Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 20

 

Д.О хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00371 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Оргил баг, Нарлагийн 2-1 тоотод оршин суух, С овогт Д. О /ДЮ77032918/ хүсэлттэй,

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйд тооцогдож байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С овогт Д. О нь 1977 онд аймгийн төв Алтай хотод төрсөн, 1995 онд ЕБС-ийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг бакалавр, Хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Удирдлагын академыг Төрийн удирдлагын менежер-ээр суралцан дүүргэж, 2015 онд МУИС-д магистр цолыг хамгаалсан. Би 1999 оны 9 сард Говь-Алтай аймгийн ИТХ-ын ажлын албанд ажилтнаар орж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оны 11 дүгээр сард Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоож Хууль зүйн хэлтсийг дахин байгуулахад тус хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм. Тус хэлтсийн даргаар ажилласан 13 жил, 6 сарын хугацаанд орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллагыг хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэлээр хангах, системчлэлийн ажлыг хийж, Монгол Улсын иргэний үнэмлэх солих, цахим архив бүрдүүлэх зэрэг томоохон компанит ажлыг хариуцан ажиллаж байсан. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаас 2014 оны 3 дугаар сард төрийн үйлчилгээний өөр ажилд томилогдохоор чөлөөлөгдсөн боловч томилогдохгүй байсаар 2016 оны сонгуулийн дараа төрийн өмчит компанид дэд захирлаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард гарсан. Өмнө нь 2014 онд ажлаасаа чөлөөлөгдсөний дараа тухай үеийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар удирдах ажилтны нөөцөд байгаад тооцогдож, нөөцийн бүртгэл судалгаанд орж байгаа гэж ажил хариуцсан хүмүүс хэлж байсан. Ингээд өөр ажилд орсон байсан тул 2018 оны 12 сард Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл өгч нөөцийн бүртгэлээ тодруулахад та нөөцөд байх боломжтой юм байна, танд өргөдлийн хариуг бичгээр өгнө гэж салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар хэлж байсан ч хариу өгөөгүй. Харин ажлын шаардлагаар 2019 оны 9 сард аймгийн ЗДТГ-т Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоход салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг төрийн албаны нөөцөд байгаа талаар дүгнэлт гарган, улмаар ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлагдсаны дараа тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зарлан 2020 оны 1 дүгээр сард шалгалт авсан. Энэ хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс ирсэн Маргаан хянан шалгах газрын дарга Э.Эрдэнэхишигээр ахлуулсан шалгалтын бүрэлдэхүүн тус Тамгын газрын томилгоотой холбоотой асуудлыг шалгахад миний томилгоог ажлын байрны шаардлага хангах магадлалтай, тусгай шалгалт өгөөгүй гэсэн байдлаар зөвлөлийн хуралд танилцуулж, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг өгч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 387 дугаар тогтоол гарсан болно. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн өгсөн зөвлөмжөөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс өмнө гаргаж байсан шийдвэрээ үгүйсгэж байгаа тул миний 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйд тооцогдож байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйд тооцогдож байсныг тогтоолгохыг хүссэн С овогт Д. О хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00371 тоот шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх шаардлагыг хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл миний бие 2019 оноос өмнөх эрх зүйн үр дагавар бүхий өөрийн хууль ёсны эрх ашгийн байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байхад 2019 оны 1 сараас хэрэгжиж эхэлсэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь уг шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүхээс төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсан болох нь нийтэд илэрхий нөхцөл байдал байх гэсэн дүгнэлт хийсэн ч энэ асуудал нь дахин тогтоох шаардлагагүй гэж ач холбогдол, үр дагаврыг бүх талаас нь бодитой үнэлж дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмж, түүнийг үндэслэн гаргасан салбар зөвлөлийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.1-д зааснаар иргэн миний Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн алба хаах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг дуусгавар болгоход шууд хамааралтай болоод байгаа юм.

Иймд дээр дурдсан Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсанд тооцогдож байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар ...төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдохооргүй байна..., Харин өмнөх буюу 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдаж мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчилсэн Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсан болох нь нийтэд илэрхий нөхцөл байдал байх ба үүнийг шүүх шийдвэрээрээ дахин тогтоон тодруулах шаардлагагүй тул шүүхийн шийдвэр гарснаар эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм гэж дүгнэн хүсэлт гаргагчийн 2019 оноос өмнө төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйд тооцогдож байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал нь шүүхээр тогтоолгохоос өөр журмаар уг үйл явдлыг батлах баримт бичиг олж авах боломжгүй болсон байхыг шаарддаг байна.

Тухайн асуудлыг Захиргааны хэргийн шүүх бие даан шийдвэрлэх боломжтой тул Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2020/00371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заал дах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.Б

 

                                     ШҮҮГЧИД                         Б.А

 

                                 Т.Ж