| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00336/И |
| Дугаар | 155/ШШ2016/00336 |
| Огноо | 2016-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2016/00336
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Б.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хөвсгөл аймгийн ************** сумын Мал үржлийн тасагт холбогдох 215.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 12-р сарын 18-ны өдөр үхрийн шир 4 ширхэг, хонь 31 ширхэг, ямааны арьс 20 ширхэгийг тус тус тушаагаад хариу падааныг бичүүлж аваад сумынхаа мал эмнэлгийн үржлийн тасагт бүрдүүлж өгсөн. Энэ жил малчдын урамшууллын мөнгө бууж эхлэхэд мөнгөө авахаар очсон боловч танай урамшуулал ороогүй байна гэсэн. Ингээд Мөрөн сумын Хөдөө аж ахуйн газар дээр очоод нэрээ шүүлгэсэн чинь танай арьс ширний мөнгө ороогүй байна гэсэн. ************** сумын Мал үржлийн тасгын дарга Доос утсаар асуусан боловч орсон байна би яаж мэдэх юм гэсэн. Гэтэл Д уг орлогын баримтуудыг компьютерт шивж оруулаагүйн улмаас иргэн надад 215.000 төгрөгний /арьс ширний үнэ/ хохирол учирсан. Иймд уг мал үржлийн тасгийн дарга Доос 215.000 төгрөг гаргуулж иргэн миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн ************** сумын Мал үржлийн тасгын дарга Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2014 онд Б.Б нь Мал эмнэлэг, мал аж ахуй, үйлдвэр технологи үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр тус сумын үржлийн тасагт ажиллаж байсан. Тухайн ажилтан ажлын байрны чиг үүргийнхээ хүрээнд иргэдийн арьс ширний падааныг программд шивж оруулах ажлыг хариуцан ажиллаж байсан. Иймд иргэн Б.Гийн падааныг мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б программд оруулсан болохыг миний хувьд утсаар тодруулж, хариуг нь иргэн Б.Гэнд өгсөн болно. Цаашид энэ асуудал нь надад хамааралгүй болохыг уг тайлбараар мэдэгдэж байна. Манайд ажиллаж байсан Б.Бтэй ***** утсаар холбогдож холбогдох мэдээллийг өөрөөс нь тодруулхыг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ... Д бид хоёр уулзаж тохиролцсон тул гомдолгүй болж уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Хөвсгөл аймгийн ************** сумын мал үржлийн тасагт холбогдох 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Г нь 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн ************** сумын мал үржлийн тасгаас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 12.000 төгрөгийн тал хувь болох 6.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ************** сумын мал үржлийн тасгаас 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.Гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12.000 /арван хоёр мянга/ төгрөгийн тал хувь 6.000 /зургаан мянга/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Гэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН