Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 122/ШШ2024/0010

 

2024     04        26                                            122/ШШ2024/0010

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, шүүгч Б.Баярцогт, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: “******* орд” ХХК,

Хариуцагч: ******* аймгийн******* сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: “******* ******* трейд” ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах, “******* орд” ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргахыг******* сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Жавхлантөгс, иргэдийн төлөөлөгч М.Чүлтэмсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

            1.1. Нэхэмжлэгч “******* орд” ХХК-аас ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            1.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан “2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах”, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “******* орд ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байна.

 

            Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:

 

            2.1. Гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХ-аас ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргахыг******* сумын Засаг даргад даалгах” бие даасан шаардлагыг гаргасан.

 

2.2. Анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Жавхлантөгс нараас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр шүүхэд гаргасан “Бие даасан шаардлагаасаа” бүхэлд нь татгалзаж байгаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн болно.

 

Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

3.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “******* орд” ХХК-д ******* аймгийн******* сумын Дөрвөлжин нэртэй газарт 59 гектар талбайд ашигт малтмал ашиглах 6701А дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын актаар хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрчээ. 

 

3.2. ******* аймгийн******* сумын Засаг дарга “******* орд” ХХК-ийг бусдын эзэмшлийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан үндэслэлээр “Газар чөлөөлөх тухай” 2022 оны А/83 дугаар захирамжийг гаргасан байна.

 

3.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч ******* аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/48 дугаар албан бичгээр хариу авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Дөрөв. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

 

4.1. Нэхэмжлэгч “******* орд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* орд” ХХК нь Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай актаар ******* аймгийн******* сумын газар нутагт байрлах Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхай, хүдэр баяжуулах үйлдвэрийг хүлээн авч 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн байдаг.

Гэтэл ******* аймгийн******* сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 тоот захирамж гарган “... газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж хаягдлын овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул ... чөлөөлсүгэй” гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул дараах үндэслэлүүдээр А/83 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна.

1. Хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй.

Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэх ажиллагааг захиргааны акт гаргасан байгууллага хариуцан Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Дархан сумын Засаг даргын А/83 тоот захирамж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Тус захиргааны актаар “******* орд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй нь илт байхад захирамж гарсан өдрөөс хойш утсаар мэдэгдэх, факс, шуудан гэх мэт хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй бөгөөд манай компанийн удирдлагууд болон ажилчид ******* аймгийн******* суманд албан томилолттой ажиллаж байх үедээ уг захирамжийн тухай мэдэж, Засаг даргын Тамгын газарт өөрсдөө хандан захирамжийг гардан авсан. Хэрэв манай компаниас******* сумын Засаг даргын тамгын газарт очоогүй, бид хандаагүй байсан бол уг захирамжийг хэзээ мэдэгдэж, захирамжийн биелэлт хангагдах байсан нь тодорхойгүй байгаа юм.

Захиргааны шийдвэр гарахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж сонсох ажиллагааг хийж ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгодог боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг явуулах” зэрэг ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй болно.

Хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол манай компаниас тус асуудалтай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, нотлох боломжтой байсан. Тухайн газарт байрлах үйлдвэрийн барилга байгууламж нь манай компанийн хөрөнгөөр баригдсан, 2010 онд Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комисс хүлээж авсан байтал энэ бүх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр тус захирамжийг гаргасан үйл ажиллагаа нь хууль бус байна.

2. Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн. 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 09 дугаар актаар “******* орд” ХХК-д Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч, хууль ёсны дагуу хүлээж авсан. Захирамжид дурдсан зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж барьсан гэх “... харуулын байр, албан өрөө, ажилчдын байр ...” зэрэг ахуйн барилга байгууламж нь улсын комиссын хүлээж авсан уурхай болон уулын үйлдвэрийн нэг хэсэг юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж зааснаар манай компани нь улсын комиссын шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т  “******* орд” ХХК-д 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс “... үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрөв” гэж заасан хугацаанаас эхлэн манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт бий болоогүй, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 09 дугаар акт болон 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 6701А дугаартай гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар байтал “Газрыг чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 тоот “Газар чөлөөлөх тухай” захирамж нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу******* сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга болох ******* аймгийн Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус гомдлын хариуд ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас “... захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн байна.

Иймд ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч “******* орд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай “******* орд” ХХК нь 2007 оноос ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр 59 га газарт Төмрийн хүдэр олборлох боломжтой болж ******* аймгийн******* сумын Засаг даргын 2007 оны 09 сарын 03-ны өдрийн 94 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч холбогдох гэрээг байгуулан хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж байна.

            Аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээний дагуу 1 га талбайг 16,000 төгрөгөөр тооцон, лицензийн талбайн нийт хэмжээ 54 га болохыг батлуулан жилийн төлбөр 864000 төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагчаас илүү ашигласан газартай холбоотой аливаа маргаан, шаардлага гаргалгүй манай компаниас 54 га биш 59 га талбайгаар газрын төлбөр ногдуулан жил бүр 944,000 төгрөгийн төлбөр авч байсан. Энэ нь тус сумын Засаг дарга, төрийн байгууллагаас тус илүү гарсан газрыг ашиглахыг зөвшөөрч байгаа үйлдэл гэж ойлгогдож байсан.

            Мөн манай компани 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаар “Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт”-аар төмрийн хүдрийн ил уурхай, хөрсний овоолго, баяжуулах үйлдвэр, ахуйн барилга байгууламж зэргийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Бид бүхэн ******* аймгийн******* сумын Засаг даргаас илүү гарсан талбайг ашиглахыг зөвшөөрч байсан тул илүү ногдуулсан газрын төлбөрийг төлж байсан, гэтэл 10 гаруй жилийн дараагаар буюу 2022 онд үндэслэлгүйгээр газар чөлөөл гэсэн.

            Хэрвээ хариуцагчаас энэхүү газрыг ашиглуулахгүй гэсэн бол өнөөдрийг хүртэл илүү төлбөр төлөхгүй байсан. Бид нийт 320,000 төгрөгийн газрын төлбөрийг илүү төлсөн байна. Иймд газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

4.3. Нэхэмжлэгч “******* орд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “******* орд” ХХК нь 2007 оноос уурхай дээр барилгын ажил эхлүүлж 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр “Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт”-аар төмрийн хүдрийн ил уурхай, хөрсний овоолго, баяжуулах үйлдвэр, ахуйн барилга байгууламж зэрэг одоо давхацсан гэх эд хөрөнгөнүүдийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингэснээр тэдгээр үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасны дагуу манай компанийн өмч болсон.

Гэтэл хуулийн дагуу улсын комисст хүлээлгэн өгсөн манай компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-д ХV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д тус тус заасны дагуу илт хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-т хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламжийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна гэж тус тус хуульчилсан. Үүнээс үзвэл соёлын өв бүхий газрыг бусдад хайгуулын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах битгий хэл байгаа нь хожим илэрсэн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тус захиргааны акт нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна. Учир нь улсын комиссоор хүлээлгэн өгсөн бусдын өмчлөлийн эд хөрөнгийг дайруулан, соёлын өв бүхий газарт ашигт малтмал ашиглах эрх олгосон байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 8 сарын 11-ний өдрийн 11/3902 дугаар шүүхэд ирүүлсэн албан бичгийн хавсралт 1хх-145 дугаар тал дахь баримтаас үзэхэд манай компанийн МV-006701 дугаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайтай, тус талбайд буй эд хөрөнгөнүүдтэй давхцуулан олгосон байна.

Иймд соёлын өв бүхий, бусдын өмчлөлийн эд хөрөнгө, тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-д ХV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.4. Хариуцагч ******* аймгийн******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* орд” ХХК-аас ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хаягдлын овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул ... чөлөөлсүгэй” гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна гэжээ.

Энэхүү үндэслэл нь өөрөө нэхэмжлэгчийн буруу ташаа ойлголтоос үүдэлтэй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “******* орд” ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ба энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд нь “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар тохирсон юм. Одоо “******* орд” ХХК нь энэхүү гэрээний дагуу өөрт ашиглуулахаар гэрээ хийсэн газартаа хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Засаг даргын зүгээс энэхүү гэрээгээр ашиглуулсан газрыг хүчингүй болгох талаар ямар ч захирамж гаргаагүй болно. Үүнээс үзэхэд “******* орд” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамж хүчин төгөлдөр ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь дээрх хууль зүйн дагуу гаргасан шийдвэрүүдтэй огт хамааралгүй юм.

Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь “******* хас трейд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд “******* орд” ХХК нь зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болох нь Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон албан даалгаврын дагуу гаргасан, хууль зүйн үндэслэлтэй захирамж юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн 1 дэх заалтад хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй талаар дурдсан байна. “Газар чөлөөлүүлэх тухай” А/83 дугаар захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганжууржавт даалгаж, захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсний дагуу “******* орд” ХХК-ийн захирал Б.Чулуунд 99192981 дугаарын утсанд мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр ирж уулзаж, захирамжийн талаар мэдсэн. Ийм учраас Захиргааны актыг мэдээгүй гэх зэргээр бичсэн асуудал нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн “... Захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлсон бол ... манай компаниас тус асуудалтай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, нотлох боломжтой байсан” гэжээ. Гэтэл “******* орд” ХХК-ийн дэд захирал гэх Б.Чулуунд холбогдуулан Зөрчлийн 2240000107 дугаартай хэрэг үүсгэж, ******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас хяналт тавьж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар “******* ******* трейд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болохыг нотлох баримтаар тогтоон, дэд захирал Б.Чулууныг Зөрчлийн тухай хуулиар 5.000.000 төгрөгөөр торгож, хууль бусаар ашигласан газрыг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны даалгавар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарсан байсан.

Үүнээс үзэхэд “******* орд” ХХК-ийн захирал Б.Чулуун нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж, тодорхой эрх үүрэг хүлээн оролцож, өөрийн зүгээс холбогдох нотлох баримт гарган өгч, гэм буруугүй болохоо нотлохоор оролцож, хууль ёсны эрх ашгаа хамгаалан оролцсон байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн, бусдын газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласнаа зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр газар чөлөөлөхөөр гаргасан даалгаварт гарын үсэг зурсан байдаг.

Тэгэхээр нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ газар чөлөөлөх талаар огт мэдээгүй, өөрийн эрх ашгаа хамгаалах боломж олгоогүй талаар дурдсан нь худлаа болох нь харагдаж байна.

Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан албан даалгаврыг биелүүлэх зорилгоор гарсан учраас дэд захирал Б.Чулуун нь бүх асуудлыг нарийн сайн мэдэж байсан болох нь батлагдаж байна.

Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт: ... “Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн, энэ хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт бий болоогүй байхад “Газар чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь “******* ******* трейд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд “******* орд” ХХК нь зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлүүлэх тухай захирамж юм. Энэ захирамж нь “******* орд” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамжтай огт хамааралгүй юм.

Иймд “******* орд” ХХК-аас ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ захирамжийг хууль зүйн дагуу гарсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.5. Гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд болох “******* ******* трейд” ХХК-ний зүгээс “******* орд” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаартай захирамж нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр захирамж болно.

Манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-019836 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайн 6.5 га газарт БНХАУ-ын “******* орд” ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалт зөрчсөн болохыг ******* аймгийн мэргэжлийн хяналтын газраас тогтоож 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5000 нэгжээр торгож, зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлөхийг “******* орд” ХХК-д даалгасан. ******* аймгийн******* сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн ХV-019836 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайн 6.5 га газрыг чөлөөлүүлэх тухай захирамж гарган тухайн захирамжийг “******* орд” ХХК-нд хуульд заасан хугацаанд танилцуулж мэдэгдсэн боловч тухайн газрыг “******* орд” ХХК нь чөлөөлж өгөхгүй байгаа болно.

Иймд ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан “******* орд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* аймгийн******* сумын Засаг даргын “Газар чөлөөлөх тухай” 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг. Цагдаагаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захирамж гарсан талаар “******* орд” ХХК-ийн дэд захирал буюу Б.Чулуун гэх хүнд 99192981 гэсэн дугаарт мэдэгдсэн байдаг. Тухайн үед Б.Чулуун нь Засаг дарга, цагдаа нартай уулзаад өөрийн биеэр захирамжийг гардаж авсан байдаг.

Нэхэмжлэгч ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурал дээр илүү газар ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал ******* аймгийн Засаг дарга өөрийнх нь эзэмшлийн 59 га газраас 6.5 га газрыг нь чөлөөл гэсэн шийдвэр гаргасан мэтээр яриад 1 жил гаруй хугацаанд төөрөгдөлд оруулж байсан.

Газрын төлбөр илүү тушаасан гэдэг дээр Засаг даргын Тамгын газраас иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ашигт малтмалын лавлагаагаар хил хязгаарын давхцал байхгүй болох нь тогтоогдсон. Бид нар хайгуул хийж байхад түүх соёлын олдвор олдвол хуулийн дагуу мэдэгдэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад огт хамааралгүй. 6.5 га газрыг зураг дээрээс харахад бага газар юм шиг харагдаж байгаа боловч газар дээр нь очиж үзээд, алхаад явахаар барагдахгүй том талбай байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шалгалт ирээд “******* орд” ХХК-ийн төхөөрөмжүүдийг лацадсан. Нэхэмжлэгч тал хөөцөлдөөд лацаа авхуулсан байсан. Манайхаас газрын тос, ашигт малтмалын газарт гомдол гаргасан чинь манайхаас баяжуулах үйлдвэрийн зөвшөөрөл олгоогүй учир лац авсан газартайгаа холбогд гэсэн хариу өгч байсан. Манай талаас овоолсон шороог зөөх зардлаа гаргаад өгчих, бид өөрсдийн техник, хүн хүчээр зөөгөөд холдуулъя гэхээр та нар мөнгө нэхлээ гээд байгаа.

“******* орд” ХХК нь бүх шатны байгууллагад гадаадын хөрөнгө оруулалттай компанийг хятад иргэд гэдгээр нь дээрэлхлээ гэдэг байдлаар гомдол гаргасан байдаг. Хуулийн байгууллага шалгаад танай байгууллага “******* хас трейд” ХХК-ийн эрх ашгийг хөндөж байна гэдгийг тогтоосон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “******* орд” ХХК-д илүү талбайгаа “******* хас трейд” ХХК-д хүлээлгэн өгч, эдийн засгийн асуудал дээрээ хоорондоо тохиролц гэдэг. Ашигт малтмалын тухай хуулиар илүү талбай ашиглавал шууд лиценз нь хүчингүй болдог. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд “******* орд” ХХК-ийн лицензийг яагаад хүчингүй болгохгүй байгаа юм бэ? гэхээр шүүхийн асуудлаа шийдчихээд ир гэдэг. Иймд нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмгөөлөгчтэйгөө зөвшилцөөд шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэв.

 

4.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:******* орд” ХХК-ийн нэхэмжлэл нь гэрчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргээр үндэслэлгүй гэдэг нь нотлогдож байна. ******* аймгийн******* сумын Засаг даргын А/83 дугаар захирамж нь Газрын тухай хуульд заасан Засаг даргын эрх хэмжээний хүрээнд, үндэслэлтэй гарсан гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлага нь Дархан сумын Засаг даргын “Газар чөлөөлүүлэх тухай” А/83 дугаар захирамжтай ямар ч хамааралгүй. Ашигт малтмалын газраас “******* хас трейд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь Засаг даргын А/83 дугаар захирамжтай огт хамааралгүй. Хэрэв энэ нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзвэл урьд гаргасан А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаад, тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзээд байгаа юм уу, хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч 320,000 төгрөг илүү төлсөн гэж байна. Уг мөнгийг төлсөн гэдгээрээ хууль бусаар газар ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр нэмэгдүүлж гаргасан хоёр нэхэмжлэлийн шаардлага нь эхэлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатайгаа ямар ч хамаарал байхгүй гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж гаргасан өнөөдрийн шаардлага нь Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Тав: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

 

5.1. “******* орд” ХХК нь шүүх хуралдаанд оролцохгүй, хуралдааныг хүндэтгэн үзэхгүй байна. “******* орд” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******д 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр түүний 88043816 дугаарын утсаар холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдааны товыг мэдлээ” гэсэн хариу өгсөн, мөн өдөр хариуцагч ******* аймгийн******* сумын Засаг дарга Ж.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний 98091117 дугаарын утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан тул товыг мессежээр болон [email protected] цахим хаягаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүгчийн туслахын тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнө нь 2 удаа хойшлуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, тэдгээрийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн болно.

 

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах”, “******* орд ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал газрын тосны газраас гуравдагч этгээд ******* ******* трейд ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК нь “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргахыг******* сумын Засаг даргад даалгах” бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

                                            

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсаар байтал газар чөлөөлөх тухай захирамж гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүнчлэн газрын төлбөрийг илүү авсан үйлдэл нь хууль бус ... ” гэж, хариуцагчаас “ ... 2022 оны А/83 дугаар захирамжийг нэхэмжлэгч компанийн захирал Б.Чулуунд мэдэгдсэн, газар чөлөөлөх захирамж гарсныг огт мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй. Газар чөлөөлөх тухай захирамж нь “******* орд” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” А/52 дугаар захирамжтай огт хамааралгүй, харин “******* ******* трейд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “******* орд” ХХК нь зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа нь хууль зөрчиж байгаа учир зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлүүлэхээр гаргасан захирамж нь хуулийн дагуу гарсан, үндэслэлтэй акт юм ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

4. ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “******* орд” ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн******* сумын Дөрвөлжин нэртэй газарт 59 гектар талбайд ашигт малтмал ашиглах 6701А дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай актаар Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхайд олборлолтын үйл ажиллагааг 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг зөвшөөрчээ.

4.2. “******* орд” ХХК нь ******* аймгийн******* сумын Засаг даргад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаж,******* сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/52 дугаар захирамжаар******* сумын нутаг дэвсгэрт ашиглалтын MV-006701 лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа “******* орд” ХХК-ийн төмрийн хүдэр олборлох 57 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

4.3. Ашигт малтмалын газраас “МЖМ монгол” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн XV-019836 дугаартай, Дорноговь, ******* аймгийн Даланжаргалан, Бор-Өндөр,******* сумын Бор нэртэй газарт 2338.53 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 124 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “******* ******* трейд” ХХК-д шилжүүлжээ.

4.4. ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0033007 дугаар шийтгэлийн хуудсаар “******* аймгийн******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* орд” ХХК нь "******* ******* трейд" ХХК-ийн хайгуулын лицензтэй талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг үндэслэн “******* орд” ХХК-ийг 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4.5. Маргаан бүхий акт болох ******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2 дахь заалтууд болон ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Даваахүүгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан даалгаврыг үндэслэн ******* аймгийн******* сумын нутаг дэвсгэрт “******* орд” ХХК нь газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж хаягдлын овоолго үүсгэж пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

4.6. Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0033007 дугаар шийтгэлийн хуудас, XV-019836 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “******* ******* трейд” ХХК-ийн уурхайн маркшейдерийн зураг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч “******* орд” ХХК нь өөрийн эзэмшлийн талбайн гадна, гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-ийн XV-019836 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зохих зөвшөөрөлгүйгээр овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох тогтоогдож байна.

4.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “******* орд” ХХК-ийн хувьд зөрчигдөх нийтийн эрх зүйн субъектив эрх байхгүй, өөрөөр хэлбэл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж эрх зүйн хамгаалалт шаардах эрх үүсэхгүй юм.

4.8. Тодруулбал, маргаан бүхий акт нь “******* орд” ХХК-ийн 6701А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон түүнийг үндэслэж гарсан газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэртэй хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

4.9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 59.1.15-д “сумын Засаг даргын олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх;”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;” гэж, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ;” гэж тус тус заасан.

4.10. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сумын Засаг дарга нь газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх, гаргасан зөрчлийг арилгах талаар шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах эрхтэй, Засаг даргаас гарах шийдвэр нь захирамж хэлбэртэй байхаар байна.

4.11. Дээрх байдлыг дүгнээд, хариуцагч ******* аймгийн******* сумын Засаг дарга “******* орд” ХХК-ийг зохих зөвшөөрөлгүй газар ашигласан үндэслэлээр “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамж гаргасан нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, хуульд нийцсэн шийдвэр байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.12. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй, түүнчлэн Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын шийдвэрээр Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, зөвшөөрөлгүй газар ашиглаж барьсан гэх барилга, байгууламжуудыг хүлээн авсан байтал сумын Засаг дарга газрыг чөлөөлөх захирамж гаргаж байгаа нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

4.13. Учир нь эрх бүхий албан тушаалтны 0033007 дугаар шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “******* орд” ХХК-ийн дэд захирал Б.Чулуунд танилцуулж, гардуулж өгсөн, ингэснээр нэхэмжлэгч компани зөвшөөрөлгүй ашигласан газраа чөлөөлөх үүргээ мэдсэн гэж үзэхээр байна.

4.14. Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохыг сонсох ажиллагаа гэж тодорхойлсон, энэ тохиолдолд маргаж буй акт нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөл байдалгүй, сонсох ажиллагаа явуулснаар хариуцагчаас гарах шийдвэрт нөлөөлөхүйц байдал үүсэхгүй тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй.

4.15. Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комисс нь ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг “******* орд” ХХК-д олгосон, харин тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, бусдын эзэмшлийн газрыг ашиглах зөвшөөрлийг олгох эрх хэмжээгүй болох нь улсын комиссын 2010 оны 09 дугаартай акт, гэрч Ч.Цогтбаатар, Т.Зууннаст нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байна гэж үзлээ.

 4.16. Дээрх үндэслэлээр “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд мөн зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэжээ. 

5.2. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч хамтатган нэхэмжилсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой, энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч илүү төлсөн газрын төлбөрөө хариуцагчаас буцаан гаргуулахаар маргаж байгаа ба энэхүү маргаан нь хувийн эрх зүйн шинжтэй тул “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.3. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаа хариуцагч байгууллагын оршин байгаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

 

6. “******* орд” ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал газрын тосны газраас гуравдагч этгээд ******* ******* трейд ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Нэхэмжлэгч “******* орд” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан, Ашигт малтмал газрын тосны газар нь Улаанбаатар хотод оршдог бөгөөд нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх боломжгүй юм.

6.2. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.2-т “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж заасныг тус тус үндэслэн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

7. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэсэн тайлбарыг өгсөн.

7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй” гэж заасан, гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******эд “нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул гуравдагч этгээдийн “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргахыг******* сумын Засаг даргад даалгах” бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

8. Хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, дүгнэлт гаргах бөгөөд “******* орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* орд” ХХК-аас ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* орд” ХХК-аас гаргасан “2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* орд” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “******* орд ХХК-ийн өмчлөлийн хөрсний овоолго, ахуйн барилга байгууламж, техник, уурхайн тоног төхөөрөмжтэй давхцуулан Ашигт малтмал газрын тосны газраас гуравдагч этгээд ******* ******* трейд ХХК-д XV-019836 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хууль бус үйлдлийг тогтоолгож, тус захиргааны актын манай компанийн өмчтэй давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК нь ******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны А/52 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргахыг******* сумын Засаг даргад даалгах” бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “******* орд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу гуравдагч этгээд “******* ******* трейд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ЦЭРЭНХАНД

 

                                                ШҮҮГЧ                        Б.БАЯРЦОГТ

                            

                                                ШҮҮГЧ                        Б.БАЯРМАА