Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/884

 

 

2022           9              08                                              2022/ДШМ/884

Г.Г-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Баянжаргал,

хохирогч Ё.Н өмгөөлөгч Э.Н ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Г ын өмгөөлөгч Г.Г гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Г холбогдох эрүүгийн 2111004231146 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн Г-ын Г , ..... оны ..........  дугаар сарын .......... -ний өдөр ..........  аймагт төрсөн ,....  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... ,  хүүхдийн хамт ..........   дүүргийн..........  дугаар хороо, ..........  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./,

Шүүгдэгч Г.Г  нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Органик” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан Ё.Н тэй маргалдаж, түүнийг түлхэж унагаан, цохих, өшиглөх зэргээр зодосны улмаас эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд булуу хэсгийн битүү хугарал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, баруун өвдөгний үений дотор хажуу доод хэсэг, зүүн гуяны урд дунд гадна хэсэгт цус хуралт, тархины доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ ... Г.Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Г холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г аас нийт 2.136.500 төгрөг гаргуулан хохирогч Ё.Н т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: “ ... Миний үйлчлүүлэгч болох Г.Г  нь хавтаст хэргийн 37-д буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Э.Б гэрчээр дахин мэдүүлэг өгөх үедээ уг үйл явдлыг харсан гэрч болох Н.Д утасны дугаарыг бичээд мэдүүлэг өгсөөр байтал мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой  Э.Б гэрчээс байцаалт авалгүйгээр прокурорт хэргийг шилжүүлсэн. Улсын яллагч Ж.Баянжаргал нь мөн гэрчээс мэдүүлэг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн хохирогч Ё.Н  нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “хөл доор нь нэг залуу суучихсан, тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 37 дугаар талд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Батсайхан хохирогч Ё.Н ээс “тухайн эмэгтэй таныг зодсон гэх үед өөр хүн байсан уу?” гэж асуухад хохирогч Ё.Н  нь “лангууны ар талд нэг эрэгтэй хүн байсан” гэж хариулдаг. Тэгвэл лангууны ар талд байсан гэх эрэгтэй буюу Н.Д  нь энэ үйл явдлыг хамгийн ойроос харсан гол гэрч байхад түүнээс нэг удаа гэрчээр мэдүүлэг авалгүй хэргийг шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаана” гэж заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хохирогч болох Ё.Н  нь дэлгүүрт зодуулсан гэдэг боловч хэрэгт авагдсан дүрс бичлэгт хохирогч нь миний үйлчлүүлэгч болох Г.Г ыг зохиж байгаа дүрс байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч Г.Г  нь биеэ хамгаалах үүднээс өөрөөсөө холдуулж түлхсэн үйлдэл хийсэн гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас л мэдүүлсээр байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 32.5 дугаар зүйлд “хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох” гэж заасан хууль зүйн үндэслэлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч Н.Д шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж ярьдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар хангалттай мэтгэлцсэн. Анхан шатны шүүх гэрч Н.Д оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар хангалттай үндэслэл бүхий нотлох баримтуудыг дурдаад гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлууд үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ж.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс удаа дараагийн шүүх хуралдаануудад мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүхээр уг хэрэг хоёр удаа хэлэлцсэн. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдээгүй талаар дүгнэж, шүүгдэгч Г.Г ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан заалтууд үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ерөнхий анги, тусгай анги гэж байхгүй. Гомдолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаана” гэж заасныг удирдлага болгон...” гэж дурдсан байдаг. Энэ нь урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас хэргийг прокурорт буцаах заалт байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 32.5 дугаар зүйлд зааснаар гэж гомдолд дурдсан. Хуульд ийм зүйл, заалт байхгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.Г  нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Органик” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан Ё.Н тэй маргалдаж, түүнийг түлхэж унагаан, цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд булуу хэсгийн битүү хугарал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, баруун өвдөгний үений дотор хажуу доод хэсэг, зүүн гуяны урд дунд гадна хэсэгт цус хуралт, тархины доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ё.Н “ ... 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 50 дугаар сургуулийн ар талд байдаг дэлгүүр орж худалдан авалт хийгээд гарах гэж байгаад хүүхдэд банана авч өгөх гэтэл тухайн дэлгүүрийн лангуун дээр байсан бананууд харлаад муудчихсан байсан. Би цаад талд байсан банана авах гэж байгаад гартаа тортой юм барьчихсан байсан болохоор наад талд байсан бананы хальсыг санамсаргүй хуулчихсан. ... би хальсыг нь хуулсан бананыг авах чадвартай хүн гээд лангуун дээр авч тавихад худалдагч эмэгтэй гарч ирээд чи зайл гээд намайг түлхэж унагаасан. Би унахдаа дотор талын хаалтыг мөргөөд хөлөө эвгүй дараад унасан. Тэгээд би гарч ирээд цагдаад дуудлага өгчихөөд буцаад дэлгүүр рүү нь ороход худалдагч эмэгтэй дахиад миний толгой руу болон бие рүү гараараа олон удаа цохисон. Дахиад намайг цохиод дэлгүүрээс өшиглөж гаргасан ...” /хх-71-73-р хуудас/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Б.У“ ... 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Органик” гэх нэртэй дэлгүүр рүү орж мах авах гээд хаалгыг нь татахад дотор нь 2 эмэгтэй хүн муудалцаад хаалгаар гарч ирсэн, ... арай залуухан эмэгтэй нь настай эмэгтэйг хаалгаар гарахад нь хүчтэй түлхэж унагаасан бөгөөд унасан хойно нь дээрээс нь хөл рүү нь өшиглөөд дэвсээд, цүнхийг нь газар саваад байхаар нь ... би дэлгүүрийн худалдагчийг хөгшин хүнийг зодоод яаж байгаа юм гэж хэлэхэд таньд хамаагүй гэх зэргээр над руу бас дайраад байхаар нь би яваад өгсөн ...” /1хх-81/,

гэрч Б.Д “ ... 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр надруу залгаад би дэлгүүрт ороод юм авах гэтэл дэлгүүрийн худалдагчид зодуулаад уначихлаа, миний хөл, тархи толгой өвдөөд байна гэхээр нь эхнэрийнхээ байсан газарт очиход хамаг хувцас нь шороо болчихсон хөл, толгой өвдөөд байна гэсэн. ... би худалдагч эмэгтэйд яагаад манай эхнэрийг ингэж байгаа юм бэ гэж хэлэхэд, намайг уучлаарай гэж хэлж байсан. тухайн үед манай эхнэрийн хөл хөндүүртэй алхаж гишгэж чадахгүй байсан ...” /1 хх-83/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3203 дугаартай “ ... Ё.Н биед баруун шаант ясны дээд булуу хэсгийн битүү хугарал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, баруун өвдөгний үений дотор хажуу доод хэсэг, зүүн гуяны урд дунд гадна хэсэгт цус хуралт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.” /хх-85-86/ гэх шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-35-41/ зэргээр давхар нотлогджээ.

            Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Г.Г  нараас “ ... лангууны ар талд байсан Н.Д  нь энэ үйл явдлыг хамгийн ойроос харсан гол гэрч байхад түүнээс нэг удаа гэрчээр мэдүүлэг авалгүй хэргийг шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн, ... Ё.Н  нь дэлгүүрт зодуулсан гэдэг боловч Г.Г  нь биеэ хамгаалах үүднээс өөрөөсөө холдуулж түлхсэн, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 32.5 дугаар зүйлд “хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох” гэж заасан хууль зүйн үндэслэлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Г.Г  нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Органик” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Ё.Н ийг “ ... чи харласан, муудсан банана зарлаа болохгүй ... ” гэж хэлснээс үүдэн түүнтэй маргалдаж, улмаар Г.Г  нь хохирогчид “ ... үйлчлэхгүй ... гар утсаараа өөрийнх нь бичлэгийг хийж зургийг дарлаа ...” хэмээн маргалдаж, түүнийг дэлгүүрээс хөөж гаргахдаа Ё.Н ийг түлхэн унагааж, хөл рүү нь өшиглөж, дэвсэх зэргээр түүний биед “баруун шаант ясны дээд булуу хэсгийн битүү хугарал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, баруун өвдөгний үений дотор хажуу доод хэсэг, зүүн гуяны урд дунд гадна хэсэгт цус хуралт, тархины доргилт” зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан төдийгүй нотлох баримтын хүрэлцээ хангалттай байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Анхан шатны шүүхээс “ ... Ё.Н  тухайн үед түлхүүлж унасны улмаас гэмтсэн, өөрийг нь зодсон хүнийг зааж Г.Г аас өөр хүнтэй хохирогч маргалдаагүй болохыг нотолсон, ... “хохирогчийг цохиогүй” гэх Г.Г ын тайлбар бодитой бус, ... Г.Г ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, ... нэмж гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй ...”  гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг ба хохирогч Ё.Н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Г.Г ын “түлгэж унагаан, өшиглөсөн” үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Иймээс анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр маргасан шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Г.Г нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

            Шүүгдэгч Г.Г ын үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

            - мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

            - 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

            Дээрхээс үзвэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

            Хэдийгээр шүүгдэгч Г.Г  нь гэм буруугийн асуудлаар маргадаг боловч анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасны дагуу түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст өмнө нь гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагаагүй байдлыг харгалзаж, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Л.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

           ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН