| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2210000000390 |
| Дугаар | 2022/ДШМ/875 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ДШМ/875
2022 8 31 2022/ДШМ/875
Д.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Д.У , түүний өмгөөлөгч Д.Т ,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т ын гаргасан давж заалдах гомдлоор Д.У - холбогдох Эрүүгийн 2210000000390 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
.......... овгийн Д- ийн У, .......... оны .... дугаар сарын .... -нд .......... аймгийн .......... суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ганцаараа, .......... дүүргийн 8 дугаар хороо, .......... гудамж .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /РД: ............../.
Шүүгдэгч Д.У - нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ......... хотхоны ........ байрны ...... тоот гэртээ архидан согтуурсан үедээ С.Э цохиж унагаасны улмаас С.Э нь гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны шугаман хугарал гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.У -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.У -ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У -ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У - оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У -ын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 (наян хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь оршуулгын зардал нэхэмжлээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.У-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.У -ын өмгөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Д.У -ыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/464 дугаартай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ялаар шийтгэсэн. Энэхүү шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа ба аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нотолбол зохих байдлыг тогтоосноор хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоосноор гэмт хэргийн нийгмийн аюулын түвшин багасгах буюу ихэсгэх, хэргийн зүйлчлэл болоод ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 4-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно”, 7.2 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид, яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус хуульчилсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр Д.У - холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулсан бөгөөд гэрчүүдийн хувьд хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгүүдээс зөрүүтэй байдлаар мэдүүлсэн төдийгүй зарим гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаагаас үзэхэд хэргийг үнэн бодитой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна. Тодруулбал,
гэрч Р.Э мэдүүлэгт “ ... Цагдаа, / ... 37 тоот айлын хаалгыг тогшиход эмэгтэй хүн хаалга тайлсан ба тэгээд эмэгтэйгээс нь энэ хүнийг таних уу гэсэн чинь мэдэхгүй гэсэн ба эрэгтэй нь мөн танихгүй гэж хэлсэн. Тэгээд О яаралтай түргэн тусламж 103-т албаны ......... дугаараас дуудлага өгсөн. Тэгээд байж байтал тус байрны үйлчлэгч эмэгтэй нэг залууг дагуулаад бид нар дээр хүрээд ирсэн ба тэр залуу гартаа архи, ундаа барьчихсан байсан. Тэгтэл үйлчлэгч эмэгтэй энэ залуу наад хөгшнийг чинь энэ айлаас гаргасан /энэ залуу гээд байгаа хүн нь гэрч Д.Г байсан/ гээд 37 тоот айл руу заасан. Тэгтэл нөгөө эмэгтэй хаалга нээгээд за тэгвэл буцаагаад оруулчих гэж хэлсэн ба 37 тоот айлаас гарч ирсэн эмэгтэй хэвтэж байсан эрэгтэй хүний гутлыг нь өмсүүлэх гэж оролдсон боловч чадаагүй ба нөгөө архи, ундаа 2 авчирсан залуу архи, ундаагаа ширээн дээр тавьчихаад арынх нь өрөө рүү яваад орчихсон ба газар хэвтэж байсан хүнийг 37 тоот айлаас гарч ирсэн эмэгтэй буцаагаад оруулчихъя гээд байхаар нь ахлах ахлагч О ахлагч бид 2 буйдангийн урд ирмэгээр гал тогооны хэсэг рүү харуулаад хэвтүүлчихээд гараад явчихсан. Тэгээд гарахдаа 103-т өгсөн дуудлагаа буцаасан. /1хх 79-81/ Үүнээс үзэхэд гэрч Г нь унтаж байсан гэж мэдүүлж байгаа нь худлаа.
гэрч Г.Д мэдүүлэгт “ ... тэгээд намайг гэрт нь ороход И гэж хочтой Д.Г жижиг өрөөнд буйдан дээр унтаж байсан, гэрийн эзэн Д.У ах болохоор том өрөөнд ширээний хажууд гудас дэвсээд газар унтаж байсан. Тэгээд Алтай хотхоны ............ дэлгүүрийн үйлчлэгч Х эгч буйдан дээр сэрүүн сууж байсан, талийгаач болохоор буйдангийн хажууд газарт бүтээлгэ дэвсээд унтаж байсан. Д.У талийгаач ах руу заагаад наад ахыгаа гэрт нь хүргэж өг гэж хэлсэн, тэгэхээр нь би гар хугархай болохоор авч явж дийлэхгүй гэж хэлээд гараад явсан. Намайг Д.У ахын гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. И ерөөсөө жижиг өрөөнөөс гараагүй унтаж байсан. / 1хх67-68/,
гэрч Д.Г ымэдүүлэгт “ ... 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1-р хэлтсийн 311 тоот өрөөнд 07:37 минутад эхлүүлэв. /... Д.У ахын гэрт 0,75 литртэй 2 шил хараа архи байсан. Тэрийг хувааж уугаад талийгаач согтуу агсраад байхаар нь та одоо гайгүй байгаа дээрээ гэртээ харь гэж хэлээд Д.У ахын гэрээс гаргасан. Тэгээд би унтаад өгсөн, хэсэг хугацааны дараа би сэрэхэд талийгаачийн хамар, амнаас цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд сэрээх гэтэл сэрэхгүй болохоор нь 102, 103-руу залгаж дуудлага өгсөн. ... ямар нэгэн маргаан болоогүй, талийгаач өөрөө согтуурхаад агсраад байсан. Тэр үед та гэртээ харь гэж хэлээд гаргаж байснаа талаараа санаж байна.
2022 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрийн мэдүүлэгт “ ... Х, Э, Д.У 3 уугаад үлдсэн. Дуу чангараад хэрүүл болоод байхаар нь би сэрээд том өрөө рүү ортол С.Э ах газар сууж байсан. Би С.Э ах дээр та гайгүй дээрээ хариа гэхэд амандаа хараалын үг хэлээд байсан. Би араас нь суганаас нь өргөөд гэрээс гаргаад та харьчихаарай гэж хэлээд хаалга хаасан. Би С.Э ахыг гаргаад унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. ... Би унтаж байгаад Д.У ахын дуу нь чангарахаар нь босоод ирсэн. Д.У ахын хажууд нь буйдан дээр сууж байсан, цонхон талд Х эгч, харин газар шалан дээр талийгаач амандаа хараагаад сууж байсан. Юу болсон бэ гэхэд наадхыгаа зайлуул гэж хэлсэн.
2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгт “ ... газар шалан дээ С.Э ах сууж байсан. Би С.Э ах дээр та гайгүй дээрээ хариа гэхэд амандаа хараалын үг хэлээд байсан. Би араас нь суганаас нь өргөөд гэрээс гарсан, тэгээд би гаргаад та харьчихаарай гэж хэлээд хаалга хаасан ... гэж би худлаа айгаад тэгж хэлсэн юм. /Яагаад юунаас айгаад тэгж хэлээд байгаа юм бэ/ ... Д.У ах хараагаад энийгээ гаргаач гэж хэлсэн, би талийгаачийг харахад ор, хөргөгч хоёрын хооронд бөгсөөрөө суусан толгой нь 2 хөл рүүгээ тонгойсон байдалтай байсан. Би очоод сэрээх гэсэн боловч сэрэхгүй тасарчихсан байна гэж бодоод суганаас өргөөд чирээд кордор руу гаргаад тэгээд өмсөж байсан цамцыг нь дэрлүүлээд гутал нь үүдэн хэсэгт байхаар гаргасан. Тэгээд би тасарчихсан байна л гэж бодсон бөгөөд сэрээд явчих байх гэж бодсон. Буцаад би жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Нойл орох гээд бостол талийгаач өмнөх байсан газраа хэвтээ байдалтай унтаж байсан. Би Д.У ах, С.Х хоёроос хэзээ буцаад ороод ирэв гэхэд 2 цагдаа оруулж ирсэн гэж хэлсэн.” гэх,
гэрч С.Х 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт “ ... Талийгаач орж ирээд 1, 2 удаа архинаас аваад толгой өвдөөд байна гээд орны хажууд унтаад өгсөн. Толгой өвдөөд байна гэхэд Д.У Б гэх залууг аваад яв гэж хэлсэн. Гэтэл Б согтуу хүн жаахан унтаж байг гэж хэлсэн. Б архи дуусаад гарах гэхэд Д.У авчирсан хүнээ аваад яв гэр оронд нь хүргэж өг гэж хэлсэн. Жоохон унтаж байгаад өөрөө босоод гэртээ харчихна гэж хэлсэн. Тэгээд Д.У ын дүү ахаа энэ хүн нэг л биш байна цагдаа, эмч дууд гэсэн. Тэгээд дуудлагаар цагдаа эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Б бол Д.У ын хамаатны дүү гэж хэлсэн. Б талийгаач 2 архи бариад орж ирсэн, орж ирээд талийгаач авчирсан архинаас 2 удаа 100 граммаар татаад толгой өвдөөд байна гээд унтаад өгсөн. Хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй, Д.У болон түүний дүү нэлээн согтуу байсан.
2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг “ ... нэг шил архийг хувааж уусан бөгөөд талийгаач жижиг төмөр хундагаар 2-3 удаа татсан. Ингээд би буйдан дээр цонхон талд, Д.У тэгээд би голд нь суусан, талийгаач миний зүүн гар талд суусан. ... Д.У ыг талийгаач “би чамайг хошногдоно шүү” гэж хэлсэн, тэгээд талийгаач эхлээд Д.У ыг цохих гэхэд миний ардуур Д.У зөрүүлээд шаана шүү гэрээс зайл гээд талийгаач өндөр саарал сандал дээр сууж байсан бөгөөд талийгаачийг Д.У зайл гээд гараараа цохисон бөгөөд сандал дээрээс арагшаа саваад унасан. Тэгээд босож ирээгүй, талийгаач газар ёо писда ... Б-г гарч явсны дараа Д.Г босож ирсэн. Тэгээд ямартай ч талийгаачийг гаргасан нэг мэдэхэд цагдаа ороод ирсэн. Талийгаачийг гэрт оруулж ирж байсан. Та нар хамт уусан юм уу архи нь гараад явна биз гэхээр нь бид тийм ээ гэж хэлсэн ...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан ба гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай нь нотлогдож байна гэсэн нь дээрх хэрэгт авагдсан хэргийн бодит байдал, нөхцөлтэй нийцэхгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасантай нийцэхгүй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч С.Х, Д.Г нар нь урьд өгсөн мэдүүлгийг нь асуухад тэгсэн шиг санагдаж байна, сайн мэдэхгүй байна, мөн талийгаачийг сандлаас унасан эсэхийг сайн санахгүй байх ба сандлаасаа унасан гэж үзвэл унахаас өмнө эсхүл дараа нь Д.У -ын гэрээс нь хэзээд нь хэн гаргасан, хэрхэн гаргасан, гаргах явцдаа газар унагасан эсэх, байрны хана, шкаф, хаалга зэргийг мөргүүлсэн эсэхийг шалгаж тодруулаагүй зэргээр мэдүүлгийн зөрүү, тухайн хэрэг гарсан нөхцөл, үйл явдлыг тогтоогоогүй, эх сурвалжийг зааж чадахгүй байснаас гадна хэрэг учрал гарах үеийн тухай илт зөрүүтэй мэдүүлсэн нь гэрч нарын мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ үүсгэж байна. Мөн гэрч нарын өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан нөхцөл байдалтай харьцуулахгүйгээр зөвхөн яллах талыг баримталж, гэрч нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нарийвчлан шалгахын оронд өгсөн мэдүүлгээс нь хэрэгтэй “холбоо үгийг” таслан авч гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь буруу юм. Мөн хэрэгт авагдсан гэрч С.Х , Д.Г бусад гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй байх ба яллагдагч Д.У -ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлшгүй баримтаар тогтоогоогүй, эргэлзээтэй байна. Хэргийн зүйлчлэлийн тухайд: Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь Д.У -ын гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар хэрэгт бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Д.У -ыг гэм буруутай гэж үзсэн бол шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн аль хэлбэрээр үйлдэгдсэн болохыг нотолж ирүүлэх нь прокурор, мөрдөгчийн үүрэг бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг прокурор шүүхийн өмнө нотлох ёстой ба Д.У -ын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байх ёстой ба санаатай юу болгоомжгүй юу, хөнгөмсгөөр, хайхрамжгүй хандсан уу, аль нь болох талаар прокурор нь дүгнэлт хийгээгүй байх ба бусдыг ална гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байгаагүй ба өөрийн үйлдэл нь хүний амийг хохироож болно гэдгийг урьдаас мэдэх боломжгүй ба өөрийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгох ба талийгаачийг зодож, хүч хэрэглэсний улмаас амь насыг санаатай хохироосон үйлдэлд буруутгаж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хувьд “хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг. прокурор, анхан шатны шүүх нь хуульд заасан үүргийнхээ хүрээнд шүүгдэгч Д.У -ыг хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасан билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээ гарч байх тул шүүгдэгч Д.У -ыг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Прокурор Ч.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч Д.Г, С.Хнар нь 2022 оны 3 дугаар сарын 23-ний өдөр буюу хэрэг бүртгэгдэх өдрийн шөнө цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр гэрч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ мэдүүлэг өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд мэдүүлэг үнэн бодитой гэдэг нь эргэлзээтэй учир 2022 оны 3 дугаар сарын 26, 28-ны өдөр өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Мөн гэрч нарын мэдүүлгийг 2022 оны 993 дугаартай шинжээчийн дүгнэлт баталдаг. Дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт нь хоорондоо харилцан хамааралтай, хэрэгт нотлогдвол зохих байдлууд бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Д.У -аас: Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Д.У - нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ............. хотхоны 47-Е байрны 37 тоот гэртээ архидан согтуурсан үедээ С.Э цохиж унагаасны улмаас С.Э нь гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны шугаман хугарал бүхий гэмтэл авч тухайн гэмтлээс болж нас барсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э “ ... С.Э нь манай аав байгаа юм. Манай аав Алтай хотхоны 29-48 тоотод манай эмээгийн хамт буюу ээжтэйгээ хамт байдаг байсан. Архины хамааралтай болчихоод байсан юм. Сүүлийн 30 орчим жил архи хэрэглээд байгаа. ...Сүүлийн үед даралт нь ихсээд байдаг болчихсон. ... Нэг уухаараа 3-4 хоног уучихдаг тэгээд дунд нь завсарлаж 7 хонож байгаад, дахиад л үргэлжлүүлээд уучихдаг байсан. ... Ар гэрийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, буруутай этгээд хуулийн дагуу хариуцлага зохих ёсоор тооцно уу.” /1хх 35-36, 37-38/,
гэрч Д.Г “... С.Х, Д.У , С.Э гурав уугаад үлдсэн. Дуу чангараад хэрүүл болоод байхаар нь би сэрээд том өрөө рүү ортол Д.У ах агсраад дуу нь чангарсан “энийгээ зайлуул” гэж хэлсэн. Газар шалан дээр С.Э ах сууж байсан. Би С.Э ахад “та гайгүй дээрээ хариа” гэхэд амандаа хараалын үг хэлээд байсан. Би араас нь суганаас нь өргөөд гэрээс гарсан. Би гаргаад та харьчхаарай гэж хэлээд хаалга хаасан. Би С.Э ахыг гаргаад унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Унтаж байгаад нэг босоод иртэл Д.У ах, С.Х архи уугаад сууж байсан, архи дуусаагүй дундуураа байсан. Харин С.Э ах ороод ирсэн шалан дээр дээшээ хараад хэвтсэн амнаас цус гарсан байхаар нь би хувцсыг нь дэрлүүлээд хүзүүн дээр нь амьсгалж байна уу гээд гараараа мэдэртэл амьсгалахгүй байсан. Тэгээд би тасарсан юм болов уу гээд С.Э ахын утас хаана байна гэхэд С.Х эгч Б орж ирээд аваад гарсан сая гэхээр нь би эргэж Б рүү залгахад утсыг нь буцаагаад аваад ирсэн. Тэр үед би Б ирсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд очоод сэрээх гээд нүүрийг гараараа сэрээрэй гэхэд амнаас нь цус гарсан. Би цамцаар нь арчаад шал хэсэгт цус болсон байсныг шалны алчуураар арчсан. Би бол тасарсан унтаад байна гэж л ойлгоод байсан. Тэгээд бүгд л сандарсан, би 102, 103 руу залгаж дуудлага цагдаа, эмнэлэг дуудсан. ... /1хх 41-42, 45-47, 50-51/,
гэрч С.Х “ ... талийгаач Д.У тай маргалдсан. Тэгээд Д.У ыг “би чамайг хошногдоно шүү” гэж хэлсэн. Талийгаач эхлээд Д.У ыг цохих гэхэд миний ардуур Д.У шаана шүү гэрээс зайл гээд талийгаач өндөр саарал сандал дээр сууж байсан, талийгаачийг гараараа цохих шиг болсон. Сандал дээрээс арагш саваад унасан. Тэгээд босож ирээгүй. Д.У хөлөөрөө хөөш гээд дуудсан боловч талийгаач босож ирээгүй. Тухайн үед Д.У босоод арц уугиулаад байх шиг байсан. ... Талийгаачийн амнаас хүрэн цус мэт зүйл гарсан байсан, тэгээд түргэн дуудсан. Талийгаачийг Д.У цохиж, сандал дээрээс унаад шалан дээр унтаж байгаа юм шиг хурхираад босож ирэхгүй байсан. Д.У бол нэлээн согтуу агсраад л байсан.” /1хх 54-55, 58-61/,
гэрч Г.Д “ ... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д.У ахынд Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо 47-Е-37 тоотод өглөө 10 цаг 30 минутын үед очсон. Намайг гэрт нь ороход Илдээ гэж хочтой Д.Г жижиг өрөөнд буйдан дээр унтаж байсан. Гэрийн эзэн Д.У ах том өрөөнд ширээний хажууд гудас дэвсээд газар дээр унтаж байсан. ... С.Х эгч буйдан дээр сэрүүн сууж байсан. Талийгаач С.Э ах болохоор буйдангийн хажууд газарт бүтээлгэ дэвсчихсэн унтаж байсан. Намайг очиход хаалгыг С.Х эгч онгойлгож өгсөн. Би С.Х эгчтэй жаал буу халж суугаад ширээн дээр байсан архинаас эгчтэй нэг удаа татаад, тамхи татаад зурагт үзэж байтал Д.У ах нэг сэрээд чи хэзээ ирэв гэж асуусан. ... Мөнгө өгсөн, тэгээд би гараад байрны доод талын дэлгүүр ороод нэг шил Хараа архи, тамхи, ундаа аваад буцаад Д.У ахынд орсон. ... С.Х эгчтэй юм ярьж сууж байгаад архинаас нь ганц хоёр хундага уусан. ... хогийг нь аваад гарах гэсэн чинь Д.У ах С.Э ах руу заагаад наад ахыгаа хүргэж гэрт нь хүргэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар хугархай болохоор авч явж дийлэхгүй гэж хэлээд гараад явсан. ... Намайг Д.У ахын гэрт байхад хэрүүл маргаан болоогүй. ...Талийгаач намайг явах хүртэл зүв зүгээр байсан. Илдээ ... ерөөсөө жижиг өрөөнөөс гараагүй унтаж л байсан. ...Д.У ахын гэрт байсан хүмүүс бүгд л согтуу байсан. ... Д.У ахыг би таньдаг болоод жил гаран л болж байна, хааяа нэг гэрт нь очиж тус нэмэр болж гэрийг нь цэвэрлэж өгдөг байсан юм ...” /1хх 67-68/,
гэрч Ц.Д “ ... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цайндаа гарчихаад 47-Е байрны давхруудыг 14 цагийн үед шалгаж байхад 6 давхрын 37 тоотын үүдэнд настай хүн дээш хараад хурхираад унтаж байсан. Тэгээд менежерт хэлээд цагдаад дуудлага өгсөн. ... Би дуудсан боловч ямар ч хөдөлгөөн хийгээгүй тасарсан, унтаж байна гэж бодсон ...” /1хх70-71/,
гэрч А.О “ ... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... үүрэг гүйцэтгэхээр ээлжээ хүлээн авсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Гэрэлт өргөө хотхоны 47-Е байрны 6 давхарт эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл 14 цаг 32 минутад ирсний дагуу ... 47 Е байрны 6 давхрын коридорт гарахад улаан өнгийн цамц, бор өнгийн өмд өмссөн буурал үстэй эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хөлдөө гуталгүй, хоёр гутал нь хөлийнх нь хажууд байсан. Хэвтэж байгаа хүний зургийг би албаны табаар дарсан. Би 40 тоот айлын хаалганы бариулыг дархад хаалга онгойсон. Тухайн гэрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан. Би дуудсан чинь сэрсэн, эрэгтэй нь над руу хүрээд ирсэн. Би тэр эрэгтэйд коридорт хэвтэж байсан хүнийг харуулахад танихгүй 37 тоотоос гарсан байж магадгүй, наад айлд чинь баахан хүмүүс цуглаж архи ууцгаадаг юм гэж хэлсэн. Тэгээд би яаралтай түргэн тусламж 103-т албаны 80910459 гэсэн дугаараас дуудлага өгсөн. Дараа нь 37 тоот айлын хаалгыг тогшиход С.Х гэх эмэгтэй хаалгаа нээсэн. Хэвтэж байсан хүнийг таних уу гэж асуухад танихгүй гэж хэлсэн. Хаалгыг нь хаалгачхаад, 39 тоот айлын хаалганы бариулыг дархад түгжээтэй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь тогшсон чинь нэг эмэгтэй гарч ирсэн. Нөгөө хэвтэж байгаа хүнээ харуулсан чинь танихгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал байрны үйлчлэгч эмэгтэй нэг залуу дагуулаад бид нар дээр хүрээд ирсэн. Тэр залуу гартаа архи, ундаа барьчихсан байсан. Үйлчлэгч эмэгтэй энэ залуу наад хүнийг чинь энэ айлаас гаргасан гээд 37 тоот айл руу заасан. Тэгэхээр нь би 37 тоот айлыг хаалгыг тогшсон. Тэгтэл С.Х гэх эмэгтэй нь онгойлгосон. Байрны үйлчлэгчтэй хамт явсан залуу байр руу орсон. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд та нар хамт архи уучихаад танихгүй гээд байхдаа яадаг юм бэ гэтэл С.Х гэх эмэгтэй тэгээд яах гээд байгаа юм, тэгээд оруулчхаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд гутлыг нь өмсүүл гэж хэлсэн. С.Х гэх эмэгтэй гарч ирээд хэвтэж байгаа хүний гутлыг өмсүүлсэн. Би тэр хүний цээж хэсгээс нь, харин Энхтөр хөлөөс нь өргөж оруулаад орон дээр хэвтүүлэх гэтэл гэрийн эзэн Д.У гэх эрэгтэй яах гээд байгаа юм гээд уурлахаар нь шалан дээр хэвтүүлсэн. Гал тогооны өрөө хэсэг рүү толгойг нь харуулан хэвтүүлсэн. Тэгээд бид хоёр гараад явчихсан. Тэр айлаас гарч явахдаа 103-т өгсөн дуудлага мэдээллээ буцаасан. ... тухайн хэвтэж байсан хүн нүдээрээ харсан, хөлөө өвдөг хэсгээрээ нугалж татаж байгаа харагдсан, өөр хөдөлгөөн хийгээгүй, ярихгүй байсан. Тэр хүний биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй.” /1хх74-76/,
гэрч Р.Э “ ... Би тухайн хэвтэж байгаа хүний хацарт гараараа хүргээд дуудсан чинь над руу харсан, юм хэлэхгүй байсан. ... Тэгээд ахлах ахлагч Отгонбаатар яаралтай түргэн тусламж 103-т албаны 80910459 гэсэн дугаараас дуудлага өгсөн. Тэгээд байж байтал тус байрны үйлчлэгч эмэгтэй нэг залуу дагуулаад бид нар дээр хүрээд ирсэн. Тэр залуу гартаа архи, ундаа барьчихсан байсан. Тэгтэл үйлчлэгч эмэгтэй энэ залуу наад хөгшинийг чинь энэ айлаас гаргасан гээд 37 тоот айл руу заасан. ... Газарт хэвтэж байсан хүнийг 37 тоот айлаас гарч ирсэн эмэгтэй буцаагаад оруулчихъя гээд байхаар нь ахлах ахлагч Отгонбаатар бид хоёр 37 тоот байр руу оруулаад буйдангийн урд хэсгээр, толгойг нь гал тогооны өрөө хэсэг рүү нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд бид хоёр гараад явчихсан. 37 тоотод байсан хүмүүс бүгд согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байдалтай байсан. Бид хоёр тэр байрнаас гарахдаа 103-т өгсөн дуудлагаа буцаачихсан. ... Хацарт нь гараараа хүрэхэд над руу харсан, ам, хамраас ямар нэгэн зүйл гараагүй байсан. Тэр хүн хэвтэж байсан, ямар нэгэн хөдөлгөөн хийж чадахгүй, ярихгүй байсан. Тэр хүний биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй.” /1хх 79-81/,
гэрч Б.Э “ ... манай эсрэг 37 тоотод 60 орчим настай ах ганцаараа амьдардаг. Байнга архи уудаг, согтуу архичин хүмүүс ихээр цуглардаг. Нэг болохоор өөрөө согтуу хаалгаа онгойлгож чадахгүй дотроос нь балбаад, эсвэл согтуу архичид шөнөжин хаалгыг нь нүддэг, бодвол ууж байгаад тасраад унтдаг юм шиг байна лээ. ...Өмнөх шөнө шөнөжин ууж идсэн. Тус өдөр цагдаа хаалга тогшоод энэ хүнийг таних уу гэсэн шалан дээр улаан футболктой буурал үстэй настай ах дээш хараад унтаж байх шиг байсан. Би наад айлаас чинь байх гэж хэлж өгсөн. Би тасраад унтаж байна гэж бодсон. Нүүр ам нь цус гарсан зүйл байгаагүй.” /1хх 83-85/,
гэрч С.Э “ ... Би С.Э ийн төрсөн дүү юм. Бид эцэг эхээс наймуулаа. ... Миний ах эхнэр, хүүхдээсээ салаад 20 гаран жил болж байгаа. ... Манай ах ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Цуг байдаггүй болохоор хэдэн өдөр уудаг байсан талаар мэдэхгүй байна. Ээжээс асуухад 12 цагийн орчим тамхи авна гээд карт аваад гарсан гэсэн. Миний ах хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Гэр орондоо архи дарс уудаг юм шиг байна лээ. Түүнээс гадуур яваад архи уугаад байдаггүй юм шиг байсан.” /1хх 88-89/,
гэрч Д.О“ ... Д.У - манай ээж Д-тэй 1987 онд гэр бүл болсон, би тухай үед 6 настай байсан, миний хойд аав байгаа юм. ... Хойд аав маань 1984-2013 онд хооронд Дархан-Уул аймгийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд монетороор, 2013-2016 он хүртэл Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаас хойш байнга архи уудаг байсан. Шар хадны эмнэлэгт 2 удаа хэвтүүлж байсан. Архины цагаан солио туссан хий юм сонсож, хардаг. Ээжийг өнгөрснөөс хойш өдөр болгон архи уудаг болсон.” /1хх 92-93/,
гэрч Д.А“ ... Д.У - миний төрсөн ах байгаа юм, 1961 онд төрсөн, 2 ахтай, 8 дүүтэй. ...Одмаа гэх нэг охинтой, эхнэр Д нь нас бараад 4 жил болж байна. Тэрнээс хойш ганцаараа амьдарч байгаа. Архи байнга уудаг.” /1хх 96-97/
шүүгдэгч Д.У -ын “ ... Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрөхгүй байна. ... 2022 оны 03 дугаар сарын 22-ны орой С.Х манайд ирээд бид гурав 2 шил 0.75, 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад унтаж амарсан. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний бие өвдөөд байсан, дахин 0,75 шилтэй хараа архи хувааж уусан. ... би гудас дэвсээд газраар унтаад өгсөн. ... сэрэхэд Д.Г, С.Х мөн ширээний хажууд хөргөгчийн урд буурал цагаан толгойтой хүн хэвтэж байсан. Ган- Илд түргэн дуудсан, тэгээд цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагаан буурал толгойтой хүнийг танихгүй, хэнтэй орж ирснийг ч мэдэхгүй байна. Мөн Б орж ирснийг ч мэдэхгүй, тамхи аваад гарсан гэж хэлсэн. Бид нар 4-5 шил архи уусан. ... С.Х г таньдаг болоод 5-6 сар болж байна, хааяадаа уулзаж архи уудаг. Хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө С.Х , Д.Г бид гурав байсан. Архи ууж байсан, тэгээд би тасраад унтаад өгсөн. Д.Г гэрээс гарсныг би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд л шалан дээр буурал үстэй хүн байсан. Тэгээд эмч цагдаа дуудсан. Би унтаж сэрээд талийгаачийг анх удаа харсан. Би байнга гэртээ адууны хомоол уугуулдаг. Би огт маргалдаагүй. Тасарсан хүн яаж хүн цохих билээ.” /1хх187- 189, 192-194/ гэх мэдүүлгүүд,
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт дуудлага бүртгэгдсэн лавлагаа /1хх 4/,
Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Гэрэлт-Өргөө хотхоны 47-Е байрны 37 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-10/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-15/,
Амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-17/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 20-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 993 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч эмч Ц.Бадралын цогцост шинжилгээ хийсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /1хх 122-131, 247/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр криминалистикийн шинжилгээний гарын мөр судлалын шинжилгээний шинжээчийн 1228 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 150-156/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн биологийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13- ны өдрийн 1973 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх157-161/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дугаартай “... Д.У - сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, ... болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ... хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /1хх-167-168/,
Шүүгдэгч Д.У -ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлж байсан мэдээлэл /1 хх 170-176/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн цагдаа А.О бэхжүүлсэн гэрэл зураг /1хх 179-180/,
Шүүдэгч Д.У -ыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 22 минутад Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн тухай Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн тодорхойлолт, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 20 минутаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл Д.У -ын эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл /1 хх 218, 226-228/,
Талийгаач С.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1хх 240, 249/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т аас “ ... шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ... хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Прокуророос Д.У - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Д.У -ыг хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Д.У -ын гэмт үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн сэдэлт санаа зорилго тогтоогдохгүй байна.
Тухайн хэрэг гарсан буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.У -ын гэрт гэрч С.Х , Д.Д.Г , болон амь хохирогч С.Э нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.У - нь талийгаачтай үл ялих зүйлээс болж маргалдаж, талийгаач С.Э сандал дээр сууж байхад нь цохисны улмаас тэрээр хойш саваж унахдаа “зүүн зулайн яснаас урагш доош чамархай, суурийн дунд хонхор, их далавч руу үргэлчилсэн шугаман хугацрал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн духны суурь хэсгийн цусархаг няцрал буюу гавал тархины битүү гэмтэл” авч уг гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Х өгсөн “ ... талийгаач Д.У тай маргалдсан. Тэгээд Д.У ыг “би чамайг хошногдоно шүү” гэж хэлсэн. Талийгаач эхлээд Д.У ыг цохих гэхэд миний ардуур Д.У “шаана шүү гэрээс зайл” гээд талийгаач өндөр саарал сандал дээр сууж байсан, талийгаачийг гараараа цохих шиг болсон. Сандал дээрээс арагш саваад унасан. Тэгээд босож ирээгүй. Д.У хөлөөрөө хөөш гээд дуудсан боловч талийгаач босож ирээгүй. Тухайн үед Д.У босоод арц уугиулаад байх шиг байсан. ... Талийгаачийн амнаас хүрэн цус мэт зүйл гарсан байсан, тэгээд түргэн дуудсан. Талийгаачийг Д.У цохиж, сандал дээрээс унаад шалан дээр унтаж байгаа юм шиг хурхираад босож ирэхгүй байсан. Д.У бол нэлээн согтуу агсраад л байсан.” /1хх 54-55, 58-61/ гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Ц.Бадралын “ ... Цусан хураа тархийг дарах хүртэл хугацаанд үйлдэл хийх боломжтой бөгөөд тодорхой хугацаанд эмнэл зүйн шинжүүд илэрдэг. Тухайлбал толгой өвдөх, эргэх бөөлжих, ямар нэгэн таталт өгөх зэрэг ... тархины цусан хураа бага багаар нэмэгдсээр тархи дарагдаж үхэлд хүргэдэг. ... Цусан хурааг яаралтай мэс заслын аргаар аваад тархи даргадлыг чөлөөлж, эрт үед мэс ажилбар хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой ... ” гэх мэдүүлэг /2хх 69-101/ зэргээс дүгнэлт хийхэд амь хохирогч нь шүүгдэгч Д.У - цохиулсны дараа тэр дороо нас бараагүй буюу түүнд эмнэл зүйн шинжүүд тодорхой хугацаанд илэрч байсан болох нь тогтоогдож байна.
Амь хохирогчид эмнэл зүйн шинжүүд илэрч эхэлсэн тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд талийгаач амьд үлдэх боломжтой байсан ч талийгаач нь тэр даруйд эмнэлэгийн тусламж авч чадаагүйн улмаас нас баржээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг.
Амь хохирогчийг цохисон Д.У -ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан хэдий ч талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Д.У -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.У -ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.У -ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Прокуророос Д.У - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Шүүгдэгч овгийн Д.У ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.У ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У - оногдуулсан 8 жилийн хугацаагаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У -ын 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН