Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 565

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            хохирогч Н.О,

            шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Гэд холбогдох 1708013120222 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Голь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 32 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоот хаягт түр оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Дгийн Г /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 08-09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ... тоот гэртээ эхнэр Н.Оыг “байрны түрээсийн мөнгөн нэхэгдээд байхад мөнгө олсонгүй” гэх шалтгаанаар маргалдан түүний толгой, хүзүүн тус газар цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Д.Г нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 08:00-09:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны ... тоот гэртээ эхнэр Н.Оын толгой, хүзүү зэрэг газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

                  Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн орчим манай нөхөр Г чи босож мөнгө олооч, намайг хэвтээд байхаар хэвтээд л байх юм, байрны түрээсийн мөнгө олооч, гичий минь гэхээр нь чи яасан арчаагүй юм, өөрөө мөнгө олооч гээд өөдөөс нь сарвайтал энэ муу гичийг ойрд зодоогүй болохоор давраад байна гээд намайг толгой руу цохиж, нуруу руу гараараа нүдээд байсан. Тэгтэл манай хажуу айлын эмэгтэй Батцэцэг орж ирээд салгасан. Тухайн үед манай нөхөр нь байрны түрээс, банкны зээл нэхэгдээд байсан болохоор стресстэй байсан байх. Одоо бол  нөхөртөө гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-иийн 15, 20х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11249 дүгнэлтэд: “...Н.Оын биед хүзүү, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, зулайн хуйханд язрал, баруун тохой, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 28х/

 

                  Гэрч С.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 08:00 цагийн үед би Гийн гэрт ороод жигнүүрийг нь түр хэрэглээд өгье гээд аваад гарах үед Г эхнэр Отайгаа хэрэлдээд байсан. Тэгээд би гэртээ ороод байж байхад удалгүй Гийн охин Халиунаа орж ирээд манай ээж, аав 2 зодолдоод байна, та салгаад өгөөч гэсэн. Тэгээд би гэрт нь ороход Г, О 2 зодолдоод нэг нэгэн рүүгээ юм шидэж байсан. Тэгээд Г эхнэрээ нэг нуруун дээр нь алгадахаар нь боль гээд болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

                  Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр О бид 2 түрээслэн амьдардаг байрныхаа мөнгөнөөс болж 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хоорондоо маргалдсан. Гэтэл О намайг элдвээр хэлээд загнаад байхаар нь уур хүрээд далан дээр 2 удаа гараараа цохьчихоод гэрээсээ гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Д.Г нь эхнэр болох Н.Оын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №11249 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Д.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Д.Гийн хувийн байдлын талаар:

Хохирогч Н.Оын мэдүүлэг /хх-ийн 17х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-64х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.О нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 20х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Н.Оын бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Оын гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Г нь ажил хөдөлмөр  тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон, улмаар тус хэргийн сэдэлт нь мөнгөтэй холбоотойгоор үүссэн буюу зээл, түрээс төлөх мөнгөгүй, түүний олж ир гэдэг асуудлаас үүдэлтэйгээс шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэж гэмтэл учруулахад хүргэсэн байх тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байна. Иймд Д.Гийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Дгийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гэд 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ