| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00922/И |
| Дугаар | 155/ШШ2024/00920 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00920
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00920 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00922/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1969 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. 1977 оноос 1980 оны хугацаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуульд суралцаж төгссөн. 1985 онд тус сумынхаа Ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд малчнаар 1991 оны дуустал буюу нэгдэл тартал ажилласан.
Одоо өндөр настны тэтгэвэртээ гарах гэтэл миний ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би нэгдэлд хонь, хурга малладаг байсан. Би аавтайгаа хамт маллаж байсан. Манай өвөөгийн бие муу байдаг, надаас өөр харах хүн байхгүй гээд ар гэрийн гачигдлаар цэргийн албанд татагдаагүй....гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн архивын тасгийн ******дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын **********дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын *********дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад ажиллаж байсан Балдандорж овогтой Базарсадын 1985-1988 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай ******* дугаартай баталгаажилтын хуудас, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 20*********** дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 3-12, 44 дүгээр тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33-36 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 26-28 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ************* дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №19 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 31-32 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад ажиллаж байсан Балдандорж овогтой Базарсадын 1988-1989 онуудын цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 37-39 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ********** нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны ************ дугаар албан бичгээр ирүүлсэн *********** 1985 оны 9 сараас 12 сарыг дуустал, 1986 оны 1 сараас 1987 оны 7 сарыг дуустал, 1988 оны 3, 4, 5 сар, 10 сараас 12 сарыг дуустал, 1989 оны 1, 3, 5, 11, 12 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 5-10, 37-39 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11/701 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ...Тушаах нь 1.Сумын 8 жилийн сургууль төгсөж, өөрсдийн саналаар үйлдвэрт ажиллахаар хувиарлагдан ирсэн 19-н хүнийг хавсралт №1-ээр I/VII нээр ажилд томилсугай... гэх тушаалын 7 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт *********, аль бригад гэх хэсэгт Бүрэнхаан, ямар ажилд гэх хэсэгт хоньчин гэх бичилттэй №19 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 31-32 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ****** Ажилладаг гэх хэсэгт Дэлгэрмөрөн нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Малчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Бүрэнтогтох, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Доржжүгдэр, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.21... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 26-28 дугаар тал),
гэрч ********* ...********** нь 1985 оны хавар Хөвсгөл аймгийн одоогийн Бүрэнтогтох сумын сургуульд сурч байгаад, 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд малчин болон гарч ирж байсан. Би түүнийг хөдөө мал маллахаар гарч ирэх үед тус нэгдэлд сувай үхэр малладаг байсан юм. Базарсад нь тухайн нэгдэлд аав ээжтэйгээ хамт нэгдлийн хонь малладаг байсан. Тэрээр 1991 он хүртэл нэгдлийн мал маллаж байгаад, 1991 оноос хойш нэгдэл тарж, нэгдлийн мал хувьчлагдсан учир тэрээр хувийн малаа маллах болсон.... гэх мэдүүлэг,
гэрч ******** ...Би 1987 оны өвөл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд малчнаар ажилд орох үед ********** нь тус нэгдэлд ажилладаг байсан. Тухайн үед ************ нь нэгдлийн хурга хариулдаг байсан юм. Базарсадын аав нь Балдандорж гэж хүн байсан бөгөөд тэрээр тус нэгдэлд нэгдлийн үхэр хардаг байсан. Харин ***********ээж болох ************* гэдэг хүн Бүрэнхаан багийн улсын асрамжинд тогооч хийдэг байсан. ******* бид нарын ажиллаж байсан Дэлгэрмөрөн нэгдэл нь 1990 онд хувьчлагдаж байсан. ********** нь нэгдэл хувьчлагдах хүртэл тус нэгдэлдээ ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 33-36 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд **********ын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
**********ад холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1989 оны тушаал шүүж үзэхэд **********ыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/701 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 3, 31 дүгээр тал)
Нэхэмжлэгч ********** нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1704000358 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Тус сумын Бүрэнхаан багийн иргэн Балдандорж овогтой Базарсад нь 1969 онд төрсөн одоо 55 настай цэргийн алба хааж байгаагүй ба цэргийн бүртгэлийн 2 дугаар үүрэгтэнд бүртгэлтэй нь үнэн болно. гэх бичилттэй 3/98 дугаартай албан бичиг тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 12,44 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *************ын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ