Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/912

 

 

 

  2022           9              15                                            2022/ДШМ/912

Ж.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Б ,

шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч, Н.Б ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан ышатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Аюушжав, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШТ/105 дугаартай шүүхийн тогтоолд шүүгдэгч Ж.Б ын өмгөөлөгч Н.Б ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Б холбогдох эрүүгийн 2206000000482 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн Ж- ийн Б , ........... оны ...  дүгээр сарын ... -ны өдөр ...........  аймагт төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... ХХК-д аюулгүй байдлын ажилтан ажилтай, ...........  дүүргийн ........... хороо, ........... гудамжны ...........  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .............. /,

........... аймгийн ...........  дундын шүүхийн ...........  оны ...  дугаар сарын ... -ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шүүгдэгч Ж.Б  нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 36 дугаар гудамжны 660а тоотод иргэн А.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нуруун тус газар нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... амь хохирогчид учруулсан нурууны ар гадаргуугаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дагзны ясны цөмөрсөн хугарал, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, дагзны хуйхны шарх, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, зүүн гарын ядам хуруу, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий  гэмтлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг тогтооход ач холбогдолтой бөгөөд хууль ёсны гэж үзэж, гэрч Ж.Ж, Ж.Ж, М.Б нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээ дуудаагүй үйлдэлд бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн амь хохирогчид учирсан гэмтлүүд нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх зэргийг шалган тогтоох шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШТ/105 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалт нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хянагдах бөгөөд 2022 оны 06 дугаар 03-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах байдлаар зохицуулсан. Анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн дүү нарыг хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь дээрх зохицуулалтыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШТ/105 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би маш их гомдолтой байна. Давж заалдаж байгаа үндэслэлийг нь сайн ойлгохгүй байна. Шүүгдэгч Ж.Б нь дүү нартайгаа нийлээд миний аавын амийг хөнөөсөн. Дүү нарынх нь үйлдлийг шалгуулах хүсэлтэй байна. Хүн ёсныхоо хувьд бид нараас ганц ч уучлалт гуйгаагүй. Хэрэг гараад ингэж удаж байхад бид нар руу ганц ч яриагүй. Миний аавыг бөөнөөрөө нийлээд хэрцгийгээр алсан” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э ын өмгөөлөгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж байна. Тухайн үед шүүгч шүүгдэгч Ж.Б аас өмгөөлөгчөө оролцуулах уу гээд асуугаад шийдвэрлээд явсан. Шүүгдэгчээс өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд оролцоно гэж хэлж байсан. Иймд мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэдэг нь үндэслэлгүй. 2022 оны 06 дугаар сарын 03-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас хэргийг буцаах байдлаар зохицуулсан гэж байна. Тэр үед уг хуулийн өөрчлөлт мөрдөгдөөгүй байсан. Дээрх өөрчлөлт 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн. Иймд анхан шатны шүүхийн “шүүхийн тогтоол” үндэслэлтэй гарсан” гэв.

Прокурор Б.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Тухайн үед шүүгдэгчээс “нэг өмгөөлөгчтэйгөө оролцоно” гэж хэлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн үед анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ж.Б ыг “согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 36 дугаар гудамжны 660а тоотод иргэн А.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нуруун тус газар нь нэг удаа хутгалж алсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хэд хэдэн үндэслэлийг заасан ба эдгээрээс “ ... амь хохирогчид учруулсан нурууны ар гадаргуугаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дагзны ясны цөмөрсөн хугарал, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, дагзны хуйхны шарх, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, зүүн гарын ядам хуруу, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий  гэмтлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг тогтооход ач холбогдолтой бөгөөд хууль ёсны гэж үзэж, гэрч Ж.Ж, Ж.Ж, М.Б- нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээ дуудаагүй үйлдэлд бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн амь хохирогчид учирсан гэмтлүүд нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх зэргийг шалган тогтоох шаардлагатай ... ” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ. Учир нь,

Хэрэгт авагдсан авагдсан баримтаас үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “талийгаач А.Э цогцост нурууны ар гадаргуугаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дагзны ясны цөмөрсөн хугарал, дух, дагзны хуйх, баруун чихний зүсэгдсэн шарх, баруун хөмсөгний зулгаралт, дагзны хуйхны шарх, нурууны зулгаралт, нуруу, баруун өгзөг, хоёр тохой, зүүн гарын ядам хуруу, баруун шуу, зүүн суга, баруун хөлийн шагайн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт” бүхий олон тооны гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн зургаагаас дээш удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр болон мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэж, талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг.

Мөн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан хүнийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэдэгт хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлын улмаас үхэлд хүргэж болох бодитой аюулаар тодорхойлогдох бөгөөд ийнхүү бодитой аюул учирсныг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан нөхцөлд тусламж үзүүлээгүй байх нь уг гэмт хэргийн үндсэн шинж юм.

Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон гэрч Ж.Ж, М.Б, Ж.Ж нарын мэдүүлгүүдээс тус тус дүгнэхэд шүүгдэгч Ж.Б ын үйлдэлд хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн гэрч нарын үйлдэл талийгаачийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжийг хангах эсэхийг шалгаж тогтоох нь гэмт хэргийг үйлдсэн этгээдийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсноор гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах заалт хүчингүй болсон байх боловч шүүгдэгч Ж.Б холбогдох хэргийг анхан шатны шүүхээр 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэхэд хэргийг прокурорт буцаах хэм хэмжээ хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцаасныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т “ ... 2022 оны 06 дугаар 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахаар  зохицуулсан. Анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн дүү нарыг хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь дээрх зохицуулалтыг зөрчиж байна ...” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШТ/105 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН