| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00679/И |
| Дугаар | 155/ШШ2024/00948 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2024/00948
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2024/00948 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2024/00679/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М (цахим), хариуцагч Т.Б (цахим), хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Т.Б т холбогдуулан 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Т.Б тээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд санамсаргүй байдлаар танилцсан юм. Нэгт. Би Т.Б т итгэж 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түүний ХААН банкны 22222* тоот дансанд 15,000,000 төгрөгөө Б-t гэж бичээд шилжүүлэн өгч түр зээлсэн. Хоёрт. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг Т.Б ийн ХААН банкны 22222* тоот дансанд Б-t гэж бичээд шилжүүлэн өгч нэмж зээлсэн. Гуравт. 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр машинтай явж байгаад шаварт суучихлаа 1,500,000 төгрөг зээлээч, ноолуурын мөнгө авахаараа буцааж өгье гэж хэлэхээр нь түүний ХААН банкны 22222* тоот дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Дөрөвт. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Д гэх хүнтэй харилцан тохирч, банз мод худалдан авах гээд 1,500,000 төгрөгийг Д гэх хүний ХААН банкны 2* тоот дансанд banz гэх утгатай шилжүүлсэн. 1,500,000 төгрөгөөр бэлдүүлсэн банз модыг маань Д-аас миний нэрийг барьж аваад борлуулж зараад мөнгийг нь өгөөгүй. Би Т.Б т итгэж 3 удаа мөнгө зээлсэн. Мөн банз модыг маань авч зарчихаад, миний мөнгийг өгөхгүй намайг нийт 19,000,000 төгрөгөөр хохироож байна. Мөнгөө авъя гэхээр энэ намар, хавар гэж сунжирч явсаар, 2024 он талдаа орчихоод явж байгаа тул арга буюу танай Цагдаагийн газарт хандахад хүрлээ. Т-ын Б нь надаас өөрийн эзэмшлийн дансандаа хэд хэдэн удаа мөнгө авч зээлчихээд, мөнгөө нэхэхээр удахгүй өгнө, сүүлдээ холбоо барихгүй надаас зугтаад өгөхгүй байгаа талаар Цагдаагийн байгууллагад залилан мэхлэх үйлдлийг шалгуулсан. Би Т.Б ийн оршин суух газрын буюу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргахад 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 48/3-1788 дугаар албан бичгээр надад хариу өгсөн. Тус албан бичигт намайг Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрээс мөнгөө шилжүүлсэн тул харьяа Цагдаагийн байгууллагад хандах талаар бичсэн байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн газарт хандахад иргэний хэргийн маргаан байна. Мөнгө, эд хөрөнгөө иргэний журмаар нэхэмжлэхийг зөвлөсөн юм. Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна... гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт орсон 2022 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн нэмэлт заалтаар бол мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж заасны дагуу өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч Т.Б ээс 19,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Т.Б ийн тайлбартай танилцлаа. 1. 2011 онд Ховд аймгийн Булган суманд Хөвсгөлийн залуу гээд санамсаргүй танилцсан гэдгийг шивж бичихдээ заримыг нь хаяж бичсэн байсан. Өөрөө анзаараад хэлсэн боловч тэр нэг их ач холбогдол биш гээд орхисон нь үнэн. 2. Б надаас 4 удаагийн үйлдлээр 19,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа нь шударга байна. Харин тийм, ийм учиртай гэж байгаа нь ямар ч нотлох баримтгүй, инээдтэй худал хуурмаг тайлбар байна. 3. Б мөнгө надаас аваад цааш нь хэнд өгч яаж зарцуулсныг огт мэдэхгүй. 4. Миний бие Б ийн энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, энд үнэн юм нэг ч алга. Хэрэв үнэн бол нотлох баримтаа өг. 5. Би зөвхөн Б т өгсөн мөнгөө авна. Уулзах болгондоо өгнөө найзаа гэж явсаар өдий болсон учир шударга шүүхдээ хандсан нь үнэн. 6. Мөн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надад гараар бичиж өгсөн нотлох баримт нь ч байгааг канондаж хавсаргав. 7. Байшингийн эд зүйл эвдлээгүй гэжээ. Гэрчүүд зарим нь энд Хөвсгөлд байгаа гэжээ. (хавтаст хэргийн 1, 21 дэхь тал)
2. Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хүнийг миний бие 2008 оноос таних бөгөөд Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн ба Ховд аймгийн Булганы хил дээр анх танилцаж, түүнээс хойш олон жил хаш чулууны, ноолуурын, жимсний наймаа хамтран эрхэлж ирсэн бөгөөд бидний нөхөрлөл түүний хэлснээр Хөвсгөлд санамсаргүй байдлаар танилцсан гэдгээс гүнзгий агуулгатай юм. Энэ хүн худалч хүн юм байна, нөхрийн чанарыг ханилан байж танина гэдэг юутай үнэн үг вэ.
1. Т.Б т 2018 оны 11 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг түр зээлсэн гэжээ. Би чулууны наймаа эрхэлж байсан гэдгээ хэлсэн бөгөөд энэ нь алтны агуулгатай чулуу шорооны /цаашид чулуу гэнэ/ хамт худалдан авч түүнийгээ угааж ялгаж авсан алтаар зардлаа нөхөж ашиг олох нэг хэрэгсэл байсан бөгөөд үүнийг сайн мэддэгийн хувьд М нь миний чулуу авдаг хүнээс надад нэг машин чулуу авчих, би чиний дансанд мөнгийг хийе гээд шилжүүлсэн үйл баримт юм. Энэ үед миний бие найз Жы хамт Завхан аймагт чулуу авахаар очсон байсныг тэрээр сайн мэдэж байсан. Энэ шилжүүлсэн мөнгө надад зээлсэн мөнгө биш бөгөөд би уг мөнгөөр түүний чулууг худалдаж авах ёстой Базаргүрийн В-д тэр дор нь хоёр хэсэг хувааж, мобайлаар 3,000,000 төгрөгөөс дээш шилжихгүй байсан тул гурван саяыг нэг явуулаад үлдсэнийг нь АТМ-ээр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь миний дансны хуулга баримтаар болон миний энэ тайлбар, Б.В-гийн мэдүүлэг, мөн надтай хамтран нэг машин чулуу авсан Ж, уг чулууг зарахад байсан Л нарын мэдүүлгээр нотлогдоно. Түүнчлэн намайг уг чулуунаас гарсан алтнаас олсон ашгийн 80 хувийг би мөнгөө гаргасан учир авч, ажлын хөлсөнд 20 хувийг аваарай гэж хүртэл тохиролцсон байсан.
2. 2018 оны 11 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг нэмж зээлсэн гэжээ. Нэг машин шороо чулууг 15,000,000 төгрөгөөр худалдаж авдаг бөгөөд энэ үнийг надад шилжүүлснийг би Б.В-д шилжүүлсэн бөгөөд үүний улмаас дагалдаж үүсч байгаа чулууг зөөвөрлөх тээврийн хөлс, машины бензин тосны үнэ гэж уг чулууг ачиж зохих газарт хүргэсэн Завхан аймгийн хоёр жолоочид өгсөн бөгөөд тээврийн хөлсний зардалд энэ зардал дээр миний бие 4,000,000 төгрөгийг нэмж, нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. Харин ч эсрэгээрээ би түүнээс нэхэмжлэх ёстой юм.
3. 2019 оны 4 сарын 21-ний өдөр шаварт суучихлаа гэж 1,500,000 төгрөгийг зээлсэн гэжээ. Энэ цаг үе нь ноолуурын үе бөгөөд миний өмчлөлийн тус аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 31 дүгээр гудамж, 4 тоотод байрлах хашаа байшинг ноолуур авач дуусах хүртлээ түрээсэлсэн бөгөөд энэ хүнээс уг түрээсийн төлбөр болон түрээсийн үедээ ашиглаж байсан манай байшингийн цонх, хаалгыг эвдэж явсныг араас нь хөөцөлдөж байж шилжүүлж авсан мөнгө юм. Энэ байдлаа гэрч асуулгах замаар нотолно.
4. 1,500,000 төгрөгөөр бэлдүүлсэн банз модыг Даас миний нэр барьж авсан гэжээ. Энэ хүн банз авахаар Д гэх хүнээр бэлдүүлснээ авахаа больж би чиний энд байгаа жимсний мөнгөнөөс чинь авлаа, чи наад хүнээсээ олж ав гэснээр би уг хүнээс авсан. Миний бие Д.М гаас зээл байдлаар болон ямар нэг байдлаар нэг ч төгрөгийг аваагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир байдал, болсон үйл явдал, хэлсэн, ярьсан, тохирсон зүйл, эрхлэх бизнесээ мэдэх ийм хүн ийм огт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад харамсч байна. Хуулийн үг, зүйл заалт болон барин тавин худал үг, бас болоогүй цагдаа, шүүхийн нэр барьж намайг залилж луйвардана гэж байхгүй бөгөөд харин ч энэ шүүхийн шийдвэр гарсны дараа түүнд холбогдуулж цагдаа, шүүхэд хандахаа үүгээр илэрхийлж байна гэжээ. (хавтаст хэргийн 19 дэхь тал)
3. Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 19,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Г.Б нь алтны агууламжтай чулуу худалдаж авья, ямар ч эрсдэл гарахгүй, эрсдэл гарвал би хариуцна гэж хэлсэн учраас 15,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Алтны агууламжтай чулуунаас алт гараагүй. Дараа нь шаварт суучихлаа 1,500,000 төгрөг зээлээч, ноолуурын мөнгө авахаараа буцааж өгнө гээд авсан. Даас банз худалдаж авахаар 1,500,000 төгрөгийг түүнээс авсан байсан. Т.Б худлаа яриад байна. Би өмнө нь шүүхэд хандаж байгаагүй. Цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж байсан. Мөнгийг чинь өгнө гэж хэлдэг болохоор тухайн үед итгэж явсаар цаг хугацаа алдсан. Иймд Т.Б ээс 19,000,000 төгрөг гаргуулж авна гэв.
4. Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.М гаас мөнгө зээлж аваагүй. Намайг алтны агууламжтай чулуу авахаар Завхан аймагт явж байна гэхэд би бас авна гээд чулууны үнэ 15,000,000 төгрөг над руу шилжүүлсэн. Маргааш нь Могойн голын нүүрсний уурхай дээр ирээд чулууг өөр машинд ачих болоод түүний зардал 1,000,000 төгрөгийг Д.М өгсөн. Гэтэл уг чулуунаас алт гараагүй. Би ч тээврийн зардалд их мөнгөөр хохирсон. Д.М манай аймагт ирж ноолуур авахдаа манай байшинг түрээслэсэн хөлс, эвдсэн цонх, сандлын үнэд 1,500,000 төгрөг өгсөн. Д.М банз авахаа болилоо гээд Дд өгсөн 1,500,000 төгрөгийг би авч, миний жимсний мөнгөөс суутгаж авсан. Олон жилийн дараа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яагаад их хэмжээний мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Бид найз нөхөд явсан, алтны агууламжтай чулуунаас ашиг олж чадаагүй, надаас илүү хохирсон тул Д.М д 3,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэв.
5. Нэхэмжлэгчээс: Д.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ХААН банк 2** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, тайлбар, 2019-5-25 Т.Б гэх бичилттэй баримтын хуулбар зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-9, 21-22 дахь тал)
6. Хариуцагчаас: Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлсэн. (хавтаст хэргийн 19 дэхь тал)
7. Шүүхээс: Зохигчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг шийдвэрлэж, гэрчээр 2222 нараас мэдүүлэг авах, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрч А.22* мэдүүлэг авах ажиллагааг хийлгэхээр даалгавар гүйцэтгүүлсэн. (хавтаст хэргийн 30, 31-32, 38-45, 63-64, 69-73, 79-84 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Т.Б т холбогдуулан 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Г.Б нь алтны агууламжтай чулуу худалдаж авья, ямар ч эрсдэл гарахгүй, эрсдэл гарвал би хариуцна гэж хэлсэн учраас 15,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Алтны агууламжтай чулуунаас алт гараагүй. Дараа нь шаварт суучихлаа 1,500,000 төгрөг зээлээч, ноолуурын мөнгө авахаараа буцааж өгнө гээд авсан. н.Даас банз худалдаж авахаар өгсөн 1,500,000 төгрөгийг авсан байсан. Т.Б худлаа яриад байна. Би өмнө нь шүүхэд хандаж байгаагүй. Цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж байсан. Мөнгийг чинь өгнө гэж хэлдэг болохоор тухайн үед итгэж явсаар цаг хугацаа алдсан. Иймд Т.Б ээс 19,000,000 төгрөг гаргуулж авна гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Би Д.М гаас мөнгө зээлж аваагүй. Намайг алтны агууламжтай чулуу авахаар Завхан аймагт явж байна гэхэд би бас авна гээд чулууны үнэ 15,000,000 төгрөг над руу шилжүүлсэн. Маргааш нь Могойн голын нүүрсний уурхай дээр ирээд чулууг өөр машинд ачих болоод түүний зардал 1,000,000 төгрөгийг Д.М өгсөн. Чулуунаас гарах ашгийн 80 хувийг Д.М , 20 хувийг би авахаар тохирсон. Гэтэл уг чулуунаас алт гараагүй. Би ч тээврийн зардалд их мөнгөөр хохирсон. Д.М манай аймагт ирж ноолуур авахдаа манай байшинг түрээслэсэн хөлс, эвдсэн цонх, сандлын үнэд нийт 1,500,000 төгрөг өгсөн. Д.М банз авахаа болилоо гээд н.Дд өгсөн 1,500,000 төгрөгийг би авч, миний жимсний мөнгөөс суутгаж авсан. Олон жилийн дараа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яагаад их хэмжээний мөнгө нэхэж, намайг гүтгэж байгаад гайхаж байна. Бид найз нөхөд явсан, алтны агууламжтай чулуунаас ашиг олж чадаагүй, надаас илүү хохирсон тул Д.М д 3,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
а. Нэхэмжлэгч нь алтны агууламжтай чулуу худалдаж авья, ямар ч эрсдэл гарахгүй, эрсдэл гарвал би хариуцна гэж хэлээд 15,000,000 төгрөг, шаварт суучихлаа гэж 1,500,000 төгрөг зээлж, банз худалдаж авахаар өгсөн 1,500,000 төгрөгийг тус тус авсан, хариуцагч нь Д.М гаас мөнгө зээлж аваагүй. Бид алтны агууламжтай чулуу авахаар 15,000,000 төгрөг над руу шилжүүлсэн. Маргааш нь Могойн голын нүүрсний уурхай дээр ирээд чулууг өөр машинд ачих болоод түүний зардал 1,000,000 төгрөг өгсөн. Чулуунаас гарах ашгийн 80 хувийг Д.М , 20 хувийг би авахаар тохирсон. Манай байшинг түрээслэсэн хөлс, эвдсэн цонх, сандлын үнэд нийт 1,500,000 төгрөг өгсөн. н.Даас авсан 1,500,000 төгрөгийг миний жимсний мөнгөөс суутгаж авсан гэж маргаж байна.
б. Нэхэмжлэгч Д.М нь Т.Б тэй харилцан тохиролцож, алтны агууламжтай чулуу худалдан авч, ашиг олох зорилгоор нийт 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг түүний данс руу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Д.М , Б.Э нарын эзэмшлийн ХААН банкны 2** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч С.Жы ...М , Б хоёр чулуу авахаар болоод М гаас 15,000,000 төгрөг Б т ирж байсан. Тэгээд тэр хоёр дундаа 1 машин чулуу, би 1 машин чулуу тус тус авсан...замд Могойн уурхай дээр Б ийн хово эвдрээд тэндээс машин сольж ачсан. Тэрний зардал 1,000,000 төгрөгийг М гаас авч байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Д.М , Т.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 3, 72-74 дэхь тал)
в. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.
г. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд Д.М , Т.Б нар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476 дугаар зүйлийн 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна.
Мөн Д.М 1,500,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Т.Б ийн данс руу шилжүүлсэн тухай Д.М , Б.Э нарын эзэмшлийн ХААН банкны 2** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэ талаар нотлож чадаагүй тул тус мөнгийг зээлдүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 9 дэхь тал)
д. Нэхэмжлэгч Д.М шүүхэд Хариуцагч Т.Б алтны агууламжтай чулууны эрсдэл гарвал өөрөө хариуцна, банз худалдаж авахаар өгсөн 1,500,000 төгрөгийг тус тус авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тодорхой тайлбарлаж чадахгүй байсан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
е. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох хамтран ажиллах гэрээний 16,000,000 төгрөг, зээл 1,500,000 төгрөг, банзны үнэ 1,500,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн хугацаа дуусаад 5 жил өнгөрчээ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Т.Б ээс 19,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс үүсэх бөгөөд энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусчээ. Тодруулбал нэхэмжлэгч нь дээрх мөнгө гаргуулах талаар 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир хариуцагч Т.Б т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан тухай холбогдох нотлох баримт ирүүлээгүй байна.
Гэвч хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 (гурван сая) төгрөг төлөх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зохигч нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэж зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэх боломжтой.
Иймд хариуцагч Т.Б ээс 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,000,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 2019-5-25 Т.Б гэх бичилттэй баримтын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрч *********** нарын мэдүүлгийг давхар нотлох баримтгүй тул ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 22, 63, 81-84 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Т.Б ээс 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.М д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА