Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 564

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч А.Ганзориг,

            хохирогч Г.Г,

            шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн Дид холбогдох 1708019740200 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай, ...д оршин суух, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй Х овогт Мийн Д /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй засварын төвийн гражид иргэн Г.Гтай “...шаардлага тавилаа...” гэж маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар М.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 Тодруулбал, М.Д нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэсвгэрт  үйл ажиллагаа явуулдаг “...” засварын гражид иргэн Г.Гын толгой, нүүр зэрэг газруудад нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Д 2017 оны 10 сарын 13-ны өдөр  манай харилцагч компаний захиалсан сэлбэг нь зөрөөд, үүнийг тааруулах үүднээс механикч нараа хариуцан зөв буруу хийж байна уу гэдгийг хариуцан ажиллаж байсан. Манай засварчин М гэх залуу тааруулах ажлыг нь хийгээд борлуулалтын менежер А гэх хүн бас орж ирээд тусалж байсан ба Д нь болохоор шалгах процессийн ажил хийж байсан. Тэгэхэд Д хийн нум, амаржин 2-ыг хооронд нь угсраад хий алдаж байна уу үгүй гэдгийг шалгаж байсан ба эхлээд холболт хийхэд нь хий алдаж байхаар нь би дахиж задлуулаад буцаагаад угсралт хийхдээ голд нь байдаг сальник резинийг унагаачихаад тэр чигээр нь угсарч байхаар нь би уурлаад наадахыг чинь тэгж хийж болохгүй, дахиж хий алдана гэж хэлсэн. Тэгэхэд Д нь миний ажлыг битгий заагаад бай, би өөрөө ажлаа мэдэж байна гээд урдаас уурлахаар нь би дахин шаардлага тавихад эсэргүүцэж уурласан. Тэгээд бид 2 хоорондоо барилцаж авахад А хүрч ирж салгасан. Буцаад ажил хийж байхад Д ажлаа хийж байхдаа амандаа үглээд янз бүр болоод байхаар нь би дахиж ажлын шаардлага тавиад учрах эрсдлийн талаар хэлж байхад баруун гараараа миний хамар луу эхлээд цохиод авахаар нь би Дийг барьж аваад дарж унагаагаад дээрээс нь дараад хамар луу цохьчихлоо, чи яаж байгаа юм бэ гэх зэргээр хэлж байтал өөдөөс миний чих болон нүүр лүү цохиод авсан. Тэгээд намайг доошоо тонгойгоод дарж байхад Дийн нүүрэн дээр нь миний цус дуссан байсан бөгөөд Мийгаа ах ирж салгаад байж байтал Д дахин над руу дайраад намайг үстэж, цусаа гоожуулдаг нь яаж байгаа юм бэ гээд дайраад байхаар нь би барьж байгаад 2-3 удаа хөл рүү нь өшиглөхөд Мийгаа ах дахиад салгасан. Тэгээд хэсэг байж байгаад би очоод Дтой уулзаад чи миний хамрыг яагаад хугалж байгаа юм бэ гэх зэргээр ярьж байхад Д нь нүүр гараа угааж байхад захирал хүрч ирээд болсон зүйлийн талаар хэлэхэд Д нь уурлаад гараад явчихсан ба дахиж ажил хийгээгүй. ...Надад эмчилгээний зардалд 220.000 төгрөг гарсан. Команиас надад 250.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөө буцааж төлөх ёстой юм. Иймд 220.000 тгрөгийг нэхэмжилж байна. Надаас уучлалт гуйаагүй. Утсаар ярихдаа уучлаарай гэсэн. Утсаар энэ үгийг сонсоход их сонин байдаг юм байналээ. Цаашид гарах зардал гэж нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13008 дүгнэлтэд: “...Г.Гын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын муруйлт, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, хамар, зүүн чихний цус хуралт, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 30х/

 

         Шинжээч Б.Наранбямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Гын биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын муруйлт, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, хамранд цус хуралт гэмтлүүд нь нэг дор нэг удаа цохих үед учрах боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтсэн хэсгүүд нь 1 талдаа байрладаг 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/

 

Гэрч А.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр ...Г нь Дид ажлын шаардлага тавьж байсан ба хийсэн зүйл нь болохгүй болохоор тэрийг нь хэлж байсан юм билээ. Тэгээд тэрнээс болоод хоорондоо мууцалдаад нэг нэгнээ заамдалцаад авахаар би дундуур нь орж салгасан. Тэгээд оффист сэлбэг авах гээд хүмүүс ирсэн байсан учир би салгаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/

 

Гэрч Ц.Мын мөрдөн  байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би ажил дээрээ тасдагч багажаар юм хийгээд байж байхад Д, Г хоорондоо чанга, чанга дугараад маргалдаад байсан. Эхэндээ тоогоогүй байж байгаад дахиад нэг харахад 2-уулаа хоорондоо барилцаад авчихсан зодолдож байхаар нь би дундуур нь орж салгасан. Намайг очиход 2-уулаа зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгээд салгачихаад ажлаа хийж байгаад дахиад
эргээд харахад Д газар уначихсан, Г дээрээс нь дарчихсан зогсож
байсан ба Гын хамарнаас нь цус гарчихсан, хоорондоо зууралдаад л Гын хамрын цус нь Д дээр дусаад байж байхаар нь би дахиж очиж салгаад болиулсон ба Д нүүр гараа угаачихаад ажлаа хаяад гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19х/

 

Шүүгдэгч М.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 сарын 13-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад 17 цаг 30 минутын үед ажлын гаднаас багаж хэрэгсэл оруулж ирж байхад манай ажлын Эрка гэх залуу намайг чи ажлаа хийгээд дуусчихсан юм бол энд машинд фадушикад хий тавьчих гэхээр нь би хий тавих шланк 10 гаран минут хайж байгаад олоод шланкаа угсраад ажлуулах гэтэл хий алдаад гараад байсан. Тэгээд болохгүй байна гээд хаагаад дахиад задлаад шийрэг резин тавиад буцаагаад усраад байж байтал манай сэлбэг хариуцсан менежер Г орж ирээд чи буруу угсарчихлаа, ямар ч ажлын хариуцлага байхгүй гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь адилхан чанга орилоод чимээгүй байж бай л даа, би ажлаа мэдэж байна ш дээ гэтэл л чи миний өөдөөс том дуугардаг хэн бэ энэ тэр гээд намайг барьж аваад түлхээд буланд шахчихаад хэл амаар доромжлоод байхад Азаа ах ирээд дундуур орж салгаад би цаашаа чимээгүй явсан чинь араас дахиад л олон юм яриад үглээд араас ирээд дахиад заамдаад авахаар нь би өөдөөс түлхчихсэн. Тэгсэн чинь л намайг барьж аваад доошоо тонгойлгож байгаад цээж рүү 2-3 удаа өвдөглөөд авсан. Тэгээд би ухасхийж босоод зүүн гараараа нүүр лүү нь 1 удаа цохиод авсан. Тэгээд бид 2 хоорондоо ноцолдоод шалан дээр өнхрөлдөж унаад ноцолдож байхад миний толгой дээр цус аа гойжуулаад байж байтал Мийгаа ах ирээд салгасан. Г нь хүнээс илүү үнэтэй багаж хэрэгсэл гээд байсан. Хүнээс илүү үнэтэй юм гэж юу байдаг юм бэ. Намайг тэр өдрөө халсан учир одоогоор ажил хийгээгүй байгаа. Эхнэр төрсөн, боломж бололцоо муу байгаа тул хохиролын мөнгийг 2018 оны 01 пдүгээр сарын 05-нд ээж аавыг хөдөөнөөс ирэхэээр өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

           

             Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь ажлын шаардлагаар хоорондоо харилцахдаа захирах захирагдах ёс, бие биетэйгээ хүнлэг, зөв харилцалгүйгээр бие биеэ үгээр идэх, доромжлох байдал гаргасан, мөн шүүгдэгч нь хохирогч Г.Гын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан нь цаашдаа тэдгээрийг харилцан зууралдах, барьцалдаж авах, М.Д нь иргэн Г.Гыг зодож гэмтэл учруулахад хүргэсэн байна. М.Дийн ингэж иргэн Г.Гыг зодож биед нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тус Эрүүгийн хуулинд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг шинжийг агуулж байгаа тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч М.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

М.Дийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 61х/

Гэрч Г.Мөнхзул, Б.Өвгөнхүү нарын мэдүүлэг /хх-ийн 21, 23х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Г нь шүүгдэгч М.Дийн үйлдлийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардал гэж 220.000 төгрөгийн баримт /хх-ийн 50х/ гаргаж өгснийг шүүгдэгчээс түүний ар гэрийн байдал болон хувийн байдал /эхнэр нь төрсөн, өөрөө ажил хөдөлмөр одоогоор эрхлээгүй байгаа/ зэрэг харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Дийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч М.Д нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, ажил хөдөлмөр  тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон байх тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байна. Иймд М.Дид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байх ба хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Дийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Мийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Доос 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Г.Гт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ