Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 122/ШШ2024/0012

 

2024      05         13                                                  122/ШШ2024/0012                         

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн иргэн Я.*******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Я.******* надад хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.*******, түүний өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Я.*******гөөс ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Я.******* надад хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрээр Я.*******н ажлын байр, албан тушаал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 4-ийн 1 дэх заалтад тохирохгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан байна.

 

2.2. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 32/02 дугаар албан бичгээр хариу авч, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 1-р багийн иргэн Я.******* би ******* аймгийн Эрчим хүчний даргын 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот тушаалаар борлуулалтын байцаагч, монтёроор хавсран ажиллаж байсан. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжиж байгууллагууд өөрсдийн бүтэц орон тоогоо цөөлж хоёр хүний ажлыг нэг хүнээр хавсран гүйцэтгүүлж байсан үе юм. Миний хувьд тухайн Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал борлуулалтын байцаагч, монтёроор хавсран ажиллаж байсан боловч намайг ажилд авсан тушаалын нэршлээ зөвхөн борлуулалтын байцаагч гэж заасан нь би 12 жил хүнд нөхцөлд ажиллачхаад энэ заалтаар хуульд зааснаар хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломжгүй гэж аймгийн Нийгмийн даатгалын газраас хариу өгсөн. Би ******* аймгийн Эрчим хүчний газарт ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээрээ миний байнга хийж гүйцэтгэдэг ажил бол өндөр хүчдэлийн трансфоматор, 04 квт агаарын цахилгаан дамжуулах шугамын засвар үйлчилгээ, тоолуурын гэмтэл, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бичилтийг хийж жилийн дөрвөн улиралд халуунд нь халж, хүйтэн бороо, шороо, салхи шуурганд даарч хөрч тоолуурын хайрцагт, байнга үзлэг шалгалт засвар үйлчилгээ хийж гэмтэл саатлыг тухай бүрд нь засварлаж ажилладаг байсан. Энэ хугацаанд өндөр хүчдэлийн шонгийн тулгуур хугарах 220-380 квтын цахилгаан гүйдэлд цохиулах, гар хөлөө түлэх, гэр хорооллын айлуудын нохойд хазуулах гэх мэт хүнд нөхцөлд ажиллаж байсан. Өглөө бүр ажилд гарахын өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зааварчилгааг байгууллагаас өгдөг бөгөөд инженер техникийн ажилтан шугамын мастер нараас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зуран баталгаажуулж тухайн өдрийн ажлаа гүйцэтгэдэг байсан. Харин одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн боловсон хүчний буруу тушаал шийдвэр, нэршлээс болж миний ажлын нэршил буруу бичигдсэн байгаа тул хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсанд орохгүй байна. Миний хувьд 11 жилийн хугацаанд тасралтгүй борлуулалтын байцаагч, монтёроор хавсран ажиллаж байсан. Хүнд нөхцөлд 12 жил тасралтгүй ажиллачхаад Нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөвт.Хөдөлмөрийн хүнд нөхцөлд бүлгийн 1 дүгээр ангилалд буй “Эрчим хүчний үйлдвэрлэлийн ... цахилгаан хэмжүүр засварын монтёр” гэсэн заалтад тусгагдсан энэхүү заалтаар миний ажилд авсан тушаалын нэршлээс болоод хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломжгүй боллоо. Би улсад 30 гаруй жил үүнээс аймгийн Эрчим хүчний газарт 12 жил тасралтгүй хүнд нөхцөлд ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах хүсэлтээ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгтөл Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандахад таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч таны хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн хариу өгч иргэн намайг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрхгүй гэж хохироож байгаад гомдолтой байна. Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 тоот тогтоол нь хууль бус болохыг тогтоож, иргэн Я.******* надад хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгчийг 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот тушаалаар Эрчим хүчний газарт борлуулалтын байцаагч албан тушаалд томилсон тушаал гаргасан. Тухайн үед монтёрын ажлыг 12 жил хавсран ажиллаж байсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд түүний эрхэлж байсан монтёрын ажил ордог. Гэвч тушаалын нэрээс шалтгаалж хүнд нөхцөлд ажиллаж байсанд хамрагдаж чадахгүй байна. Ингээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч гомдлын шаардлагын зөвлөл хүлээн аваагүй. Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хүсэлт гаргасан боловч ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж мөн татгалзсан. Ийм шийдвэр гаргасан үндэслэлээ нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон тушаалд борлуулалтын байцаагч гэж бичигдсэн, монтёр гэх албан тушаалын нэр байхгүй учраас хүнд нөхцөлд ажилласанд тооцох боломжгүй гэж тайлбарласан. Тушаалын нэршлээс шалтгаалж ийм асуудал үүсэхийг нэхэмжлэгч мэдээгүй. Тухайн үед хамт ажиллаж байсан болон удирдлагаар ажиллаж байсан гэрчүүдээс мэдүүлэг авч мэдүүлгийг хэрэгт хавсаргасан байгаа. Я.******* нь монтёрын сургалтад суралцаж “сайн” үнэлгээтэй үнэлэгдсэн баримт хэрэгт байдаг. Миний хувьд Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нь өмгөөлөгчөөр ажилласан. Нэхэмжлэгч хүнд нөхцөлд 12 жил ажиллачхаад ажилд томилсон тушаалд албан тушаалын нэр буруу бичигдсэнээс шалтгаалж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрлээ. Иймд Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

3.3. Хариуцагч ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэвэр тэтгэмж тогтоох, олгох асуудлыг Нийгмийн даатгалын хууль, холбогдох бусад журмаар тогтоосон болзол, нөхцөл, шалгуурыг хангасан баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг. Нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 77 дугаар тушаал батлагдаж “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарах мэргэжлийг заасан байдаг. Я.*******н ажилд томилогдсон тушаал нь борлуулалтын байцаагч байх бөгөөд энэ нь дээрх ажил мэргэжлийн жагсаалтын эрчим хүчний салбарын хүнд нөхцөлийн заалтад байхгүй байгаа болно.

Тухайн байгууллагын гаргасан тушаал шийдвэрийг Нийгмийн даатгалын байгууллага засварлах, шийдвэрлэх эрх үүрэг байхгүй. Даатгуулагч өөрөө тухайн үеийн шийдвэрүүд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт баталгаажуулалт, тушаал шийдвэртээ хяналт тавих эрх үүрэгтэй.

Уг асуудлаар тус газрын Нийгмийн даатгалын байцаагч иргэн Я.*******д зөвлөгөө өгсөн боловч эс зөвшөөрч тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандсан ба уг зөвлөлийн хурлын олонхын саналаар Нийгмийн даатгалын хууль бусад холбогдох журамд ажил албан тушаалын нэр томьёо нь нийцэхгүй байх тул хүнд нөхцөлд ажилласан гэж тооцох боломжгүй гэсэн шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч Я.******* нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан боловч тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг хууль, журамд нийцсэн байна гэж үзсэн нь тус газрын байцаагчаас өгч буй зөвлөгөө, гомдлын шаардлагын зөвлөлөөс гаргасан шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэдгийг нотолж байгаа болно.

Иймээс Нийгмийн даатгалын хууль, журмыг хэрэгжүүлэгч байцаагч ажилтан, нийгмийн даатгалын байгууллагын буруутай эс үйлдэхүй биш харин даатгуулагчийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалсан эрх зүйн үндэслэл бүхий арга хэмжээ бөгөөд тухайн даатгуулагчийн ажиллаж байсан байгууллага, албан тушаалтан, даатгуулагчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, процессын алдаанаас үүссэн үр дагавар эрсдэлийг нийгмийн даатгалын сан хүлээх ёсгүй гэж үзэж байна.

Харин тухайн байгууллага буруу шийдвэр гаргасан эсэх, даатгуулагч борлуулалтын байцаагч байсан уу? цахилгаан хэмжүүр засварын монтёр байсан уу? гэдгийг тогтоох асуудал байсан байх гэж харж байна. Энэ асуудал нь шийдэгдвэл асуудал тодорхой болно.

Манай гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болголоо гэхэд танд тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй. Манай байгууллагын мөрдөж байгаа эрх зүйд борлуулалтын байцаагч хүнд нөхцөлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох ямар ч заалт байхгүй.

Тэтгэвэр тэтгэмжийг манайх дотооддоо 5 үе шатаар хянаж гаргадаг ба хөндлөнгийн 3-4 байгууллагын шалгалтаар шалгадаг. Энэ шалгалтуудаар зөрчил илэрвэл тэтгэвэр тэтгэмж авсан даатгуулагч эдийн засгийн хохирол хүлээх, буруутай албан тушаалтан эдийн засгийн, эрүүгийн болоод сахилгын хариуцлага хүлээдэг хууль журамтай. Эрх зүйд нийцэж байгаа баримт материалтай мянга мянган даатгуулагч иргэддээ манай байгууллага тэтгэвэр тэтгэмжийг шуурхай тогтоогоод, олгоод явж байгаа. Тиймээс хэн нэгэн буруутай албан тушаалтан, байгууллагын өмнөөс төрийн байгууллага, төрийн албан хаагч хариуцлага хүлээж буруутан болох, нийгмийн даатгалын сан хохирдог асуудал байж болохгүй.

Я.*******г гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдаанд оролцуулаагүй, зөвлөл нэмэлт баримт цуглуулаагүй нэхэмжлэгчийн өгсөн баримтын хүрээнд шийдвэр гаргасан.

Хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлээд энэ хугацаанд нэхэмжлэгч нь дахин нэмэлт баримт бүрдүүлж манай байгууллагад хандвал нийгмийн даатгалын байгууллага баримтыг дахин хянаж үзээд шийдвэр гаргах боломжтой, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

  1. Маргаан бүхий акт болох ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрээр ******* сумын иргэн Я.*******н ажлын байр, албан тушаал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын 4-ийн 1 дэх заалтад тохирохгүй үндэслэлээр тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгчээс “... би 1990-2001 онд ******* аймгийн Эрчим хүчний үйлдвэрт борлуулалтын байцаагч, монтёроор ажилладаг байсан. Ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалд миний албан тушаалын нэрийг дутуу бичсэнээс шалтгаалж би хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна ...” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал нь борлуулалтын байцаагч байх бөгөөд энэ нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтын эрчим хүчний салбарын хүнд нөхцөлийн заалтад хамаарахгүй ...” гэж маргаж байна.

 

  1. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 4 дэх заалтаар хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

 

  1. Үүнээс үзвэл “ажил олгогчийн буруугаас ажлын байрны нэр нь жагсаалттай зөрчилдсөн” бол Зөвлөл хэлэлцэж “хүнд” нөхцөлд ажилласан эсэхийг шийдвэрлэж байх” чиг үүрэг, бүрэн эрхийг олгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл  “зөрчилдсөн” гэдэг нь ажил олгогчийн ажлын байрны нэр жагсаалтад байхгүй нэршилтэйгээр, эсвэл дутуу хагас бичигдэх зэргээр жагсаалтыг шууд үндэслэн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох боломжгүйгээс гарсан зөрөөг гомдлын шаардлагын зөвлөл хэлэлцэж, тухайн даатгуулагчийн ажлын байрыг “хөнгөлөлтэй” нөхцөлд хамаарах эсэхийг тогтоож шийдвэрлэх эрх олгогдсон байна.

 

  1. ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, гомдол гаргагчаас тайлбар авах зэрэг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

  1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Я.*******н ажилд томилогдсон тушаал нь ажил олгогчийн буруугаас дутуу, буруу бичигдсэн эсэхийг хариуцагч дахин нягтлан шалгах шаардлагатай байгаа, энэ ажиллагааг шүүхээс хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

  1. Шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн 2 сарын хугацааны дотор нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах баримтыг бүрдүүлж ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт хандах, хариуцагч Нийгмийн даатгалын газар нь холбогдох баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг шүүх хуралдаанд тайлбарлаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.*******н нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/04 дүгээр шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2/04 тоот шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* аймгийн Нийгмийн даатгалын газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ЦЭРЭНХАНД