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Дгээс 2 жилийн хугацаанд 5050000 /таван сая тавин  мянга/ төгрөгийг хэсэгчлэн гаргуулж, хохирогч Ц.Ө /Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух, РД:.../-д олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Э.Дгийн эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                         Л.БААТАР