Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00338

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би 

Д.Д нэхэмжлэлтэй,

Л.Д-д холбогдох

Эмчилгээний төлбөрт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д би 2015 оны 10 дугаар сарын 15-наас Номин үйлчилгээний төвд үйлчлэгчээр ажилласан. 2015 оны 10 дугаар сарын 22-нд ажлаа хийгээд байж байтал Засаг даргын тамгын газрын дотоод ажилтан Л.Д нь Номин үйлчилгээний төвд үйлчлүүлэн согтууруулах ундаа хэрэглэснээр согтож, энд тэнд үсчин юм мөргөчих гээд байхаар нь ЗДТГ-ын олон нийтийн байцаагчийг дуудан авчирсан. Гэтэл Амарсанааг дуудлаа гэж намайг зодсон. Тэгээд тэр 2 явж би ч хаалгаа барин унтаж амарсан. Өглөө эрт босоод угаадас асгачихаад орох гэж байтал архи нь гараагүй ахин нэмж уусан ирээд намайг зодож, шат мөргүүлж, Номин төвийн хашаа мөргүүлж ална гэж бахь гаргаж ирж дайрсан. Ингээд би ухаан алдаж, эмнэлэгт яаралтай хүргэгдэж очсон байсан. Ухаан ороод сэрэхэд аав, ээж, ах дүүс бүгд цугларсан байсан. Л.Д нь шүүх цагдаагаар явахаа больё, зохицъё гэж өөрөө шийдвэр гарган эвлэрлийн гэрээ хийсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 24-нд Мөрөнгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явахад 200.000 төгрөг өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 03-нд эвлэрлийн гэрээ хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 10, 12 дугаар сарын 04, 12 дугаар сарын 25-нд эмчилгээний мөнгийг төлнө гэж гэрээгээ хийсэн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 25-нд 400.000 төгрөг өгсөн. Одоо 900.000 төгрөг төлөөгүй.Ингээд дахин гэрээгээ сунгаж өгөөч гэж гуйхаар нь 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ныг хүртэл сунгасан. Хоног дуусаад очиж уулзтал мөнгө байхгүй, хуц, та нараас болж ажилгүй боллоо, завхай зайдан охиноо сургаж чадахгүй баж гай боллоо гэж ээжийг минь хэл амаар доромжилсон байсан. Ээжийг минь янз бүрээр хэлж доромжилж, сэтгэл санааны дарамтанд оруулсанд би гомдолтой байна.

Иймд энэ хүний гэрээг үндэслэн үлдэгдэл эмчилгээний төлбөр болох 900.000 төгрөгийг гаргаж өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Д нь 2015 оны 10 дугаарсарын 22-ны өдөр Дтай үүссэн маргаанаар эвлэрлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг төлөхөөс 600.000 төгрөгийг төлж үлдэгдэл болох 900.000 төгрөгийг төлөөгүйн улмаас энэхүү асуудал үүссэн болно. Гэрээний хугацаа дуусах өдөр би ажлаасаа халагдсан тул тэр үед өгөхгүй гэж хэлсэн ч бэлэн мөнгө өгч чадалгүй мөнгөнийхөө оронд үхэр ав гэж хэлж байсан боловч аваагүй. Нэгэнт өгнө гэж гэрээ байгуулсан тул хохиролгүй болгоно. Гэхдээ мөнгө, төгрөг олдохгүй, эрхэлсэн ажилгүй болсон учир ойрын хугацаанд өгч чадахгүй. Намайг ямар асуудалд орсон байгааг Д мэдэж л байгаа байх. Энэхүү 900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 5 сарын 01-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Л.Д-аас эмчилгээний төлбөрт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Л.Д нь ....900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Даас 13.075 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 13.075 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Д.Дын нэхэмжлэлийн шаардлага 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Даас 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ