Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШТЦ/926

 

 

 

  2022           09             21                                         2022/ШТЦ/926

Д.И , Ж.А –д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Д.И , түүний өмгөөлөгч С.Б ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,   

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.И , түүний өмгөөлөгч С.Б  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.И , Ж.А нарт холбогдох эрүүгийн 2108012941216 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. ..........  овогт Д-ийн И, ........... оны ... дугаар сарын ... -ны өдөр ............ аймгийн  ............  суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ... , эхнэрийн хамт ............  дүүргийн ............ оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................. /,

          -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.

          2. ............  овгийн Ж-ийн А, ............ оны ... дугаар сарын ... -ны өдөр ............  аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ............  дүүргийн ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............... /,

          Шүүгдэгч Д.И  нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Ж.А хамт “нүх ухаж дугуй зоож суулгах” ажил хийж байгаад тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар ажил хийж байсан хүрзээр Ж.А толгойн тус газарт нь 1 удаа цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, хохирогчоор 2021 оны 7 сарын 28-ны өдөр тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.И гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.А холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс шүүгдэгч Ж.А “мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 6 сарын 14-ний өдөр зориуд худал мэдүүлэг өгсөн” гэснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.И г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, шүүгдэгч Ж.А “мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.И д оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И гийн биечлэн эдлэх 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдэрлэжээ.

Шүүгдэгч Д.И , түүний өмгөөлөгч С.Б  нараас хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг “ ... хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна ..., гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ..., хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн ...” гэж дүгнэсэн атлаа 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцээгүй гэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргадаггүй, хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд 4.000.000 төгрөгийн нөхөн төлсөн /хохирогчийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт огт гаргаж өгөөгүй ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлд хамаарч байна. Хэдийгээр эрүүгийн хариуцлагыг тодорхойлох, ял оногдуулах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг шүүх хэрэглэлгүй, энэ зүйлд зааснаас хэтрүүлж хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан миний үйлчлүүлэгчийн нас, гэр бүл, эрүүл мэнд зэрэг хувийн байдал мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан зүйл анги, түүнд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг авч үзвэл 59 настай, эхнэрийн хамт амьдардаг. Түүний эхнэр Б.О 58 настай нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, улаан хоолойн шархтай, даралт ихсэх өвчтэй ба байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай төдийгүй ам бүл хоёулаа учир Д.И- гоос өөр асарч сувилах хүн байхгүй бөгөөд Д.И  өөрөө 2016 онд авто осолд орсны улмаас баруун гар нь хатингаршсан, тэнийдэггүй, элэгний хатууралтай /цирроз/, даралт байнга ихсэх өвчтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэв.

           Шүүгдэгч Д.И  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... миний бие Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 100-б тоотод эхнэр Б.О хамт амьдардаг. Бид хоёр 70 орчим мал маллахын хажуугаар миний бие Баруунтурууны байгаль хамгаалагчаар сүүлийн 5 гаруй жил ажиллаж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Эхнэр Б.О нь 2015 оноос хойш нойр булчирхайн архаг үрэвслээр өвдсөн бөгөөд одоог хүртэл миний асаргаанд амьдардаг ба миний бие даралт ихсэх, багасах архаг хүнд хэлбэрийн өвчтэй. Хэрэг гарах тухайн үед Ж.А бид хоёрын дунд маргаан үүсэж, миний бие өөрийн уур, бухимдлаа барьж чадахгүй найзынхаа толгойд хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж, гэм буруутай үйлдэл хийснээ гүнээ ухамсарлаж байна. Мөн найз Ж.А  дахин уучлалт гуйж байна. Ж.А бид хоёр сүүлийн 7 жил орчим найзалж, нөхөрлөж, бие биедээ тусалж амьдардаг байсан ба би түүнд модоор хэрхэн сийлбэр хийхийг зааж өгч, ахуй амьдралд нь нэмэр болох орлогын эх үүсвэртэй болгохоор зорин ажиллаж байгаа. Гэмт хэрэг гарснаас хойш Ж.А эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлсэн төлбөрийг тухайн үед найздаа өгч, гэм буруугаа хүлээж, сэтгэл санаа, эд материалын хохирлыг барагдуулж байсан. Мөн найзыгаа ойр зуурын мөнгө олох ажлыг хамтран хийж, найзынхаа амьдралд дэм болж, цаашид түшиг тулгуур болж амьдрахаа амлаж байна. Эрхэм шүүгч та бүхэн минь миний амьдралын нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч хохирогчид амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэг гар нь саажилттай болсон байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

          Д.И  нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Ж.А хамт “нүх ухаж дугуй зоож суулгах” ажил хийж байгаад тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар ажил хийж байсан хүрзээр Ж.А толгойн тус газарт нь 1 удаа цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

Хохирогч Ж.А нь “... миний толгойн оройн зүүн хэсэгт хүрзний ажлын хэсгээр хүчтэй цохисон. Тухайн үед миний малгай урагдсан байсан ... Д.И  намайг тухайн үед унасан байхад зүүн талын шанаа руу өшиглөөд миний 1 шүдийг унагасан ... би Д.И д цохиусны улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ...” /хх-103-104/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Д.Б “ ... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би Ж .А газар дээр дугуй зоогоод өгөөч гэхэд зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүүний задгай тоотод очихоор Э бид хамт ярьж байтал А найз Д.И  нь хамт явахаар болсон. ... Тэгээд Д.И гоор 1 дугуйг зоолгоод, би Э хамт дараагийн нүх ухах газраа хайгаад Ж.А, Д.И  нараас 50 орчим метрийн зайд явж байсан чинь Ж.А ёолоод орилсон. Би эргэж харсан Ж.А газарт өвдөглөөд суусан хоёр гараараа толгойгоо барьсан байдалтай, Д.И  нь 2 метр зайд зүгээр зогсож байсан. Тэгээд би Э хамт очоод юу болсон талаар асуухад Ж.А нь энэ намайг сая хүрзээр цохисон гэж хэлсэн. Тухайн үед Д.И  нь пязда чинь дургүй хүргээд байхын гээд дахиж цохих гээд байхаар нь салгасан. Хүрзээр цохисныг нь би харсан ... Ж.А толгойноос цус гараад тогтохгүй байсан, даавуугаар боогоод Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр өөрийн машинтай хүргэж өгсөн. ...” /хх-147/,

гэрч Д.Э “ ... Тухайн үед “ёо ёо” гээд хүн орилсон чинь Ж.А доош өвдгөөрөө суусан гараа толгой дээгүүрээ барьсан байдалтай байхаар нь би Д.Б гийн хажууд очсон чинь Ж.А толгойноос их хэмжээний цус гараад байхаар нь юу болсон талаар асуухад Д.И  нь ямар нэгэн зүйл хэлээгүй Ж.А нь энэ намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд би Д.Б гийн хамт Ж.А ГССҮТ-д хүргэж өгсөн. ...”  /хх-149-150/,

шинжээч Б.Ганзоригийн “ ... 3үүн зулайн ясанд 2.1 см өргөн, 1 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай гэснээс үзэхэд дээрх хэмжээтэй ойролцоо хэмжээний зүйлээр цохих үед үүсэх боломжтой ...” /хх-109-110/

шүүгдэгч Д.И гийн “ ... Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна ... ” /хх-157/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5335 дугаартай шинжээчийн “Ж.А биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хх-34-35/ гэх дүгнэлт,

эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 138-141 / зэргээр нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч Д.Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор  2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.И  ажлаа дуусгаад, хөгшөөн май гээд хүрзийг маань шидсэн, би тэр үед багажаа хайж тонгойтол хүрз ажлын хэсгээрээ миний толгой хэсэгт оносон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:

            хохирогч Ж.А “ ... Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад Д.И  залгаад “би машин руу хүрз шидэж байгаад толгой чинь оносон гэж мэдүүлсэн”, намайг хүрз шидэж байхад оногдсон гэж мэдүүлэг өгчих гэхээр нь би миний машин битүү шүү дээ, хүрз шиднэ гэхээр худлаа болно гэж хэлсэн чинь би хүрз давуулаад шидсэн гэж хэлээд мэдүүлэг өгсөн ... гэж надад хэлсэн. Тэгээд надад эмчилгээний зардлыг өгнө гэсэн. Тэгээд би эмчилгээний зардал өгөхгүй байж магадгүй гэж бодоод худал мэдүүлэг өгсөн. ...” /хх 102-103/,

яллагдагчаар Ж.А “... би худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна ... ” /хх-163/ гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.       

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь “гэмт хэргийн талаар аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол” гэмт хэрэгт тооцдог.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүйн гадна, шүүгдэгч Д.И  нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ж.А маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь хүрзээр 1 удаа цохисны улмаас “зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “ ... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д.И  ажлаа дуусгаад, хөгшөөн май гээд хүрзийг маань шидсэн, би тэр үед багажаа хайж тонгойтол хүрз ажлын хэсгээрээ миний толгой хэсэгт оносон ... ” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.И г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.А хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.И , түүний өмгөөлөгч С.Б  нараас “ ... Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан миний үйлчлүүлэгчийн нас, гэр бүл, эрүүл мэнд зэрэг хувийн байдал мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан зүйл анги, түүнд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... ” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.И , Ж.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.И- д оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, хохирогч Ж.А  анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ ... би саажилттай болчихсон, өмнө нь арай бага салгалдаг байсан ба бариа засал хийлгэх хэрэгтэй байна. Би сийлбэр хийдэг” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдартын хувь, хугацаа тогтоосон” 0402919 дугаартай актаар хохирогч Ж.А хөдөлмөрийн чадвараа “80” хувиар алдсан болохыг тогтоосон, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5335 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.А биед “зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл тогтоогдож, тус гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэснээс үзэхэд шүүгдэгч Д.И д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “ял хөнгөрүүлэх тухай” гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Д.И  нь “ ... миний эхнэр Б.О нь 2015 оноос хойш нойр булчирхайн архаг үрэвслээр өвдсөн бөгөөд одоог хүртэл миний асаргаанд амьдардаг ба миний бие даралт ихсэх, багасах архаг хүнд хэлбэрийн өвчтэй” гэх талаар давж заалдсан гомдолдоо дурджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүнд” асран хамгаалагч тогтоохоор хуульчилжээ.

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүнд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг тухайн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх эрхтэй байх тул иргэн Б.Оюунчимэгийг харгалзан дэмжвэл зохих хүнийг тогтоолгох талаар харьяа сум, дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.И , түүний өмгөөлөгч С.Б  нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.И  нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.И гийн өмгөөлөгч С.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

                ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН