Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 563

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Пид холбогдох 1708008030083 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь /сантехникч/ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 115 дугаар шүүгчийн захирамжаар 10 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Сгийн П /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

1.1.Хохирогч Ө.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 01-ний орой 20 цаг 30 минутын үед нөхөр Пийн хамт Өргөө кино театрын хойно найз Эы гэрт найзуудынхаа хамт очоод зургуулаа 0,75 граммын нэг шил архи уучихаад, 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ... тоот гэртээ ирээд унтах гээд байж байсан. Нөхөр П надад цалингаа буюу мөнгөө дандаа өгдөг болохоор “мөнгө байгаа юу” гэж асуухад юу яриад байгаа юм, юу байдаг юм дууссан гэхэд нөхөр “чиний ааш зан сүүлийн үед ямар сонин болоод байгаа юм” гэхээр нь би яасан юм гэхэд нөхөр зүүн талын нүд рүү гараар нэг удаа цохиод би газар унасан. Би унахдаа зүүн гараа дарж унаад, зүүн гар тулж хөндүүр болсон бөгөөд газар унасан байхад бас эрүүний хэсэг рүү гараараа нэг цохиод гэрээс гараад явсан. Удалгүй гэртээ орж ирээд надаас уучлалт гуйгаад эвлэрээд унтаж амарсан. Би Пийг эсэргүүцэж зодож цохисон асуудал байхгүй. Нөхөр бид хоёр хамт амьдраад 10 жил болж байгаа ба 3 хүүхэдтэй. Урьд өмнө нь зодож байсан асуудал байхгүй. Гэр бүл болсон хойно хааяа маргалдах асуудал гардаг. ...Манай нөхөр намайг анх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр л зодсон. Би нүдэндээ дусаагуур дусаасан. Өөр эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 х/

 

1.2.Шүүгдэгч С.Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр 2-3 хоногийн өмнө надаас ажлын хөлс гээд 300,000 гаруй төгрөг авсан байсан юм. Тэгтэл надад ямар мөнгө байдаг юм гээд уурлахаар нь би “миний хөгшин мөнгө төгрөгөө яасан юм гэхэд чи мөнгө олох ёстой, би мөнгийг чинь үр хүүхдэд чинь зарцуулсан, чамд мөнгө нэхэх эрх байхгүй гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун гараараа зүүн талын шанаа руу нь нэг цохисон юм. ... Тэгээд би эхнэрээсээ уучлалт гуйгаад гэртээ амарсан. ... Баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохиход сандал дээр сууж байгаад унаад босож ирэхээр нь эрүүнд нь нэг удаа тус тус цохисон, гэм буруугаа ойлгож гэмшиж байна ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

   

1.3.Шинжээчийн 9958 тоот дүгнэлт

1.Ө.Нийн биед зүүн нүдний алим, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13 х/

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

 

2.1.Гэрч Ц.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү П эхээс тавуулаа, айлын ууган хүүхэд байгаа юм. Манай хүү нийслэлийн 57-р сургуулийн 8 дугаар ангийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн юм. Манай хүү бусадтай их нийтэч, ажилсаг, шудрага, муу зуршилгүй, архи хэрэглээд байдаггүй, тамхи татдаг юм. Урьд нь гэр бүлийн маргаан гэхээр зүйл гаргаж байгаагүй. Манай хүү сантехникч мэргэжилтэй юм. Одоогоор хувиараа ажил хийдэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 х/

2.2.Оршин суугаа газрын хаягын тодорхойлолт /хх-ийн 22 х/

2.3.С.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 х/

2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 х /

2.5. Гэрлэлтийн баталгаа /хх-ийн 40 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод байрлах гэртээ эхнэр Ө.Нтэй “мөнгөний асуудлаас” болж маргалдан гараараа зүүн нүдэн тус газар болон эрүүнд нь тус тус цохиж түүний эрүүл мэндэд “зүүн нүдний алим, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч Ө.Нийн “... Нөхөр П надад цалингаа буюу мөнгөө дандаа өгдөг болохоор “мөнгө байгаа юу” гэж асуухад юу яриад байгаа юм, юу байдаг юм дууссан гэхэд нөхөр “чиний ааш зан сүүлийн үед ямар сонин болоод байгаа юм” гэхээр нь би яасан юм гэхэд нөхөр зүүн талын нүд рүү гараар нэг удаа цохиод би газар унасан. Би унахдаа зүүн гараа дарж унаад, зүүн гар тулж хөндүүр болсон бөгөөд газар унасан байхад бас эрүүний хэсэг рүү гараараа нэг цохиод гэрээс гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 х/

 

Шүүгдэгч С.Пийн “... надад ямар мөнгө байдаг юм гээд уурлахаар нь би “миний хөгшин мөнгө төгрөгөө яасан юм гэхэд чи мөнгө олох ёстой, би мөнгийг чинь үр хүүхдэд чинь зарцуулсан, чамд мөнгө нэхэх эрх байхгүй гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун гараараа зүүн талын шанаа руу нь нэг цохисон юм. ... Баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохиход сандал дээр сууж байгаа унаад босож ирэхээр нь эрүүнд нь нэг удаа тус тус цохисон ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

   

Шинжээчийн 9958 тоот дүгнэлт

1.Ө.Нийн биед зүүн нүдний алим, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. эхнэр, нөхөр, ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч С.П хохирогч Ө.Н нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 40 х/-аар нотлогдож байгаа тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Ө.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний мэдүүлэг /хх-ийн 9-10 х/-ээр тогтоогдож байгаа тул С.Пийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            С.Пид холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар. 

            С.Пийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

            С.П нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчийн зүй бус зан харьцаа уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар.

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б овогт Сгийн Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Пийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.П-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.П-д мэдэгдсүгэй. 

 

5.С.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид гарсан зардалгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ